Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01806

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01806

 

Г б -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03509 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г б -ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 064 579,90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, хариуцагчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Т.Х-д 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 379892******4300 тоот гэрээгээр 770 000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42,0 хувь, бэлэн бус 24,0 хувь, хугацаа хэтрүүлсний 12,0 хувь, эрх хэтрүүлсний 24,0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч төлбөрөө төлөлгүй картын төлөлт, үлдэгдэлтэй байна. Уг зээлийн гэрээ тус банкны зээл болон кредит карт олгох журамд нийцсэн бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан. Зээлийн эргэн төлөлтийг хэрхэн төлөх талаар талууд гэрээгээр тохиролцсон бөгөөд гэрээний заалтыг зөвшөөрөхгүй бол тухайн үед зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой байсан. Тэрээр ажлаас чөлөөлөгдсөн болон төлбөрийн чадваргүй болсон талаарх хүсэлтийг банкинд гаргаж байгаагүй. Зээлдэгч нь 2017 оны 09 сараас эхлэн төлбөр хийгээгүй бөгөөд гэрээний 4 зүйлд зааснаар хүсэлтээ гаргах боломжтой байсан. Тухайн үед утсаар ярьж төлбөрөө төлөхийг шаардаж байсан бөгөөд баримтыг нь гаргаж өгч болно. Иймд хариуцагч Т.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 2 064 579.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Голомт банктай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр кредит картын гэрээ байгуулсан. 2017 оны 09 дүгээр сард Саппоро дахь салбарын теллертэй уулзаад үндсэн зээлд 400 000 төгрөг төлөөд явья гэтэл бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүүд төлбөрийг авна гэснээс санал зөрсөн. Тухайн үед төлбөрөө төлж чадахгүй 2 сарын хугацаа хэтэрсэн байсан бөгөөд бэлэн мөнгөний хүү өндөр байгаа тул хүүнээс төлбөрийг хасч өгөхийг хүссэн. Хүсэлт гаргаж байсантай холбоотой баримт байхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй, энэ нь тухайн үед ажиллаж байсан банкны теллерийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Тухайн үед кредит картыг байгууллагын ажилчдад бөөнд нь олгож байсан учраас зээлийн гэрээг нэг бүрчлэн уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурсан. Миний бие зээлийн гэрээ байгуулах үеийн хаягтаа одоог хүртэл оршин суудаг байтал эрэн сурвалжилсны үндсэн дээр оршин суух хаяг тогтоосон гэдгийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, гэтэл үүнээс хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж, хүүг нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Энэ хугацаанд банкнаас зээлийн эргэн төлөлт хийхийг шаардаж байгаагүй. Түүнээс гадна нэхэмжлэгч нь бараг 4 төрлийн хүү нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хүүг багасгаж өгөхийг хүсч байна. Нэгэнт төлбөрийн чадваргүй, эрхэлсэн ажилгүй болсон гэдгээ банкинд мэдэгдсэн, тухайн үед төлбөрийг бага бага хэмжээгээр төлье гэх үед төлбөрийг хуримтлуулахгүйгээр төлүүлж байсан бол ийм их хэмжээний төлбөр гарахгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 789 350 төгрөг, хүү 222 890 төгрөг, нийт 1 012 240 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Х-аас 1 437 533.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б -ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 627 046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Т.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 37 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б -ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Г б -ХХК-иас Т.Х-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ч 2020 оны 7 сарын 22-ны өдөр 101/ШЗ2020/14191 захирамжаар хариуцагчийг Баянзүрх дүүргийн 26 хороо, 421-125 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс хариуцагчийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/02644 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Зээлийн гэрээ дууссанаас хойш 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа гэдэг хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Мөн зээлдэгчийн зээлийн гэрээний хүүгийн тооцооллыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр бодож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Т.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 627 046 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г б -ХХК нь хариуцагч Т.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2 064 579,90 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 1 012 240 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдийн тайлбараар тэдгээрийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай ЗГ/КР/ тоот зээлийн гэрээ /хх-9/ байгуулагдсан, гэрээгээр тохирсон зээл төлөх үүрэг 2017 оны 09 дүгээр сараас зөрчигдсөн /хх28-29/ үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Г б -ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Т.Х-аас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх ЗГ/КР/ тоот зээлийн гэрээний 5.1.3, 5.1.4-т заасан зээлдэгчийн зээлийн эрхийн хэмжээг багасгасан, зарлагын гүйлгээг хаасан, карт эзэмшигчийн нэр дээрх дансан дахь мөнгөнөөс үл маргах журмаар зээлийн картны өр төлбөрийг суутгах эрхээ нэхэмжлэгч Г б -ХХК хэрэгжүүлээгүйгээс хариуцагч Т.Х-ын төлөх хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн ЗГ/КР/ тоот зээлийн гэрээний 3.5, 3.6 дахь заалт буюу нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг эрх хэтрүүлсэн тохиолдолд сарын 2 хувиар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сарын 1 хувиар тус тус тооцох тухай талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч Т.Х-ын гүйцэтгэвэл зохих үүргийг ЗГ/КР/ тоот зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцож 1 437 533,90 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Г б -ХХК хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргах эрх нь нээлттэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээний нөхцөл буюу зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа нь дээр дурьдсанаар хууль зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 627 046 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03509 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 462 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН