Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 566

 

Х.Э, Б.Б нарын 6 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганболд, өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Д, өсвөр насны шүүгдэгч О.Тий хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 572 дугаар магадлалтай, Б.Б, О.Т, О.Г, Э.М, Г.Г, Х.Э нарт холбогдох 1808037931060 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн  2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б,

2.Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт О.Т,

3.Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э.М,

4.Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дархан овогт Г.Г,

5.Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Х.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

6.Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харчин овогт О.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Э.М, Г.Г, шүүгдэгч Х.Э нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт;

өсвөр насны шүүгдэгч О.Гыг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарыг тус бүр 3 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г нарыг тус бүр 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Гыг 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Эийг 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарт оногдуулсан 3 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, тэдний эдлэх ялыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар,

өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Г нарт оногдуулсан 2 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, тэдний эдлэх ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Э.М, Г.Г, О.Г нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гын цагдан хоригдон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Г, Э.М, О.Г нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэдэнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд авч,

Өсвөр насны шүүгдэгч О.Г, Г.Г, Э.М нар шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдэж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Даян-Үүр” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум" загварын тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн буюу өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Д, О.Тийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч И.У, Г.Гын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Г, Э.Мын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Я, шүүгдэгч Х.Э нараас тус бүр 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирол төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Дээс 1.281.132 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Зд 66.666 төгрөг, хохирогч Д.Дд 96.666  төгрөг, хохирогч Ч.Бд 90.000 төгрөг, хохирогч Д.Ат 302.800 төгрөг, хохирогч Од 725.000 төгрөг тус тус олгуулах,

өсвөр насны шүүгдэгч О.Тий хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч И.Уаас 399.466 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Зд 66.666 төгрөг, хохирогч Д.Ат 332.800 төгрөг тус тус олгуулах,            

хохирогч Б.З, Л.Д, Ч.Б, Д.О нар нь хохирлын үлдэх төлбөрийг эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон өсвөр насны яллагдагч Б.Тгийн эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, өсвөр насны шүүгдэгч Г.Г, Э.М, О.Г, шүүгдэгч Х.Э нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтад: “...иргэний хариуцагч П.Дээс “...1.281.132..." гэснийг “...1.119.790...”, хохирогч Д.Ат “...302.800..." гэснийг “...141.466...” гэж, “...иргэний хариуцагч И.Уаас “...399.466...” гэснийг “...238.132...”, хохирогч Д.Ат “...332.800...” гэснийг “...141.466...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, О.Г, Э.М, Г.Г нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Ганболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар

1.Миний үйлчлүүлэгч Х.Эийг “бусадтай бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчлэн яллаж, шүүх ч энэ дагуу яллах дүгнэлтийг хуулбарлан гэм буруутайд тооцсон. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл нь “бүлэглэн гүйцэтгэх” гэдгийг л хуульчлан заасан ерөнхий хэм хэмжээ болохоос биш гэмт хэрэгт хамтран оролцогч нарын үйлдэл тус бүрийг ялган зүйлчилдэг тусгай хэм хэмжээ биш билээ. Улсын яллагч, шүүх аль аль нь дээрх ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээг ялган үзэхгүйгээр бөөндөх маягаар Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу ойлгож журамлан авч үзсэн явдлыг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ингэснээр:

а/ Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх зөрчигдсөн. Хулгайлах гэмт хэрэгт гэм буруутай гээд байгаагаас биш Х.Э хатгагч, хамжигч, зохион байгуулагч, гүйцэтгэгчийн аль болох нь тодорхой бус байхад тулган тасласан.

б/ Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэх, ялыг ялгамжтай оногдуулах хуулийн зохицуулалт орхигдож /3.7.2, 3.5/ яллах дүгнэлт,  шийтгэх тогтоол хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй атал давж заалдах шатны шүүх энэхүү илт хууль бус алдааг залруулахын оронд хэвээр үлдээсэн явдлыг хууль хэрэглээний хувьд маш буруу - том алдаа хэмээн үзэж байна.

2. Миний үйлчлүүлэгч Х.Э нэгэнт хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараа найздаа туслахаар очсон атал түүнийг урьдчилан мэдэж, үгсэн тохирч хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаа нь төгссөн ба төгсөөгүй гэмт хэргийн ялгааг нарийн зааглан гаргаж чадалгүйгээр, эргэлзээтэй нөхцөл байдлыг нэг мөр шалгаж тогтоохгүйгээр буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд энэ ялгаа заагийг Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаар хууль хэрэглээний хувьд хянуулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар

1.Давж заалдах шатны шүүх хуралдаанд миний бие шүүгдэгч Х.Эий гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож, зохих тайлбар хэлсэн. Энэ нь магадлал болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгалаа олсон боловч давж заалдах шатны шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, харин миний үйлчлүүлэгчийн татгалзсан өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд зөвхөн хэргийг хянасан нь “шүүх давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй ба хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

2.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу, өөрчлөх үндэслэл байхгүй гэж илт нэг талыг барьж, хэргийг амарчилсан учраас “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” /39.6.1.3/ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын алдааг олж илрүүлэлгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Х.Э нь Б.Т дуудахаар очсон, хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээгүй гэж мэдүүлэх боловч хулгайн гэмт хэрэг үйлдэж байсныг мэдэж байсан талаар нь өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Т нар мэдүүлсэн ба тэдний мэдүүлгээр шүүгдэгч Х.Эий мэдүүлэг үгүйсгэгдсэн" гэж дүгнэсэн.

Гэтэл Х.Эий тогтвортой өгч ирсэн өөрийн мэдүүлгүүд болон Б.Т, Б.Б нарын “хулгай хийж байгааг Э ах мэдээгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байхад эдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, яагаад үгүйсгэсэн тухайгаа огт дурьдаагүй болно.

3.“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” /16.1.7/, “Хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан бол нотлох баримтаар тооцохгүй байх” /16.11.1.1/, “Хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” /1.7.2/, “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” /16.1.6/, “Шүүх шийдвэр гаргахдаа 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” /39.8.1.5/,”Мэдүүлэг өгсөн хүний хэлсэн үгийг тавьсан асуулт, хариултын дагуу үгчлэн бичнэ” /28.1.2/ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн юм. Үүнийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлт болон хавтаст хэрэгт буй бичгийн нотлох баримтуудаар нотлон харуулахыг хүсэж байна.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Х.Э нь Б.Т дуудахаар очсон, хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээгүй гэж мэдүүлэх боловч хулгайн гэмт хэрэг үйлдэж байсныг мэдэж байсан талаар нь өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Т нар мэдүүлсэн ба тэдний мэдүүлгээр шүүгдэгч Х.Эий мэдүүлэг үгүйсгэгдсэн” гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч Х.Эийг буруутгаад байгаа нотлох баримт болох эдгээр өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Т нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо яг адилхан, хуулбар буюу сору раste юм.

Сору раste мөн болох нь дараахь байдлаар нотлогддог ба энэ нь шийтгэх тогтоолын дор дурдсан дугаараас бүр ч тодорхой харагдана. Үүнд:

1/ ... өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г нарын "...тухайн айлаас хулгай хийхэд Тэлмэн, Т, Г, Б, Эээ гэх ах бид нар байсан. Тэлмэнгийн таньдаг ах Эээгийн цагаан өнгийн раум маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна, автомашинд аваад явсан. Э хулгайн зурагт ломбарданд тавьж байгааг мэдэж байсан. Тухайн айлаас хулгай хийхэд хамт яваад автомашинтайгаа хүлээж байгаад ломбард руу цуг явсан ...” гэх үг үсгийн зөрөөгүй мэдүүлэг. /шийтгэх тогтоолын 14, 15 дахь хуудас/

2/ ... өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарын “... шөнө нь дахин хулгай хийхдээ Г, М, Тэлмэн, Т, Э нарын хамт байсан. Мөнгөн аягыг өөрсдөө бариад явсан. Зурагтыг Эээ ахын автомашинд хийгээд авч явсан. Бид нар хулгайлсан зурагтаа ломбарданд тавихад бичиг баримттай хүн хэрэгтэй байсан тул Эээ ахыг дуудсан байсан. Бид нарыг хулгай хийж байхад автомашинтайгаа тухайн айлын хашааны гадаа хүлээж байсан. Тэгээд ломбарданд зурагтыг өөрийнхөө нэрээр барьцаанд тавьсан. Раум маркийн цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, жижиг суудлын автомашин байсан ...” гэх өөр өдөр цагтай, өөр өөр хүмүүсийн яг адилхан үг үсгийн зөрөөгүй мэдүүлэг. /шийтгэх тогтоолын 10, 12 дахь хуудас/

Ийм хууль зөрчсөн Сору раstе-т яллах дүгнэлт ба шийтгэх тогтоол, мөн Сору раstе-т шүүгдэгч нарын мэдүүлгээр төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт Х.Эийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж ял шийтгэсэн явдлыг “шүүдэгч гэм буруугүй, хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нь хориотой модны жимс түүсэн хэрэг” болохыг онол ба хууль зүйн үндэс болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа: “Хулгайлах гэмт хэрэг бүрэн төгссөний дараа тухайн зурагтыг хулгайн эд зүйл байна гэж шүүгдэгч мэдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхийг мэдээгүй байсан. Гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж уг мөнгөөр хоолонд орж тоглоом тоглосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж байна гэж үзэж байгаа. Иймд зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүсч байна. Хэрвээ шүүхээс зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлтэд хүрвэл анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж ялыг тэнсэж өгнө үү. Миний бие шүүгдэгчид прокурорын хяналтын шатнаас хууль зүйн зөвлөгөө өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчгүй байхад мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нар нь үйлдэл дээрээ нэгдэн бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй, уг хэргийг хийгээгүй гэх боловч бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр энэ нь үгүйсгэгдэж байна. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, О.Т, О.Г, Э.М, Г.Г, Х.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

1.Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165 тоотод оршин суух иргэн Б.Зийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аягыг хулгайлж, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан, 

мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн, Г.Г, Э.М, шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165 тоотод оршин суух иргэн Б.Зийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 50 инчийн “Скайборд” загварын зурагтыг хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2.Өсвөр насны шүүгдэгч О.Г, Г.Г, О.Т, Э.М, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165-б тоотод оршин суух иргэн М.Аын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 32 инчийн “Фунай” загварын зурагт, эрэгтэй хүний куртик хоёр ширхэг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлстэй бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан, 

3.Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 26-460 тоотод оршин суух иргэн Л.Дийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Самсунг эс-6” загварын гар утас, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4.Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-55 тоотод оршин суух иргэн Ч.Бын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, биет 100.000 төгрөг, хоёр ширхэг гар утас, зөөврийн цэнэглэгч, гар утасны чихэвч, компьютерийн гар, хулгана зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан, 

5.Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Т нар нь бүлэглэн 18 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 7-459б тоотод оршин суух иргэн Д.Аийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Соня НЮ-750” загварын видео камер, эмэгтэй хүний 2 ширхэг пүүз, интернет цацагч, МП-3 тоглуулагч, чихэвч, Солонгос Улсын мөнгөн дэвсгэрт болох 10.000 вон зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 

6.Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-09 тоотод оршин суух иргэн Б.Пын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Делл ай-3” загварын нөүтбүүк, чихэвч болон иргэний үнэмлэх, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 595.000 төгрөгийн хохирол учруулсан, 

7.Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-19б тоотод оршин суух иргэн А.Эийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг эвдэн нэвтэрч, дундад ази үүлдрийн 2 тооны гөлөг, бугуйн цаг, 2 ширхэг залгуур зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 524.000 төгрөгийн хохирол учруулсан, 

8.Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-69а тоотод оршин суух иргэн Д.Оын байнга амьдрах байшинд нэвтэрч, “Асус” загварын нөүтбүүк, “Асер” загварын нөүтбүүк, айпад зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, О.Т, Э.М, Г.Г, шүүгдэгч Х.Э нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч О.Гыг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарыг тус бүр 3 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г нарыг тус бүр 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Гыг 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Эийг 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Э.М, Г.Г, О.Г нарт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Г, Э.М, О.Г нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан  гомдлыг хянаж үзэхэд шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Х.Эийг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Х.Э нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Т, Г.Г, О.Т, Э.М нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165 тоотод оршин суух хохирогч Б.Зийн гэрээс дахин хулгай хийх зорилгоор шөнийн 23 цагийн үед очиж, улмаар Б.Б, Б.Т, Г.Г нар хохирогч Б.Золбоогийн байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлсан 50 инчийн “Скайборд” загварын зурагтыг өөрийн жолоодож явсан 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөн авч явж, улмаар өөрийн иргэний үнэмлэхийг ашиглан “Лорд” нэртэй ломбардад барьцаалж 140.000 төгрөг зээлж авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Раум загварын 66-80 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар түүний өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 572 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН