Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 223/МА2021/00027

 

                                                          

 

 

Г.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00745 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Д, Ж.Б, Б.У, Б.Г, Б.Г, Б.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Ж.Б, Б.У, Б.Г, Б.Г, Б.Г нарын итгэмжлэлийн үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхийнхээ дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Н нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00211 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 223/ДМ2018/00005 дугаар магадлалын дагуу 88.333.663 төгрөгийг Хаан банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 151/ШЗ2018/03706 дугаар захирамж гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдэж, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19200009 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.Б, Б.У, Б.Г, Б.Г, Б.Г, Г.Д нарын дундын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 348Д хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газар, уг газар дээр байрлах, Б.Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, Б.Уын өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 43 дугаар байр, 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү2203023055 дугаартай орон сууц, Б.Гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 41 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй орон сууц зэргийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, биднийг хохироож байгаад гомдолтой байна. Би банкнаас 300.000.000 төгрөгийн зээл аваад 341.000.000 төгрөгийг төлчихсөн, үлдэгдэл 88.333.663 төгрөг л төлөх байсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 14.708.850 төгрөгийг төлж, үлдэх 73.624.813 төгрөгийг төлөх юм. Гэтэл бидний 4 газар, 4 үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, үнэлгээгээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Тухайн мэдэгдэл авсан даруйдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Төв аймгийн шүүхэд хандах ёстой хэмээн нэхэмжлэлийг маань буцаасан. Ингээд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд бас Төв аймаг, Улаанбаатар хот хооронд буюу улс даяар хөл хорио тогтоосон байсан тул хугацаа алдаж тус шүүхэд хандсан асуудал байгаа. Энэ нь надаас шалтгаалаагүй тул хэргийг хянан үзээд үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн наад захын үнэлгээ тус бүрийн 300.000.000 төгрөг хүрэх бөгөөд газрыг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн, орон сууцыг ирээдүйд үнэлэгдэх үнэлгээг тогтоохгүйгээр зарсан, зарагдсан нь үл мэдэгдэх Үнэгүй.мн сайтаас мэдээлэл авч, мөн өөр дүүргийн байрнуудтай харьцуулан үнэлж, хэтэрхий нэг талыг барьсан.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00211 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 223/ДМ2018/00005 дугаар магадлалаар Ануд номин ХХК, Г.Д, Б.Г нараас 88.333.663,07 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ануд номин ХХК, Г.Д, Б.Г нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн бөгөөд мэдэгдлийн дагуу шийдвэр биелэгдээгүй тул төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны 13 тоотод байрлах, 71,05 м.кв талбай бүхий орон сууц, Б.Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 348Д хаягт байрлах, 344,9 м.кв талбай бүхий хувийн орон сууц, тус газарт байрлах Б.У, Ж.Б, Г.Д, Б.Г, Б.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаартай 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг тус тус хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал нэхэмжлэгч нар үнэлгээтэй танилцсанаас хойш нэг сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Д, Ж.Б, Б.У, Б.Г, Б.Г, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгч Г.Дд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах гомдолдоо: “...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Баян модот” ХХК, “Хөрөнгө эстимейт” ХХК, “Сэлэнгэ эстимейт” ХХК-иудын үнэлгээний тайланг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны зорилгоор тухайн үнэлгээг гаргасан...” гэж дүгнэснээрээ уг хөрөнгүүдийн “...зах зээл”-ийн жинхэнэ үнийг бодитоор тогтоогоогүй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 28-р гудамж 348Д хаягт байх эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаар бүхий газар нь хотын А зэрэглэлийн бүс, утаатай тэмцэх Засгийн газар, хотын төр, захиргааны байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа “гэр хорооллын дахин төлөвлөлт”-нд хамруулах ажлын хүрээнд өдөр хоногоор үнэ цэнэ нь өсөж байгаа газрыг төлбөр авагчийн санал болгосон 10-хан сая төгрөгөөр л үнэлсэн төдийгүй уг газраа дагаж үнэ нь өсөж байгаа амины орон сууц, хотын яг төв цэгт байрладаг, хотын замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж зэргээс шалтгаалж үнэ цэнэ нь өсөж байгаа Б.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж, 31-р байр, 65 тоотын орон сууц, хотын төвийн дүүргийн төв дунд байрлалтай орон сууц зэргийг ирээдүйн үнэ цэнийг нь бодитой тодорхойлолгүй зөвхөн “Unegui.mn” зарын сайтын зарагдсан, зарагдаагүй нь тодорхойгүй үнэтэй харьцуулж үнэлсэн гэсэн нэхэмжлэлийн гол үндэслэлийг хэрхэн үзэж байгаагаа орхигдуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэдэг бол шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд бусдын өмч хөрөнгийг үнэгүйдүүлж хурдан шуурхай худалдан борлуулж төлбөрийг барагдуулах зорилготой ажиллагаа, бидний нэхэмжлэлийн гол үндэслэл бол 88 333 663 төгрөгийн Гүйцэтгэх хуудастай төлбөрөөс 14 708 850 төгрөг төлөөд үлдэх 73 624 813 төгрөгийн төлбөрт бидний 4 газар, үл хөдлөх хөрөнгийг бүгдийг нь нэг шийдвэрээр бидний санал болгосон үнээс доогуур үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ийм учраас бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлээр ирүүлсэн үнэлгээтэй санал нийлэхгүй байсан тул шүүхээс шийдвэр гаргах, маргааны талаар хууль зүйн дүгнэлт өгөхөд ихээхэн ач холбогдолтой болох дээр дурдсан нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий газар, үл хөдлөх хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар дахин үнэлүүлж бодит үнийг тогтоолгохоор шүүхэд хандсан боловч энэхүү хүсэлтийг үл хэрэгсэн зөвхөн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааны зорилгод тулгуурлаж асуудалд хандсан нь түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай зөрчилдсөн гэж үзэхээр байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 73 624 813 төгрөгийн төлбөрт хураан авч нэг шийдвэрээр, 1 удаагийн дуудлага худалдаад оруулах гэж байгаа бидний 4 газар, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнийг шинжээч томилуулан тогтоолгож байж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Д, Б.У, Б.Г, Б.Г, Б.Г  нар хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

  “Анудномин” ХХК болон нэхэмжлэгч Г.Д, Б.Г нар нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00211 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/00005 дугаар магадлалаар 88 333 663 07 төгрөгийг ХААН банк ХХК-д төлөх үүрэг хүлээсэн байна.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаагаар Б.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

Б.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэлтэй, 71.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

Б.Уын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй, 344.9 м.кв талбай бүхий мансардтай хоёр давхар хувийн орон сууц,

Б.У, Ж.Б, Г.Д, Б.Г, Б.Г нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газар,

БГҮ-14/056 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг Н явуулж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19200009/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б.Уын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй, 344.9 м.кв талбай бүхий мансардтай хоёр давхар хувийн орон сууц,

 Б.У, Ж.Б, Г.Д, Б.Г, Б.Г нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрыг,

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19200009/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг,

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19200009/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэлтэй, 71.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж,

 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19200009/12, 19200009/11, 19200009/10 дугаартай Эд хөрөнгө хураан авах тухай тогтоолуудаар тухайн эд хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 91-109-р тал/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарт барьцааны хөрөнгийн үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй учир, 2021.03.16-ны өдрийн 3/24, 3/25, 3/26 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Баян модот” ХХК, “Хөрөнгө–Эстимэйт” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг тус тус томилсон байна.

“Баян модот” ХХК-ийн шинжээч төлбөр төлөгч Б.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 89 170 600 төгрөгөөр,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Уын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй, 344.9 м.кв талбай бүхий мансардтай хоёр давхар хувийн орон сууц, Б.У, Ж.Б, Г.Д, Б.Г, Б.Г нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрыг нийт 215 846 370 төгрөгөөр,

“Сэлэнгэ-Эстимэйт”ХХК-ийн шинжээч Б.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэлтэй, 71.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 153 468 000 төгрөгөөр тус тус үнэлж тайланг ирүүлснийг төлбөр төлөгч Г.Д, Б.Г, өмчлөгч Б.У, Ж.Б, Б.Г, Б.Г нарт мэдэгдлийн хамт танилцуулж, гардуулж өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ. (хх-115-198-р тал/

 Төлбөр төлөгч Г.Д, Б.Г, өмчлөгч Б.У, Ж.Б, Б.Г, Б.Г нарын өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжлэн, хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх талаар явуулсан шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргасан тайландаа үнэлгээ хийхэд баримталсан зарчим, аргачлалыг тодорхой зааж, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ байрлалын болон чанар хийцийн итгэлцүүрийг ашиглаж, ижил төстэй байрлал, хийц, насжилт бүхий орон сууцны тухайн үеийн зарлагдсан үнийг харьцуулснаас гадна зардлын хандлага, орлогын хандлагын аргыг хэрэглэж үнэлсэн талаар тусгасан байх ба “үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах баримт, нотолгоо хэрэгт байхгүй байна.

Дээрх бүх шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг орлогын болон зах зээлийн, өртгийн, жишиг үнийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн нийт үнэ цэнийг тогтоосныг нэхэмжлэгч үгүйсгэсэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь ямар онцлог шинжээрээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс их байх боломжтойг нотолсон баримт гаргаагүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийн мэдэгдлийг тухай бүрт нь төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдэж ажиллагаанд биечлэн оролцох боломжоор хангасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нь бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Баян модот” ХХК, “Хөрөнгө-Эстимейт” ХХК, “Сэлэнгэ-Эстимейт” ХХК-иудын үнэлгээний тайланг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны зорилгоор тухайн үнэлгээг гаргасан...” гэж дүгнэснээрээ уг хөрөнгүүдийн “...зах зээл”-ийн жинхэнэ үнийг бодитоор тогтоогоогүй, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэдэг бол шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд бусдын өмч хөрөнгийг үнэгүйдүүлж хурдан шуурхай худалдан борлуулж төлбөрийг барагдуулах зорилготой ажиллагаа, бидний санал болгосон үнээс доогуур үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх үндэслэлээр гаргасан гомдол хангагдах боломжгүй юм.

Харин шинжээчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн бодит үнэ ханшийг тогтоох зорилгоор хийгдсэн гэж үнэлгээний тайландаа тусгасан байхад шүүх ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны зорилгоор тухайн үнэлгээг гаргасан... гэж дүгнэсэн нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.  

Хэргийн дээрх нөхцөл байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, шүүх үнэлгээний талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Харин, шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах тухай зохицуулалт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг үндэслэсэн нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00745 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр...” гэсэн хэсгийг хасч, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны  дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

         ШҮҮГЧИД                                                     М.МӨНХДАВАА

                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР