Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0320

 

 

 

 

“Х г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-ийн ХҮ-000000 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Х г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана...”, 22.1.2-т “...үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлсөн төлбөр... тухай баримт...” гэж хуульчилсан заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ...” гэжээ. Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1-д тус тус заасны дагуу “Х г” ХХК-иас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан болох нь Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт зэргээр бүрэн нотлогдоно.

Дээр дурдсан хуулийн 22.2-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “Х г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх байтал 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг баримтлан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, сунгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Иймд хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэр, тэр дундаа 22.1.2-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтыг үндэслэн 22.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан нь төлбөр, тооцоо бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Ашигт малтмалын хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана...” заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн ... 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно...” гэж тайлбарлан, хэрэглэж ирсэн болно.

Хуулийн дээрх заалтын агуулгаас тодруулбал хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүйн улмаас цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг урьдчилсан байдлаар албан ёсоор хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд ийнхүү мэдэгдлийг хүргүүлснээс хойш тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хариуцагчид үүсэхээр зохицуулагдсан.

Хариуцагчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаснаас үзвэл нэхэмжлэгчид “Эрх зүйн шүүлт болон баримт бичиг баримтын бүрдлийг УУККС-т бүртгэж мэдэгдлийн төсөл боловсруулан эзэмшигчид хүргүүлэх-Тоот мэдэгдэл явуулав. 7/6164-Хүлээлгэн өгсөн 09.07” гэсэн байх боловч бодит байдал дээр тухайн өдөр нэхэмжлэгчид хүргүүлээгүй болно.

Учир нь 11 сарын 05-ны өдөр “эрх зүйн шүүлт хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй” гэсэн атлаа 09 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн гэсэн нь илт зөрүүтэй байгаад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Энэхүү байдлыг тодруулахаар шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлд “...архивт үзлэг хийв. ХУ тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт 2 албан бичиг байхгүй байв. (7/6164, 7/6205)...” гэснийг шүүх анхаарч үзсэнгүй.

Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны Баримт бичиг хүлээлцэх дэвтрээс “Х г” ХХК-ийн 7/6164 албан тоот 09 дүгээр сарын 07-ны өдөр буцаагдсан” болох нь нотлогдож байх бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд “...Даргалагч: 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдэл тухайн өдрөө буцсан гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймээс нэхэмжлэгч компани мэдэгдэл аваагүй гэдгийг нотлох баримт байгаа шүү дээ...” гэснээр тогтоогдсон атал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгэр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчиж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлээгүйд гомдолтой байна.

Шүүх “... “Монгол шуудан” ХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04/296 тоот албан бичиг болон түүний хавсралтад “Х г” ХХК-ийн шинэ хаягаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 55 минутад захирал н.Б-д гардуулагдсан гэснээс үзвэл уг мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь тус баримтаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч Ч.Б би тус баримтад гарын үсэг зураагүй, хүлээн аваагүй юм.

Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасныг зөрчиж, Ч.Б миний гарын үсгийг дуурайлган зурсан хуурамч нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдлийг хүлээн аваагүй байхад гарын үсэггүй шуудангийн баримт болон Ч.Б гэж бичсэн баримтыг анхан шатны шүүх үндэслэсэн нь шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс гардуулсан буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ...” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлбар, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд 7.2-т зааснаар шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй гэж заасныг зөрчсөн.

Учир нь манай компани 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2 хувьцаа эзэмшигч нь эрүүгийн болон иргэний хэрэгт маргаантай байсан бөгөөд энэхүү захиргааны хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох хувьцаа эзэмшигч Б.М-ыг гэрчээр асуусан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага сонсох ажиллагааг заавал явуулах ёстой бөгөөд бидэнд энэхүү ажиллагааг явуулах талаар мэдэгдээгүй, 28 дугаар зүйлийн 28.2-т ийнхүү сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүргээ биелүүлээгүй байхад зөвхөн хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хуурамч гарын үсэгтэй шуудангийн баримтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээс анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х г” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-ийн ХҮ-000000 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Мөрөн нэртэй 936.93 гектар талбай бүхий ХҮ-000000 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Э Э Э” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр олгосон бөгөөд тус “Э Э Э” ХХК хуулийн этгээдийн нэр “Х г” ХХК болж өөрчлөгдсөнөөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр ХҮ-000000 дугаар тусгай зөвшөөрлийг “Х г” ХХК-д олгосон байна.

Дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоос өмнө 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “ХҮ-000000 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл, үйлчилгээний хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн баримт, ээлжит 3 дахь жилийн төлбөр гэж 480.000 төгрөг төлсөн баримт зэргийг хавсарган хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасныг тус газрын ажилтан Б.Мөнгөнбаатар хүлээн авч бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан өргөдлийн бүртгэлийн ЕХ-000000 дугаар хуудсаар нотлогдож байна.

Улмаар “Өргөдлийн бүртгэлийн ЕХ-000000 дугаарт бүртгэсэн “Х г” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-000000 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуусах хугацаанд 3 жилийн хугацаагаар сунгасан” тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэр гарсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Д-ийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

Харин “Х г” ХХК-ийн ХҮ-000000 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгасан шийдвэр гарахаас 3 хоногийн өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын “мэдэгдэл хүргүүлэх” тухай 7/6164 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг “Х г” ХХК-д хаяглан хүргүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар “Х г” ХХК нь Улаанбаатар хотын банканд “Ашигт малтмалын үйлчилгээний орлого” гэж 1,000,000 төгрөг, мөн “ашигт малтмалын ХҮ-000000 дугаартай тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөр” гэж 408,000 төгрөг төлсөн баримт авагдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заажээ.

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “мэдэгдэл хүргүүлэх” тухай 7/6164 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд дараахь тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” гэж “Х г” ХХК-д мэдэгдсэн атлаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр “Х г” ХХК-ийн ХҮ-000000 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байгаагаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, ...” гэж заасныг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөрчөөгүй гэж үзэхээр байна.

Тиймээс нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн ХҮ-000000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.

Дээрх дүгнэлт болон үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР