Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00785

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00785

 

МАГАДЛАЛ

2020.04.

Б.Ү-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00133 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.А, Б.Ү- нараас хариуцагчГ.Э, С.А-, С.А нарт холбогдуулан гаргасан,

Б.Ү-, С.А нарыг А.Сосорсүрэнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн хөрөнгөөс ногдох 1 202 582 040 төгрөгийгГ.Э. С.А, С.Ал нараас гаргуулах,

А.Сосорсүрэнгийн газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах,

"Сэбоцэ" ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК тус бүрийн хувьцааны 40 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт тус тус бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ү-, өмгөөлөгч Ө.Сайнбаяр, Б.Баттөмөр, Г.Бат-Эрдэнэ

ХариуцагчГ.Э, С.А, өмгөөлөгч Л.Нинжбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ү- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сард талийгаач А.Сосорсүрэнтэй танилцаж дотно харилцаатай болж хамт амьдрах болсон. Хамтын амьдралтай байх хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.А төрсөн. А.Аззаяаг төрөхөд талийгаач А.Сосорсүрэн хамт байсан бөгөөд өөрөө өргөдөл гарган төрсний гэрчилгээг авсан. А.Сосорсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан. Талийгаачтай нас барах хүртэл буюу 2011 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан. Энэхүү үйл баримтын талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1013 дугаар магадлалаар тогтоосон. Мөн хүүхдээ төрүүлснээс хойш миний бие ажил эрхлэх боломжгүй, түүний асран халамжид байсан. Б.Ү- охин С.Аг төлөөлөн өв хүлээн авах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн нотариатчид 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус тус 2 удаа гаргахад өвлөх эрхийн маргаан байгаа учир өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Иргэний хуульд зааснаар С.А, Б.Ү- нар А.Сосорсүрэнгийн хууль ёсны өвлөгч болно.

ХариуцагчГ.Э, С.Ал, С.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 325 дугаартай нотариатч Б.Батсүрэнд хандан талийгаач А.Сосорсүрэнгийн хөрөнгө болох эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204012987 дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Шар хад 43 гудамжны 6656 тоот хувийн сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр, газар эзэмших эрхийн Г-2204002047 дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Шар хад 43 дугаар гудамжны 6656 тоот газрын өмчлөх эрхийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, Ү-2201009548 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 15 тоот зоорийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр, Ү-2201028861 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 5 тоот зоорийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, Ү-2206011323 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр 44 байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, Г-2203000819 дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамжны 262 тоот газар болон Ү-2203000819 дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүтээр гудамжны 262 тоот хувийн сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр өөрсдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж өвлөн авсан. Мөн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах газар эрхийн улсын бүртгэлийн Г-2202006168 дугаар газар, Lexus LX570 маркийн 7171 УНӨ улсын дугаар, ДТ1НҮ00Ш594027116 арлын дугаартай автомашиныг өвлөн авч өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн. Дээрх хөрөнгүүдийг хариуцагч нар өвлөн авахдаа өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдсон гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг ба хууль ёсны өвлөгч төрсөн охин С.А, Б.Ү- намайг өвлөгдсөн хөрөнгөнд өмчлөгчөөр бүртгүүлээгүй, огт оролцуулаагүй ногдох хэсгийг олгоогүй өвлөх эрхийг маань зөрчсөн. Дээрх хөрөнгүүдэд нэгэнт өмчлөгчөөр хариуцагч нар бүртгүүлсэн байх тул ногдох хэсгийг мөнгөөр өвлөх эрхтэй байна. Дээрх өвлөгдсөн хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон бөгөөд Иргэний хуулийн 520.1, 520.1.1, 532.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнэ цэнээс ногдох хэсгийн үнэ 1 202 582 040 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. СЭБОЦЭ ХХК-ийн хууль ёсны өвлөгчөөр охин С.А, хүү С.Ал, охин С.А болон Б.Ү- намайг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй, оролцуулаагүй ногдох хэсгийг олгоогүй өвлөх эрхийг маань зөрчсөн. Сүхбаатар дүүргийн нотариатч Т.Оюунбаярын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 89 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2432 дугаар магадлалаар хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлээс шүүхийн шийдвэр магадлалыг үндэслэн СЭБОЦЭ ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулан өмнөх хувьцаа эзэмшигч А.Сосорсүрэнгийн нэр дээр буцаан шилжүүлсэн бүртгэлийг хийсэн. Компанийг хувьцаагаар дамжуулан эзэмшдэг бөгөөд хувьцаа нь өвлөгдөх хөрөнгөд хамаарах юм. СЭБОЦЭ ХХК-д мэдэгдэж байгаагаар Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022419, Ү-2201030984, Ү-2201030665, Г-2201021056, Ү-2201030167, Ү-2201030165, Ү-2201030162, Ү-2201030161, Ү-2201030168, Ү-2201030160, Ү-2202022419, Ү-2202001210, Ү-2201030163, Ү-2201030164, Ү-2201030166 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2202005475 дугаартай Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж 61 тоот хаягт байрлалтай 307 м.кв талбай бүхий хоёр давхар оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2202001210 дугаартай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж 61 тоот хаягт байрлалтай 606 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний 00034626, 000344627, 000344628 дугаартай үл хөдлөх хөрөнгө тус тус бүртгэлтэй өмчилж байна.

Ижил хүч ХХК /регистрийн дугаар 5223288/-ийг хэн аль нь өвлөн аваагүй байна. Компанийг хувьцаагаар дамжуулан эзэмшдэг бөгөөд хувьцаа нь өвлөгдөх хөрөнгөд хамаарах юм. Хууль ёсны өвлөгч С.А, Б.Ү- нар Ижил хүч ХХК-ийн 40 хувийн хувьцааг өвлөн авч хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үндэслэлтэй байна.

Цагаан тэмээт говь ХХК /регистрийн дугаар 5223288/-ийг хэн аль нь өвлөн аваагүй байна. Компанийг хувьцаагаар дамжуулан эзэмшиж өмчилдөг бөгөөд хувьцаа нь өвлөгдөх хөрөнгөд хамаарах тул мөн хууль ёсны өвлөгч С.А, Б.Ү- нар 40 хувийн хувьцааг өвлөн авч хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний биеГ.Э нь нөхөр А.Сосорсүрэнтэй айл гэр болж 30 жил хамт амьдарсан юм. А.Сосорсүрэн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэртээ хүү С.Ал, охин С.А, эхнэр Г.Э бид нарынхаа дэргэд нас барсан. Б.Ү- нь Баянчандмань суманд манай компаний малчны хажууд аав, ээж, эцэггүй нэг хүүхэдтэйгээ мал малладаг байсан ба анх манай компаниас аав Д.Банкийн хамтаар зээлийн гэрээ хийж 40 000 000 төгрөг зээлж байсан. А.Сосорсүрэн бид хоёр 30 жил хамт амьдарсныг хорооны засаг даргын тодорхойлолт болон 2016 оны хүн амын, өрхийн бүртгэлийн дэвтэр, Монгол улсын хүн амын стастикийн тооллого, манай хүүхдүүд, хоёр талын ах дүү болон гэр бүлийн найзууд, ажлын хамт олон бүгд гэрчлэх төдийгүй бүгд шүүх хуралд гэрчээр орох саналаа тавиад байхад Б.Ү- нь миний талийгаач нөхөртэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэж худлаа ярьж байна. Б.Ү- нь А.Сосорсүрэнгийн эгчийн хүү Д.Батболдоор тэжээгчээ алдсаны тэтгэмж л авах гэсэн юм. Надад хүүхдийг нь мөн гээд тайлбар гаргаад өгчих гэж, өөр зүйлд ашиглахгүй гээд гэрчийн мэдүүлэг өгүүлсэн.

Б.Ү- нь 2011 онд А.Сосорсүрэнтэй танилцаж 12 сараас хамтран амьдарсан, өнгөрсөн хугацаанд бид гэрлэлтээ батлуулж чадаагүй. Учир нь талийгаач өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байсан гэж хамтын амьдралтай байсан гэсэн шийдвэр гаргуулсныг сүүлд мэдсэн шүүх энэ талаар надад мэдэгдээгүй. Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад нөхөр А.Сосорсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү ... гэж өргөдөл гаргахад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчГ.Э нь А.Сосорсүрэнтэй 1989 оны 6 дугаар сарын 10 ны өдөр гэр бүл болж 1990 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн тэдний дундаас 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.А, С.Ал нар төрсөн болох гэрлэлтийн баталгаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тулГ.Эыг А.Сосорсүрэнтэй түүнийг нас барах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэхээр байна. Иймд тэднийг хамтын амьдралтай байсныг батлах бичиг баримт байх тул шүүх онцгой ажиллагааны журмаар хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Мөн Б.Ү-гийн хүүхэд С.А нь миний нөхөр А.Сосорсүрэнгээр овоглосон байна. Яагаад, хэрхэн, ямар арга замаар ийм үйл ажиллагаа явагдсаныг мэдэхгүй. Талийгаач нөхөр маань ч амьд сэрүүндээ энэ тухай ярьж байгаагүй. А.Сосорсүрэн биологийн болон физиологийн хувьд үр тогтоох чадваргүй хүн байсан. Түүний амьд сэрүүнд бид үр хүүхэдтэй болох гэж дотоод болон гадаад оронд эмчилгээ хийлгэж байсан бөгөөд түүний эрүүл мэндийн байдлын талаар гаргасан Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн архиваас авсан лавлагаа үүнийг гэрчилнэ. Ер нь бол 1995-2005 онуудад шинжилгээ хийлгэж байсан бөгөөд эр бэлгийн эс байхгүй гэсэн шинжилгээний хариу гарч байсан. Ийм ч учраас нөхөр бид хоёр ихэр хүүхдүүд үрчилж авсан. Би эх хүн эмэгтэй хүнийхээ хувьд нялх хүүхдийг өрөвдөн хайрлаж 30 жил ханилсан ханийнхаа ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ ханийнхаа булшийг ухаж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй байгаа. Миний нөхөр А.Сосорсүрэн бид хоёр хамтран амьдарсан хугацаанд бий болсон өмч, эд хөрөнгө нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө юм. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад-43 гудамж 665 б тоот хаягт байрших 389 м.кв газар болон байшин. Эдгээрийг Ихэр баян кредит ХЗХ байгуулан миний бие захирлаар нь ажиллаж байх үед зээлийн барьцаанд тус хоршоонд шилжиж ирсэн. Хөрөнгө үнэлгээний Тод үнэлгээ ХХК-аас газар байшинг 21 192 400 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 5 298 100 төгрөг болж байна.Үүнээс миний нөхөр А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 5 298 100 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгчГ.Э, С.А, С.Ал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 1 324 525 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид үүнээс С.Ад 1 324 525 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

2. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот нийтийн амины орон сууц. Миний биеГ.Э нь нөхөр А.Сосорсүрэнтэй гэр бүл болоод хамт амьдрах хугацаандаа 1999 онд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 7 дугаар байрны 228 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Хөрөнгө үнэлгээний Тод үнэлгээ ХХК-аас дээрх орон сууцыг 456 647 400 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 114 161 850 төгрөг болж байна. А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 114 161 850 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А,С.Ал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 28 540 462 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ орон сууцаас С.Ад 28 540 462 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй.

3. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот орон сууцны доорх автомашины №5, 26 дугаар зогсоол. Хөрөнгө үнэлгээний Тод үнэлгээ ХХК-аас дээрх зогсоолуудыг 51 933 300 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 12 983 325 төгрөг болж байна. А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 12 983 325 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгчГ.Э, С.А, С.Ал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 3 245 831 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ автомашины 2 зогсоолоос С.Ад 3 245 831 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй.

4. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж, 262 тоот 490 м.кв газар болон байшин. Үүнийг "Ихэр баян кредит" ХЗХ байгуулан миний бие захирлаар нь ажиллаж байх үед зээлийн барьцаанд тус хоршоонд шилжиж ирсэн. Хөрөнгө үнэлгээний Тод үнэлгээ ХХК-аас уг шатсан байшин болон газрыг 8 039 000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 2 009 750 төгрөг болж байна. Энэ байшин, газраас А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 2 009 750 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгчГ.Э, С.А, С.А, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 502 437 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ газраас С.Ад 502 437 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй.

5. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 15 тоот болон 5 тоот зоорь. А.Сосорсүрэн "Ноён-Уул трэйд" ХХК-аас өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Хөрөнгө үнэлгээний Тод үнэлгээ ХХК-аас 302 121 200 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 75 530 300 төгрөг болж байна. А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 75 530 300 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгчГ.Э, С.А, С.Ал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 18 882 575 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ зоорьноос С.А-д 18 882 575 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй.

6. Тоёото Лексус-570 маркийн суудлын автомашин. 2011 онд худалдан авсан. Хөрөнгө үнэлгээний Тод үнэлгээ ХХК-хас уг автомашиныг 75 000 000 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 18 750 000 төгрөг болж байна. А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 18 750 000 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгчГ.Э, С.А, С.А, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 4 687 500 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ автомашинаас С.А-д 4 687 500 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй. Гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс нийт 57 183 330 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

7. СЭБОЦЭ ХХК-ийг анх миний төрсөн эгч Г.Энхжаргал, дүү Г.Отгонбаяр тэдний эхнэр, нөхөр, А.Сосорсүрэн бид 6 уулаа хөрөнгө мөнгөө нийлүүлээд энэ компанийг байгуулсан. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлээд банкны зээлээр үйл ажиллагаагаа явуулж байсан учир санхүүгийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд миний төрсөн эгч Г.Энхжаргал төрсөн дүү Г.Отгонбаяр мөнГ.Э бид 3 ярилцаад компанийхаа хувьцааг А.Сосорсүрэнгийн нэр дээр болгосон юм. Улмаар миний нөхөр А.Сосорсүрэн ерөнхий захирал болж миний бие Санхүү эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлын албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн. Энэ хугацаанд миний бие хөрөнгө босгох, санхүү тооцоог гаргах, бизнесийн үйл ажиллагааг удирдан явуулах ер нь бүхий л ажлыг хийж байсан. Үүнийг маань банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс зээл авахдаа байгуулдаг зээлийн гэрээ, барьцааны болон хамтран ажиллах гэрээ хэлцлүүдэд тогтмол гарын үсэг зурж, батлан даалт гаргаж нотариатаар баталгаажуулж байсныг компаний архивт хадгалагдаж байгаа бичиг баримтууд гэрчилнэ. Манай компанийн архивт байгаа баримт бичигүүд нь намайг энэ компанид ямар их гол үүрэг гүйцэтгэж байсныг гэрчилнэ. Иймд СЭБОЦЭ ХХК нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн юм. Тийм ч учраас тус компаний нэг бүрийн үнэ 1 төгрөг бүхий 1 268 011 981 ширхэг хувьцааг манай гэр бүлийн гишүүд А.Сосорсүрэн,Г.Э, С.Ал, С.А нарын тоогоор буюу 4 хуваахад нэг хүнд 317 002 995 ширхэг хувьцаа ноогдож байна. А.Сосорсүрэнд өвлөгдөх хувьцааны хэмжээ 317 002 995 ширхэг болж байна. Үүнийг хууль ёсны өвлөгчГ.Э, С.А, С.Ал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 79 250 748 ширхэг хувьцаа өвлөгдөхөөр байна. Компанийн хувьцаанаас 79 250 748 ширхэг хувьцаа буюу 79 250 748 төгрөгийг С.А-д шилжүүлэн өвлөгдөхөд татгалзахгүй. Компани өр зээлтэй хүнд хэцүү байхад шүүхийн үйл ажиллагаанаас болоод 2 жил хөдөлгөөнгүй байгаа байдал нь манай компаний үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн өрөнд хураагдах магадлалтай. Б.Ү- болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч нар манай компанид нэг өдөр нэг цаг ажиллаж хөдөлмөрлөж хувь нэмрээ оруулаагүй байж өгье гэсэн хөрөнгийг авахгүй улам илүү шунаж, хүний зовлонгоор ашиг хонжоо олох гэсэн зорилготой байгаа нь шударга бус үйлдэл юм гэжээ.

 

Хариуцагч С.Алын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч Г.Э-ын тайлбарыг дэмжиж байна. Бид С.Агийн хувьд хууль ёсны өвлөгчөөр тогтоох, өөрт ногдох хөрөнгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Б.Ү-г хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй тул түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.А шүүх хуралдааанд гаргасан хариу тайлбартаа: Ихэр дүү бид хоёр аав ээжтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч байсан. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр аав нас барсан. Гэтэл энэхүү зовлон дуусаагүй байхад Б.Ү- гэх эмэгтэй аавын минь нэрийг барин худал хуурмаг зүйлийг түгээж эхийг минь сэтгэлийг шаналгаж байна. Ихэр бид хоёр энэ явдлын талаар хожим мэдсэн бөгөөд аавыгаа алдсан шарх эдгэрээгүй байхад дахин сэдэрсэн. Эцгийн минь нэрийг барьж манай гэр бүл рүү бидний сэтгэлд хүйтэн хөндийг үүсгэж заль мэхээр халдаж байгаа нь дүү бид хоёрт сэтгэлийн шанал авчирсан. Миний бие тэр тэд хөрөнгө өвлөх ёстой гэх шүүхээр яваад байгаа асуудлын сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ өнөөдрийн байгаа манай гэр бүлийн эд хөрөнгө болон манай гэр бүлийн СЭБОЦЭ ХХК нь манай гэр бүлийн хөрөнгө гэдгийг маш сайн мэднэ. Энэ бүх хөрөнгийг ихэр бид хоёрын нүдэн дээр эцэг, эх хоёр бий болгосон юм. Сүүлийн хэдэн жил ихэр бид хоёр компанийн ажилд багагүй хэмжээгээр тусалж хувь нэмэр оруулж байсан. Манай гэр бүлийн хөрөнгийг хэн нэгэн нь шүүхээр булаан авна гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Б.Ү-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 17-ны төрсөн охин С.А, түүний эх Б.Ү- нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.Ү-гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчГ.Э, С.Ал, САзжаргал нараас өвлөгдөх хөрөнгөнөөс ногдох 57 183 330 төгрөгийг гаргуулж охин С.А-д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 1 145 398 710 төгрөгийг болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжид байрлах зуслангийн ногдох хэсгийг гаргуулах болон газар эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.3, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчГ.Э нарт холбогдуулан гаргасан СЭБОЦЭ ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК тус бүрийн 40 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэх Б.Ү-гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э нарын зөвшөөрлийг үндэслэн нэр бүхий хариуцагч нараас СЭБОЦЭ ХХК-ийн хувьцаанаас 79 250 748 ширхэг хувьцаа буюу 79 250 748 төгрөгийг гаргуулж охин С.А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 840 121 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03544 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ү- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх С.А-г хууль ёсны өвлөгч болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хөрөнгүүдийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа мөн үндэслэх хэсэгт дахин ... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрсөн хүүхэд нь хууль ёсны өвлөгч байх тул түүнийг шүүхийн шийдвэрээр дахин өвлөгчөөр тогтоох шаардлагагүй тул охин С.Аг болон Б.Ү-г хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов гэж дүгнэж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 17-ны төрсөн охин С.А, түүний эх Б.Ү- нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.Ү-гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. А.Сосорсүрэн нь охин С.Аг төрөхөд нь хамт байсан мөн төрсний гэрчилгээг нь өөрөө авсан. Гэтэл охин С.Аг өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Хариуцагч нар С.Аг хууль ёсны өвлөгч гэж үзээгүй учир өвлөгдөх хөрөнгөөс оногдох хэсгийг өвлүүлээгүй бөгөөд хууль ёсны өвлөгч мөн гэдэгт маргаан үүсч шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай баримт байсаар байтал хууль ёсны өвлөгчөөр тогтоогоогүй нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт С.Аг хууль ёсны өвлөгчөөр тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүх мөн ... талийгаач А.Сосорсүрэн,Г.Э нар 1989 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсон байх бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар маргаж буй дээрх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1-126.2.3-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж дүгнээд ... Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, талийгаач А.Сосорсүрэнд ногдох хэсгийг нэр бүхий 4 өвлөгчид хувааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэн шийдвэрлэсэн. Энэхүү дүгнэлт дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гараагүй байхад нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагад дурьдсан 8 хөрөнгө болон бусад хөрөнгийг шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн эсэх дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 8 хөрөнгийн 7 нь зөвхөн талийгаач А.Сосорсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байсан. ХариуцагчГ.Э, С.Ал, С.А нар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 325 дугаартай нотариатч Б.Батсүрэнд хандан талийгаач А.Сосорсүрэнгийн хөрөнгө болох Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204012987 дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Шар хад 43 гудамжны 6656 тоот хувийн сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр, газар эзэмших эрхийн Г-2204002047 дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Шар хад 43 дугаар гудамжны 6656 тоот газрын өмчлөх эрхийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, Ү-2201009548 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 15 тоот зоорийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр, Ү-2201028861 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 5 тоот зоорийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, Ү-2206011323 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр 44 байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, Г-2203000819 дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамжны 262 тоот газар болон Ү-2203000819 дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүтээр гудамжны 262 тоот хувийн сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр өөрсдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж өвлөн авсан. Мөн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах газар эрхийн улсын бүртгэлийн Г-2202006168 дугаар газар, Lexus LX570 маркийн 7171 УНӨ улсын дугаар, ДТ1НҮ00Ш594027116 арлын дугаартай автомашиныг өвлөн авч өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн. Ийнхүү дээрх хөрөнгүүдийг 100 хувь өвлөгдөх хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан байх ба өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан өвлөгч юм. Хэрэв гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулий 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлагатай байсан. Гэтэл ийм шаардлага гаргаагүй, тийм ажиллагаа хийгдээгүй учир зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэж өвлөх хөрөнгийг тодорхойлж хууль ёсны өвлөгч тус бүрт оногдох хэсгийг хуваарилан шийдвэрлэх ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож хууль ёсны өвлөгчид ногдох хэсгийн үнэ 751 613 775 төгрөгийг хариуцагчГ.Э, С.Ал, С.А нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү.

С.Аг талийгаач А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжид байрлах зуслангийн газраас ногдох хэсгийг өвлөх тухайд. Уг газар А.Сосорсүрэнгийн эзэмших эрх одоо хүртэл бүртгэлттэй байгаа тул газар эзэмших эрх мөн өвлөгдөх ёстой. Шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй захирамж гаргасан атлаа ийнхүү шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад ийнхүү дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Иймд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжид байрлах зуслангийн ногдох хэсгийг гаргуулах болон газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү.

СЭБОЦЭ ХХК-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож ногдох хэсгийг гаргуулах тухайд, уг компани нэг хүн 100 хувийн хувьцаа эзэмшиж гүйцэтгэх захирал хийдэг. Талийгаач анх байгуулсан цагаас эхлэн үйл ажиллагаа өргөжүүлж ирсэн. ХариуцагчГ.Э нь 89 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр СЭБОЦЭ ХХК-ийг өөрийн нэр дээр 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль ёсны өвлөгч С.А, С.Ал, С.А нарыг бүртгүүлээгүй. Компанийн бүх хувьцаа өвлөгдөх хөрөнгөд хамаарах тул хурлаар хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Харин хууль ёсны өвлөгчид харилцан тохиролцож хувьцаа хуваах эсвэл шүүхийн журмаар шийдвэрлүүлэх ёстой. Хууль ёсны өвлөгч 4 хүн байна. Тиймээс 1 хүнд ногдох хэсэгт нь 25 хувь байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хувьцаа шаардсан байхад мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй. Иймд С.Аг СЭБОЦЭ ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

С.Аг талийгаач А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгө Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс тус компаниудын баримтыг холбогдох газраас гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Уг компаниудын хувьцаа мөн өвлөгдөх ёстой. С.А 25 хувийг эзэмших эрхтэй.

Анхан шатны шүүх С.Аг гэр бүлийн гишүүнд хамаарахгүй, тэрээр нас барагчийн нэрийг авсан түүний төрсөн хүүхэд болно гэж дүгнэсэн. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж заасны дагуу А.Сосорсүрэнгийн төрсөн охин С.А нь үрчилсэн хүүхэд С.А, С.Ал нарын адил эрх эдэлж үүрэг хүлээх тул төрсөн эцгийнхээ хөрөнгөөс адил хэмжээгээр хүртэх эрхтэй. Тиймээс анхан шатны шүүхийн гэр бүлийн гишүүн биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч С.А, Б.Ү- нараас, хариуцагчГ.Э, С.Ал, С.А нарт холбогдуулан А.Сосорсүрэнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн хөрөнгөөс ногдох 1 202 582 040 төгрөгийгГ.Э. С.А, С.Ал нараас гаргуулах, А.Сосорсүрэнгийн газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах, ЭБОЦЭ" ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК тус бүрийн хувьцааны 40 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт тус тус бүртгүүлэхийг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчийн хүсэлт хангагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгч С.Агийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү- нь талийгаач А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжид байрлах зуслангийн газрын эзэмшигчийн лавлагааг Сүхбаатар дүүргийн газрын албанаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 8 дугаар сарын 23-ны 9764 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзжээ. /1-хх 174-х/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хэргийн оролцогчийн хүсэлт хангагдаагүй байгаа тохиолдолд шүүх уг газрыг талийгаач А.Сосорсүрэнгийн өвлөгдөх хөрөнгө мөн эсэх талаар дүгнэх боломжгүй юм.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан "СЭБОЦЭ" ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК-ийн хувьцааны 40 хувийн өвлөгч болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгүүлэх тухай шаардлага гаргасан байхад, шүүх СЭБОЦЭ ХХК-ийн хувьцаанаас 79 250 748 ширхэг хувьцаа буюу 79 250 748 төгрөгийг гаргуулж охин С.Ад олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. /3-хх-174х/ Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлно гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй, анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2020/00133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2712 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА