Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 498

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан (ҮД:0217) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт У.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00837 0269 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт У.Н, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эцэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч У.Н нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Булагт 1 дүгээр гудамжны ** тоот хашааны гадна иргэн Б.С-аас “...Зөөврийн компьютероо түр өгч байгаач, би ажлынхаа юмыг шивчхээд маргааш өгье...” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бор өнгийн “HP” загварын “i-7” үзүүлэлттэй зөөврийн компьютерыг авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан Золбоо” ХХК-ийн “Lucky” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгийн барьцаанд тавьж, бусдад 600,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овогт У.Н нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Булагт 1 дүгээр гудамжны ** тоот хашааны гадна иргэн Б.С-ыг “...Зөөврийн компьютероо түр өгч байгаач, би ажлынхаа юмыг шивчхээд маргааш өгье...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.С-ын бор өнгөтэй “HP” загварын “i-7” үзүүлэлттэй зөөврийн компьютерыг шилжүүлэн авч, түүнд 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч У.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай найз охин У жирэмсэн болсон юм. У-ын эцэг, эх нь биднийг зөвшөөрдөггүй бөгөөд бид урьд нь нэг удаа хүүхдээ авхуулж байсан тул дахин хүүхэд авхуулах вий гэхээс айгаад С-ын зөөврийн компьютерыг түүний зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьж, барьцаалан зээлдүүлэх газраас 400,000 төгрөг авсан юм. Би мөнгөтэй болохоороо буцааж аваад С-т өгнө гэж бодож байсан юм. Би найзынхаа эд зүйлийг барьцаанд тавьж, түүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Мөн түүнд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж хуулийн дагуу амьдрах болно....” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н над руу залгаад “зөөврийн компьютероо түр өгч байгаач, би ажлынхаа юмыг шивчхээд маргааш буцаагаад өгье” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Н тэр өдөртөө манай гэрийн гадаа ирээд над руу залгасан бөгөөд би зөөврийн компьютероо аваад гарахад Н ганцаараа зогсож байсан. Тэгээд Н “би ажилд орсон, тайлан бичдэг юм, түүнийгээ шивчхээд өгье” гэж хэлээд миний зөөврийн компьютерыг аваад явсан. Маргааш нь Н ирээгүй, нөгөөдөр нь би Н руу залгаад “яасан бэ” гэж асуухад “даргынхаа өрөөнд орхисон байна, авахаараа өгье” гэж хэлсэн. Түүнээс хойш “гэртээ очихоороо өгнө” гээд худлаа яриад яваад байсан. Тэгтэл манай ангийн О ломбардаас зөөврийн компьютер авахаар явж байгаад миний зөөврийн компьютерыг нэгэн ломбард зарах гэж байгааг мэдээд надад хэлсэн. Тэгээд би очиж харахад миний зөөврийн компьютер мөн байсан. Н надад хэлэлгүй ломбардад тавиад хаясан байсан...” гэсэн мэдүүлэг (1х-ийн 22-23 дугаар хуудас);

3. Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна, дипломын ажил хийх гээд хямд зөөврийн компьютер хайж байсан. Модны хоёрт байрлах “Lucky” нэртэй ломбард руу ороод “зарах зөөврийн компьютер байна уу” гэж асуухад  “нэг зөөврийн компьютер байна, хугацаа нь хэтрээд сар гаран болчихсон байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “доторхыг нь шалгаж үзье” гэж хэлээд үзэхэд манай найз С бид хоёрын зуны дадлага хийж байх үедээ авхуулсан зургууд байсан. Тэгээд маргааш нь С-ын хамт тус ломбардад очиж үзэхэд манай найз зөөврийн компьютероо таньсан...” гэсэн мэдүүлэг (1х-ийн 28 дугаар хуудас);

4. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н гэх хүний регистрийн дугаараар хайхад уг хүн манайд 2 удаа эд зүйл барьцаалж зээл авч байсан байна. Эхнийх нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “HP i7” 2-р үеийн зөөврийн компьютерыг 400,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Эхний барьцаанд тавьсан HP загварын зөөврийн компьютерыг цагдаагаас ирж хурааж авна гэж хэлсэн боловч тухайн үед ажиллаж байсан манай ажилтан мэдэлгүй зарсан байсан. Одоо тухайн үед ажиллаж байсан хүмүүс ажлаасаа гарсан тул хаана байгааг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (1х-ийн 29-30 дугаар хуудас);

5. “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан “HP загварын 2-р үеийн i7” хуучин зөөврийн компьютерыг 600,000 төгрөгөөр үнэлж, шууд хохирлын хэмжээг 600,000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1х-ийн 47 дугаар хуудас);

6. Шүүгдэгч У.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1х-ийн 61 дугаар хуудас), оршин суух газрын тодорхойлолт (1х-ийн 89 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1х-ийн 69 дугаар хуудас);

7. Шүүгдэгч У.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Би С-с зөөврийн компьютерыг нь гуйхаар гэрт нь очсон. Тэгээд С-т “найз нь ажлынхаа юмыг шивчхээд буцаагаад өгье” гэж хэлээд зөөврийн компьютерыг нь гуйгаад авсан...” гэсэн мэдүүлэг (1х-ийн 29-30 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас залилан мэхэлж шилжүүлэн авсан эд зүйл болох “HP загварын 2-р үеийн i7” хуучин зөөврийн компьютерыг 600,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 600,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч У.Н-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч У.Н нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч У.Н-ыг “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.С нь өөрт учирсан хохирлоо авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн (1хх-ийн 206) байх тул шүүгдэгч У.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч У.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч шунахайн сэдлээр, бусдын өмчлөх эрхэд халдаж гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч У.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баярсайханы эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн хувьд маргаангүй. Шүүгдэгч У.Н анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан хорих ял оногдуулж, уг ялаас нь чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч У.Н нь торгуулийн ялыг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Над хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 (гурван) сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй хэмээн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасан тул шүүгдэгч У.Н-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулав.

Шүүгдэгч У.Н нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, мөн сарын 15-ны өдрөөс шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байх бөгөөд шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүний цагдан хоригдсон нийт 205 хоногийг тогтоолд дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овогт У.Н-ыг залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Н-д 3 (гурван) сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч У.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Н нь энэ хэрэгт нийт 205 хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч У.Н-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Н-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА