Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 264

 

 Д.Б-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 болон 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416-р тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9752369 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0331 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Г.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1, 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын гаргасан 2018 оны 9 сарын 13-ны өдрийн Б/416 тоот “Гаалийн албанаас халах” тухай тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах, 2018 оны 08-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 04-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9752369 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр “Сэлгэн томилж ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0331 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257  дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн  26.1.3,  Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11, 284 дүгээр зүйлийн 284.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Гаалийн албанаас халах тухай” Б/416 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Сэлгэн томилж ажиллуулах тухай” Б/84 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.       

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдлын үндэслэл: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хууль зүйн дагуу үнэлээгүйн улмаас иргэн Д.Б миний бие сэтгэл санааг хохироосон магадлал гаргасан явдалд маш их гомдолтой байна.

4. Нэг. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дугаар хуудаст... Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ДШМ/42 дугаар магадлалд дурдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Д.Б-ын гаргасан зөрчил нотлогдсон гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь 2017 оны 6 дугаар сарын 26-аас өмнөх ажиллагааны Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны дугаар 200 дугаар хүчин төгөлдөр бүхий захирамжид: 1. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. 2. ЭБШТ хуулийн 80.1.5-д заасан учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлийн шатанд нотолж ирүүлээгүй байна. 3. 263.1-д заасан гэмт хэрэг нь үлэмж хэмжээний хохирол шаарддаг ба хурааж авсан ордер гэх баримтуудын үнийн дүнг нэмж нэгтгэн хохирол тооцсон нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Иймд уг шүүхийн захирамж нь гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй байна гэдгийг тогтоосон байна. ЗХШХШТ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэрчүүдийн эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн зөрчил нотлогдсон гэж үзсэн нь ЗХШХШТ хуулийн 34.2-г зөрчсөн байна.

5. Мөн ГЕГ-нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны Сахилгын хорооны дүгнэлтэд: Тээврийн хэрэгсэл нэг бүрээс 20.000 төгрөг хураан авч аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан, хууль бус ачилт буулгалт хийлгэсэн гэж Эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж Гаалийн албанаас халсан бөгөөд ингэхдээ надад холбогдох зөрчил гэгчийг огт шалгаагүй, тогтоогоогүй болно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутангаар тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг шүүх хэрэглээгүй байна.

6. Хоёр. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоол хүчин төгөлдөр, энэхүү тогтоол нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасныг нотлох баримт гэжээ. Энэ нь хуулийн үндэслэлгүй юм. ЭХХШТ хуулийн 1.5-р зүйлийн 1.2-д гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. ЭХХШТ хуулийн 16.1-р зүйлийн 7-д Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заажээ. Мөн Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018/ДШМ/42 дугаар магадлалд заахдаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хойш цугласан бичмэл материалууд нь ЭХХШТ хуулийн 1.5-р зүйлийн 1.2, 16.1 дугаар зүйлийн 7-д заасан: Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж дүгнэсэн.

7. Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гарсан 07 дугаар тогтоол нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018/ДШМ/42 дугаар магадлалд зааснаар 2017 оны 06 дугаар сарын 26-наас хойш үйлдэгдсэн, дээрх хуулийн заалт болох ЭХХШТ хуулийн 16.1-р зүйлийн 7-д заасан бичмэл материалыг агуулсан хянан шийдвэрлэх ажиллагаа учир нотлох баримтаар тооцож болохгүй нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны дугаар 221/МА2019/0331 дүгээр магадлал нь ЗХШХШТ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-р зүйл: Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон...түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг илэрхий зөрчсөн. Мөн ЭХХШТ хуулийн 1.15-р зүйл: Гэм буруугүйд тооцох: 1.15-н 1-д: Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэдэг хуулийн заалтыг баримтлаагүй байна.

8. Гурав. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 60.3, 284.1.5, 284.3, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолын 4.1.3, 6.9 дэх заалтыг маргаан бүхий актыг баримталсан тул хууль, дүрмийн шаардлагад нийцсэн гэж дүгнэжээ. Дээр дурдагдсан хуулийн заалтууд нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Сахилгын дүрмийн 5.2-р зүйлд: Зөрчил гаргасан үгүйг шалгаж тогтоох сахилгын хороотой байна. Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 7 дугаар сарын 27-ны 365-р тушаалын Хавсралт -1 Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх, Уг хавсралтын 4.3-н 4.3.1-д: Гаалийн байцаагчаас тайлбар авах, 4.3.2-д: Харьяа газар албадаас тайлбар авах, 4.3.3-д: Гомдол мэдээлэл гаргагчаас тайлбар авах, 4.3.4-д: Сахилгын зөрчилтэй холбоотой материалыг гаргуулах гэдгийг огт хийлгүй зөрчсөн.

9. Иймд Гаалийн ерөнхий газар нь миний биеийг Гаалийн албанаас халахдаа сахилгын зөрчил гэгчийг огт шалгаагүй, тогтоогоогүй тул дээрх хуулийн заалтууд хууль, дүрмийн шаардлагад нийцэхгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх зөрчлийг хянан шалгах ажиллагааг хийгээгүй байна гэж магадлалдаа заасан атлаа зөрчил нотлогдсон гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

10. Дөрөв. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: Төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, бүрдүүлэлтийн дараах шалгалтаар илэрсэн зөрчил сахилгын шийтгэл ноогдуулахад 2002 оны Төрийн албаны хуулийн 26.4 заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлахгүй, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэмд зааснаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулан тооцох боломжгүй гэжээ. ЭХХШТ хуулийн 1.5-р зүйлийн 3-д энэ хуулийн 1.1,1.2-т заасныг үл зөвшөөрвөл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг ердийн журмаар явуулна гэж заасан байна.

11. Иймд дээр дурдсан 2018 оны 8 дугаар сарын 06-ны 07-р тогтоол нь ЭХХШТ хуулийн 16.1-р зүйл 7-г: зөрчсөн мэдээллийг агуулсан байх тул ЗХШХШТ хуулийн 32.5-д: Хэргийн оролцогч төлөөлөгч шүүхэд хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно, ЗХШХШТ хуулийн 32-р зүйлийн 32.6-д: Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн материалаас хасах, уг баримтыг шаардан гаргуулж болохгүй гэсэн заалтуудыг зөрчиж цуглуулсан мэдээллийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үнэлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь иргэн миний эрх зүйн байдлыг илт дордуулж хохироож байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Сэлэнгэ аймаг дахь прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон цаг хугацаанаас тооцох үндэслэлтэй юм. Учир нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гарсан Зөрчлийн тухай хуулийн 1.5-р зүйлийн 9-д заахдаа: Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон өдрөөс тооцно гэжээ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа 7 хоногоос 10 сар хэтэрсэн байна.

12. Иргэн Г.Б би Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй тухай бичсэн гомдолдоо намайг хууль бусаар ажлаас халж хохироосон, шүүх хуулийн олон заалтуудыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан тухай бүх зүйлийг тодорхой бичсэн байгаа билээ. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхтэй мөн адил хуулийн үндэслэлгүй магадлал гаргасанд гомдолтой байна. Миний бие нь 1989 оноос эхлэн төрийн албанд үнэнчээр ажиллаж хөдөлмөрлөж ирсэн билээ. Намайг хууль бусаар ажлаас минь халснаас болж миний бие болон манай гэр бүлийн хүмүүс давхар хохирч байгааг чухалчлан анхаарч үзнэ үү. Хүндэт шүүгчид та бүхнийг иргэн хүнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалсан шударга үнэн шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна.

13. Миний гомдлыг хүлээн авч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0331 дүгээр магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож миний биеийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилтийг хийлгэж өгнө үү.

                                                ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

15. Нэхэмжлэгч Д.Б нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 болон 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 9752369 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

16. Маргаан бүхий, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар “гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд халдаж зөрчсөн, өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглаж, бусдад давуу байдал олгосон” зэрэг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Д.Б-ыг гаалийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.5-д заасантай нийцсэн байна.      

17. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан” хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг, тухайлбал 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. 

18. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд гаалийн улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 274.2.2-т “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх” үүрэгтэйг зааж, 284 дүгээр зүйлийн 284.1-д гаалийн улсын байцаагч албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд, мөн зүйлийн 284.1.5-д зааснаар гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар нарийвчлан зохицуулжээ.  

19. Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан сахилгын зөрчлийг хянан хэлэлцсэн. Уг хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгч Д.Б-ыг ажиллах хугацаандаа тээврийн хэрэгсэл нэг бүрээс 20,000 төгрөг хураан авч, өөрийн охины нэр дээр бүртгэлтэй “Гүн мөрөн” ХХК-ийн харилцах дансанд тушаалгах, өөртөө бэлнээр авах зэргээр аж ахуйн нэгж, байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн аж ахуйн нэгжүүдээр хууль бус ачилт, буулгалт хийлгэх зэргээр Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “гаалийн байцаагч ...бүрэн эрхээ хэтрүүлсэн”, мөн “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.3-д заасан “гаалийн улсын байцаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгохыг хориглох” гэсэн заалтуудыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан, түүний гаргасан зөрчил нь эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж дүгнэн, түүнийг гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэн, улмаар маргаан бүхий Б/416 дугаар тушаалаар ажлаас халсан нь хуульд нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

20. Нэхэмжлэгчийн “...Мөн ГЕГ-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Сахилгын хорооны дүгнэлтэд: Тээврийн хэрэгсэл нэг бүрээс 20,000 төгрөг хураан авч аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан, хууль бус ачилт буулгалт хийлгэсэн гэж эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж гаалийн албанаас халсан бөгөөд ингэхдээ надад холбогдох зөрчил гэгчийг огт шалгаагүй, тогтоогоогүй болно” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй. 

21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор, түүний үйлдсэн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан/ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

22. Прокурорын дээрх тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, өөрийн гэм буруугийн асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх тухай гомдол гаргасны дагуу прокурорын 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба Сэлэнгэ аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор, Д.Б-ыг Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ. Харин Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

23. Энэ хугацаанд Д.Б шүүхээр гэм буруугаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсаны дагуу, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 268 дугаар захирамжаар хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасан.  Улмаар тус Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогджээ.

24. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг “хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл түүний гаргасан зөрчил нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт тогтоогдсон тул Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороо сахилгын зөрчлийг дахин шалгаж тогтоох шаардлагагүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм. 

25. Нэхэмжлэгчийн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь иргэн миний эрх зүйн байдлыг илт дордуулж хохироож байна. ...хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон цаг хугацаанаас тооцох үндэслэлтэй юм” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

26. Учир нь, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.6-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, .../-аар/ илэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахад энэ хугацааг баримтлахгүй”  гэж заасан.

27. Нэхэмжлэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шалгаж явсаар, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар илэрч тогтоогдсон тул түүнд сахилгын шийтгэл ногдуулахад дүрэмд заасан хөөн хэлэлцэх хугацаа /сахилгын шийтгэл ногдуулж болохгүй/-г баримтлахгүй болно. 

28. Харин, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Сэлгэн томилж ажиллуулах тухай” Б/84 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны актад хамаарч байхад, анхан шатны шүүхээс “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр  хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасанд нийцээгүй талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. 

29. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0331 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА