Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0038

 

2018 оны 01 сарын 10 өдөр     Дугаар 221/МА2018/0038             Улаанбаатар хот


М.Э нарын нэр бүхий 41 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, М.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0807 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.Э нарын нэр бүхий 41 иргэний нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0807 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6-ийн “а”,”г”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О, Б.Б, М.Э, Р.Б, А.Д, Н.О, С.Ц, Ж.Э, С.М, С.Г, Б.Б, Г.Н, П.М, Т.Н, Ж.Г, М.С, Л.М, Б.Б, С.Н, Б.А, Ж.Э, Г.Н, Н.Б, С.У, Л.С, Ц.Б, Г.Б, Д.Ц, С.Ч, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Ч.Н, С.Х, Ц.М, Д.Н, С.У, Ц.Б, Ш.Б, А.А нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан, захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Г.Б, Ш.Б нарын нэр бүхий 41 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад тус тус холбогдох хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0807 дугаар шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нар нь түргэн үйлчилгээний цэгээ Улаанбаатар хотын захирагчаас батлагдаагүй байршилд, мөн MNS5879:2012 “Замналын зогсоол” стандартын дагуу автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглосон байхад нэхэмжлэгч нар нь түргэн үйлчилгээний цэгээ дур мэдэн байршуулсан тул гэрээ байгуулахгүй, сунгахгүй байгаа нь хуульд нийцсэн” гэжээ. Монгол улсын стандарт болох MNS5879:2012 “Замналын зогсоол” стандартын зорилго нь “нийтийн тээврийн замналын зогсоолын ангилал, тэдгээрийн зориулалт, нийтлэг шаардлагыг тогтоох, зогсоолуудын ашиглалт, арчлалт хамгаалалтад төр, захиргааны болон бусад байгууллагын тавих хяналттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэсэн байх бөгөөд түргэн үйлчилгээний байршлын талаарх зохицуулалт тусгагдаагүй, автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглоогүй, мөн түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нар дур мэдэн түргэн үйлчилгээний цэгээ байршуулаагүй болно. Энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан.
2. Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн судалгаанд нийт түргэн үйлчилгээний цэгүүдийн зөрчлийг тоймлон гаргасан боловч нэхэмжлэгч нэр бүхий иргэд бидний хувьд гаргасан зөрчлийг тогтоож баталгаажуулсан баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь бүгд тамхи зарах зөрчил гаргаагүй, баримт байхгүй. Хэрэв нэхэмжлэгч нараас тамхи ширхэглэн зарах зөрчил гаргасан бол Зөрчлийн тухай хуулиар тусдаа шийдэгдэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудал юм.
3. Хариуцагч нарын тайлбарт “нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цэг нь Улаанбаатар хотын ерөнхий архитектороос 2014 онд баталсан “Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж”-ийн эскиз зурагт нийцэхгүй өөр өөр, өнгө хэлбэр, хэмжээтэй байгаа нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй гэжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталснаар түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийг стандартад нийцсэн шинэ түргэн үйлчилгээний цэг эрхлэхийг биднээс шаардсан. Шинэ стандартад нийцсэн гэх түргэн үйлчилгээний цэгийг “К” компани ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулан үйлдвэрлэж, 8-11 сая төгрөгийн үнэтэй худалдан борлуулсан. Нэхэмжлэгч нэр бүхий иргэд бид төрийн бодлогыг дэмжин өөрсдийнх нь зөвшөөрөл олгосон “К” ХХК-иас стандартад нийцсэн шинэ түргэн үйлчилгээний цэгийг худалдан ав гэсний дагуу бүгд бүх боломжоо дайчлан банкны зээл авч түргэн үйлчилгээний цэгээ шинэчилсэн бөгөөд одоо ч бидний зээл төлж барагдуулж дуусаагүй байхад “батлагдсан зургийн дагуу хийгдээгүй, загварын бус” гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан зургийн дагуу “К” ХХК нь түргэн үйлчилгээний цэгийг бидэнд нийлүүлсэн байхад бид дур мэдэн өөрсдөө загвар, өнгө, стандартыг бий болгон дураар үйл ажиллагаа явуулж байгаа мэт тайлбарлаж байна.
4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд энэ журмаар тогтоосон журмын дагуу батлагдсан байршлыг мөн баримтлах үндэслэлгүй гэж шүүх үндэслэсэн нь буруу байна.
Хэдийгээр тус журмыг Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй гэх боловч энэхүү журам нь батлагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах харилцааг зохицуулж буй цорын ганц журам юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан мэт боловч энэхүү журам нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр болоогүй бөгөөд энэхүү журмыг Хууль зүйн яам дүгнэлт гаргаж хүчингүй болгосон.
Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/4172 дугаар мэдэгдэлд “...НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56-р тогтоолоор батлагдсан ... журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй байгаа тул ... худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх ...” гэсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь газрын зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй байршуулсан зөөврийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх үйл ажиллагааг явуулж байгааг буруутгах үндэслэлгүй боловч нийслэлийн хэмжээнд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зохицуулсан шинэ журам батлагдаж, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56-р тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй нь нэхэмжлэгч нарын түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг эрхлэх гэрээний хугацааг сунгахгүй байх үндэслэл болохгүй юм. Захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөх үүргийг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гарч буй сөрөг үр дагавар нь нэхэмжлэгч иргэд бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчих ёсгүй юм.
5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Нийслэлийн Худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн баталж уг журмын 8.2.1-д “Зөвлөл”-ийн дарга дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулна” гэж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56-р тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 1.3-т түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна, гэрээг жил бүр дүгнэж зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг нэг жилээр сунгаж болно” гэж заасан нь гэрээний талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй байх боловч талууд гэрээний биелэлтийг дүгнэж, гэрээний тал үүргээ биелүүлээгүй, гэрээний заалтыг зөрчсөн гэх баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэгч иргэд бид нартай гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой байтал нийслэлийн Засаг даргаас 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 01/4172 дугаар мэдэгдэл ирсэн тул шийдвэрлэх боломжгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал: Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2015 оны 03 сараас 05 сарын хооронд нэхэмжлэгч иргэд бидний зөвшөөрөл олгох асуудлыг Зөвлөлийн хурлаар оруулан 1 жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн атлаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр түргэн үйлчилгээний цэгийн байршлыг баталгаажуулах, санал хүргүүлэх ажиллагааг удаашруулан бүхэл бүтэн 1 жил 7 сарын хугацаанд санаатайгаар ажиллагаа явуулаагүй, цаг хугацаанд нь зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаагүй нэхэмжлэгч бидний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөн хохирч байна.
Иймд шүүгч хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0807 дугаар шийдвэрийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, Газрын албаны даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6-ийн “а”, “г”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл болох маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
1. Нэхэмжлэгч нар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “иргэн М.Э нарын 37 иргэний зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн байршлыг баталгаажуулж өгөхийг болон баталгаажуулсан тухай эрх зүйн акт гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4182 дугаар захирамжаар уг нэхэмжлэлийг хүлээн авч, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн атлаа тус шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.
Тиймээс анхан шатны шүүх, “иргэн М.Э нарын 37 иргэний зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн байршлыг баталгаажуулж өгөхийг болон баталгаажуулсан тухай эрх зүйн акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн атлаа энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг бүрдүүлээгүй, хариуцагчаас тайлбар аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Тодруулбал, дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байж болохоор “Баянзүрх дүүргийн түргэн үйлчилгээний цэгийн нийт 17 байршлын санал”-ыг талаарх Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн тухай Баянзүрх дүүргийн газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/1698 тоот албан бичиг хэрэгт нотлох баримт авагдсан байна.
Нөгөөтэйгүүр, энэхүү албан бичигт хавсаргасан 17-н түргэн үйлчилгээний цэгийн байршилд нэхэмжлэгч нар түргэн үйлчилгээний цэгээ байршуулан ажиллуулж болох талаар хариуцагч захиргааны байгууллагуудын зүгээс тэдэнд санал болгож байсан эсэх мөн энэхүү 17-н байршилд одоо нэхэмжлэгч иргэдийн хэн хэнийх нь түргэн үйлчилгээний цэг байрлаж байгаа эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
2. Шүүхэд нэр бүхий иргэд “Баянзүрх дүүргийн нэр бүхий иргэд бид олон жилийн туршид түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн, мөн шинэчилсэн загварын дагуу Түргэн үйлчилгээний цэгээ шинэчлэн холбогдох зөвшөөрлийг авч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байхад захиргааны байгууллага, иргэд хоорондын эрх, үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааг журамлан зохицуулсан зүйлгүйгээс нэхэмжлэгч нарт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохгүй, гэрээ байгуулахгүй, түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн эд хөрөнгөнд хууль бусаар халдсан зэргээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол, эдийн засгийн хувьд ноцтой хохирч байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргажээ.
Хариуцагч нар “Иргэд нийтийн тээврийн зогсоолд зөвшөөрөлгүйгээр түргэн үйлчилгээний цэг байршуулж байсан тул нийслэлийн Засаг даргын 2015 оны А/76 дугаар захирамж, Захирагчийн ажлын албанаас удаа дараа ирүүлсэн чиглэлийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх арга хэмжээг шат дараалан авсан байдаг ... нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга газар ашиглуулахаар шийдвэр гардаг. Гэтэл 2016 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар олгох тухай тусгагдаагүй. Мөн 5 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүд байгаа. Гэтэл дээрх түргэн үйлчилгээний цэгүүд дотор зарим нь 1 жил болсон, зарим нь 1 жил болоогүй байгааг шүүх харгалзан үзнэ үү” гэж тайлбарлажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3-т “Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно”, мөн журмын 2.1.1-д “Түргэн үйлчилгээний цэг тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана”, 2.1.2-д “тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална” гэжээ.
Улмаар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Түргэн үйлчилгээний цэгийн тоо батлах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах 11 түргэн үйлчилгээний цэгийн жагсаалтыг хавсралтаар баталсан байна.
Тодруулбал, дээрх шийдвэрүүдийн заалт болон хэргийн үйл баримтаас үзэхэд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах иргэд нь дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд уг гэрээгээ жил бүр дүгнүүлэхээр, мөн зөвлөлийн хурлаар хэлэлцэн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж болно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй нэхэмжлэгч иргэд гэрээг байгуулж байсан эсэх, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг иргэдтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэж байсан эсэхийг тодруулах нь нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн болохыг тогтоох, захиргааны байгууллагаас түргэн үйлчилгээний цэг цаашид ажиллуулахгүй, нэхэмжлэгч нартай гэрээ байгуулахгүй, сунгахгүй байгаа шалтгааныг тогтооход ач холбогдолтой юм.
3. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нийт 41 нэхэмжлэгч нараас 23 нэхэмжлэгч буюу иргэн нь түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тусгай зөвшөөрөл авч байсан, захиргааны байгууллагатай гэрээ байгуулан сунгуулсан, газрын төлбөр төлж байсан гэх, мөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Н.О, М.С, А.Д, Л.М нар Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Х-тай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөн түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тусгай зөвшөөрөл болон гэрээний хугацаа дууссан түргэн үйлчилгээний цэгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу зарим нэхэмжлэгч нар худалдаж авсан болохыг нотолсон баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч иргэдийн эрх зүйн байдал нь өөр өөр байхаас гадна нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, агуулга нь мөн өөр байгааг анхан шатны шүүх анхааралгүйгээр бүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ижил үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нэг үндэслэл болжээ.
Зүй нь, анхан шатны шүүх нэхэмжлэгч иргэдийн эрх зүйн байдлыг тус бүрд нь шинжлэн судалж, зөв тодорхойлох замаар хариуцагч захиргааны аль байгууллагын үйлдэл, үйл ажиллагааны, шийдвэрийн улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсхүл зөрчигдөхгүй байгаа талаар нэхэмжлэгч иргэд тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэхээр байна.
4. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх, нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахтай холбоотой хүчин төгөлдөр ямар хууль, журам, захиргааны шийдвэр үйлчилж, уг асуудлыг зохицуулж ирсэн, түүний дотор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоол, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Түргэн үйлчилгээний цэгийн тоо батлах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 дугаар тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол зэргийн аль нь энэхүү харилцааг зохицуулсан хүчин төгөлдөр шийдвэр болох, энэхүү шийдвэрүүдийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй хариуцагчийн тайлбарын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь хэрэгт мөн ач холбогдолтой байна.
Тиймээс анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР