Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                   М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                   *******

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2421000320064 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчин ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын ******* тоотод оршин суух хохирогч *******тэй хамтран амьдарч байх үедээ түүний эзэмшлийн байшингаас барилгын шат, цахилгаан дрилл, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн амортизатор 2 ширхэг, машины 2 ширхэг дугуй, 6 ширхэг усны сав зэрэг эд хөрөнгийг хохирогчид мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн

Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын ******* тоотод оршин суух хохирогч *******гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч *******аас 843,500 /найман зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “Би *******аас хохирлын мөнгө 843 500 төгрөгийг нэхэмжлэхгүй. *******ын хувьд ганц буруу зуршил нь архи уух, тэрнээс яахаа алдсан муу хүн биш ажил төрөлд сайн. Эелдэг дөлгөөн зантай, хайр халамжаар дутахгүй сайн хүн. Архи уугаад юм зараад байхаар нь би гомдсондоо цагдаад өгсөн. Өөрийг нь цагдаагаас айж архи уухаа болих байх гэж бодож байсан. Эцсийн шатанд шүүхээр орж 2 жилийн хорих ял авна гэж бодсонгүй. Анхан шатны шүүх хуралд орохдоо би айж сандарсандаа юу ярихаа мэдэхгүй байсан. Ялыг сонсохдоо миний хувьд харамссан. 2 жилийн хорих ял өндөр байна. Ялыг буцааж өгнө үү. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож хохирогч *******гийн эд зүйлийг хэлэлгүй авч бусдад өгсөн, зарсан, хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж, гэмшиж байгаагаа, мөн хохирогчид учирсан хохирол болох 843 500 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байсан. Харин хохирогч ******* хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь бусдын байнга амьдардаг орон байранд хаалга цоожийг нь эвдэн орж хоёр удаагийн үйлдлээр эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бүрэн нотлогддог. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна. Тиймээс хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын ******* тоотод оршин суух хохирогч *******тэй хамтран амьдарч байх үедээ түүний эзэмшлийн байшингаас барилгын шат, цахилгаан дрилл, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн амортизатор 2 ширхэг, машины 2 ширхэг дугуй, 6 ширхэг усны сав зэрэг эд хөрөнгийг хохирогчид мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын ******* тоотод оршин суух хохирогч *******гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх 50-52/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх 12-13, 15/, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ******* /хх 19-20/, /23-24/ нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн РЦ-24-07 дугаартай дүгнэлт /хх 34-37/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-31/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Шүүгдэгч *******ын хохирогч *******гийн гэрт нэвтэрч  барилгын шат, цахилгаан дрилл, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн амортизатор 2 ширхэг, машины 2 ширхэг дугуй, 6 ширхэг усны сав, монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч *******аас 843,500 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэх,  хохирогч *******гээс “*******ыг 2 жилийн хорих ял авна гэж бодоогүй, 2 жилийн хорих ял их байна, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”  гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ. 

Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч түүнээс хохирол нэхэмжлэхгүй гэх тайлбарыг гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэв.

8. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор болон хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 71 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 71 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ЭРДЭНЭЗУУ

              ШҮҮГЧИД                                                        С.ГАНЧИМЭГ                                                                                                                      Г.УРТНАСАН