Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 289

 

“Х г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-ийн XV-020586 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0320 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-ийн ХV-020586 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Х г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0320 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалыг эс зөвшөөрөх үндэслэл нь: Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг “Мөрөн” нэртэй 936.93 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-018146 тоот тусгай зөвшөөрлийг “Эм эн эм” ХХК-д олгожээ.

4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг XV- 020586 дугаартай нөхөн олгож, 2017 оны 12 дугаар сарын 14-нд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн компанийн оноосон нэрийг “Хантайшир гоулд" ХХК болгон өөрчилсөн байна. 2018 оны 07 дугаар сарын 27-нд “Х г” ХХК-иас ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн дагуу ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-020586 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож, 2021 оны 9 дүгээр сарын 02- ны өдрийг дуустал 3 жилээр сунгаж, шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 албан бичгээр хүргүүлсэн.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар “Х г” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын Х\/-020586 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 тоотоор хүргүүлжээ.

6. “Х г” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-020586 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Дээрхи шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

7. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно' гэж заасан ба “Х г" ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь явуулсан албан тоот болон тус газрын 2018 оны “баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбараар баталгаажиж байна.

8. Нөхцөл байдлыг нягталж үзэхэд “Х г" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-020586 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал, дээрх хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус газраас тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байхаар хуулиар зохицуулжээ.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0320 дугаар магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Маргааны үйл баримт эргэлзээтэй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн буруу тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

11. Хэрэгт авагдсан XV-020586 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад 3 дахь жилийн төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлснийг тэмдэглэсэн, “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт”-оор 3 дахь жилийн төлбөр 407564.55 төгрөг, төлсөн 407600 төгрөг, төлбөрийн баримтыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсныг тодорхойлсон, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн баримтаар “3 дахь жилийн төлбөр 408000 төгрөг”, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөрийн баримтаар “4 дэх жилийн төлбөр 940000 төгрөг” тус тус тушаасан, “Тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас”-т “2018.07.27 408000 төгрөг төлсөн, төлбөр дутуу” гэж тэмдэглэжээ.

12. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахдаа 3 дахь жилийн төлбөрийг дутуу буюу 408.000 төгрөг тушаасан, 4 дэх жилийн төлбөрийг хугацаа хожимдуулж буюу 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тушаасан” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... 3 дахь жилийн төлбөр гэж 408000 төгрөг төлсөн баримт байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.

13. Гэтэл, 3 дахь жилийн төлбөрийн талаарх дээр дурдсан бичмэл баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй, нэхэмжлэгчийг 3 дахь жилийн төлбөрөө “хуулийн хугацаанд бүрэн төлөөгүй” гэж маргасан байхад шүүхүүд уг бичмэл баримтуудыг үнэлж, дүгнээгүйн зэрэгцээ 3 дахь жилийн төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

14. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийнхөө 4 дэх жилийн төлбөрийг төлсөн байх ёстой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэд дэх жилийн төлбөрийг бүрэн эсхүл дутуу төлөгдсөн нь тогтоогдохгүй.

15. Үүнээс дүгнэвэл, шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”-ээр заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

16. Түүнчлэн, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийн төлбөрийн 3 дахь жилийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн” гэж тайлбарласнаас үзвэл, маргаан бүхий захиргааны актын “ээлжит жил”-д хэд дэх жилийг тооцсон болохыг хариуцагчаас тодруулж, эргэлзээтэй баримтыг нягталж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “... дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэсэн зохицуулалтыг анхаарч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

17. Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-гийн хяналтын журмаар “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0320 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ