Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00118

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00118

 

 

УСУГ ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03887 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч УСУГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч З О Ө-ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 83,455,346.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: З О Ө-ХХК-тай 2013 оноос Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 240574 тоот гэрээ байгуулан бөгөөд тус компани 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд усны үйлчилгээний төлбөрийг төлөхгүй, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийн байдлаар 83,455,346,69 төгрөгийн өр төлбөртэй байна. З О Ө-ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг, айл өрхүүдээс дээрх төлбөрийг хураан авсан боловч манай байгууллагад төлөхгүй байна. 2017 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч компани нь үүссэн төлбөрийг зохиомол өр төлбөр, хууль бус эрх зүйн актын үндсэн дээр бий болсон гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн үүссэн өр төлбөртэй холбогдуулан нэхэмжлэгчийн дээд шатны байгууллага болох Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийг хууль бус үнэ тариф тогтоосон хэмээн хариуцагчаар татан 2019 онд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч анхан болон давж заалдах шатны шүүх мөн л тус компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд маргаан эцэслэн шийдэгдсэн тул нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Хариуцагч нь үүсээд байгаа 83,4 сая төгрөгийг зохиомол өр төлбөр, хууль бус эрх зүйн актын үндсэн дээр бий болсон гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэлийг иргэний болон захиргааны хэргийн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан ч бүх шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсээр байхад санаатайгаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж зориудаар өнөөдрийг хүртэл үүссэн өр төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд З О Ө-ХХК-аас хэрэглэсэн цэвэр ус болон татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 83,455,346.69 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 575,226.73 төгрөг, нийт 84,030,573.42 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны 08 тоот Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлага журмыг захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад ...маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй. Уг 08 тоот тогтоолыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн шалтгаан нь дээрх хууль бус захиргааны хэм хэмжээний актын улмаас З О Ө-ХХК тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийн ангилалд орж өндөр үнийн тарифаар Ус сувгийн удирдах газарт үйлчилгээний хөлс төлж зохиомол өр төлбөрт орсон. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор дээрх тарифыг буюу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гэсэн 2 ялгавартай тариф тогтоож үүнийгээ... тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийг зах зээлээс шахах бодлого барьсан... гэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үнэ тарифын албаны дарга н.Гэрэлчулуун, Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга н.Баянзул нар тайлбарладаг бөгөөд тэдэнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний 119 тоот тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 59-67 дугаар зүйл буюу захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн дотоод хэргийн яаманд бүртгүүлж захиргааны хэм хэмжээний акт сэтгүүлд нийтлүүлсний дараа нийтээр дагаж мөрдөх заалтыг үл хэрэглэн хууль бус захиргааны актаар аж ахуйн нэгжийг дарамталж өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид таатай боломж олгож, бусдын ажил үйлчилгээг булаах зорилготой байсан. Иймээс 2019 онд гаргаж байсан нэхэмжлэлээ тодотгон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот тогтоол 2016 оны 02 дугаар сарын 23-ны 08 тоот тогтоолууд үйлчилж байхдаа захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох гэж тодотгож, дахин Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 2682 шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15907 тоот захирамжид заасан нөхцөл байдал хэвээр хадгалагдаж буйг харуулж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З О Ө-ХХК-иас 83,455,346.69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УСУГорон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 575,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 575,226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус захиргааны актаар үүссэн өр төлбөрийг гэрээний маргаан гэж үзэж шийдвэрээ гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын мэтгэлцээнээс үзэхэд уг маргаан 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийн маргаан буюу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т заасан хэрэглэгч, 3.1.14-т заасан хангагч хоёрын хооронд үүссэн гэрээний үүргийн маргаан байна. Харин УСУГ, З О Ө-ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс -05-ны өдөр 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнүүд нь дээрхи хуулийн 3.1.14-т заасан тусгай зөвшөөрөл бүхий 2 компанийн хооронд буюу хангагч хоёр байгууллагын байгуулсан огт өөр агуулгатай гэрээнүүд гэдгийг анхааралгүй нь 2013 оны гэрээний үргэлжлэл 2016, 2020 онуудын гэрээ мэтээр шүүхийн шийдвэр үндэслэх хэсэгт дурдсан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Учир нь нэхэмжлэгч тал гэрээний хоёр тал ижил нэртэй байгааг ашиглан шүүхэд 2013 оны Хэрэглэгч, Хангагч хоёрын гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр З О Ө-ХХК нь ХСУХАТАҮ Зохицуулах Зөвлөлөөс тусгай зөвшөөрөл аван дээрхи хуулийн 3.1.14-т заасан хангагч байгууллага болсны дараа УСУГ-тай хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 05, 2020 оны 03 дугаар сарын 01-ний гэрээнүүдийн үргэлжлэл мэт харуулахыг оролджээ. Гэтэл энэ хоёр гэрээ нь З О Ө-ХХК тусгай зөвшөөрлөө аван хангагч байгууллага" болгон өөр үүрэг өөр хариуцлагатай болсон үед хийгдсэн бөгөөд хангагч байгууллага болж тусгай зөвшөөрлөө авснаас хойш нэг ч удаа өр төлбөр гаргаж байгаагүйг хэрэгт авагдсан нотлох баримтууд харуулж байна.

УСУГ2019 оны 09 дүгээр сарын 01-нд гэрээний шаардлага гарах хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ20196/15907 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг анзаараагүй. Нэхэмжлэгч тал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хангагч хэрэглэгчийн хооронд үүссэн гэрээний үүргийн маргаанаа хуулийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлд гарган шийдвэрлүүлэх боломжтой байхад 2020 оны 3 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.4, 79 дүгээр зүйлийн 79.5, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтуудтай зөрчилдөж байна.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Захиргааны хэргийн шүүхүүдийн шийдвэр, магадлал, тогтоолыг уншиж судлаагүй өнгөц дүгнэлт хийжээ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 23, 44 дүгээр тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж дүгнээгүй. Дээрх тогтоолууд нэгэнт хүчингүй болчихсон, үйлчлэл нь дуусчихсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны хэм хэмжээний актын тухай 119 дүгээр тогтоол болон Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4 дэх заалтыг Монгол Улсын шүүх хэрэглэж болохгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч УСУГОНӨААТҮГ нь хариуцагч З О Ө-ХХК-д холбогдуулан 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 83,455,346.69 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...манай компанийг дээрх хугацаанд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан болохыг мэдсээр атлаа цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж, өндөр тарифаар төлбөрийг бодсоныг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх 56, 132, 133/

4. Шүүх зохигчдын тайлбарыг үнэлэн хариуцагчийг 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны цэвэр ус ашигласны болох бохир ус татан зайлуулсны төлбөрийг хэрэглэгчдээс Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2014 оны 23, 2015 оны 44 дүгээр тогтоолоор баталж тогтоосон тарифын дагуу хураан авсан атлаа уг төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагч З О Ө-ХХК-аас УСУГОНӨААТҮГ, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөл-д тус тус холбогдуулан гаргасан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болсон зохиомол өр төлбөр буюу илүү төлсөн зөрүү болох 46,943,404.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 867 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01187 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 28-40/

Талуудын маргааны зүйл болж буй зохиомол өр үүссэн эсэх асуудлаар өмнө маргаан үүсч шийдвэрлэгдсэн Улсын дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01187 дугаартай тогтоолд энэ хэргийн хүрээнд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс 23, 44 дүгээр тогтоолын дагуу тарифыг нэмэгдүүлснээс 2015 оны 4, 10 дугаар сар, 2016 оны 3, 4, 7, 8, 9 дүгээр сарын хугацаанд үүссэн цэвэр, бохир усны суурь үнийн зөрүү болох 17,329,110 төгрөг байгааг тогтоосон, зохицуулах зөвлөл нь төлбөрийг хасах, өөрчлөх эрх бүхий этгээд биш болох талаар дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс үнэ тарифын зөрүү дээрх хугацаанд үүссэн талаар дүгнэсэн байна. Иймд хариуцагчийн татгалзалд дурьдсан үнэ тарифын зөрүү гарсан гэх тайлбараас 17,329,110 төгрөгийг хасч тооцох хэсэг үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлээс уг хэсгийг хасч, үлдэх 66,126,236 төгрөгийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03887 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 83,455,346.69 гэснийг 66,126,236 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 17,329,110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 575,226 төгрөгийг гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 488,581 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 575,226 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЦОГТСАЙХАН