Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01761

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01761

 

 

 

Я.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02108 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Я.Э хариуцагч Г.Э, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 046 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Э, Б.Б нартай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Б.Б дансанд 19 800 000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нар зээлийн төлбөрөө төлөөгүй. Хэдийгээр хариуцагчдийн зүгээс зээлийн төлбөрийг төлсөн гэж маргах боловч энэхүү төлөлтүүд нь өмнөх зээлийн гэрээний төлөлтүүд юм. Өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, мөн сарын 09-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Нийтдээ 5-6 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан.

Мөн хариуцагч нарын хариу тайлбарт М.Мөнхтуул гэдэг хүний дансаар мөнгө шилжүүлж байсан гэх боловч ********* тоот данс нь миний данс юм. Тус нэхэмжлэлийн шаардлагыг өмнөх зээлийн гэрээний үүргийг бус 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн шаардаж байна. Алдангийг багасгах боломжгүй гэж үзэж байна. Учир нь тухайн алдангийг бууруулах хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтуудаа хариуцагч тал шүүхэд өгөөгүй. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 19 800 000 төгрөг, хүү 3 564 000 төгрөг, алданги 11 682 000 төгрөг нийт 35 046 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хандармаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.Э нь Б.Б, Г.Э нарт 2015 оноос 2016 оны хооронд 5-6 удаагийн зээл олгож, тухай бүр зээлийн эргэн төлөлтүүдийг авдаг байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ч 19 800 000 төгрөг авсан. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл зээлсэн. Уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 8 930 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байдаг. Хариуцагч нараас зээлийн хүүд 3 564 000 төгрөг төлсөн. Нийт төлсөн төлбөрөөс 5 366 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдана гэж үзэж байна. Дээрх мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцоход үлдэгдэл төлбөр 14 434 000 төгрөг болно.

Мөн талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус ба гэрээний дагуу хүү алданги шаардах эрхгүй юм. Алдангийн хэмжээ илт их байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Б хувьд ямар ч бизнесийн орлогогүй болж, эдийн засгийн чадавхи муу байгаа. Мөн өөрийнх нь биеийн байдал сайнгүй байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлд төлсөн 8 000 000 төгрөгийг өмнөх зээлийн төлөлт гэдгийг нотлоогүй. Энэ гэрээний хугацаанд 8 930 000 төгрөг төлсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч Я.Энь төрийн байгууллагад тэр дундаа төрийн тусгай албанд ажилладаг учир өөрөө зээлийн гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтүүдийг өөрийн ажилтан М.М ХААН банк ХХК-ийн ****** тоот дансаар дамжуулан авдаг байсан. Хариуцагч нар нь өмнөх зээлээ төлөөгүй байхад нэхэмжлэгчээс нэмж зээл олгох боломжгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн банкны хуулгаар М.Э гэдэг данс нь Б.Б нөхрийн данс бөгөөд уг данснаас нэхэмжлэгчийн ********тоот данс руу орсон мөнгөнүүд зээлийн эргэн төлөлт. Иймд үндсэн зээл 14 434 000 төгрөг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан Б.Б, Г.Э нараас 18 042 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Э олгож, нэхэмжлэлийн үлдэх 17 003 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б Г.Э нараас 248 162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Эрдэнэсайханд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тэдний зээлийн барьцаанд тавьсан Г.Э, Г.Э, Г.О, Г.О нарын өмчлөлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 000166193 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 8 930 000 төгрөгийг аль гэрээний дагуу шилжүүлэн авсан болохоор баримтаар нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагч нар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 8 930 000 төгрөг төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй юм.

Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийг тус нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй мэтээр дүгнэж, зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн хэмжээг бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.Мөн шүүхээс зээлийн гэрээний дагуу төлөгдөх хэмжээг бууруулахаас гадна зээлдэгчийн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор бий болсон үр дагавар болох алдангийн хэмжээг бууруулж шийдсэн нь үндэслэлгүй байна. Шүүх алдангийн хэмжээг багасгахдаа ...хариуцагч гэрээний алданги тооцох нөхцөлийн талаар маргадаггүй боловч өрхийн орлогогүй болсон гэх үндэслэлээр алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан..., ...зээлийн хугацаа Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтад хамаарахгүй боловч зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа болон нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 50 алдангийг бууруулан тооцов... гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Тус зээлийн хугацаа хэтрэлт 2016 онд бий болсон, зээлтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2018 онд буюу нь Ковид-19 цар тахлаас өмнө үүссэн байдаг. Иймд цар тахлаас шалтгаалан алдангийн хэмжээг бууруулсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Б.Б, Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 046 000 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

1.Талууд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Я.Энь 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Болормаа, Г.Энхбаяр нар сар бүрийн 28-ны өдөр зээлийн хүүг, гэрээгээр тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5/

Гэрээний дагуу Я.Э нь Б.Б 19 800 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй, зээлийн дүнг энэ хэмжээгээр тодорхойлж гэрээний үүргийн шаардах эрхийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч тал гэрээний үүрэгт 8 930 000 төлсөн, үүнээс 5 366 000 төгрөгийг үндсэн зээлд, 3 564 000 төгрөгийг зээлийн хүүд тооцуулна гэж тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, өмнөх зээлийн гэрээнд төлсөн төлөлт гэж маргажээ. Энэ тохиолдолд талуудын хооронд өмнө нь зээлийн гэрээний үүрэг байсан гэдгийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Монголын Нотариатчдын танхим бүртгэлийн дэвтэр, хариуцагч Б.Б нөхөр болох иргэн М.Э ХААН банк дахь дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд нэхэмжлэгчийг өмнөх гэрээний төлөлт гэх тайлбараа нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ. Улмаар хариуцагч нар үндсэн зээл 19 800 000 төгрөг, зээлийн хүү 3 564 000 төгрөг төлөхөөс 8 930 000 төгрөг төлснийг хасч тооцоод тэдгээрийн үүрэг 14 434 000 төгрөг, уг үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэхдээ дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. Иймд нотолгооны үүргийг буруу хуваарилж төлбөрийг хэсэгчлэн бууруулсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Талууд гэрээний 2 дах заалтаар зээлдэгч тал гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хэмжээнд хоногийн 0.5 хувиар алданги тооцож төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч тал гэрээгээр тохирсон 3 сарын хугацаа дуусахад шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон учир нэхэмжлэгч тал тэдгээрээс алданги тооцон шаардах эрхтэй.

Хариуцагч нар алдангийн шаардлагаас бизнесийн орлого байхгүй, Б.Болормаагийн биеийн байдал сайнгүй байгаа, алдангийн хэмжээ илт их, мөн эдийн засгийн чадавхи муу, боломжгүй гэх үндэслэлээр татгалзах боловч баримтаар нотлоогүй, талуудын зээлийн гэрээний хугацаа 2016 онд дууссан байхад анхан шатны шүүх Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг болох 14 434 000 төгрөгт алданги тооцож, нийт 21 651 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 395 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах зэрэг өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

2.Талууд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Г.Э болон иргэн Г.Э, Г.О, Г.О нарын өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо,  м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-7,8/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр, энэ талаар зохигчид маргаангүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв, зохигчид гомдол гаргаагүй болно.

Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг алдаатай бичсэнийг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02108 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 232.8 гэснийг хасч, 18 042 500 гэснийг 21 651 000 гэж, 17 003 500 гэснийг 13 395 000 гэж, 2 дах заалтын 248 162 төгрөгийг гэснийг 266 205 төгрөгийг гэж, 3 дах заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 968 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД