Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2022/00003

 

*******гийн нэхэмжлэлтэй хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн /цахимаар/ шүүх хуралдаанаар:

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 138/ШШ2021/00705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 26 003 148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор Х.Насанжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******г Д.Очирсүмбэр, Д.Нямдорж, У.Алтанцэцэг нартай бүлэглэн 2016 оны 12 сарын 07-ны өдөр ашиг олох мөлжих зорилгоор 18 насанд хүрээгүй *******г хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрээс хулгайлан элсүүлж, улмаар Баянзүрх дүүргийн 28-р хороо 45-р гудамжны 1594 тоотод орогнуулсан. Мөн 18 насанд хүрээгүй *******г ашиг олох бэлгийн мөлжлөгийн зорилгоор 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэн дамжуулж, бусдад биеийг нь үнэлүүлж, бүлэглэн худалдаалсан. Мөн Д.Нямдоржтой бүлэглэн 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 сарын 16-ны өдрийн хооронд 18 насанд хүрээгүй *******г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдал болон эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан Улсын ерөнхий прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн 201725010838 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, 2020/ШЦТ/234 дугаартай тогтоолоор *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.23-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд, 2020/ДШМ/559 дугаартай магадлалын 1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд *******д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай гэж өөрчлөлт оруулж, 4 дэх заалтаараа *******г 126 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласан. Улсын дээд шүүх 2020 оны 07 сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 412 дугаартай тогтоолоор тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн. Одоо тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. ...ЭХШХШТ хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 1.5-д заасан ял оногдуулсан, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан үндэслэл тогтоогдож байгаа тул

- Эд хөрөнгийн хохиролд ЭХШХШТ хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг үндэслэн амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого цагдан хоригдсон 126 хоногийн 2017.10.30-аас 2017.12.03 хүртэл хоригдсон 38 хоногийг тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр тооцон /240 000 /21.5 хоног = нэг өдрийн 11 162 * 38 хоног/ 424 156 төгрөг, 2020.02.07-оос 2020.05.05 хүртэл хоригдсон 88 хоногийг тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгөөр тооцон /420 000 /21.5 хоног = нэг өдрийн 19 534 * 88 хоног/ 1 718 992 төгрөг, нийт 2 143 148 төгрөг,

- Эд хөрөнгийн хохиролд ЭХШХШТ хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-г үндэслэн баримтаар нотлогдож байгаа хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 10 000 000 төгрөг,

- Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.2, ЭХШХШТ хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөрдөн шалгагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон 33 сарын хугацаанд орон гэрээсээ хол, өөрийн болон нутаг орныхоо нэр төрийг алдагдуулж, өөрөө болон эцэг эх, гэр бүлийнхэн нь сэтгэлдээ үргэлж айдас түгшүүртэй, нойр хагас, сэтгэл санааны дарамтанд орж, нутаг орныхон, гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан, инээд хөөртэй байх боломжийг алдсанаа баримтаар нотлон энэ миний сэтгэл санааны өвдөлт зовиур гэж үзүүлж болохгүй байгаа ч сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлоо одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг, 33 сараар тооцон тодорхойлж, 13 860 000 төгрөг, нийт 26 003 148 төгрөгийг Иргэний хуулийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг баримтлан төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хууль бусаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон учраас өөрт учирсан хохирлоо төрөөс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Мөн тус хуулийн 48.8.4-т заасан хугацаанд гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд ИХШХШТХ-ийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******гийн холбогдсон хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2020/ДШМ/559 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өмгөөллийн хөлс, цагдан хоригдсон болон сэтгэл санааны хохиролд нийт 26 003 148 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нэг өдөр цагдан хоригдсон хоног болон сэтгэл санааны хохирлоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа бөгөөд энэ үнэлгээг юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх тул шийдвэрлэх боломжгүй юм. Мөн Улсын дээд шүүхийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар гаргасан зөвлөмжид ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртайг анхаарах шаардлагатай. Ихэнх тохиолдолд сарын хөдөлмөрийн хөлсийг 30 хоногт хувааж, нэг өдрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг тооцож байгаа нь хүсэлт гаргагчийн эрх ашигт хохиролтой болохыг анхаарах нь зүйтэй. Иймд нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг сарын 30 хоногт биш, харин нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцэх юм гэсэн зөвлөмж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг бэлэн тушааж баримт үйлдсэн байгаа нь төлбөр төлсөн гэдгийг хангалттай нотлохгүй, эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Тус хуулийн 40.2-т нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зохицуулсан. Иймд миний гаргасан тайлбарууд 40.2-т заасан заалттай нийцэж байгаа. Үүнээс гадна нэхэмжлэгч мөрдөгч, прокурор хууль бус ажиллагаа явуулаагүй, би энэ тухай тайлбартаа яриагүй гэж хэлсэн хирнээ Улсын дээд шүүхийн тайлбартай холбогдуулж, өөрийн гаргасан уг тайлбараа үгүйсгэж яриад байна. Сэтгэл санааны хохирлын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өөрийнхөө сэтгэл санааны хохирлын талаар бус эцэг эх, гэр бүл, нутаг орныхоо хүмүүст учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа мэт агуулгатай бичсэн учраас уг нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж тайлбараа гаргаж байна. Иймд ИХШХШТХ-ийн 155.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэжээ.

Прокурор Х.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* өөрийн сэтгэл санаанд учирсан хохиролд 13 860 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 10 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 2 143 148 төгрөг, нийт 26 003 148 төгрөгийг Засгийн газрын нөөцийн сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж заасан, энэ хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4-т Эдийн бус сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан. Мөн Иргэний хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг. Үүнээс гадна энэ тухай Иргэний хуулийн 511.1-т эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхээр зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тайлбартаа намайг эрүүгийн хэрэгт үндэслэлгүйгээр шалгасан, шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан зэрэгт миний сэтгэл санаанд хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбараа нотлох баримтаар өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч сэтгэл санаанд учирсан гэх 13 860 000 төгрөгийн хохирлоо баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байгаа учраас сэтгэл санаанд учирсан хохирол болох 13 860 000 төгрөгийг олгох үндэслэл байхгүй. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч гэрээтэй холбоотой тухайн мөнгө шилжсэн эсэх нь эргэлзээтэй байна. Мөн Очирсүмбэр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааг хуулиар олгосон эрх, үүргийн дагуу хэрэгжүүлсэн. Ингээд анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн өөрийн дотоод итгэлээр тус хэргийг шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, хилсээр ямар нэгэн үндэслэлгүй зүйлээр шалгасан, шалгах үедээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Мөн тухайн хэрэгт шалгагдаж байсан этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан үндэслэлээр буюу нотлох баримтад эргэлзээ төрсөн гэх үндэслэлээр тухайн үед яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Түүнээс биш энэ хүнийг илт хууль бусаар шалгасан зүйл байхгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Гүндсамба шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний хувьд хууль, дүрэм журмаа дагаад мөнгө нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөнгө нэхэмжилсэн нь буруу гэж дүгнэлээ гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 12 215 381,5 /арван хоёр сая хоёр зуун арван таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 787 766,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 13 860 000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч 33 сар буюу 2 жил 6 сар 18 хоногийн хугацаанд цагдаа прокурор, шүүхийн үүдийг сахиж гэр орноосоо хол байх энэ хугацаанд таатай байсан гэж хэн ч дүгнэхгүй. Тэр ч бүү хэл хорих 409 дүгээр ангид эрхээ хязгаарлуулсан хүний сэтгэл зүй яаж тогтвортой байх юм бэ. Үүнийг баримтаар нотлох боломжгүй гэж тайлбарлаж тухайн учирсан бодит хохиролд холбогдох баримтаа гаргаж өгөөгүй нотлоогүй байна.

Түүнчлэн сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 13 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн гэж үзсэн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлийн хувьд:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасан Эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэдгийг дурдсан атал сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй гэж зөрүүтэй тайлбарласан байдлыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

НҮБ-ын Ерөнхий  Ассамблейн 1966.12.16-ны өдрийн 2200А тогтоолоор батлагдаж, Монгол улс 1974.11.18-ны өдөр нэгдэн орсон Иргэний болон улс төрийн олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй бол энэхүү пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох бусад хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ авах,

мөн зүйлийн 3 дахь хэсгийн А-д энэхүү пактаар хүлээн зөвшөөрөгдсөн аливаа хүнийг, ийм зөрчлийг албан үүргээ гүйцэтгэж байсан этгээд үйлдсэн байсан ч үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар хангах үүрэгтэй,

Б-д шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх үүргийг хүлээлгэж,

5 дугаар зүйлд хууль бусаар баривчлагдсан эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй,

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй гэж заасан байна.

Харин олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн дээрх эрхийг баталгаатай эдлүүлэх зорилгоор Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй хэмээн хуульчилсан, олон улсын гэрээ, үндсэн хуулийн эдгээр зохицуулалтын дагуу хууль тогтоогчийн батлан гаргасан хэм хэмжээний нэг хэсэг нь 2002 онд батлан гаргасан Иргэний хууль билээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зөрчигдсөн эрхээ сэргээлгэх субьектив эрхийг хуульчилсан бол мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5-д эдийн бус гэм хорыг арилгуулах замаар эрх зүйн харилцаанд оролцогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжийг хуульчилсан байдаг.

Дээрх хууль тогтоомжууд дахь хувь хүнд учирсан хохирлыг арилгах тухай ойлголт нь эдийн хохирлоос гадна тухайн этгээдэд учирсан эдийн бус хохирлыг арилгах тухай өргөн ойлголт болохыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлд мөн тодорхойлсон. Харин хувь хүнд учирсан эдийн бус хохирол гэдэгт хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлоос гадна сэтгэл санаанд учирсан хохирол багтдаг болохыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т хуульчилсан байна.

ЭХХШТХ-ийн 45.4 дүгээр зүйлийн 1-т Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана., Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж хуульчилсан ба мөн хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах талаар зохицуулсан, сэтгэл санааны үр дагаварыг мөнгөн хэлбэрээр арилгах талаар хуулийн энэ хэсэгт шууд зохицуулаагүй хэдий ч 511.2-т ...сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох... талаар хуульчилснаас үзвэл сэтгэл санааны үр дагаврыг иргэний эрх зүйн хамгаалалтын обьект мөн гэж үзэж улмаар мөнгөн хэлбэрээр арилгах боломжтой гэж үзэж, мөнгөн хэлбэрээр арилгаж болохоор байна.

Нөгөө талаас бие хүн гэдэг ойлголтод тухайн этгээдийн бие махбодоос гадна хувь хүний сэтгэл санаанд учирсан гэм хорыг ойлгох нь зүйтэй. Тиймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т дурдагдсан хувь хүний сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах боломж эрх зүйн хувьд байхгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан, харин хуульд мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар хуульчлаагүй гэж үзэх нь учир дутагдалтай.

Учир нь дээр дурдсан сэтгэл санаанд учирсан үр дагаврыг эдийн бус гэм хорд хамруулан авч үзэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгаж буй нөхцөлд эдийн бус хохирлын нэг хэсэг болох сэтгэл санаанд учирсан үр дагаврыг эрх зүйн хувьд мөнгөн хэлбэрээс өөр хэлбэрээр арилгах боломжгүй нөхцөлд хуульд тусгайлан заагаагүй гэж үзэж иргэний эрх зүйн хамгаалалтыг үгүйгэх, шаардах эрхгүй хэмээн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, ЭХХШТХ-ийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субьектив эрхийг хязгаарлах нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг нөхөн хэрэглэх хууль хэрэглээний зарчимтай нийцэхгүй, мөн хүний сэтгэл санаанд учирсан үр дагаварыг мөнгөн хэлбэрээр арилгах хуулийн зохицуулалт байхгүй гэж үзэж холбогдох этгээдэд олгосон субьектив эрхийг үгүйсгэх нь ИХХШТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасантай зөрчилдөх юм.

Иймд нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгуулах хууль зүйн үндэслэлтэй.

2. Хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн үндэслэлийн хувьд:

Шүүх Нэхэмжлэгчийн төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 13 860 000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч 33 сар буюу 2 жил 6 сар 18 хоногийн хугацаанд цагдаа прокурор, шүүхийн үүдийг сахиж гэр орноосоо хол байх энэ хугацаанд таатай байсан гэж хэн ч дүгнэхгүй. Тэр ч бүү хэл хорих 409 дүгээр ангид эрхээ хязгаарлуулсан хүний сэтгэл зүй яаж тогтвортой байх юм бэ. Үүнийг баримтаар нотлох боломжгүй гэж тайлбарлаж тухайн учирсан бодит хохиролд холбогдох баримтаа гаргаж өгөөгүй нотлоогүй байна. гэж үзэхдээ хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол магадлалд заасан нэхэмжлэгчийг 2017 оны 10 сараас хойш яллагдагчаар татагдан шүүхээр эцэслэн шийдвэрлэх 2020 оны 7 сарын 10-ны өдрийг хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улаанбаатар хотод оролцсон, хэрэг шалгагдах явцад түүний байнга оршин суух хаяг нь Дорнод аймаг, Дашбалбар сум, яллагдагчаар хорих 461-р ангид цагдан хоригдсон хугацааг шийтгэх тогтоолоос, шүүгдэгч ял шийтгүүлж хорих 409-р ангид цагдан хоригдсон болохыг магадлалаас дүгнэх боломжтой, хэрэгт нотлох баримт авагдсан байхад сэтгэл санаанд ямар нэг үр дагавар үүсээгүй, нотлох баримтгүй гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрт учирсан сэтгэл санааны үр дагаврыг арилгах хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч 33 сарын хугацаанд орон гэрээсээ хол, өөрийн болон нутаг орныхоо нэрийг алдагдуулж, өөрөө болон эцэг, эх, гэр бүлийнхэн нь сэтгэлдээ үргэлж айдас түгшүүртэй, нойр хагас, сэтгэлээр өвдөж, сэтгэл санааны дарамтанд орж нутаг орныхон, гэр бүлийнхэнтэйтээ халуун дулаан, инээд хөөртэй байх боломжийг алдсанаа баримтаар нотлон энэ миний сэтгэл санааны өвдөлт, зовиур гэж үзүүлж болохгүй байгаа ч сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлоо одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгийг 33 сараар тооцон 13 860 000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлэх учиртай. Иймд яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон этгээдийн нас, нийгэм дэх байр суурь, зан суртахууны төлөвшил, өнгөрсөн цаг хугацааны хүчин зүйл, сэтгэл санааны үр дагаврыг арилгах мөнгөн дүнг тодорхойлсон тухайн этгээдийн үнэлэмж зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны үр дагаварыг арилгах мөнгөн дүнг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу *******гийн нэхэмжлэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 26 003 148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хууль бусаар цагдан хоригдсон 126 хоногийн 38 хоногийг тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр тооцон 424 156 төгрөг, 88 хоногийг тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгөөр тооцон 1 718 992 төгрөг, нийт 2 143 148 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 13 860 000 төгрөг, нийт 26 003 148 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар нэхэмжилснийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хууль бусаар 126 хоног цагдан хоригдсон; хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид хөлс төлсөн; эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон 33 сарын хугацаанд ...сэтгэл санааны дарамтанд орж, нутаг орныхон, гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан, инээд хөөртэй байх боломжоо алдаж сэтгэл санаагаар хохирсон гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... нэхэмжлэгч нэг өдөр цагдан хоригдсон хоног болон сэтгэл санааны хохирлоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа бөгөөд энэ үнэлгээг юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй; хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг бэлэн тушааж баримт үйлдсэн байгаа нь төлбөр төлсөн гэдгийг хангалттай нотлохгүй, эргэлзээ төрүүлж байна; сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар: Улсын Ерөнхий прокурорын газраас *******г Д.Очирсүмбэр, Д.Нямдорж, У.Алтанцэцэг нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ашиг олох мөлжих зорилгоор 18 насанд хүрээгүй *******г хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хулгайлан элсүүлж, улмаар Баянзүрх 28 дугаар хороо, 45 дугаар гудамжны 1594 тоотод орогнуулсан;

-мөн ашиг олох бэлгийн мөлжлөгийн зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэн, дамжуулж бусдад биеийг нь үнэлүүлж бүлэглэн хүн худалдаалсан;

-мөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 18 насанд хүрээгүй *******г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдал болон эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн хэрэгт эрүүгийн журмаар шалгаж улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. (хх 5-15 тал)

******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхүүд дараах байдлаар шийдвэрлэжээ.

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 2020/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5-д тус тус зааснаар холбогдуулан зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3-д тус тус заасан Хүн худалдаалах гэмт хэргийг давтан, насанд хүрээгүй хүнийг бүлэглэн худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор (хх 5-15 тал),

2. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *******, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2020/ДШМ/559 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, энэ хэрэгт 126 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй суллахаар (хх 16-23 тал),

3. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар ******* нарт холбогдох хэргийг хэлэлцээд 412 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 559 дугаар магадлалыг хэвээр үлдээж /хх 24-27 тал/ шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах талаар заасан байх боловч уг ажиллагаагаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцдог тул хуулийн дагуу явагдсан ажиллагаа хамаарна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруутгах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д нэхэмжлэгчийн амьжиргааны эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн олгох талаар заасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгч нь *******гийн хууль бусаар цагдан хоригдсон нийт 126 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож /ажлын дундаж өдрийг 21,5 өдрөөр/ 2 143 148 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн цагдан хоригдсон нийт хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон /ажлын дундаж өдрийг 20,8 өдрөөр/ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 2 215 381,5 төгрөг нөхөн төлүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороо, 2016 оны 4 дүгээр 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр шинэчлэн тогтоож, 2017 оны 01 сарын 1-нээс; 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр шинэчлэн тогтоож, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус мөрдөж эхэлсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 38 хоног цагдан хоригдсон ба үүнийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 000 төгрөгийг нэг сард ногдох ажлын 20,8 хоногт хувааж /240 000:20,8/, нэг хоногт ногдох 11 538,4 төгрөгийг цагдан хоригдсон 38 хоногоор үржүүлэн 438 459,2 /11538,4 х 38/ төгрөг,

-мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 88 хоног цагдан хоригдсон ба үүнийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгийг нэг сард ногдох ажлын 20,8 хоногт хувааж /420 000 : 20,8/, нэг хоногт ногдох 20 192,3 төгрөгийг 88 хоногоор үржүүлж 1 776 922,4 /20192,3 х 88/ төгрөг, нийт 2 215 381,5 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн олгодог.

Нэхэмжлэгч ******* нь эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч Э.Мөнхзолбоотой 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, үйлчилгээний хөлсөнд нийт 10 000 000 төгрөгийг өмгөөлөгчийн ХААН банк дахь харилцах ... тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Э.Мөнхзолбоогийн ХААН банкны депозит дансны хуулгуудаар тогтоогдсон байх тул  хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.(хх 31-36 тал)

Нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар нийт 126 хоног хууль бусаар цагдан хоригдсон, ... сэтгэл санааны хямралд орж, сэтгэл санаагаар хохирсон эдийн бус хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгөөр тооцож, нийт 13 860 000 /420 000*33=13 860 000/ төгрөг нэхэмжилснийг шүүх сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй  гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь ...нэхэмжлэгч нэг өдөр цагдан хоригдсон хоног болон сэтгэл санааны хохирлоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа бөгөөд энэ үнэлгээг юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй. ... Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг бэлэн тушааж баримт үйлдсэн байгаа нь төлбөр төлсөн гэдгийг хангалттай нотлохгүй, эргэлзээ төрүүлж байна. ...гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж чадаагүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Гүндсамба Миний хувьд хууль, дүрэм журмаа дагаад мөнгө нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөнгө нэхэмжилсэн нь буруу гэж дүгнэлээ гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн гэжээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх журамтай. Хуульд тусгайлан заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд холбогдох хариуцлага эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгаж болохоор зохицуулжээ.

Сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй, шүүхэд эрх олгогдоогүй тул хуульд заагаагүй үндэслэлээр сэтгэл санаанд учирсан эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 13 860 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах талаар зохицуулсан, сэтгэл санааны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах талаар хуулийн энэ хэсэгт шууд зохицуулаагүй хэдий ч 511.2-т ...сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох... талаар хуульчилснаас үзвэл сэтгэл санааны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах боломжтой гэж дурдсан байх боловч нэхэмжлэгч ******* нь хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтанд орсон, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүнд нь хэрхэн яаж, ямар хэлбэрээр гутаагдсан зэрэг байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа /сэтгэл санаа хохирсон талаарх/ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн шаардлагыг /мөнгийг/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ/2021/00705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                     Ж.ДОЛГОРМАА