Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0050

 

2018 оны 01 сарын 17 өдөр     Дугаар 221/МА2018/0050             Улаанбаатар хот


“С Д М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч “С Д М М” ХХК-ийн захирал Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н, хариуцагч Ч.Б, Д.Э нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “С Д М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.4, 30.1.9, 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Д М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Э, Ч.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын давж заалдах гомдолдоо: “Манай хэлтэст бүртгэлтэй … регистрийн дугаартай “С Д М М” компанийн 2012-2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгийн дагуу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу шалгалт хийж шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий 447,741,445.4 төгрөгийн үнийн дүнтэй падаанаар тус албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн худалдан авалтад хасалт хийж улсад төлөх татвараа бууруулсан зөрчилд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр татварын улсын байцаагчийн 010000032 тоот дүгнэлт бичигдсэнийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хянаад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг үндэслэн нэр бүхий компаниудын хий бичилттэй нийт 447,741,445.4 төгрөгийн үнийн дүн бүхий падааныг ашиглан өөрийн төлөх татвараа бууруулсан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 33.2.2, 34, 74.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 тоот актаар 44,774,144.5 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.
“С Д М М” компани нь дээрх актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд аймгийн Татварын хэлтсийн Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан тогтоол гарсныг эс зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол ирүүлснийг тус шүүх хэлэлцээд татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгосон шийдвэр гаргажээ.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан байна. Тус шүүхийн 109/ШШ2017/0043 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт:
1. Татварын ерөнхий хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт татварын улсын байцаагч нь үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, татварын улсын байцаагчийн хууль зөрчсөн гэдгийг татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүй гүйцэтгэсэн, томилолт сунгаагүй байхад хяналт шалгалт хийсэн гэжээ. Татварын ерөнхий хуульд 231 дүгээр зүйлийн 231.1 гэсэн заалт байхгүй, Татварын улсын байцаагчийн гаргасан дүгнэлт, акт нь нэг томилолтын дугаартай ч тасгийн даргаас өгөгдсөн хяналт шалгалт хийх хугацаа нь өөр хоёр томилолт юм.
2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 482 тоот тогтоол “гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа тайлагнасан тул Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад хуулийн заалт буруу хэрэглэж хууль бус захиргааны акт гаргасан гэжээ. Энэ үндэслэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалтыг зөрчиж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа гаргасан тул” гэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн прокурорын шийдвэрийг үндэслэсэн байна.
3. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 заасны дагуу худалдан авалт болон зардлыг илүү тусгасан зөрчилд дээрх хууль хамаарахгүй мөн дээрх хуулийн заалтад сайн дурын үндсэн дээр гэж орсон нь нуун дарагдуулсан үйлдлийг татварын албаны хяналт шалгалтаар бус татвар төлөгч өөрөө ил болгон мэдүүлэх харилцаа нь тус хуульд хамааралтай бөгөөд дээрх зөрчил нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжихээс өмнө буюу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр татварын хяналт шалгалтаар тогтоогдож Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтаар их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын улсын байцаагчийн 010000032 тоот дүгнэлт гарсан. Уг дүгнэлт нь зөрчлийг илрүүлэхээр шалгалт хийгдэж байгаа бус их хэмжээний зөрчлийг илрүүлэн тогтоосон шийдвэр болно.
Иймд татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 тоот актыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зөв байна.
1. Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаар албан бичиг зэргээр Архангай аймагт бүртгэлтэй “С Д М М” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулахыг мэдэгдсэн байна.
Дээрх эрх бүхий байгууллагын албан бичгийн дагуу “С Д М М” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, “Т” ХХК, “С б э” ХХК, “И т” ХХК, “Г ү ө” ХХК гэх компаниудын хий бичилттэй падааныг ашиглан өөрийн төлөх татвараа бууруулан Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 447,741,445.4 төгрөгийн зөрчилд” эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтийг гаргаж, цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
Улмаар тасгийн татварын улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгажээ.
Харин “Архангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтээр “2012 онд “Т” ХХК, “С б э” ХХК, “И т” ХХК, “Г ү ө” ХХК гэх компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж нийт 447,741,445.4 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт хийж, 447,741,445.4 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруугаа “С Д М М” ХХК-ийн захирал Д.О нь хүлээн зөвшөөрч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа тайлагнасан” гэж тогтоон Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д дэх хэсэгт заасныг үндэслэн “С Д М М” ХХК-ийн захирал Д.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл гэмт хэргийн үйлдэл нь, эсхүл захиргааны зөрчил нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан бол уг гэмт хэрэг болон захиргааны зөрчил нь ял шийтгүүлэхээс, захиргааны шийтгэлээс чөлөөлөгдөхөөр, хуулийн үйлчлэлийг энэхүү хуулиар зохицуулсан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор “С Д М М” ХХК-ийн захирал Д.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэмт хэрэг болон захиргааны зөрчил нь ял шийтгүүлэхээс чөлөөлсөн гэж үзэхээр байна.
Түүнээс Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор “С Д М М” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, “Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 447,741,445.4 төгрөгийн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлт хүчингүй болгоогүй, мөн тус улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан хуулийн этгээдийн төсөвт төлөхөөс зайлсхийсэн гэх нөхөн татварыг өршөөн хэлтрүүлээгүй юм.
Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон ..., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ”, 2.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл татвар төлөгч сайн дурын үндсэн дээр ил болгож тайлагнах гэдэг нь татварын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, хэн нэгэн этгээд илрүүлээгүй байхад нуусан татвараа татвар төлөгч өөрийн сайн дурын үндсэн дээр өөрөө илрүүлэн мэдүүлэхийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, “С Д М М” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд гаргасан зөрчлийг Архангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтээр илрүүлсэн болохоос татвар төлөгч болох “С Д М М” ХХК сайн дурын үндсэн дээр ил болгож тайлагнаагүй болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоол болон хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн нарын тайлбараар нотлогдож байна.
Тиймээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд “С Д М М” ХХК-ийн захирал Д.О татварын тайлангийн зөрчил гаргаснаа хүлээсэн зөвшөөрснийг Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан гэж үзэхгүй.
Иймд Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор “С Д М М” ХХК-ийг нөхөн татвараас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. “С Д М М” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд дахин хяналт шалгалт явуулж, “2012 онд “Т” ХХК, “С б э” ХХК, “И т” ХХК, “Г ү ө” ХХК гэх компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж нийт 447,741,445.4 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт хийсэн зөрчилд нийт 44,774,144.5 төгрөгийн нөхөн татвар, төлбөрийг “С Д М М” ХХК-ийн төлүүлэхээр тогтоосон Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр акт нь Татварын ерөнхий хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.
Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1 “... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй”, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т “Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн нөхөн татварыг хасч тооцох үндэслэлгүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар зөвхөн татварт ногдох хүү, торгууль, алданги зэргийг энэ хуульд хамааруулан өршөөн хэлтрүүлэн зохицуулснаас бус нөхөн татварыг өршөөн хэлтрүүлнэ гэж заагаагүй.
Мөн анхан шатны шүүх, “... Татварын хяналт шалгалт хийх томилолтыг үндэслэж 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтийг гаргаж байсан бөгөөд маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... 010000640 дүгээр актыг гаргахдаа өмнө нь гаргаж байсан дүгнэлтийн удирдамж, томилолтыг үндэслэж, завсарлаж гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтад “... баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөх хориглосон” заалтыг зөрчсөн байна”, “түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01150600077 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтыг сунгаж байсан гэх нотлох баримт шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, хариуцагч талаас уг нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно” гэж дүгнэн маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзлээ.
Татварын ерөнхий хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршдог юм.
Мөн “Татвар” улсын төсвийг бүрдүүлдэг учраас дээрх хариуцагчийн гаргасан гэх процессийн алдаа нь татвар ногдуулалт төлөлтөөс зайлсхийж нөхөн татвар төлөхгүй байгаа нэхэмжлэгч “С Д М М” ХХК-ийн үйлдлийг зөвтгөх, татвар төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
   1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С Д М М” ХХК-ийн “Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР