Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 812

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Нацагдорж

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 тоот тушаалын өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулж, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын цалингийн зөрүү 1687474 /нэг сая зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Нацагдорж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нацагдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Ч.Нацагдорж би Буянт-Ухаа дахь Гаалийн газарт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Ямар нэг хууль зөрчиж, ажлын хариуцлага алдаагүй байхад Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 тоот тушаалаар Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт улсын байцаагчаар томилж, шилжүүлсэн. Үүний улмаас миний бие албан тушаалын зэрэг шатлал болоод цалин буурч ажиллаж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Нацагдорж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 тоот тушаалын улмаас өөрт учирсан цалингийн зөрүүг олгож өгч, Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчийн албан тушаалыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэж Гааль, Татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2016 оны “Гааль, Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай 03 дугаар тушаал батлагдсан. Ийнхүү нэгдсэнтэй холбогдуулан хуучнаар Гаалийн байгууллага, татварын байгууллагуудын харьяа нэгжүүдийн бүтэц зохион байгуулалтыг үе шаттайгаар шинэчлэн батлах ажлыг хэрэгжүүлсэн. Зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Гааль, Татварын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 19-ний Б/390 дугаар тушаалаар Ч.Нацагдоржийг гаалийн улсын байцаагчаар томилсон. Иймд Гаалийн улсын байцаагч Ч.Нацагдоржийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаар зарим арга хэмжээний тухай 501 тоот тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэж Гааль, Татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан Сангийн Сайдын 2016 оны Гааль, Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлаад, үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтыг өөрчлөлтийг зөвшөөрөх тухай 03 дугаар тушаал батлагдсан. Сангийн яамны хэрэгжүүлэгч хоёр том агентлаг нь нэгдэж нэг зохион байгуулалтад орсонтой холбоотойгоор хуулийн этгээдийн газар шинээр бүртгүүлэх гэрчилгээ авах, тамга, тэмдэг шинээр хийлгэх, албан тушаалтан сонгон шалгаруулалт зохион байгуулах, ажиллагаа хийх шаардлагатай болсон. Үүнтэй холбогдуулан хуучнаар Гааль, Татварын байгууллагуудад ажиллаж байсан бүх албан тушаалтныг чөлөөлж, томилох харьяа нэгжүүдийн бүтэц зохион байгуулалтад үе шаттайгаар батлах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулсан. Улмаар Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний  Б/390 тоот тушаалаар нэр бүхий 10 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, өөр ажилд сэлгэн томилсон байна. Гааль, Татварын ерөнхий газрын дарга хуулиараа олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулалтын бүтэц орон тоог батлах тухай А/95 дугаар тушаал болон холбогдох бүрэн эрхийнхээ дагуу тушаал гаргасан гэж үзэж байна. Иймээс Ч.Нацагдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Зарим хэсгийг нь хангах боломжтой.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нацагдорж нь шүүхэд Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Улсын байцаагч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/390 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан тушаал буурч ажилласан 5 сарын хугацааны цалингийн зөрүү 1687474 /нэг сая зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар гэсэн Засгийн газрын бие даасан агентлаг болж өөрчлөн зохион байгуулагдсан байх тул хариуцагчийн эрх залгамжлагчаар Гаалийн ерөнхий газар оролцсон болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэд нэхэмжлэгчтэй эвлэрэхээс бусад хариуцагч болон төлөөлөгчийн тусгайлан эдлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр  олгосон байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг түүнд гардуулсан бөгөөд шүүх хуралдаанаас өмнө бичгээр тайлбар ирүүлээгүй нь шүүх хуралдаанд амаар тайлбар гаргах боломжтой, бичгээр гаргах хугацаа шаардлагагүй гэж, нэхэмжлэгчийн зүгээс заавал хариуцагчаас тайлбар шаардахгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амаар гаргасан тайлбарыг сонсож мэтгэлцэх боломжтой гэж тус тус тайлбарласан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг тэмдэглэж байна.  

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Нацагдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Ч.Нацагдорж нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар  Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн ажлаас чөлөөлөгдөж, Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар  томилогдсон байх ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар төрийн тусгай албан тушаалд хамаарч байх тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан төрийн жинхэнэ албан хаагч байна. 

Ч.Нацагдорж нь  Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Улсын байцаагч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/390 дүгээр түүнийг Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас ажлаас чөлөөлж, Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн газарт улсын байцаагчаар томилсон нь үндэслэлгүй гэж маргаж байна. 

Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, өөр албанд шилжүүлэх, ажлаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 22-23 дугаар зүйлд, баталгааг 27 дугаар зүйлд заасан байна.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгааг заасан байх ба 27.2.3.-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэжээ.

Нэхэмжлэгчээс ажлын хариуцлагатай холбоогүйгээр, үндэслэлгүйгээр улсын ахлах байцаагчаас улсын байцаагч болгож албан тушаал бууруулсан гэж маргаж, хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа  гаалийн байгууллагын зохион бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ашиг сонирхлын хуульд нийцүүлэн зарим гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулсан гэж тус тус тайлбарлаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар нэгдэж “Гааль, татварын ерөнхий газар” болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотойгоор Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаалаар  Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталжээ. Уг тушаалын нэгдүгээр заалтаар Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг, гуравдугаар заалтаар тус газрын орон тоо болон гааль, татварын байгууллагын нийт орон тооны хязгаарыг 3102 байхаар тогтоосон байна. 

Сангийн сайдын тушаалыг үндэслэн баталсан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/195 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар  Буянт-Ухаа дахь гаалийн газрын нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх гаалийн хяналт шалгалтын албанд улсын ахлах байцаагчийн орон тоо 6 байхаар заасан бол үүнээс өмнө буюу нэхэмжлэгч Ч.Нацагдоржийг ажиллаж байх үед баталсан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/237 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар баталсан бүтэц, орон тоогоор гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албанд гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч мөн адил 6 орон тоотойгоор ажиллаж байсан байна.  

Эндээс үзвэл Буянт-Ухаа дахь гаалийн газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албанд хамаарч байсан гаалийн хяналт шалгалтын чиг үүрэг нь шинээр байгуулагдсан гаалийн хяналт, шалгалтын албанд хамаарах болсон байх хэдий ч гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагчийн орон тоо өөрчлөгдөөгүй буюу цөөрөөгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-д зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол тул түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар бөгөөд харин орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох зохицуулалттай байх тул нэхэмжлэгч Ч.Нацагдоржийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ч.Нацагдоржийг сэлгэн ажиллуулсан гэж тайлбарласан хэдий ч энэ талаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын эрх зүйн үндэслэл болон заалт хэсэгт дурдагдаагүй байх бөгөөд хэрэв сэлгэн ажиллуулж байгаа бол нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд харилцан тохиролцсоны дагуу тодорхой хугацаагаар ажиллуулах зэрэг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан байхыг шаардах тул энэ тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бол ажлаас чөлөөлж, томилох биш өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргах ёстой байжээ. Гэхдээ өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулж байгаа тохиолдолд албан тушаалын ангилал, зэрэглэл буурах учиргүй бөгөөд өөрөөр хэлбэл адил ангилал, зэрэглэлийн албан тушаалд сэлгэн ажиллуулах ба харин албан тушаал ахиулж эсвэл бууруулж сэлгэн ажиллуулах ёсгүй. 

Нэхэмжлэгч Ч.Нацагдоржийн хувьд гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас улсыг байцаагчийн албан тушаалд албан тушаал бууруулж ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаал бууруулж болно гэсэнтэй нийцээгүй байна.   

Түүнчлэн төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зэрэг ойлголтууд нь утга агуулгын болоод эрх зүйн үндэслэлийн хувьд ялгаатай зохицуулалттай байхад захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхийг зөрчсөн байна гэж дүгнэв. 

Иймд нэхэмжлэгч Ч.Нацагдоржийг албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэлгүй, гаалийн байгууллагын зохион байгуулалтыг бүтцэд өөрчлөлт орсон хэдий түүний ажиллаж байсан ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байх тул түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Улсын байцаагч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/390 дүгээр тушаалын Ч.Нацагдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсантай холбоотой цалингийн зөрүүг олгох нь зүйтэй байна.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Улсын байцаагч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/390 дүгээр тушаалын Ч.Нацагдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү болох 1687474 /нэг сая зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ