Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0702

 

Ч.Нацагдоржийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ч.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 812 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Нацагдоржийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 812 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Улсын байцаагч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/390 дүгээр тушаалын Ч.Нацагдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү болох 1687474 /нэг сая зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна.  Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн  “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэж  Гааль, татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан Сангийн сайдын 2016 оны “Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 03 дугаар тушаал батлагдсан. Зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэр бүхий арван хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж холбогдох албан тушаалд томилсон хэдийгээр 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Буянт-Ухаа гаалийн газрын хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн тоо 6 байхаар тогтоосон боловч орон тооны хувьд илүүдэлтэй байсан. Нэхэмжлэгч Ч.Нацагдорж тус гаалийн газар гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдоод удаагүй хамгийн бага хугацаа буюу 8 сар ажилласан байсан тул тухайн үеийн Гааль, татварын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “.. Хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэх заалтыг үндэслэл болгосон юм. Ч.Нацагдорж дээрх шаардлагыг хангаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харж болно. Ийнхүү анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар “...харин орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох зохицуулалттай” байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.” гэжээ. Гэтэл тус хэсэгт “...албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна.” гэж бичигдсэнийг орхигдуулан дүгнэсэн байгаа юм.  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Агентлагийн даргын бүрэн эрхийг заасан байх ба 8.3.5.-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолд “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ” гэжээ.  Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар, тэтгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно. “Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэжээ. “Шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.  Дээрх хуулийг үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэр дэвшигчийг сонгон томилсон байх тул шүүгч хуулийг дутуу хэрэглэж дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Мөн нотлох баримт хангалттай цуглуулаагүй хэргийг шийдсэн нь шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Нацагдорж нь “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Буянт Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын цалингийн зөрүү 1.687.474 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Улсын байцаагч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/390 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Нацагдоржийг Буянт Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж Гааль, татварын ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт улсын байцаагчаар томилсон байх ба тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэсэн байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж заасан нь агентлагийн даргын ерөнхий эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

 Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг “Гааль, Татварын ерөнхий газар” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбоотойгоор гарсан Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаалыг үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын албаны улсын ахлах байцаагчийн орон тоо 6 байхаар заасан ч өмнөх бүтцээр мөн адил 6 орон тоо байсан тул бүтцийн өөрчлөлтөөр Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын албаны улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрөөгүй байна.

Иймд хариуцагч нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар Ч.Нацагдоржийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд орон тоо нь цөөрөөгүй тул мөн зүйл хэсэгт заасан “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, уг үндэслэлээр Ч.Нацагдоржийг ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулсаныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрхийг нэгтгээд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй, маргаан бүхий захиргааны акт холбогдох хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

     ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР  

     ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН