Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 576

 

Б.М нарт холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 937 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 791 дүгээр магадлалтай, Б.М, Б.Б, М.Н нарт холбогдох 1802005170285 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.М,

 2.Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Алаг адуут овогт Б.Б,

3.Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт М.Н нар нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг зохион байгуулсан, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, М.Н нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг гүйцэтгэсэн, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

шүүгдэгч Б.Б, М.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.М, Б.Б, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 64 хоног, шүүгдэгч Б.Б, Б.Н нарын цагдан хоригдсон 91 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 давхрын галын гидрантын хайрцагнаас хураан авсан 7 ширхэг зип лок түгжээтэй 33.8 грамм жинтэй "Мөс", цагаан өнгийн гуурс, толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэрэг эд мөрийн баримтууд бүхий даавууг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Тоёота кроун” загварын 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.Мт буцаан олгож, шүүгдэгч Б.Бий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М, Б.Б, М.Н нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Баяраа гаргасан гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч Б.Мын үйлдсэн гэх гэмт хэрэг нь баримтаар тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ба анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд нь хууль бусаар халдсан эрүү шүүлт, тулгалт дарамтад өртөн өгсөн мэдүүлгийг үндэслэж, хуулийг буруу хэрэглэж, үйлдэгдсэн хэргийг хэрхэн ямар нотлох баримтаар тогтоогдсон талаар тодорхой үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй.

Б.М нь гэмт хэрэг үйлдээгүй талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн, үүнийг нотолж анхан шатны шүүх хурал дээр холбогдогч Б.Б, М.Н нар нь дарамт шахалт, эрүү шүүлтийн үндсэн дээр буруу мэдүүлэг өгснөө нотлон мэдүүлсэн байгаа. Б.М нь мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглээгүй, биедээ авч яваагүй, хадгалаагүй, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлээгүй, уг гэмт хэргийн оролцогч нартай санаа нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцон, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдан төлөвлөсөн талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байхад ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууринаас, хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байхад сэжиг таамгаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлгийг хууль бусаар зохион бичсэн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ хуульд заасан журмыг зөрчин явуулж, нотлох баримтыг хууль бусаар гаргаж ирсэн, уг нотлох баримт болох хураагдсан бодисын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй орхисон ба шүүх нотлох баримтаар шинжлэн судалсан боловч тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. Иймд Б.Мт холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж, үнэн зөв, бодитой шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Энхтуяа хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Б.Бий жинхэнэ эдлэх ялыг тогтоогоогүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Нарантуяа хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгч М.Н Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх хурал дээр зүйл анги тус бүр дээр 2 жил, нэмж нэгтгээд 4 жил гэж уншсан боловч энэ нь шийтгэх тогтоол болон хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж хүлээж авсан. Миний давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.М, Б.Б, М.Н нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилсны дагуу М.Н, Б.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип-лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгах ажиллагааг бүрэн хийсэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулж, давж заалдах шатны шүүх ялыг нэмж нэгтгүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар буцаасан нь үндэслэлтэй байна.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгээгүйгээс гадна Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 2 жил хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.М, Б.Б, М.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Шүүгдэгч Б.Б, М.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.М, Б.Б, М.Н нарын тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, түүний нотлогдсон байдлын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.М, Б.Б, М.Н нарыг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М, Б.Б, М.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хяналтны шатны шүүх хуралдаанаар хэвээр үлдээсэнтэй холбогдуулан өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан “Б.Мын үйлдсэн гэмт хэрэг нь баримтаар тогтоогдоогүй” гэх гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 791 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч О.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

                                        

                                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН