Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2017/0368

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0368

Улаанбаатар хот

 

 

 

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Л.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээд Л.Г, гуравдагч этгээд Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдлоор, Л.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 201 дүгээр шийдвэрээр 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн тус тус Л.Г-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740 тоот газар өмчлөх эрхийн Г-2204009684 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128143 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалан амьдарч байгаа газартай давхцалгүй газарт хамаарах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд “Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалан амьдарч байгаа газартай давхацсан газарт хамаарах хэсгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2006 оны 5 сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,

4 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар тус тус шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсгийн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээний нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалсан газартай давхацсан газарт холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “ ... Л.О-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсэг, 2006 оны 09-р сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн Б.Л-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсэг, 2007 оны 259 дүгээр захирамжийн Б.Л-д холбогдох хэсэг, Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн Г-2204009684 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128143 тоот гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын алба Л.О-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээн аваагүй буруутай болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох ... шаардлагын нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалан амьдарч байгаа газартай давхацсан газарт хамаарах хэсгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй...”, 2 дахь заалтын “...Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосугай...” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1 дэх заалтын “...нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох ... шаардлагын нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалан амьдарч байгаа газартай давхацсан газарт хамаарах хэсгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэдзүүлсүгэй...” хэсгийн тухайд:

Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч нараас дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нөхцөл байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой болно.

Баянзүрх дүүргийн, 10-р хороо, 3-р хэсэг, Улиастайн 41-740А тоот газар эзэмшигч иргэн Б.Л нь 2006 оны 05-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад уг эзэмшиж буй газраа гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчилж авахыг хүссэн өргөдлийг гаргасны дагуу Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 21-р зүйлийн 21.1-т “...Иргэнд газар өмчлүулэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана...” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дугаар “Иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжаар түүнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 10-р зүйлийн 10.1-т “...Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй...”, 10.1.5-д “...газар өмчилж авах тухай хүсэлт гаргах өргөдлийн загварыг батлах..”-аар заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл”-ийн загварын дагуу иргэн Б.Л нь өргөдлөө гаргаж уг өргөдлийн дор Засаг даргыг төлөөлөн хорооны зохион байгуулагч Д.Чимгээ нь 2006 оны 05-р сарын 10-ны өдөр хаягийн тодорхойлолт бичин, хүсэлтийг нийслэлийн Засаг даргад уламжилсан нь хууль зөрчөөгүй болно.

Харин нэхэмжлэгч иргэн Л.О нь 2006 оны 05-р сарын 15-ний өдөр “Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл”-ийн загварын  дагуу мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах хүсэлтийг гаргахдаа уг өргөдлийн дор тус хорооны Засаг дарга эсхүл хорооны зохион байгуулагчаар тодорхойлолт гаргуулаагүй харин 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан 10-р хорооны Засаг дарга Жаргалсайханы 2006 оны 05-р сарын 15-ны өдрийн тодорхойлолт гэх хуулийн шаардлага хангаагүй А5 хэмжээтэй цаасан дээрх баримтыг үндэслэсэн байхад шүүх нэхэмжлэгч Л.О-ийн өргөдлийг хүлээн авч, газрын давхцлын асуудал болон бодит байдлыг шалган тогтоох боломжтой байсан, тухайн үед өргөдлийн дараалал болон бодит эзэмшил, хуульд заасан шаардлагуудыг судлаж үзэж Б.Л болон Л.О-ийн алинд нь газар эзэмшүүлэх нөхцөл байдал байсан гэдгийг тогтоох боломжгүй гэсэн нь хэт нэг талыг баримталж нэхэмжлэгчийн хүсэлтийг төрийн байгууллага заавал хүлээж авах ёстой байсан мэтээр хандаж, өргөдөл гаргасан хугацааны хувьд, хуулийн шаардлагын хувьд ч иргэн Б.Л нь нэхэмжлэгчээс 5 хоногийн өмнө өргөдлөө гаргасан, өргөдлийг уламжилсан тодорхойлолт нь ч зохих журмын дагуу байсан атал үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй энэхүү нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Бодит эзэмшлийн хувьд нэхэмжлэгч иргэн Л.О нь бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй шударга бусаар уг газрыг өөрийн эзэмшилд байлгаж байсан хэдий ч иргэн өмчлөхийг хүссэн газартаа зайлшгүй оршин суухыг хуулиар шаардаагүй тул иргэн Б.Л нь өөрийн эзэмшиж буй газраа өмчлөхийг хүссэн нь хуульд нийцнэ.

Дээрх зүйлээс үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09-р сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06-р сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуульд заасан зохих бүртгэлийг хийсэн, иргэн Л.О-ийн одоогийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг иргэн Б.Л хуульд заасан журмын дагуу өмчилж авсан тул эдгээр төрийн байгууллагаас шинэ акт гаргуулж, тэр хүртэл хүчин төгөлдөр хуульд нийцсэн захирамжуудыг түдгэлзүүлэх үндэслэлгүй байна.

2. “...Баянзүрх дүүргийн газрын алба нь 2006 оны 05-р сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн газар ззэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосугай...” хэсгийн тухайд:

Тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхнаасаа уг шаардлага нь хууль ёсны бус байсан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 8 дугаар “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” тогтоол болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 08-р сарын 29-ний өдрийн А/626 дугаар “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг   газрын   харилцаатай   холбогдох   чиг   үүргийг   Нийслэлийн   газрын   албанд шилжүүлж, өмчийн харилцааны газар болон газрын албаны бүтцийг шинэчлэн баталж ажил үүргийг нь хуваасан байна.

Үүнээс өмнө нийслэл, дүүргүүдийн өмч, газрын харилцааны албад нь статус, чиг үүргийн хувьд нэг байсан бөгөөд хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн 1000 дугаар албан бичгээр газар эзэмших хүсэлтийг судалж үзээд, “...өргөдөлд дурдсан байршилд ... иргэн Б.З ... иргэн Э.И нарт газар өмчөх эрх үүссэн байх тул давхардуулан олгох боломжгүй байна...” гэсэн баримтыг нэхэмжлэгч Л.О нь нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд хүргүүлсэн атал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны алба нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5-р зүйлийн 5.2-т “...Шинээр газар ззэмшүүлж, ашиглуулах тохиолдолд...”, 5.2.2-т заасан “...Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах...” ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд байгаа газартай давхцаж байгааг дурдсан албан тоот нь үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн тус журмын 6-р зүйлийн 6.3-т “...Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь Газрын албанаас нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхжүүлэх мэдэгдэл өгөөгүй байхад газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажил хийхийг хориглоно...” /Уг журмын 1 дүгээр хавсралтад заасан “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийн дагуу гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.О-ийн “Б-У” ХХК-иар гаргуулсан “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” нь дээрх мэдэгдлийн дагуу хийсэн эсэх нь эргэлзээтэй байх ба уг журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Нэгж талбарын хил, заагийн газар” бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын зарим шаардлагыг  хангаагүй болно.

... Захиргааны байгууллагаас иргэдийн өргөдөл хүсэлтийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа буюу 30 хоног өнгөрсөн, хугацааг сунгасан тухайгаа иргэнд бичгээр  мэдэгдээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлээгүй “чимээгүй байсан” тохиолдолд эс үйлдэхүй бий болно.

Гэтэл Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэн, бичгээр хариу өгсөнийг эс үйлдэхүй буюу тухайн асуудлыг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Дээрх зүйлээс үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121-р зүйлийн 121.1.1 дэх хэсгийг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 03-р сарын 22-ны өдрийн 201  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Л.О-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, маргаан бүхий актуудын зарим хэсгийг шинэ акт гартал түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэргийн нөхцөл байдал, маргаан бүхий газрын байршил, хэрэгт авагдсан зарим баримтуудыг буруу үнэлсэн байх тул зөвтгөж өөрчлөн, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

            Гуравдагч этгээд Б.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...  10 дугаар хорооны Засаг дарга Жаргалсайханы 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт гэх нотлох баримтын шаардлага хангаагүй, цаасан дээрх баримтыг үндэслэсэн байхад шүүх Л.О-ийн өргөдлийг хүлээн авч судалж үзээгүй гэсэн нь хэт нэг талыг баримталж нэхэмжлэгчийн хүсэлтийг төрийн байгууллага заавал хүлээж авах ёстой байсан мэтээр хандаж, Б.Л-ын 5 хоногийн өмнө гаргасан өргөдөл тодорхойлолт байсаар байхад үнэлэлт өгөлгүй тогтоох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм” гэжээ.

Л.О нь 2006 онд тухайн маргаж буй газарт ирж байшин барьж, улмаар газар эзэмших хүсэлтээ гаргахаар тухайн үед хорооны Засаг даргад хандаж тодорхойлолт хийлгэж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Уг Засаг даргын тодорхойлолт нь албан бланк хэрэглээгүй боловч гарын үсэг, тамга тэмдэгтэй, мөн гэрчээр асуугдсан хорооны Засаг дарга асан Ц.Ж-ны мэдүүлгээр уг тодорхойлолтыг өөрийн гараар тухайн үед бичиж өгсөн нь тогтоогдсон байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэхгүй бөгөөд уг баримтыг үнэлсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “... хүсэлтийг хүлээн авмагцаа ... дүүргийн газрын алба журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг ... цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, 35.2-д “... газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасны дагу газрын алба газар эзэмшихийг хүссэн иргэний хүсэлтийг заавал хүлээн авч зохих журмын дагуу бүртгэн, нягтлан шалгаж хариу өгөх үүрэгтэй.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын тайлбар, гуравдагч этгээд Г.М, Л.Г-д нарын “... тухайн үед мэдэгдэх хуудас газрын албанаас өгч байсан ...” гэх тайлбар, хэрэгт авагдсан 2006 оны 47 дугаар мэдэгдэх хуудас  зэргээс үзэхэд бусад этгээд газар эзэмшдэг гэх үндэслэлээр Л.О-ийн “газар эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй” гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Газрын алба хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу нягтлан шалгаж, хууль ёсны дагуу хариуг өгөх үүрэгтэй атал хүлээж аваагүй нь дээрх хууль зөрчсөн байх бөгөөд эс үйлдэхүй хууль бус болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Давж заалдах гомдолд “... эс үйлдэхүй гэж захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авч хариу өгөөгүй, сунгасан талаар хариу мэдэгдээгүй чимээгүй байсныг ойлгоно. Гэтэл хариу бичгээр өгсөн тул шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэхгүй” гэжээ.

Шүүх Л.О-ийн 2006 онд гаргасан хүсэлтийг хүлээж аваагүйг хууль бус гэж үзсэн бөгөөд 2015 онд Газрын албанаас өгсөн хариуг хууль бус гэж дүгнээгүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй.

Харин нэхэмжлэгч Л.О нь дээрх газар эзэмших хүсэлтийг газрын алба хүлээж авч шийдвэрлээгүй талаар тухайн үед маргалгүй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжаар Л.Г-д эзэмшүүлсэн 740 тоот хашааны газрын зарим хэсэгт байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарчээ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй этгээдийг газар эзэмших эрхтэй гэж үзэхгүй.

Гэвч Л.Г-д тухайн газрыг эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн эсэх нь доорх байдлаар эргэлзээтэй байх тул газрын алба хэргийн нөхцөл байдлыг дахин шалгаж, шинэ акт гаргах боломжтой байна.  

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжаар Л.Г-д газар эзэмшүүлэхдээ газрын байршлийг “3 дугаар хэсэг 41-679 тоот” гэж зааж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдсон, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн газар өмчлөх хүсэлтэд /хэргийн 2 дахь хавтасны 179 дэх хуудасны ар талд/ өмчлөх газрын хаяг болон оршин суугаа газрын хаяг нь “41-679” тоот гэж, мөн өргөдөлд “3 дугаар хэсэг 679 тоотыг 740 болгож өөрчлөв” гэж тэмдэглэсэн хэдий ч хэзээ хэний шийдвэрээр хаяг өөрчлөгдсөн нь тодорхойгүй, хаягуудын өөрчлөлтийн талаарх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “740” тоот нь “679” байсан талаарх хариуцагчийн тайлбарыг нотлох өөр баримтгүй, харин “41-679” тоотод гуравдагч этгээд Л.Г-ын хамаатан гэх Д.Ц-ынх байдаг болох нь өөрийнх нь тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон зэргээс үзвэл маргаан бүхий Баянзүрх дүүргийн 93, Нийслэлийн Засаг даргын  570 дугаар захирамжаар Л.Г-д маргаж байгаа Л.О-ийн байшин байрлаж байгаа газрыг эзэмшүүлсэн нь эргэлзээтэй байна.

Тухайн үед Л.О-ийн өргөдлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн газрын алба хүсэлтийг шийдвэрлэхдээ Л.Г-ын эзэмшил газрын хаяг, байршил давхцаж байгаа эсэхийг тогтоож шийдвэрлэх боломжтой атал хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд одоо дээр дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах боломжтой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Газрын тухай хуулийн дагуу Л.Г-д тухайн газрыг эзэмшсэн эсэх, өмчилж авах эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулж, дахин шинэ акт гаргах боломжтой.

Харин Л.О нь Д.Л-ын эзэмших эрх бүхий “740 а” тоот 700 м.кв, Л.Г-ын эзэмших эрх бүхий “740” тоот буюу бодит байдалд 804 м.кв, нийт 1504 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмших эрхгүй тул түүний байшин байрлаагүй “740 а” тоот газрыг Д.Л-д эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамжууд, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул нэхэмжлэлийн Д.Л-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Гэтэл шүүх Л.О-ийн 2006 оны хүсэлтэд газрын байршил заасан тойм зураг байхгүй, Засаг даргын тодорхойлолтод “3 дугаар хэсэг, Улиастайн задгай” гэснээс үзэхэд Б.Л-ын хүсэлт гаргасан газрыг эзэмших хүсэлт гэж үзэхээргүй байхад Б.Л-д газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө гаргасан гэж нотлох баримтыг буруу үнэлж Л.О-ийн байшин байрлаагүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчихөөргүй актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.  

Иймд шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Л.О-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б.З-г Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамжны 740 тоот газрын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-2204009684 дүгээрт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл тус тус түдгэлзүүлж, нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 256, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 259 дүгээр захирамжуудын Б.Л-д холбогдох хэсэг, 740А тоот газрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Газрын албаны Л.О-ийн 2006 онд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг хүлээж аваагүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай” гэж, 4 дэх заалтын “... 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 256” гэснийг “2003 оны 93” гэж, 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д” гэснийг “2006 оны 570 дугаар захирамжуудын Л.Г-д” гэж, “.... Г-2204009639, .... 000128142 ...” гэснийг “Г-2204009684, .... 000128143 ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд Б.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ