Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 266

 

С.Ч-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн

 бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд С.Ч-ыг эгүүлэн тогтоохыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0235 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0308 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0235 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ч-ыг урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0308 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ч-ыг урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-ын “Төрийн албаны зөвлөлийн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.       

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох иргэн С.Ч-ын нэхэмжлэлтэй “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлсэн тогтоолгох” захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 221/МА2019/0308 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байсан С.Ч-ыг өөр ажилд шилжин ажиллахаар болсон тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “С.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/110 дугаар тушаалаар чөлөөлсөн. С.Ч-ыг ажлаас чөлөөлөхдөө өөртэй нь тохиролцон өөр ажилд шилжих болсноос үүдэн чөлөөлж байгааг тушаалын 1 дэх хэсэгт заасан. Гэвч бичилтийн алдаа гарч тушаалын тэмдэглэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг заасан байдаг. Учир нь нэхэмжлэгч С.Ч нь өөр ажилд шилжин ажиллахаар болж, 8 сарын 06-ны өдрөөс буюу тушаал гарахаас өмнө тухайн үеийн удирдлагуудтай тохиролцон, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ярилцан, сонсох ажиллагаа хийгдсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар яамны хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд чиглэл өгөхөөс өмнө С.Ч нь өөрөө тушаалын төслөө боловсруулах, тушаалыг яаралтай гаргуулахаар шаардаж, шавдуулсан байдаг нь холбогдох албан хаагчдын хэлснээр нотлогддог. Энэ талаар түүний Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг яамны салбар зөвлөлд шилжүүлэн шалгах явцад Яамны хүний нөөцийн мэргэжилтэн Ш.Сарантуяа, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Т.Ням-Очир, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын бичиж өгсөн тайлбар, мэдээллээс харагддаг. Хүний нөөцийн мэргэжилтэн Ш.Сарантуяа “Дарга нар эхэлж чиглэл өгөөгүй байхад өөрөө тушаалаа гаргуулахаар шаардсан, удирдлагаас тодруулахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуульд шилжих гэж байгаа” гэсэн гэж тайлбар өгсөн байна.

5. Мөн Тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очироос тайлбар авахад “биечлэн уулзаж өөр ажилд шилжүүлэн ажиллуулах санал тавихад өөрөө зөвшөөрсөн” гэж 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр бичгээр тайлбар өгч, дараагийн ажилд томилуулахаар МУБИС-ын захиралтай уулзуулсан” гэсэн байдаг. Нэхэмжлэгч С.Ч нь удирдлагуудтай тохиролцсон өдрөө буюу 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Захиргаанд хандан “одоо эрхэлж байгаа ажил буюу тус сургуулийн нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллуулж өгнө үү" гэж өргөдөл гаргасан байдаг. Тиймээс ч Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “С.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/110 дугаар тушаалын тэмдэглэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь хэсэг” гэж захиргааны актын бичилтийн алдаа гарсан шинжтэй байх тул харилцан тохиролцож, харъяа байгууллагад шилжүүлэхтэй холбоотойгоор холбогдох хуулийн заалтыг үндэслэх хэсэгт оруулах буюу тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан гомдлыг хянан шалгаж, дүгнэлт гаргах комисс гаргасан.

6. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар С.Ч-ын гомдлыг хянан шийдвэрлэж, “Маргаан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай” 04 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолоор “Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалын үндэслэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь хэсэг” гэснийг “22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг" гэж өөрчлөн, “Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай" А/139 дүгээр тушаалаар батлагдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэрэг хөтлөх журам”-ын 5.7 дахь хэсэг гэснийг хасч тушаалд зохих өөрчлөлт оруулахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгаж” шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн Б/166 дугаар “Тушаалын үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай” тушаал гарч, зохих өөрчлөлтийг оруулсан.

7. Учир нь нэхэмжлэгч С.Ч-ыг яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай тохиролцож, зөвшөөрөн, өөрийнх нь 2018 оны 08 сарын 03-нд гаргасан бичгэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажиллуулах тухай” Б/167 дугаар тушаалаар тус сургуулийн “Нийтлэг үйлчилгээний албаны дарга”-ын албан тушаалд томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл тус албан тушаалд ажиллаж байгаа болно.

8. Иймд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  1. Дээр дурьдсан албан тушаалтнуудын тайлбар, мэдээллээр С.Ч нь тушаалаа гаргуулахаар удаа дараа шаардсан, удирдлагуудтай тохиролцсон өдрөө буюу 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Захиргаанд хандан өргөдөл гаргасан байтал шүүх “төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй” гэж удаа дараа буруу дүгнэсэн. 2. Шүүхээс 2019 оны 01 сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасан 44.1 дэх хэсгийн зааж, түүний тайлбар ёсоор “... Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гээд Боловсролын их сургуулийн захирлын “Нийтлэг үйлчилгээний албаны дарга”-ын албан тушаалд нэхэмжлэгчийн онцгой мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлага, онц түвэгтэй даалгавар биелүүлэх шаардлага байгаагүй гэж дүгнэсэн. Дээрх маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар буюу 2002 оноос 2018 оны хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулагдахыг анхан шатны болон давж заалдах шатны шүүх анхаараагүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна.

9. Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох иргэн С.Ч-ын нэхэмжлэлтэй “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0235 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 221/МА2019/0308 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч С.Ч нь “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргаагүй байхад хүчээр, худлаа тушаал гаргасан, ...Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолд хамааралгүй зүйл, заалтыг үндэслэсэн” гэж маргасан байна.

12. Маргаан бүхий, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар ...,Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт,...ыг баримтлан, “өөр ажилд томилогдох болсонтой нь холбогдуулж” гэсэн үндэслэлээр Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Ч-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

13. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын Б/110 дугаар тушаалын үндэслэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь” гэснийг “22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг” гэж, тушаалд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/166 дугаар тушаалаар, маргаан бүхий Б/110 дугаар тушаалд зохих өөрчлөлтийг оруулсан байна.

14. Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагаас “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцжээ.

15. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр, 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж тус тус заасан.

16. Хуулийн дээрх зохицуулалтын “өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, “албан ажлын зайлшгүй шаардлага гарсны улмаас төрийн албан хаагчийг түүнтэй тохиролцож” гэдгийг албан тушаалтны аливаа шахалт шаардлага, зүй бус хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр төрийн албан хаагч нь өөрийнхөө хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах, мөн харилцан тохиролцож өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг ойлгоно.

17. Хариуцагчийн гаргасан “...С.Ч нь тушаалаа гаргуулахаар удаа дараа шаардсан, удирдлагуудтай тохиролцсон өдрөө буюу 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захиргаанд хандан өргөдөл гаргасан байтал шүүх “төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй” гэж удаа дараа буруу дүгнэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

18. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч С.Ч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй, мөн хариуцагчаас “нэхэмжлэгч нь тухайн үед ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсоныг үндэслэж Монгол Улсын Боловсролын Их Сургуульд шилжүүлж ажиллуулсан” гэж тайлбарладаг, гэвч энэ үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, тохиролцсон болох нь С.Ч-ын тус сургуулийн захиргаанд хандан ажилд орохыг хүсч гаргасан өргөдөл, одоо тус сургуульд ажиллаж буй зэргээр нотлогдоно гэх боловч эдгээрийг хуульд заасны дагуу, албан ажлын зайлшгүй шаардлага гарч, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлснийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

19. Иймд нэхэмжлэгч С.Ч-ыг дээрх байдлаар албан тушаалаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн талаар 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв байна. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь хуульд нийцжээ.

20. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан, “Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, тус Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 04 дүгээр тогтоолоор маргаан бүхий Б/110 дугаар тушаалын үндэслэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалтыг өөрчлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/166 дугаар тушаалаар зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.

21. Нэхэмжлэгчээс Төрийн нарийн бичгийн даргын Б/166 дугаар тушаалтай маргаагүй, давж заалдах шатны шүүхээс Салбар зөвлөлийн 04 дүгээр тогтоолыг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу маргаан бүхий актыг хянасан шийдвэр гэж үзэж, тухайн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, иймд нэхэмжлэлийн энэ үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

22. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0308 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА