Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 251

 

П.М, Б.Б нарын

нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг

дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Д.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Ч-д холбогдох хэсэг болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Ч-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ 62 дугаар захирамжид үндэслэн Н.Ц-д олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 010404417 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах, П.М, Б.Б нарын гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0213 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Ц.Д, гуравдагч этгээд А.Ч, гуравдагч этгээд М.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулж,      

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйл 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.1, 20.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг, 2006 оны 354 дүгээр захирамжийн А.Ч-д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн А.Ч-д холбогдох хэсэг, 2003 оны 62 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг, уг захирамжид үндэслэн Н.Цогмаад олгосон 2004 оны 010404417 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээ актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг, 2006 оны 354 дүгээр захирамжийн А.Ч-д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн А.Ч-д холбогдох хэсэг, 2003 оны 62 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг, уг захирамжид үндэслэн Н.Ц-д олгосон 2004 оны 010404417 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болсонд тооцохоор дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0213 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.М, Б.Б нарын Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Ц-д, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Ч-д, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Ч-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, энэхүү захирамжийг үндэслэн Н.Ц-д олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 010404417 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах, П.М, Б.Б нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд А.Ч, гуравдагч этгээд М.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Н.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

                 Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Бэлхийн 32-1-60А тоот хаяг бүхий газар оршин суугч нэхэмжлэгч Б.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Бэлхийн 32-1-60А тоот хаяг бүхий газар оршин суугч нэхэмжлэгч П.М бид одоо амьдарч байгаа энэ газраа 2004 онд эзэмших, өмчлөхөөр хүсэлт өргөдлөө гаргаж 16 дугаар хорооны засаг даргад газраа үзүүлж хандаснаар газар олгохыг зөвшөөрч, уламжилсан цохолттой өргөдөл тодорхойлолт тойм зураг /гар зураг/ нотариатаар баталуулсан иргэний үнэмлэхний хуулбар зэрэг материалуудаа Газрын албанд өгч байсан. Газрын албанаас 2005 онд манай зургийг гаргаж өгч газар дээр очиж үзээд 0.7, 0.7-гоор хувааж 2 өрхөөрөө зураг хийлгэж ир гэсний дагуу зургаа хийлгэн материалаа газрын албанд дахин өгч байсан. Тэр үед зургийн буюу ямар нэгэн давхцал байгаагүй. Үүнийг 1992-2007 он хүртэл 15 жил Засаг даргаар ажиллаж байсан Г.Х даргын тодорхойлолт, гэрчийн мэдүүлгээр нотолсон.

4. 2001 онд Бэлх, Сэлх явдаг зам дагуу Дендэрлогийн хашааны хойд араар гудамж үүсгэн Ойчдын гудамж гэсэн хаягийг айлуудад өгч эхэлсэн. Дендэрлогийн хашааны урд талын гудамжуудыг нийтээр нь Сэлхийн 33-н задгай гэсэн хаягаар гар зураг хийж, суурьшсан иргэн айлуудад газар олгосон. 2006 оны 4-н сард 16-р хороо 2 хуваагдах болж бэлтгэл ажил хийгдэж байхад Ойчдын гудамжнаас цаадах 8-н гудамжны айлуудыг (35-42) 18-р хороонд шилжүүлэх болж, Дендэрлогийн хашааны урд талын гудамж ба Бэлхийн 33-н задгайн айлуудын \уул өөд харсан нүүрний\ гудамжийг Бэлхийн 32-н 1-р гудамж болгож, урд, арын болон эсрэг гудамжийг бэлхийн 33-н 1-р гудамж болгож, Тоосгоны үйлдвэр хүртэлх айлуудыг Тоосгоны гудамж болгон өөрчилж хаягжуулах ажил хийгдэж эхэлсэн.

5. Шүүхээс газрын албаны архивт үзлэг хийхэд манай хүсэлт өргөдөл материалыг бүртгэсэн бүртгэл гарч ирсэнгүй. Материал хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж байсан учир архивт байх ёстой ба сүүлд өгсөн хүсэлт, өргөдөлүүд ч гарч ирээгүй.  Нэхэмжлэгч бидний газар өмчлөх хүсэлтийг Хорооны Засаг дарга дүүргийн газрын албанд газар олгохыг зөвшөөрч уламжилсан тодорхойлолт, хүсэлт, өргөдөл, гар зургийг авсан атлаа шийдвэрлэхгүй, хүлээлт үүсгэн элдэв шалтаг шалтгаанаар олон жил болсон ба газар олгоно гэсэн учир суурьшин амьдарч 2010-2014 онд байшин барьсан, бидэнд энэ газраас өөр өмч байхгүй. Иймд гуравдагч этгээдүүдийн нотлох бичиг баримт нь хууль зөрчсөн алдаатай, засвартай зөрүүтэй, урд хойноо орсон он сар өдөртэй, гарын үсэггүй, баталгаажаагүй, гарын үсэг нь өөр (албан бус) дугааргүй бланк тамга, тэмдэг нь өөр өөр албажаагүй бичиг баримтад нотариат, хүулбар үнэн хийлгэх зэрэг үнэмшилгүй байхад шүүх зөвтгөн нэг талд үйлчилж байна.

6. Гуравдагч этгээдүүд нь 16-р хороонд хүсэлт өргөдөл гаргаж байгаагүй, кадастрын зураг хийлгээгүй, тухайн газар болон хороонд амьдарч байгаагүй нь тогтоогдсон ба эзэмшсэн, өмчилсөн гэх газрын хорооны дугаар, газрын байршил, нэгж талбарын дугаарууд, эзэмших талбайн хэмжээ, гудамжны нэршил, хашааны хаяг, дугаар зэргийг олон удаа өөрчлөгдсөнд тодорхойлолт захирамж шийдвэр байхгүй байгаагаар тогтоогдсон.

7. Шүүхээс 3 удаа үзлэг, шалгалт хийх явцад гуравдагч этгээдүүдийн дурдсан болон дүүргийн засаг дарга, Нийслэлийн Засаг даргын захирамж хавсралтанд дурдсан хаяг бүхий газар нь нэхэмжлэгч Б.Б, П.М бидний амьдарч буй хаяг бүхий газарт ямар ч хамааралгүй болох нь 16-р хорооны тодорхойлолтууд, байршлын зураг, шүүхээс авсан лавлагаа, нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн үзлэгээр тогтоогдож нотлогдсон. 15-р хороонд манай газар нь эхлээд Ойчдын 12-1-37 дараа нь Бэлхийн 32-1-ийн задгай нэртэй байснаа 37 болж 2007 онд 16-р хороонд харьяалагдах болж Бэлхийн 32-1-59 гэж өөрчлөгдсөн. 16-р хороо болон, газрын байршил нь өөрчлөгдөөгүйг шүүхээс тогтоож нотолсон.

8. А.Ч-д нийслэлийн Засаг даргын 354-р захирамжаар газар өмчлөх шийдвэр олгосон нь гарын үсэг зурагдаагүй байсныг 2015 онд Прокурорт гарын үсэгтэй болгож хэрэгт өгсөн байдаг. А.Ч нь үндэслэлгүйгээр бүрдүүлж өгсөн бичиг баримт, Хороо газраа зааж чадахгүй байгаагаар нотлогдоно.

9. М.О 2010 онд газар өмчлөх эрхтэй болсон мэт гэрчилгээнд бичсэн атлаа Нийслэлийн газрын албаны 2012 оны бичигт М.О нь тухайн газрыг өмчилж аваагүй гэсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 8-р сарын албан бичигт Бэлхийн 32-1-59 тоот хаягаар эд хөрөнгө бүртгэгдээгүй, байхгүй байна гэж бичигдэж ирсэн нь гуравдагч этгээдийн газар өмчлөх гэрчилгээ нь нотлогдоогүй. 2013 оны Геодези зураг зүйн газрын албан бичигт (хайлт хийж шүүлгэхэд) ямар нэгэн хүний нэр байхгүй, нэгж талбарын дугаар байна гэсэн бичгийг ирүүлсэн. Гуравдагч этгээдүүдийн газар өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн хаяг бүхий газар нь өөр иргэдийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон.

10. 2003 оны 4-р сарын 25-ны дүүргийн Засаг даргын 62-р захирамжинд олон жил суурьшсан, тухайн газар дээрээ амьдарч буй эзэн, иргэдийг нэг удаа үнэгүй өмчлүүлэх, гэрчилгээжүүлэх, баталгаажуулах, бэлтгэл ажлыг зохион байгуулах бүхий захирамж гарсан учир гуравдагч этгээд үүнд хамаарах үндэслэлгүй.  2004 оны 06 дугаар сарын 18 шийдвэр гэх цагаан гэрчилгээ Н.Ц-д олгогдох боломжгүй.  2012 оны 09 дүгээр сарын 29-нд 010404417 гэсэн тоог бичиж ирүүлсэн байдаг. Дугаар бичсэн гэрчилгээ гэх бичигт нөхөн олгов гэсэн дардас дарснаар хэрэгт өгсөн. 2017 онд Магадлал, тогтоолоор Н.Ц нь гэрчилгээг нөхөн авахдаа ямар бичиг баримт бүрдүүлсэнийг тодруулж тогтоохыг заасан боловч нотлоогүй.

11. Мэдээллийн сангийн зурагт 2004 оны 04 дүгээр сарын 22-нд, 2005 оны 05 дугаар сарын 09 буюу 17 хоногт нэгж талбарын дугаарууд нь 18645318762294, 18645318744289, өөрчлөгдсөн нь 2012 оны 09 дүгээр сарын 11-нд 18645318560230 2019 оны 09 дүгээр сарын 11-нд 18645318762294 болж өөрчлөгдөөд байгаа нь Газрын тухай хуульд гэрчилгээний салшгүй хэсэг байх бөгөөд дахин давтагдашгүй нэг удаа олгогддог гэсэнтэй нийцэхгүй.

12. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газарт анх газар эзэмших хүсэлт гаргасныг тогтоох боломжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй, Газрын албаны архивын баримтууд устгагдсан, гуравдагч этгээд нарын гаргасан газар хүссэн өргөдөл гэх баримт нь засвартай, хэдэн онд гаргасан нь тодорхойгүй, засвартай, гуравдагч этгээд А.Ч, Н.Ц нар нь Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ажилчдын хашаанд газар авсан гэж тайлбарладаг бөгөөд уг газар нь маргаан бүхий газраас өөр газар болох нь хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчны сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй юм.

14. Газрын тухай хуулиар иргэн газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, газар эзэмшүүлэх захирамж гаргах, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох зэрэг асуудал нь хуулиар зохицуулагдсан тус тусдаа харилцаа юм. Анх газар эзэмших хүсэлт гаргаагүй нөхцөлд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, газар эзэмшүүлэх захирамж гаргах, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох зэрэг асуудал байхгүй бөгөөд газар эзэмших эрх үүсэх анхдагч нөхцөл нь иргэний гаргасан хүсэлт ба хүсэлт гаргаагүй байхад иргэн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай ойлголт байхгүй юм.

15. Эндээс харахад гуравдагч этгээд Н.Ц огт газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй, А.Ч-ийн анх газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн огноо засвартай өөрөөр хэлбэл 2008 оны хүсэлтийг 2003 он болгож зассан байх магадлалтай энэ талаар шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр тогтоогддог байхад давж заалдах шатны шүүх энэ талаар ялгаатай дүгнэлт хийлгүйгээр адилтган дүгнэх замаар Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

16. Дээрхээс дүгнэж үзвэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь анх газар эзэмших хүсэлт гаргасныг тогтоох боломжгүй, энэхүү нөхцөл байдал шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн гэсэн дүгнэлттэй санал нийлэх боломжгүй юм.

17. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудад бүрэн хэмжээгээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй, өрөөсгөл хандаж хууль зөрчиж гаргасан захиргааны акт түүнд үндэслэн олгогдсон Н.Ц, А.Ч, М.О нарын газар эзэмших болон өмчлөх гэрчилгээ, нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөр өөр кадастрын зураг, нэхэмжлэгч нарын оршин суугаа газраас огт өөр байршил болон хаяг бүхий газраас албадан нүүлгэх Иргэний хэргийн шүүхийн шийдвэр зэргийг дурдаж тусгайлан шалгаж тогтоогоогүй. Нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийн хамт газрын албанд өгсөн кадастрын зургийн булангийн цэг нь гуравдагч этгээдүүдийн гэх кадастрын зургийн булангийн цэгүүдээс өөр байхад давхцалтай хэмээн дүгнэж, үндэслэл нь нотлогдоогүй тайлбар болон гомдолд хөтлөгдөн тэдний гомдлыг хангаж шийдвэрлэсэн явдал хэт нэг талыг баримталсан төдийгүй шударга ёс бодит байдалд нийцээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “...иргэд хууль түүний өмнө тэгш эрхтэй байх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хуульд үндэслэх” зарчмуудыг зөрчсөн болно.

19. Магадлалын Хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж, эзэмшсэн болох”-ыг хариуцагчаар бус хэрэгт авагдсан баримтанд үндэслэн шүүхээс тогтоох боломжтой хэмээн дүгнэж дараах баримтуудыг дурдсан нь учир дутагдалтай, тэгш бус хандсаныг харуулж байна. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн, зөрүүтэй эргэлзээ бүхий тэдгээр баримтуудад үндэслэн тухайн газарт хэн хүсэлт гарган эззэмшсэн болохыг шүүх тогтоох боломжгүй.

20. Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдүүдийн хэн алиний нь газар эзэмших хүсэлт бүртгэгдээгүй болохыг анхан шатны шүүх үзлэгээр тогтоосон байхад шүүх хэргийн оролцогч нарт тэгш бус хандаж гуравдагч этгээдүүдийн газар хүссэн албан ёсны өргөдөл хүсэлтэд үндэслээгүй газар эзэмших, өмчлөх захирамж, гэрчилгээ зэргийг дурдаж нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байна. /Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1,32,2.2,32.4/

21. Н.Ц, А.Ч нарт 400 м.кв газар эзэмшүүлсэн захирамжаас өөр ямар нэг эрхийн акт гараагүй байхад газрын хэмжээг 898.30 м.кв, 700 м.кв болгон өөрчилсөн үйлдлийг газрууд нь хэмжээний хувьд зөрүүтэй ч байршлын хувьд нэхэмжлэгч нарын газартай давхцсан гэх дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн ажиллагааг зөвшөөрч гуравдагч этгээдүүдэд давуу байдал бий болгож буйг харуулна. Хэрэг шалгах явцад цугларсан бусад баримтаар нэхэмжлэгч нарын оршин суугаа газар нь гуравдагч этгээдүүдийн газар эзэмших өмчлөх захирамж болон эзэмших өмчлөх гэрчилгээ, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дурдсан албадан чөлөөлөх хаяг бүхий газар зэрэгтэй байршлын хувьд хамааралгүй болох нь тогтоогдсон тул газрын солбилцолыг шалгах шаардлагагүй, энэ талаар баримт байхгүй байхад давж  заалдах шатны шүүх эргэлзээ бүхий кадастрын зураг, түүнд үндэслэсэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын баримтыг дурдаж давхцалтай хэмээн дүгнэх боломжгүй.

22. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших, өмчлөх захирамжуудад болон эзэмших өмчлөх гэрчилгээнд талбайн хэмжээ зөрүүтэй /Ч898.30, 700, 669.83 м.кв, Ц-898.30, 700 м.кв/, нэгж талбарын дугаар өөр өөр, Ч-18645318746281, 18645318744286, 18645318744285, Ц-18645318764289, 1864531876294 /нэг орон дутуу/, газрын байршил, хаяг зөрүүтэй Ч, О-Ойн задгай, 12-1-37, Ойчдын задгай 37, Бэлхийн 32-1 дүгээр гудамж 37 тоот, Бэлхийн 32/1 дүгээр гудамж 59 тоот, Цогмаа-Бэлхийн 32-1-28, 32-1-38, овог нэр зөрүүтэй /171 дүгээр захирамжийн хавсралтад А.Ч-д газар эзэмшүүлэхээр, 186 дугаар захирамжийн хавсралтад Гуулин Болор- Эрдэнэд газар өмчлүүлэхээр зааж өмчлөх эрхийн гэрчилгээнд А гэж бичигдсэн зэрэг илэрхий эргэлзээ бүхий болох нь эдгээр баримтаар тогтоогдсон ба энэ нь нэхэмжлэгч нарын оршин суугаа хаяг бүхий газраас зөвхөн хаяг төдийгүй байршил өөр болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх маргаан бүхий газрын хаягийн өөрчлөлтүүд маргаанд төдийлөн ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь дэндүү өрөөсгөл хандсаныг харуулна.

23. Н.Ц-ийн эзэмшиж улмаар өмчилсөн гэх газрын нэгж талбарын дугаар өөр өөр, өөрөөр хэлбэл Магадлалд дурдсан 2005 оны 04 дүгээр сарын 22 болон 2006 оны 06 дугаар сарын 22-ны огноотой кадастрын зурагт газрын нэгж талбарын дугаар 18645318744289 гэж, 2005 оны 05 дугаар сарын 09 болон 2012 оны 09 дүгээр сарын 11-ний огноотой кадастрын зурагт нэгж талбарын дугаар18645318762294 гэж тэмдэглэгдсэн, А.Ч-ийн эзэмшиж өмчилсөн гэх Магадлалд дурдсан 2004 оны 12 дугаар сарын 07-ны огноотой кадастрын зурагт газрын нэгж талбарын дугаар 18645318746281 гэж, 2006 оны 06 дугаар сарын 19-ний огноотой кадастрын зурагт газрын нэгж талбарын дугаар 1864531874286 гэж тус тус өөр өөр үнэн зөв нь эргэлзээ бүхий баримтыг дурдан гуравдагч этгээдүүд тухайн газрыг эзэмшсэн болохыг тогтоож болно хэмээн дүгнэх нь хууль зөрчсөн баримтыг үндэс болгосон гэж үзэхээр байна. /Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, Газрын тухай хуулийн 34.5/

24. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий газар дээр суурьшил үүссэн асуудалд хэт өрөөсгөл хандан хэргийн материалд буй гэрч Д, Х, Г нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд зэрэг нотлох баримтанд үнэлэлт, дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч нар газар чөлөөлөхийг үүрэг болгосон байхад Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа 2014 оноос байшин барьсан байдлаас үзэхэд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэх дүгнэлт хийсэн.

25. Нэхэмжлэгч нар тухайн газар дээр хэн нэгний суурьшил буй болоогүй, намаг шавартай газрыг тухайн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан Х-г дагуулан очиж үзээд эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд уламжлуулж байсан тодорхойлолт байдаг ба энэ талаар гэрч Х мэдүүлж давхар нотолдог. Мөн уг газар дээр нэхэмжлэгч нарын хашааг барилцаж байсан болон гэр барьж хашаа газрыг харж байсан, тог цахилгаан өгч тусалсан зэрэг хөрш зэргэлдээ байсан хүмүүсийн мэдүүлэг, 2010 оноос нэхэмжлэгч нар өөрсдөө гэр барьж амьдарсныг нотлох хог тээвэрлэлтийн гэрээний дэвтэр, өрхийн бүртгэлийн дэвтэр, иргэний бүртгэлийн лавлагаа, хүн ам орон сууцны улсын тооллогын баримт, хорооны засаг даргын 2004 оноос хойшхи удаа дараагийн тодорхойлолтууд зэрэг баримт байхад нэхэмжлэгч нар 2014 оноос суурьшил үүсгэсэн гэж дүгнэх боломжгүйг анхаарах хэрэгтэй.

26. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших, өмчлөхтэй холбоотой баримтууд ийнхүү албан ёсны бус, засвартай, зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй, үнэмшилгүй түүнийг засаж залруулах талаар ямар нэг санал санаачлага гаргаагүй атлаа төрийн байгууллага түүний ажилтнуудын алдаа мэтээр тайлбарлаж буй байдал, тэдний тайлбар, гомдол нь баримтаар нотлогдоогүй байдал зэрэгт шударга ёсны үүднээс, хууль зүйн талаас нь үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийж асуудалд бодитой хандан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

27. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

28. Нэхэмжлэгчээс “2004 оноос эхлэн маргаан бүхий газарт амьдарсан, удаа дараа газар эзэмших хүсэлт гаргасан боловч шийдээгүй атлаа гуравдагч этгээдэд олгосон нь хууль бус, гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газрын байршил өөр” гэж, хариуцагчаас[1] “2008 оноос хойш одоог хүртэл нэгж талбарыг өөрчлөх тохиолдол бүрт Засаг даргын шийдвэр гарч байгаа, 2008 оноос өмнө бол газар зохион байгуулалтын хүрээнд байршил өөрчлөх, талбайн хэмжээ өөрчлөгдөхөд захирамжаас өмнө цохолтоор кадастрын зургийн өөрчлөлтийг хийгээд явдаг байсан, гуравдагч этгээдэд өөр нэгж талбар үүсээгүй, хорооны Засаг даргаас будлиантуулсан” гэж, гуравдагч этгээдээс “1999 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байна” гэж тус тус маргасан байна.

29. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч нь газар эзэмших захирамжгүй атлаа маргаан бүхий газарт амьдарч байсан, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг газарт өөр этгээдэд эзэмшил үүссэн болохыг мэдсэн атлаа тухайн үедээ уг асуудлаар маргаагүй, газрыг чөлөөлөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болжээ.

30. Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий газрыг эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, захиргааны байгууллагаас “газар олгоно” гэж хүлээлт үүсгэсэн үйл баримт тогтоогдоогүй, ямар нэгэн нотлох баримт байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын өргөдөл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, 2004 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан атлаа эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлсэн захирамж гараагүй байхад 2015 он хүртэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшиж, хуулийн дагуу захирамж гаргуулах эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн “Газрын алба хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, татгалзсан хариуг өгсөн бол 15-16 жил ингэж хохирч явахгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль мэдэхгүй байдал нь түүний нэхэмжлэлийг хангах нөхцөл биш юм.

31. Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг  тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамж гараагүй тул маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэхгүй.

32. Нэхэмжлэгч нарын хувьд зөвхөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 39  дүгээр тодорхойлолтоор “П.М, Б.Б нарт 2 айлын газар олгохыг зөвшөөрөв” гэсэн, 2005 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтэд “...Бэлхийн задгайд П.М нь өөрийн газар хашаатай нь үнэн болно” гэсэн, 2006 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн мөн хорооны Засаг даргаас П.М, Б.Б нарт газрын гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд уламжилсан нотлох баримттай, тодруулбал, хорооны Засаг даргаас ийнхүү тодорхойлсон байдал нь нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг үүсгэхгүй юм.

33. Харин гуравдагч этгээд нарт дээрх цаг хугацаанаас өмнө буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар Н.Ц-д газар эзэмших эрх үүссэн, 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар А.Ч-д газар эзэмших эрх үүссэн байх тул шүүхээс гуравдагч нарын түрүүлж үүссэн эрх хамгаалагдана гэж үзэв.

34. Нэхэмжлэгч нар нь ийнхүү маргаан бүхий газарт бусдын эзэмшил үүссэн байгааг 2011 онд мэдсэн болох нь нэхэмжлэгчийн “...2011 онд Н.Ц гэдэг хүн газар чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэний шүүхэд өгөх үед миний өргөдөл өгсөн газрын зургийг ашиглан хууль бусаар газрын гэрчилгээ гаргуулсан болохыг мэдээд...”[2] гэх тайлбараар тогтоогдсон байна.

35. Н.Ц-ийн нэхэмжлэлтэй, П.М-д холбогдох “газар албадан чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэлэлцээд 1365 дугаар шийдвэрээр[3] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Ц-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн “Бэлхийн 32-1-38” тоотод байрлах 700 м.кв газраас П.М-ийн эд хөрөнгийг албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.

36. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий газарт “гуравдагч этгээд огт амьдарч байгаагүй” гэж маргаж байгаа боловч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон буюу нэр бүхий гуравдагч этгээд нар нь газар эзэмших хүсэл сонирхлоо илэрхийлж газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хандаж, нэхэмжлэгчийг газраас албадан нүүлгэсэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй, 2011 онд газар албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан цагаас эхлэн гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хуулийн дагуу хамгаалагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь газрын асуудал ийнхүү маргаантай байгааг мэдсээр атал 2014 онд маргаан бүхий газар байшин барьсан байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт нийцэхгүй байна.

37. Түүнчлэн М.О-ын нэхэмжлэлтэй, П.М-д холбогдох, газраас албадан нүүлгэх” тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6571 дүгээр[4] болон 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1087 дугаар шийдвэрүүдээр[5] тус тус Бэлхийн 32-1-59 тоотод байрлах 700 м.кв газраас П.М-г албадан нүүлгэж байжээ.

38. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 284 дүгээр тогтоол[6] болон Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2405а дугаар тогтоолоор Н.О, А.Ч нарт холбогдох, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор Н.Ц нарт холбогдох “...хашааг хууль бусаар авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тухай” эрүүгийн хэргийг “нотлох баримтаар тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдийн нотлох баримт нь хууль зөрчсөн, алдаатай, засвартай, зөрүүтэй байхад шүүх нэг талд үйлчилж байгаа” тухай гомдол няцаагдаж байна.

39. Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээдэд эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар олон жил амьдарсан иргэдэд газар эзэмшүүлсэн тул уг газар дээр амьдраагүй гуравдагч этгээдэд хамаарахгүй” гэж маргаж байгаа боловч 2003 оны 62 дугаар захирамжийн “Нэг”-д “иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгасан”, “Гурав”-т “газар эзэмшигч иргэдийг гэрчилгээжүүлж, баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж, танилцуулахыг ... үүрэг болгосон” байгаагаас үзэхэд тухайн үед захирамж гарахдаа газар эзэмших иргэдийн нэрийг тусгайлан заагаагүй, харин захиргааны байгууллагад тухайн асуудлыг судалж, газар эзэмших иргэдийн нэрийг тодорхой болгохыг даалгасан, гуравдагч этгээд Н.Ц-д олгосон 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших гэрчилгээгээр уг 2003 оны 62 дугаар захирамжийг үндэслэл болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Цаг хугацааны хувьд хорооны Засаг даргаас 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нарт 2 айлын газар олгохыг зөвшөөрч тодорхойлолт гаргахаас өмнө гуравдагч этгээдэд 2004 оны 6 дугаар сарын 18-нд газар эзэмших эрх үүссэн, хэдийгээр тухайн цаг хугацаанд гуравдагч этгээдээс маргаан бүхий газарт амьдраагүй буруутай байх боловч 2011 оны шүүхийн шийдвэрийн дагуу тухайн газрыг эзэмших эрх нь сэргэсэн байна.

40. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуй нэгж байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана” гэж заажээ. Нэхэмжлэгч Б.Б-ийн тухайд “2004 онд газар эзэмшихээр хүсэлт гаргасан” гэх боловч тэрээр 1990 онд төрсөн, 2004 онд 14 настай байсан тул түүнд газар эзэмших эрх хуулиар үүсэхгүй, иймд газар эзэмших тухай өргөдлийг “шийдвэрлээгүй” гэж захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.

41. Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газар нь өөр газар байрлаж байхад давж заалдах шатны шүүхээс давхцалтай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, газрын байршил, нэгж талбарын дугаар, хаяг зөрүүтэй” гэх гомдолд:

42. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1198 дугаар албан бичгээр[7] “нэгж талбарын 18645318744286 дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-59 тоот газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны архивт хаалганы дугаар 37 тоотоор бүртгэлтэй байсан бөгөөд 2006 оноос өмнө нэгж талбарын дугаар 18645318744285 байсан” гэж тодорхойлсон, энэ нь гуравдагч этгээд А.Ч-ийн анх хүсэлт гаргасан 32-1-37 тоот хаяг болон газар эзэмшүүлсэн захирамжийн хаягтай тохирсон[8], захиргааны байгууллагаас хашааны дугаарыг өөрчилсөн байдал нь тухайн газрыг “өөр газар” гэж үзэх үндэслэл болохгүй, давж заалдах шатны шүүхийн “хаягийн зөрүүтэй байдлаас үл хамааран гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газартай давхцаж байгаа” тухай дүгнэлт зөв болжээ.

43. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос “задгай-38, 32-1-59 тоот хаяг бүхий газрууд байдаггүй” гэж тодорхойлсон[9] нь дээрх нотлох баримтаас зөрүүтэй, захиргааны байгууллагын үйл ажиллагаа харилцан уялдаагүй, зохион байгуулалтгүй, нэхэмжлэгчээс “32-1-60, 32-1/60а тоот хаяг бүхий газарт хашаа хатган, эзэмших хүсэлт гаргасан” гэх боловч Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14/935 дугаар албан бичгээр[10] “32-1-60, 32-1/60а тоот хаягууд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй” зэргээр тодорхойгүй байгаа ч эдгээр үйл баримт нь нэгэнт газар эзэмшүүлэх захирамжаар үүссэн гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

44. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03/1673 дугаар албан бичиг[11], 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2/735 дугаар албан бичиг,[12] 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/1104 дүгээр албан бичиг[13] зэргийг болон маргаан бүхий газрын сансрын зургийг газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлтэй давхцуулахад 18645318744286 дугаар бүхий 700 мкв газар нь А.Ч, /дараа нь П.О-д шилжүүлсэн, одоо нэхэмжлэгч П.М-ийн маргаж буй газар/, гуравдагч этгээд Н.Ц-д 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрчилгээ болон Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар  “Бэлх 32-1-38” тоот хаягт газар олгосон байх тул “хаяг, байршил зөрүүтэй” тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

45. Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж, тухайн газрыг эзэмдэж сууж байсан болохыг шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй, шүүх нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар нотлох баримт цуглуулсан болохоо тоочиж бичсэн болохоос уг нотлох баримтыг үнэлээгүй, өөр нэмж цуглуулах баримт байхгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн нөхцөл байдал байхгүй байхад захиргааны байгууллагыг юу шалгах, ямар ажиллагаа хийхийг заахгүйгээр дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгасан нь буруу болжээ.

46. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0213 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] 2 дахь хавтаст хэргийн 153-154-р хуудас

[2] 1 дэх хавтаст хэрэг, 2-р хуудас

[3] 1 дэх хавтаст хэргийн 60-р хуудас 

[4] 1 дэх хавтаст хэргийн 73-р хуудас

[5] 1 дэх хавтаст хэргийн 215-р хуудас

[6] 1 дэх хавтаст хэргийн 203-р хуудас

[7] 1 дэх хавтаст хэргийн 220-р хуудас

[8] 1 дэх хавтаст хэргийн 69-р хуудас

[9] 1 дэх хавтаст хэргийн 247-р хуудас, 4 дэх хавтаст хэргийн 115-р хуудас

[10] 4 дэх хавтаст хэргийн 177-р хуудас

[11] 3 дахь хавтаст хэргийн 133-р хуудас

[12] 4 дэх хавтаст хэргийн 41-р хуудас

[13] 4 дэх хавтаст хэргийн 93-р хуудас