Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00041

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02712 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00000 дугаар захирамжаар Б.С-с 108 333 048 төгрөгийг гаргуулж, ЖДҮХСд олгохоор шийдвэрлэсэн, шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4-148/12121 дугаар албан мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан миний ээж П.Аийн өмчлөлийн Т аймгийн Б сумын 0 дугаар баг, Б-н 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 14х7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууцыг, мөн тус сумын 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 254 016 500 төгрөгөөр үнэлсэн болохыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн. Хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгч Б.С-с үнийн санал авалгүйгээр, шууд л шинжээч томилж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууц болон газрыг 254 016 500 төгрөгөөр үнэлсэн байна. Тус хувийн сууц нь талбайн хэмжээний хувьд үнэлгээний тайланд дурдсан жишиг хөрөнгүүдтэй харьцуулахад хэд дахин илүү, газрын хувьд маш тэгшхэн, байршил сайтай, зах зээлд өндөр үнээр борлогдох хөрөнгө тул эдгээр хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлж, хэт үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Шинжээчийн үнэлсэн 254 016 500 төгрөгийн үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд үнэлээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00000 дугаар захирамжаар Б.С-с 107 984 113 төгрөгийг гаргуулж ЖДҮХСд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19251165 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-183/38766 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Аийн өмчлөлийн Т аймгийн Б сумын 0 дугаар баг, Б-н 1 дүгээр гудамж 00 тоот хаягт байрлах 14х7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууц, 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19251165/03 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19251165/04 тоот тогтоолоор хураасан. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үнийн санал ирүүлэх тухай 4-148/10788 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Сэлэнгэ болон өмчлөгч П.А нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 0 дугаар хороолол, АОС 2 дугаар байрны 2 тоот баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгч Б.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргалын 94955896 дугаарын утсаар холбогдож санал ирүүлэх талаар хэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнийн саналаа өгөх эрхтэйг танилцуулсан боловч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/107 тоот Шинжээч томилох тогтоол-оор М трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход 254 016 500 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4-148/12121 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Сэлэнгэ болон өмчлөгч П.А нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар хүргүүлж, Б.С-н 99193191 дугаарын утсаар дээрх үнэлгээг дахин мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргал 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирж үнэлгээний мэдэгдэл тайлантай танилцсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох улсын бүртгэлийн Ү-1403000410 дугаарт бүртгэлтэй Т аймгийн Б сумын 0 дугаар баг Б-н 1 дүгээр гудамж 00 тоотод байршилтай хувийн орон сууц болон улсын бүртгэлийн Г-1403001029 дугаарт бүртгэлтэй Т аймаг Б сумын 0 дугаар баг Б-н 1 дүгээр гудамж 2 тоотод байршилтай 2000 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.С-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нь үл хөдлөх хөрөнгүүдийг бүтцийн хувьд өөр өөр байшинтай харьцуулсан, талбайн хэмжээний хувьд эрс зөрүүтэй байхад тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 254 016 500 төгрөгөөр үнэлж, улмаар НШШГГ нь энэ үнийн дүнгийн 70 хувиар тооцон 177 811 550 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах болсон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр өөрсдөө үнэлүүлэх боломжийг олгох хүсэлт тавьсны үндсэн дээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11931 дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргасан. Гэвч үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийх компанийг хайж олох, тохиролцох үнэлгээ хийлгэх үйл ажиллагааг хийхэд цөөнгүй хоног шаардагдах болж, шүүх хуралдаан хойшлуулсан хугацаанд үнэлгээ хийлгэж амжихгүйд хүрсэн бөгөөд уйгагүй хайсны эцэст "Арвижих эстимейт" ХХК-ийн хүмүүстэй холбогдож Т аймагт очиж хөрөнгөд үзлэг хийх, үзлэгээс ирснийхээ дараа гэрээ байгуулах, байгуулсан гэрээгээ шүүхэд өгөхөөр тохиролцож энэ талаарх хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтээ бичиж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүх рүү явуулсан юм. Гэтэл шүүгч энэ өдөр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид нотлох баримт бүрдүүлэх хугацааг олгосон өмнөх захирамжаа бүрэн үгүйсгэсэн биелэлтийг хангах боломжийг олгоогүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Үнэлгээний тайлангийн 20 дугаар хуудас, Зах зээлийн мэдээллийг нягтлан шалгаж нэгтгэсэн хүснэгтэд 3 ширхэг хувийн сууцтай харьцуулан үнийг тогтоосон нь талбайн хэмжээ гэсэн хэсэгт өөр, өөр хэмжээтэй сууцтай харьцуулсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууцны талбайн хэмжээ 286.8 м.кв. Гэтэл буурах талбайтай 35 м.кв, 64 м.кв, 141 м.кв талбайтай хувийн сууцтай харьцуулан жишиг үнийг тогтоосон байна. Зах зээлийн буюу жиших үнийн хандлага нь тухайн цаг хугацаанд зах зээлд худалдагдаж буй ижил төстэй буюу байршил, хийц, үйл ажиллагааны хэлбэр, хүрээлэн буй орчны байрлал зэрэг хүчин зүйл ойролцоо үл хөдлөх хөрөнгүүдийн арилжааны мэдээллийг ашиглаж хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлдог байтал шинжээчийн харьцуулсан гурван үл хөдлөх хөрөнгүүдийн хийц, үнэлэгдэж буй эд хөрөнгөтэй ямар байдлаар төстэй болоод харьцуулж байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууц нь дүнзэн ханатай, сайн чанарын дүнзээр хийгдсэн зах зээлийн өнөөгийн ханш нь өндрөөр үнэлэгдэх байтал түүнийг палк модон ханатай, харьцуулахад хямд өртгөөр бүтсэн хувийн сууцтай жишиг хөрөнгө болгон харьцуулсан нь ойлгомжгүй. Төлбөр төлөгч Б.С-н үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т аймгийн Б сум, 3-р баг, Б-н 1-р г.дамж 00 тоотод байрлах 286.8 м.кв хувийн хувийн сууц болон газрыг үнэлэхдээ хөрөнгийн шинж байдал, онцлогийг тусгаагүй, жишиг үнийг хэрхэн ямар үндэслэлээр тооцож гаргасан талаас тайландаа тусгаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.3.8-т заасанд нийцээгүй байна. Мөн шинжээч нь хувийн сууц болон газрыг нийтэд нь 254 016 500 төгрөгөөр үнэлсэн байх боловч 2000 м.кв газрыг тусд нь хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах мэдэгдлийг шуудангаар явуулсан гэх боловч төлбөр төлөгч Б.Сэлэнгэ болон хөрөнгийн өмчлөгч П.Аээс бодит байдал дээр үнийн саналыг авалгүйгээр албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлээс доогуур үнэлсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэх хүсэлтийг гаргасаар байтал хүсэлтийг хангахгүй, ...шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй гэж шийдвэрт дүгнэсэн нь шүүхийн шийдвэр нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх боломжийг хязгаарласан шийдвэр гаргасан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргаж маргажээ. /хх.1-2, 23-24/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00000 дугаар захирамжаар нэхэмжлэгч ЖДҮгийн нэхэмжилсэн 107 984 113 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.Сэлэнгэ тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохирч, уг графикийг зөрчсөн тохиолдолд П.Аийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.27-28/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19251165/00 дугаар тогтоолоор П.Аийн өмчлөлийн Т аймгийн Б сумын 0 дугаар баг, Б-н 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 14х7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууцыг, мөн тус сумын 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19251165/04 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ. /хх.36-41/

 

НШШГГ 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-148/10788 тоот мэдэгдэх хуудсыг үүрэг гүйцэтгэгч Б.Сэлэнгэ, үүрэг гүйцэтгүүлэгч ЖДҮ, өмчлөгч П.А нарт Б сумын 0 дугаар баг, Б-н 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 14х7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууцыг, мөн тус сумын 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн болох нь Монгол шуудангийн дардсаар тогтоогдсон байна. /хх 42/

 

Төлбөр төлөгч болон өмчлөгч нар тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч ЖДҮХС 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/421 тоот албан бичгээр ...үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, шинжээч томилуулах-аар хүсэлт гаргажээ. /хх.42-46/

 

НШШГГ 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/107 дугаар тогтоолоор М трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч М трейд ХХК 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 19/Ш дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага зэргийг баримтлан барьцаа хөрөнгө болох Б сумын 0 дугаар баг, Б-н 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 14х7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууцыг, мөн тус сумын 1 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 254 016 500 төгрөгөөр үнэлсэн байна. /хх.55-73/

 

Шинжээчээр томилогдсон М трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/11931 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2021/12629 дугааруудаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид нотлох баримт бүрдүүлэх хугацааг олгосон өмнөх захирамжаа бүрэн үгүйсгэсэн, биелэлтийг хангах боломжийг олгоогүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.С-н төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО