Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 807

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.О , Б.Б , М.Э , Р.Б , А.Д , Н.О , С.Ц, Ж.Э , С.М , С.Г , Б.Б , Г.Н , П.М , Т.Н , Ж.Г , М.С , Л.М , Б.Б , С.Н ,  Б.А , Ж.Э , Г.Н , Н.Б , С.У , Л.С , Ц.Б , Г.Б , Д.Ц , С.Ч , Ц.Э , М.Х , Э.А , З.А , Б.Б , Ч.Н , С.Х , Ц.М , Д.Н , С.У , Ц.Б , Ш.Б , А.А нар

Хариуцагч: Улаанбаатар хотын Ерөнхий мененер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “...1.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нэр бүхий иргэдийн Баянзүрх дүүрэгт Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, зөвшөөрөл олгохыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад тус тус даалгах.

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан,  захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах. 

3. Нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цехийг албадан нүүлгэхгүй байхыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах.

4. Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад даалгах” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , Н.О , Ж.Э , С.Ч , Г.Б , нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б , Б.Б , М.Э , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , Г.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У******* нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э нарын нэр бүхий 43 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл, өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар тодруулж байна. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нэр бүхий иргэдийн Баянзүрх дүүрэгт Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, зөвшөөрөл олгохыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад тус тус даалгах.

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан,  захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах. 

3. Нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цехийг албадан нүүлгэхгүй байхыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах.

4. Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг, зохицуулах зөвлөлийн даргад даалгах” гэжээ. 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга н.Б*******ын буруу гэж үзэж байна. Э.Б******* даргыг байх үед бид энэ хүнд 2 удаа албан ёсоор биечлэн уулзаж өргөдөл өгсөн. Энэ үед намайг бичиг баримтаа аваад ир шалгаад өгнө гэж тохиролцоод буцаасан. Гэтэл үүнтэй холбоотой шийдвэр дахиж гараагүй. Яагаад гэвэл нэг байсан түргэн үйлчилгээний цэг 2-оос гурав болсон. Мөн тохижилт гэж ярьж байна. Үүний хувьд тайлбар хийхэд бид тохижилтыг хийхийг зөвшөөрсөн. ... Нийслэлийн Засаг даргын захирамж гарч зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэсэн. ... Миний хувьд хууль дүрэм журмын дагуу түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулж ирсэн. Иймээс Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга н.Б******* гэх хүний хэлсэн үгнээс болж бидний амьдрал ийм байдалтай болчихоод байна. Бусад бүх дүүргийн түргэн үйлчилгээний цэгүүд зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эрхэлж байна” гэв.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хотын захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийнхэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдэн маш олон хүний ар гэрийн амьдрал олон жилийн турш хэцүү байгаа. Бид туйлдаж байна. Биднээс гадна маш олон хүний амьдралд энэ асуудал нөлөөлж байгаа. Дүүргийн Засаг дарга болон Газрын албаны дарга нарыг хэзээ энэ асуудлаа цэгцлэхийг хүлээсээр удаж байна. Дээрээс маш олон компаниуд орж ирээд тамхи шахдаг. Өнөөдрийн байдлаар бид зарах зүйлгүй болж ширхгийг тамхиар л гол зогоож байна. Гэтэл дээр хэлээд байгаа зөрчилд бүгдийг нь ширхэгийн тамхи зардаг гэж байна. Тухайн үедээ бидний гэрээг сунгаад өгсөн байсан бол Баянзүрх дүүрэгт ийм асуудал үүсэхгүй. Бид яваагүй газар байхгүй. Хэзээ 61 дүгээр тогтоол нь батлагдаж, хууль эрх зүйн асуудал бүрэн цэгцрэхийг ойлгохгүй л явж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлттэй байна” гэв. 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Г даргын 61 дүгээр тогтоол дээрх стандартын дагуу түргэн үйлчилгээний цэгийг байршуулсан хэд хэдэн газрыг өмнө нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

Хоёрдугаарт, бид бичлэг гаргаж өгсөн боловч бичлэг эвдэрсэн байна гэдэг. Уг бичлэг дээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүл гэж амаар үүрэг өгсөн байдаг. 

Гуравдугаарт, шинээр тогтоосон бүсэд 61 дүгээр тогтоолын дагуу Энхтайваны өргөн чөлөөнд байршилтай түргэн үйлчилгээний цэгүүдийг хасаж хэрэгжүүлж байгаа юм. 

Дөрөвдүгээрт, Цагдаагийнхан дээрх иргэдийг байршлаас нь хөөж, 4 цагийн давтамжтай хяналт шалгалт хийж дарамталдаг бөгөөд Цагдаагийн эрүүгийн төлөөлөгч нь өөрөө 2 түргэн үйлчилгээний цэгтэй. Уг 2 түргэн үйлчилгээний цэгт хяналт, шалгалт хийдэггүй, тамхи зардаг. Шүүх дээр 43 иргэний хэрэг шалгаж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага хайхрамжгүй хандаж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг их болсон. Ийм нөхцөлд зохицож удаан үйл ажиллагаа явуулж байгаа түр үйлчилгээний цэг эрхлэгч нарыг хууль бусаар хөөж, М******* Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна.

Түргэн үйлчилгээний цэг нь жижиг оврын байшин болохоос биш супермаркетуудаас ялгаагүй иргэдэд ширхэгийн зүйлсээр үйлчилдэг байгууллага бөгөөд тамхи зарахыг нь хориглох шаардлагагүй. Тамхи худалдан авсан иргэд тамхи татах цэг дээр очиж тамхиа татах ёстой. Гэтэл түргэн үйлчилгээний цэгийг тамхи зарахыг хориглосноор дээрх ганцхан зөрчлийг хариуцагч байгууллагаас гаргадаг. Энэ асуудал нь хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд зөрчил гаргасан бол торгуулиа төлөөд явна. Хариуцагч байгууллагаас 13 түргэн үйлчилгээний цэгийн байршлыг зааж хаана байгааг нь гаргаж өгсөн. н.Д******* гэдэг хүнээр толгойлуулж зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгийн иргэд шүүхээр мөн явж байна гэсэн. Нэхэмжлэгч нарыг тухайн байршилд нь үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Түргэн үйлчилгээний цэгийн эрхлэгчдийн хамтран ажиллах гэрээг байгуулж, зөвшөөрлийг сунгаж, холбогдох байгууллагуудад даалгуулах хүсэлттэй байна” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь нэр бүхий 42 иргэний урьд нь олон жил худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээний зөвшөөрөлтэй ажиллаж байсан гэдэг утгаар эдгээр иргэдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж аятай тухтай байдлаар шийдвэрлээд өгүүлэх хүсэлттэй байна. ... Түргэн үйлчилгээний цэгийг ямар нэгэн үндэслэлгүйгээр нүүлгэхгүй байлгахыг Газрын албанд даалгаж байна. Гэрээг байгуулснаар хэн нэгэн этгээд хохирохгүй ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй. Иймээс дээд байгууллагын эс үйлдэхүйг зогсоож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд дээр дурдсан журмын дагуу зохицуулах зөвлөлөөс гэрээ байгуулах үйл ажиллагаа явагдаж байсан. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга ямар нэгэн байдлаар холбогдолгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Худалдаа үйлчилгээ зохицуулах зөвлөлийн даргын эс үйлдэхүйг даалгах шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар хууль бус эс үйлдэхүй байх ёстой бөгөөд эс үйлдэхүй байгаа тохиолдолд даалгах шаардлага гаргах нь зөв юм.

Гэтэл нэхэмжлэгчээс ямар хууль бус эс үйлдэхүй байгааг асууж үзэхээр журмын хүрээнд зохицуулах зөвлөл үйл ажиллагаа явуулахгүй байгааг эс үйлдэхүй гэж үзээд байна гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах, 1 жилийн хугацаагаар гэрээ байгуулах эсхүл сунгахыг даалгах шаардлага гаргаж байгаа. Үндсэн шаардлагынх нь хүрээнд ямар эс үйлдэхүй байгаа вэ гэдгийг тодруулахаар ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байдлаар хариулт хэлээд байгаа. Иймээс гаргаж байгаа нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. 

Мөн түүнчлэн хууль бус эс үйлдэл байгаа эсэхийг тодруулахаар хууль бус эс үйлдэл тогтоогдохгүй байна. Дүүргийн Засаг дарга юм уу эсвэл дүүргийн захиргааны байгууллага нь дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэл үүргийг биелүүлэх ёстой. Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад цаашид гэрээ байгуулахгүй байх талаар чиглэл ирсэн. 

Мөн түргэн үйлчилгээний цэгийг эзэмшигчдийн холбооны нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэрэг 2016 онд шийдвэрлэгдэж дууссан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбарт байгаа “олон жил ажилласан иргэдийн ажлын байрыг хэвээр үлдээх талаар арга хэмжээ авах болно” гэдгийг тодруулах нь зүйтэй байна. 

Гэхдээ нэгэнт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд  иргэд өөрсдөө тодорхой хууль дүрэмд захирагдаж стандартад нийцүүлэн зөрчил гаргахгүй ажиллах ёстой.

Зохицуулах зөвлөл болоод дүүргийн Засаг даргад холбогдож байгаа нэхэмжлэлийн шаардлагын хувьд бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.  

Газрын албаны хувьд албадан нүүлгэхдээ ямар шийдвэр тогтоолыг үндэслэсэн талаарх баримт хангалттай ирсэн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаартай захирамжийг баримталж нөхцөл байдлыг зохицуулах албадан нүүлгэх ажиллагаа хийгдсэн байна. Иймээс дурдсан чиг үүргийнхээ хүрээнд хуульд үүргээ гүйцэтгэсэн.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...М.Э  нарын нэхэмжлэлтэй Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай шийдвэр гаргахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт даалгах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Улаанбаатар хотын  Ерөнхий менежерийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах  журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдүүлэхээр амаар гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий албан тушаА  бөгөөд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Хот, тосгоны аж ахуйд оршин суугчдын нийгэм, эдийн засаг, аж ахуйн, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар... байхаар хуульчилсан байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/28 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийн 2 дугаар хэсгийн 2.9.7-д төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, 3 дугаар хэсгийн 3.1.6-д Нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн болон хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавих, 3.1.15-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хууль тогтоомж, норм, дүрмийг зөрчиж, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тохиолдолд урьдчилан сануулах, 3.1.16-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдтэй эрхлэх ажлын хүрээнд хамтран ажиллах,  орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хуульд заасны дагуу үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллах чиг үүргийнхээ дагуу Нийслэлийн удирдлагаас батлан гарч буй шийдвэрийг иргэд, оршин суугчдад танилцуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уулзалт зохион байгуулсан.

Дээрх уулзалтаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмын агуулга хориглосон цаг, байршил хотын ерөнхий төлөвлөгөөний талаар танилцуулж, мэдээлэл өгснийг амаар гаргасан захирамжилсан шийдвэр гэж нэхэмжлэгч тал ташаа ойлголттой байгааг удаа дараа тайлбарлаж мэдэгдэж байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргадаг хуулиар тусгайлан эрх олгосон албан тушаА  биш бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргаагүй шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага өөрөө алдаатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийг буруу тодорхойлж гаргажээ.

Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахын тухайн гаргах эрх хэмжээ бүхий этгээдийн хууль бус эс үйлдэхүй байхыг ойлгож байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах  журам батлагдсан байдаг. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т “Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно” гэж заасны дагуу дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулахаар байна. Түүнчлэн тус журмын 2.1.1-д тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана гэжээ. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч нартай гэрээ байгуулж эрх олгох үндэсгүй. Харин Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь холбогдох акт гаргаж гэрээ байгуулахаар зохицуулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журам батлах тухай” 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 91 дүгээр тогтоолын 1.3.3 дахь заалтад “Зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар  газрыг бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга тухайн байгууллагын эзэмшил газарт уг байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна. Гэтэл 2016 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар олгох тухай тусгагдаагүй байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* магадлалаар өөрчилсөн бөгөөд Нийтийн тээврийн  зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А\115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 15 дахь заалтыг хүчингүй болгох шаардлагатай хэргийн шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл иргэдэд түргэн үйлчилгээний цехийн зориулалтаар зөвшөөрөл олгохыг шийдвэрлээгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй болсон.

Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны шаардах хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Засаг дарга тус баримт бичгийг гаргаагүй тул жинхэнэ хариуцагчийг татах үндэслэлтэй байна.

Нэгэнт акт гаргах эрх бүхий этгээд биш, хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх  дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахын тухайн гаргах эрх хэмжээ бүхий этгээдийн хууль бус эс үйлдэхүй байхыг ойлгож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл,  гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргана гэж заасан байна. Үүнээс үзэхэд эс үйлдэхүй байх нөхцөл нь иргэдээс өргөдөл, гомдол гаргасан байх, хоёрдугаарт тэрхүү өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг ойлгож байна. Гэтэл нэхэмжлэл гаргасан иргэдээс дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шалгаж үзэхэд иргэн М.Э  2015 оны 01 дүгээр сарын 28-нд С.Г  2015 оны 07 дугаар сарын 10-нд, Б.Б  2015 оны 05 дугаар сарын 07-нд Г.Н  2015 оны 02 дугаар сарын 01-нд, Л.С  2015 оны 08 дугаар сарын 11-нд, С.Ч  2015 оны 05 дугаар сарын 01-нд, Ц.Батхуяаг 2015 оны 03 дүгээр сарын 06-нд тус тус хүсэлт гаргасан байна. Тус иргэдийн хувьд түргэн үйлчилгээний цех нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс баталсан загварын дагуу биш. Бусад иргэд түргэн үйлчилгээний цех эрхлэх талаар аливаа нэг хүсэлт гаргаагүй байх тул хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т “Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно” гэж заасан байгаа. Мөн журмын 2.1.1-д Түргэн үйлчилгээний цэг тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана, 2.1.2.-д тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална гэжээ.

М******* улсын стандарт MNS 5879:2012 “Нийтийн тээвэр замналын зогсоол, ангилал, техникийн шаардлага”-д чиглэсэн тээврийн хэрэгслийн зогсоолын байгууламжид түргэн үйлчилгээний цэггүй байхаар заасан. Гэтэл иргэд нийтийн тээврийн зогсоолд зөвшөөрөлгүйгээр түргэн үйлчилгээний цэг байршуулж байсан тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны А\76 дугаар захирамж, Захирагчийн ажлын албанаас удаа дараа ирүүлсэн чиглэлийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх арга хэмжээг шат дарааллан авсан байдаг. Түүний нэг илрэл нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар “Ажлын хэсэг  байгуулах тухай” захирамж байсан.

Гэтэл тус захирамжийн 3 дугаар хавсралтын 1,5,7,8,15 дугаар хэсгийг хүчингүй болгуулахаар иргэн Г.Д******* болон Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүссэн ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 5572 дугаар захирамжаар дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудал /урд тал/ 13 дугаар хороо, Офицерийн автобусны буудал /хойд тал/, 22 дугаар хороо, Офицерийн автобусны буудал /урд тал/, 14 дүгээр хороо, Халдвартын автобусны буудал /зүүн тал/ байрлах, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэхийг түдгэлзүүлсэн байдаг. Ийнхүү тус дүүрэгт түргэн үйлчилгээний цэгт зөвшөөрөл олгох гэрээ байгуулах асуудал удааширч эхэлсэн. Мөн тус хэрэгт М.Э  нь гуравдагч этгээдээр  оролцох тухай хүсэлт гаргаж байсан боловч шүүгчийн захирамж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тус хэргийн хянан шийдвэрлэх хугацаа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* дугаар магадлалаар дууссан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журам батлах тухай” 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 91 дүгээр тогтоолын 1.3.3 дахь заалтад “Зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар  газрыг бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга тухайн байгууллагын эзэмшил газарт уг байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна. Гэтэл 2016 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар олгох тухай тусгагдаагүй байна.

Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны шаА хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тус баримт бичгийг гаргаагүй тул жинхэнэ хариуцагчийг татах үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээ, зохицуулах зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З , Г.Д  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 56 дугаар тогтоол, 2017 оны 61 дүгээр тогтоол нь Хууль зүйн яамны хэм хэмжээний нэгдсэн актад бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэсэн албан бичиг ирүүлсэн байгаа учраас үйл ажиллагаа явуулж, гэрээ байгуулах боломжгүй байгаа” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн зүгээс олон жил болсон, хуучин түргэн үйлчилгээний цэгүүд байгаа гэж тайлбарлаад байна. 5 жил буюу түүнээс дээш түргэн үйлчилгээний цэг байгаа. Гэтэл дээрх түргэн үйлчилгээний цэгүүд дотор зарим нь 1 жил болсон, зарим нь 1 жил болоогүй түргэн үйлчилгээний цэгүүд ч байгаа. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү.

Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн зүгээс шаА хуудсыг өнөөдөр өгч маргааш нь ачиж эхэлсэн гэж байна. Шаардах хуудсыг 2015 оны 04 дүгээр сараас Баянзүрх дүүргийн Газрын албанаас захирамж, шийдвэрийн дагуу өгөгдсөн. 2016 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 863 тоот захирамжийн дагуу түргэн үйлчилгээний цэгийн асуудал хэрэгжиж эхэлсэн. Газрын албанаас шаА хуудсыг тухайн түргэн үйлчилгээний цэгүүдэд 7-оос 10 хоногийн хугацаатайгаар 2 удаа өгсөн. Дараа нь 30 хоногийн шар шаардах хуудас өгсөн. Бид зохих журмын дагуу авах ёстой арга хэмжээг авсан бөгөөд дээрх хэлсэнчлэн шаА хуудас өгөөд шууд ачиж эхлээгүй юм. Тухайн дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Газрын албанаас хуулийн хүрээнд мэдэгдэх ёстой хуудсыг өгсний дараа ачих ажиллагаа хийсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь “... худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ болон зөвшөөрлийг олгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, ... газар чөлөөлөх шаардах хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж эцсийн байдлаар 2017 оны 10 дугаар сарны 20-ны өдөр: 

1. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нэр бүхий иргэдийн Баянзүрх дүүрэгт Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, зөвшөөрөл олгохыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад тус тус даалгах.

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан,  захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах. 

3. Нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэхгүй байхыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах.

4. Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг, зохицуулах зөвлөлийн даргад даалгах гэж тодруулсан  тул шүүх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь хамгийн багадаа 5 жил, түүнээс удаан хугацаагаар ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 201... оны 56 тогтоол хэрэгжиж байхад хүчин төгөлдөр болоогүй 2017 оны 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохгүй гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “Нэхэмжлэгч нар нь ТҮЦ-ээ Улаанбаатар хотын захирагчаас батлагдаагүй байршилд, мөн MNS 5879:2012 “Замналын зогсоол” стандартын дагуу автобусны буудал дээр ТҮЦ байршуулахыг хориглосон байхад нэхэмжлэгч нар нь ТҮЦ-ээ дур мэдэн байршуулсан тул гэрээ байгуулахгүй, сунгахгүй байгаа нь хууль тогтоомжид нийцсэн, түүнчлэн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй” гэж тус тус маргаж байна. 

М******* Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “... дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 29.1.6-ийн “г”-д “иргэдийн ... гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” үүрэгтэй байх ба тус дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/42 дугаар захирамжаар “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийг байгуулж, тус зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр батлагдсан “Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийн “Гурав” дугаар зүйлийн 2.1-д “дүүргийн нутаг дэвсгэрт Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй ... иргэдтэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулах”  гэж заасны дагуу дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг “зөвлөл”-ийн дарга байгуулахаар байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталжээ . Уг журмын “Хоёр” дугаар зүйлд зааснаар ТҮЦ нь “дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлах”, “ТҮЦ-ийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер тушаалаар батлах”, “баталсан загвар, дизайнтай байх” зэрэг шаардлагыг хангасан байхаар журамлаж улмаар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 11 дүгээр сарын А/135 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 11 түр байршилд ТҮЦ ажиллуулахаар баталсан байна.  

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга нь зөвхөн “боломжит” байршилд байрлаж байгаа батлагдсан загварын ТҮЦ-ний үйл ажиллагааг зөвшөөрч гэрээ байгуулах эрхтэй тул дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нэр бүхий иргэдийн Баянзүрх дүүрэгт Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгахгүй, зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна. Тодруулбал, 

Нэхэмжлэгч иргэд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт удаан хугацаанд гэрээний үндсэн дээр худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа тухайд хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргахгүй байна.

Нэхэмжлэгч иргэдтэй өмнө байгуулсан гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсон байх ба гэрээг дүгнэсний үндсэн дээр цааш үргэлжлүүлж сунгах, дахин гэрээ байгуулах эрх нь хариуцагчид хадгалагдаж байна.

Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаас “нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь боломжит байршлаа тодорхойлоод ирвэл гэрээ байгуулахад бэлэн” хэмээн тайлбарлаж ба нэхэмжлэгч Ж.Э ын ТҮЦ нь тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эмнэлэгийн хойд талд, Л.М , С.С  нарын ажиллуулдаг ТҮЦ нь 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Алдар” спорт хорооны зүүн талд, А.Д гийн ТҮЦ нь 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдэлчин зочид буудлын хойд талд, Н.О ы ТҮЦ нь 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наран их дэлгүүрийн хойд талд тус тус байрлаж байгаа нь дээрх тушаалаар зөвшөөрөгдсөн түр байршил гэж үзэж 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/нэг/ жилийн хугацаатайгаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  

Харин бусад нэхэмжлэгч нарын тухайд ТҮЦ байрлаж буй байршил нь батлагдаагүйн зэрэгцээ зарим ТҮЦ автобусны буудал дээр байрлаж байгаа нь MNS 5879:2012 “Замналын зогсоол” стандартад “Зогсоол ба түүний байгууламжид тавигдах нийтлэг шаардлага” 7.6-д “Замналын дундын зогсоол нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухтай зөрчих нөхцөл, шаардлагыг хангасан байна”  гэж заасныг хангахгүй, мөн зарим иргэдийн ТҮЦ нь явган хүний зам, автозамын тусгаарлах зурвас дээр байрлаж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа нь хэрэгт авагдсан фото зургууд болон иргэдийн ирүүлсэн гомдол , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. 

Мөн хариуцагч нараас Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг сунгахгүй, зөвшөөрөл олгохгүй байгаа бас нэг үндэслэлийг ТҮЦ ажиллуулж байгаа иргэд нь хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй, тамхи ширхэглэн худалдаалдаг хэмээн тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч нараас үүнийг үгүйсгэхгүйгээр “бид зарахгүй бол хажууд байгаа ТҮЦ-д ширхэгээр зардаг. Тэгээд хүмүүс энд зардаггүй гээд орж ирэхгүй орлого буурдаг” хэмээн тайлбарлаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн хяналт шалгалтын ажлын танилцуулга болон хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн судалгаанд нийт ТҮЦ-үүдийн зөрчлийг тоймлон гаргасан боловч нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн хувьд гаргасан зөрчлийг тогтоож баталгаажуулсан баримт байхгүй байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн ТҮЦ нь Улаанбаатар хотын ерөнхий архитектороос 2014 онд баталсан “Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж”-ийн эскиз зураг -т нийцэхгүй өөр өөр, өнгө хэлбэр, хэмжээтэй байгаа  нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхүйц байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “батлагдсан зургийн дагуу хийгдээгүй, загварын бус” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй. 

Дээрхээс дүгнэн үзвэл, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах болон зөвшөөрөл олгохоос 1/  автобусны буудал дээр байрлаж байгаа, 2/ орчны тохижилт хийдэггүй, тамхи ширхэглэн худалдаалдаг, 3/ загварын бус гэсэн шалтгаанаар худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахаас татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд уг журмаар тогтоосон журмын дагуу батлагдсан байршлыг мөн баримтлах үндэслэлгүй боловч хариуцагч нараас MNS 5879:2012 стандарт болон хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй. 

Энэ тохиолдолд хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нэр бүхий иргэдийн Баянзүрх дүүрэгт Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Харин нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “бид өөр байршилд ажиллаад ашиг орлого олох боломжгүй, бид байршлаа чөлөөллөө гэхэд маргааш нь өөр иргэд ТҮЦ-ээ авчраад байршуулдаг” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй бодит нөхцөл байдал үүссэн байгаа хэдий ч энэхүү нөхцөл байдал нь маргааны үйл баримтад хамааралгүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй. Харин хариуцагч байгууллага нь цаашдын үйл ажиллагаандаа анхаарвал зохих асуудал болохыг дурьдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах”-аар тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч иргэдийн ТҮЦ байршиж буй газруудад газар эзэмших эрх, олгосон аливаа шийдвэр гараагүй байх бөгөөд газрын төлбөр тогтоосон акт болон, иргэдээс газрын төлбөр төлж байсан байдал нь нийтийн эзэмшлийн газрыг ашиглах зөвшөөрөлд тооцогдохгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын албанаас “Газар чөлөөлөх” тухай шаА хуудас хүргүүлсэн нь Газрын тухай хуульд заасантай нийцсэн байх тул “Нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэхгүй байхыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах” шаардлага нь үндэслэлгүй байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”  нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 1-4/2024 , 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3-2/72 тоот лавлагаагаар тус тус тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нараас энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээ байгуулъя гэхээр нийслэлээс шинэ журам бүртгэгдтэл бүх гэрээг зогсоосон гэдэг” гэж тайлбарлаж байна. 

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргаас “... журмын агуулга, хориглосон байршил, хотын ерөнхий төлөвлөгөөний талаар танилцуулж мэдээлэл өгсөн. ... амаар захирамжилсан шийдвэр гаргаагүй”  гэсэн тайлбар ирүүлсэн хэдий ч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбартаа “... 61 дүгээр тогтоолоор батлагдсан ...журмыг ... бүртгүүлэхээр хүлээгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”  гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... шинэ журам батлагдаж, хуучин журам бүртгэгдээгүй байгаа учраас ямар нэг гэрээ байгуулахгүй” гэж тайлбарласан, Баянзүрх дүүргийн Газрын алба болон Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ТҮЦ-ний байршлыг батлуулахаар хүргүүлсэн саналд нэхэмжлэгч нарын ТҮЦ-нүүдийн байршил тусгагдаагүй гэж тайлбарлаж “байршлыг саналд тусгаагүй” шалтгаанаа “нийслэлээс шийдвэр ирээгүй” гэж мэдүүлж байгаагаас үзвэл хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах”-ыг шаардсан захирамжилсан шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаас “... 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг шаардсан нь” Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт”-д захиргааны байгууллагын амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх”-ээр, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй...” гэж заасантай нийцээгүй, М******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хүчин төгөлдөр “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах”  гэж заасныг зөрчсөн шийдвэр байна.

Иймд нэхэмжлэгч М.Э  нарын нэр бүхий 42 иргэнээс Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан,  захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, Газрын албаны даргад холбогдуулан гаргасан “түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нэр бүхий иргэдийн Баянзүрх дүүрэгт Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, зөвшөөрөл олгох, нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэхгүй байх, Түргэн үйлчилгээний цэгт Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч нарын тайлбараар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 болон 2017 оны 61 дүгээр тогтоолууд хүчин төгөлдөр болоогүйгээс ТҮЦ-д худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах, зөвшөөрлийг сунгахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь удаан хугацаанд ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж байгааг харгалзан боломжит байршилд зөвшөөрөл олгож, гэрээ байгуулах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй юм. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1. М******* Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6-ийн “а”,“г”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О , Б.Б , М.Э , Р.Б , А.Д , Н.О , С.Ц, Ж.Э , С.М , С.Г , Б.Б , Г.Н , П.М , Т.Н , Ж.Г , М.С , Л.М , Б.Б , С.Н ,  Б.А , Ж.Э , Г.Н , Н.Б , С.У , Л.С , Ц.Б , Г.Б , Д.Ц , С.Ч , Ц.Э , М.Х , Э.А , З.А , Б.Б , Ч.Н , С.Х , Ц.М , Д.Н , С.У , Ц.Б , Ш.Б , А.А нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан, захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Б , А.А нараас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б , А.А  нарт тус бүр 35100 төгрөгийг олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ