Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2022/00085

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00085

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02879 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-тт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г, өмгөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К б - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2016/01583 тоот захирамжаар С.Гын эзэмшлийн Вуанвууд ХХК-аас 284,294,000 төгрөгийг гаргуулахаар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00433 тоот захирамжаар иргэн С.Гоос 323,536,929 төгрөг гаргуулахаар болж тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр авагч К б - ХХК-ийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020355 дугаартай, 2742,23 м.кв талбайтай, контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлүүдийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч С.Гын зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 7,600,000,000 төгрөг болохыг тодорхойлж үнийн санал хүргүүлсэн. Гэвч төлбөр авагч болон төлбөр төлөгч нар нь үнийн санал дээр тохиролцоогүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсноор үл хөдлөх эд хөрөнгийг 10,991 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 1,905,690,000 төгрөг хэмээн үнэлжээ. Үнэлгээний компанийг сонгох процесст төлбөр авагч болон төлбөр төлөгч нарыг оролцуулах ёстой байсан ч оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний компанийг хэрхэн яаж сонгосон нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан эрхийг нь зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх тогтоолоо талуудад танилцуулаагүй, дураараа үнэлгээ хийлгүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний компанийн талаар танилцуулаагүй тул үнэлгээ хийсэн компанитай ашиг сонирхлын зөрчилтэй байхыг үгүйсгэхгүй байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд байрладаг 10,99 м.кв газар нь хотын дахин төлөвлөлтөд хамаарагдсан, хотын А ангилалд хамаардаг, барилгын компаниуд асар их сонирхож, төрөл бүрийн санал тавьдаг ирээдүйд үнэ цэнэ нь асар их өсөх магадлалтай боловч үнэлгээний компани зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Иймд Сонгинохайрхан дүүрэг, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201020355 дугаартай, 2742,23 м.кв талбайтай, контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,991 м.кв газрын хамт 1,905,690,000 төгрөг хэмээн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Г 7,600,000,000 төгрөгөөр, Капитран банк ХХК-иас тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй, мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж 2020 оны 09 дүгээр сарын 14-нд талуудад утсаар шинжээчийн тогтоолыг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд харилцан тохиролцоогүй хөрөнгийн үнэлгээ тогтоох асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан бөгөөд шинжээчийн тогтоолыг талуудад танилцуулах мэдэгдэх үүрэг хүлээлгээгүй боловч төлбөр төлөгч С.Год утсаар мэдэгдсэн. Шинжээч 1,905,690,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон үнэлгээг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-220/34259, 4-220/34260 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь тус банканд компани болон хувь хүний хувьд төлбөр төлөх ёстой. Төлбөр төлсөн гэж яриад байгаа боловч өмнө нь төлсөн буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлж байсан төлбөр юм. Сүүлд шүүхээс Хос стандарт ХХК-ийг томилсон. Томилохдоо тухайн маргааны зүйл буюу газрын дээрх буюу үл хөдлөх эд хөрөнгийн доторх тоног төхөөрөмжийг үнэлүүлэхээр шийдвэр гарсан. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар захирамжаар С.Гын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах контор, агуулах, гарааш, уурын зуухны зориулалттай, 2742.23 м.кв талбайтай, дөрвөн үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201009807 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн хашаанд байрлах 11.000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсан учраас сүүлд томилсон үнэлгээний компанийн үнэлгээ нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Гын НШШГГ-тт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай, 2742м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201009807 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн хашаанд байрлах 11,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн хандлагаар 2742.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 652,144,200 төгрөг, 10.991 м.кв талбай бүхий газрыг 624,007,200 төгрөгөөр, зах зээлийн хандлагаар үнэлэхдээ 2742.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1м.кв талбайг 695,000 төгрөгөөр тооцож нийт 1,905,690,000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж дүгнэсэн боловч 10.991 м.кв талбай бүхий газрыг огт үнэлээгүй. Мөн шинжээч нь өмчлөгчөөс тодорхой мэдээлэл авалгүйгээр үнэлэгдэж буй хөрөнгөөс харьцангуй алслагдмал, ашиггүй байрлалтай газартай харьцуулсан байдгаас гадна хөрөнгийн үнэлгээг гаргахдаа орлогын хандлагыг огт ашиглаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон Хос стандарт ХХК нь нэхэмжлэгч С.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дээр суурилагдсан эрхийн бүртгэлийн Ү-2201026929 дугаартай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 237,340,000 төгрөгөөр үнэлсэн, шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийг шилжүүлэхэд хүндрэлтэй гэх дүгнэлтээр хариуцагчийн томилсон шинжээч Мөнх оргил трейд ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангийн 13 дугаар зүйлийн 2.2-д Тухайн үл хөдлөх хөрөнгө нь харилцагчийн бизнес бусад хөрөнгөөс үл шалтгаалан тусдаа арилжаалагдах боломжтой гэж үзлээ гэх дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогддог.

Шинжээч Мөнх оргил трейд ХХК нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2201026929 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Наран \18140\, баянхошуу гудамж, 28 тоот хаягт байрлалтай 125 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай суурилагдсан, цогцолбор тоног төхөөрөмжийг үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох байдлаар суурилагдсан байдаг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр бусад хөрөнгөөс үл шалтгаалан тусдаа арилжаалагдах боломжтой гэх дүгнэлт нь үндэслэлгүй.

5.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2016/01583 тоот захирамжаар 284,294,000 төгрөгийг Вуанвууд" ХХК-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2201026929 дугаартай 125 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай суурилагдсан, цогцолбор тоног төхөөрөмжөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу ажиллагаа явагдаж байгаа атал шүүх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч С.Г нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 184/ШШ2017/00433 дугаартай захирамж хүчин төгөлдөр болсноос хойш өөрийн эзэмшлийн К б - ХХК-ийн 3053004605 тоот данснаас мөн банкны 3053012334 тоот, 3097000187 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл нийт 191,500,000 төгрөгийг төлсөн атал хариуцагч нь төлбөрт тооцож төлсөн төлбөрөөс хасч шийдвэрлээгүй, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 20390537Ю7 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргийг танилцуулж байгаагүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын талаар хариу тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын хариу тайлбарын агуулга: Мөнх оргил трейд ХХК-ийн гаргасан үнэлгээнд тухайн газрын үнэлгээний талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа тул энэ тухай гомдолд дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хяналаа.

Нэхэмжлэгч С.Гын гаргасан давж заалдах гомдлыг буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч НШШГГ-тт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2017/04872 дугаар захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч НШШГГ-т нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох С.Гын өмчлөл, эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай, 2742 м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201009807 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн хашаанд байрлах 11,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг тохироогүйн улмаас шинжээч томилсон үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ. /хх-76, 80, 84-85/

Дээрх ажиллагааны талаар зохигчид маргаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон шинжээчийн үнэлгээ нь маргааны зүйл болсон байна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Мөнх Оргил трейд ХХК нь шүүхийн гүйцэтгэх хуудаст заасан хөрөнгөнд үнэлгээ хийхдээ зах зээлийн болон өртгийн аргыг ашигласан нь буруу биш боловч тухайн үл хөдлөх хөрөнгөөс салгаж үл болох тоног төхөөрөмжийн үнэ цэнийг үнэлгээнд оруулж тооцоогүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн бодит үнэ тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон Хос стандарт ХХК нь дээрх хөрөнгийн зарим хэсэг болох Сонгинохайрхан/ дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошуу гудамж, 28 тоотод байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмжийг 237,340,000 төгрөгөөр үнэлсэн байх ба дүгнэлтдээ уг тоног төхөөрөмжийг задлаж, салгах боломжгүй, газарт суурилагдсан, хүнд жинтэй талаар тусгасан байна. /хх 194-206/

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан бөгөөд газраас салгаж үл болох шинжтэй, салгавал тухайн зүйлийн зориулалт алдагдах тоног төхөөрөмжийн үнэлгээ хөрөнгийн нийт үнэлгээнд ороогүй болох нь дээрх баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгийг бусад байрлал, хийцийн хувьд адил төстэй объектуудтай харьцуулахаас гадна тухайн хөрөнгийн бүрдэлд багтаж байгаа буюу салгаж үл болох хөрөнгүүд үнэ цэнэ бүхий байх тохиолдолд заавал үнэлэх шаардлагатай. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Гомдолд заагдсан тоног төхөөрөмж барьцаалагдсан гэх /5.2/, төлбөрөөс төлөгдсөн гэх /5.3/ тайлбарууд нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул эдгээр гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хүрээнд нэхэмжлэлийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02879 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай, 2742 м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201009807 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн хашаанд байрлах 11,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 1,905,690,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Год олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Д.ЦОГТСАЙХАН