Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00143

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00143

 

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/02867 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.Ч-

хариуцагч Т.Г,, Г.Б нарт холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49,634,500 төгрөг гаргуулах үндсэн тухай нэхэмжлэлтэй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар хохиролд 86,420,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагч Т.Г,, түүний өмгөөлөгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

1.а. Б.Ч- нь Т.Г,, Г.Б нарт гурил нийлүүлсэн. Үүнд: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 30,680,000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,120,000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 12,120,000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 4,640,000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5,805,000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,800,000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 11,600,000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13,280,000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 25-ны 12,120,000 төгрөгийн гурил нийт 138,285,000 төгрөгийн гурил нийлүүлсэн. Мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 14,160,000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 17,040,000 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 5,900,000 төгрөгийн нийт 37,100,000 төгрөгийн гурил нийлүүлсэн. Өмнөх тооцооноос 2018 онд 54,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнд 138,250,000 төгрөг, 37,100,000 төгрөг нэмэгдээд нийт 229,385,000 төгрөгийн гурил нийлүүлснээс Г.Б дансаар 82,350,000 төгрөг, Т.Г, дансаар 81,900,000 төгрөг, нийт 164,280,000 төгрөг, бэлнээр 12,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 49,634,500 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г.Б, Т.Г,, Б.Ч- нар тооцоо нийлж 124,862,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ өдрөөс хойш 2019 онд Т.Г, дансаар 82,370,000 төгрөг, Т.Бат-Өлзий дансаар 81,450,000 төгрөг төлсөн. Мөн Т.Бат-Өлзий нь Б.Ч-т 19,000,000 төгрөг тооцож Lexus RX-300 маркийн 61-83 УБЯ дугаартай автомашиныг өгч нийт 182,820,000 төгрөгийг төлсөн гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.а.Т.Г, болон Б.Ч- нар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 1 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар магадлалаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн. Иймд уг орон сууцны зах зээлийн үнэлгээгээр 86,300,000 төгрөг, үнэлгээний зардал 120,000 төгрөг, нийт 86,420,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.а. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж орон сууцны үнийг 20,000,000 төгрөг гэж тохиролцсон. Тухайн үед төлөгдөөгүй гурилын үнэ 54,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учраас 18 м.кв орон сууцыг төлбөртөө тооцож авсан. Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон үндэслэл нь орон сууцны үнийг 20,000,000 төгөргөөр хийсэн гэж хүчингүй болгосон. Нотариат дээр гэрээ хийхдээ 54,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Г,, Г.Б нараас 8,850,000 төгрөг гаргуулж Б.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 40,784,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ч-ээс 54,000,000 төгрөг гаргуулж Б.Гантуяад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32,420,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,070 төгрөг, хариуцагчаас төлсөн 730,620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Т.Г,, Г.Б нараас 156,550 төгрөг гаргуулж Б.Ч-т, Б.Ч-ээс 427,950 төгрөг гаргуулж Т.Г,д тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхгүй, хэтэрхий нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироож байгаад гомдолтой байна. Хариуцагч Г.Б 2018-2019 оны хооронд 82,370,000 төгрөг, Т.Г, 81,430,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 12,000,000 төгрөг, нийт 175,820,000 төгрөг төлсөн. Гурилын үнийн төлөгдөөгүй үлдэгдэл 2018 онд 54,000,000 төгрөг байсан, 2019 оны 1-3 дугаар сард 138,285,000 төгрөгийн гурил, 2019 оны 7-8 дугаар сард 37,100,000 төгрөгийн гурил, нийт 229,285,000 төгрөгийн гурил нийлүүлснээс хариуцагч 175,820,000 төгрөг төлж үлдэгдэл 53,465,000 төгрөгийг төлөх ёстойгоос 49,634,500 төгрөг нэхэмжилснээс шүүх 8,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж үлдэгдэл 40,784,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.Г,, Г.Б нар тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг буруу ойлгож дүгнэлт хийсэн.

6.б. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 54,000,000 төгрөгийг 2018 онд төлж тооцоо дуусгавар болсон. 2018 онд үлдэгдэл 54,000,000 төгрөг байсан талаар Т.Г, маргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн дүн бол 2018 онд төлөгдсөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримт хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Г.Б, Т.Г, нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу гурилын үнэд 49,634,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцны үнэ 86,300,000 төгрөг, үнэлгээний хөлс 120,000 төгрөг, нийт 86,420,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. (1-р хав-1, 168, 20, 231х)

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны үлдэгдэл төлбөр 54,000,000 төгрөг байсан, хариуцагч нарт 2019 оны 1-3 дугаар сард 138,285,000 төгрөгийн, 7-8 дугаар сард 37,100,000 төгрөгийн гурил тус тус нийлүүлсэн, нийт 229,285,000 төгрөг төлөхөөс дансаар 164 280 000 төгрөг, бэлнээр 12,000,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч, 4,405,000 төгрөг төлсөн гэснийг зөвшөөрөхгүй. Одоо хариуцагчаас 49,934,500 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

1.2. Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Г.Б, Т.Г, нарт гурил нийлүүлж, хариуцагч нар гурилын үнийг төлж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэх, орлогын баримтыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

1.3 Хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 26-ны байдлаар 124,862,000 төгрөгийн тооцоо нийлсэн (хх-ийн 108, 120), 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55,862,000 төгрөгийн тооцоо нийлсэн (хх-ийн 123) баримт тус тус авагдсан байх боловч эдгээр баримтад өмнөх 54,000,000 төгрөгийг оруулан тооцсон, үүнээс хойш худалдан авалт, төлөлт хийгдсэн тул уг бичмэл баримтад тулгуурлан маргааны талаар дүгнэх боломжгүй. Мөн хэргийн 4 дүгээр талд авагдсан баримт бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй, 141 дүгээр талд авагдсан бичмэл баримтад Г.Гантуяа гарын үсэг зураагүй гэж маргасан тул эдгээр баримтад заасан гурилыг нийлүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Харин хариуцагч Т.Г,гийн гарын үсэг бүхий нэхэмжлэгч талаас гаргасан орлогын баримт, нэхэмжлэх зэрэг бичмэл баримтуудад хүлээн авсан гурил үнийн талаар тодорхой бичсэн байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох боломжтой.

1.4. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар магадлалаар Б.Ч-, Т.Г, нарын хооронд хийгдсэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн ба хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар, хохиролд тооцон орон сууцны үнийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд өмнө нь 54,000,000 төгрөгийн гурилын үнэд орон сууцыг шилжүүлсэн үндэслэл үгүйсгэгдэх тул хариуцагчаас 2018 оны 54,000,000 төгрөгийн гурилын үнэ төлөгдөөгүй гэж үзнэ.

1.5. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,800,000 төгрөгийн, 01 дүгээр сарын 12-ны өдөр 11,600,000 төгрөг, 01 дүгээр сарын 21-ний өдөр 13,280,000 төгрөг, нийт 30,680,000 төгрөгийн гурил нийлүүлсэн талаарх орлогын баримтууд хэрэгт авагдсан ба эдгээр орлогын баримтад үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэх гэх баримтад 01 дүгээр сарын 07-ноос 21-ний өдрийн гурилын тооцоо 30,680,000 төгрөг гэж бичсэн байх бөгөөд талууд гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Г.Б, Т.Г, нарт 2019 оны 01 дүгээр сард нийт 30,680,000 төгрөгийн гурил нийлүүлсэн гэж үзнэ. (1-р хав-133-134, 137-138)

Мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20,120,000 төгрөгийн нэхэмжлэх гэх баримтад 03 дугаар сарын 02-ноос 18-ны өдрийн тооцоо гэж бичсэн байх боловч 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн, 03 дугаар сарын 13-ны өдөр 4,640,000 төгрөгийн, 03 дугаар сарын 18-ны өдөр 5,800,000 төгрөгийн, нийт 20,440,000 төгрөгийн гурил нийлүүлсэн талаар орлогын баримтад тусгаж гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 18-ны өдрийн хооронд хариуцагч нарт нийт 20,440,000 төгрөгийн гурил нийлүүлсэн гэж үзэв. Учир нь хэрэгт авагдсан уг нэхэмжлэх болон орлогын баримтад заагдсан хугацаа ижил байна. (1-р хав-139, 140, 143)

Дээрхээс гадна 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэх гэх баримтад нийт 30,680,000 төгрөгийн гурил нийлүүлснээс 8,000,000 төгрөгийг төлж 22,680,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичиж хариуцагч нар гарын үсэг зурсан байна. Мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12,120,000 төгрөгийн гурил, мөн оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэхээр 12,120,000 төгрөг, нийт 46,920,000 төгрөгийн гурил нийлүүлсэн баримт хэрэгт авагдсан. (хх-ийн 6, 136, 142, 145)

Иймд нэхэмжлэгч Б.Ч- нь нэхэмжлэх болон орлогын баримтаар 2019 оны 01-03 дугаар сард нийт 98,040,000 төгрөгийн гурил нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

1.6. Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Г.Б, Т.Г, нарт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 14,160,000 төгрөгийн, 07 дугаар сарын 23-ны 17,040,000 төгрөгийн, мөн оны 08 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд 5,900,000 төгрөгийн, нийт 37,100,000 төгрөгийн гурил нийлүүлсэн ба нийлүүлсэн гурилын хэмжээ, үнийн талаар талууд маргаагүй байна. (1-р хав-122х)

1.7. Дээрх байдлаас дүгнэхэд 2019 оны 01-03 дугаар сард нийт 98,040,000 төгрөгийн гурил, 2019 оны 07,08 дугаар сард нийлүүлсэн гурилын үнэ 37,100,000 төгрөг, өмнөх оны төлбөрийг орон сууцаар сольсон боловч уг орон сууц шүүхийн шийдвэрээр буцаагдах болсонтой холбоотой үлдэгдэл төлбөр 54,000,000 төгрөг, бүгд 189,140,000 төгрөгийн үнэ бүхий гурилын үнэ төлөх үүрэг үүсчээ. Хариуцагч нар нэхэмжлэгчид төлөх 189,140,000 төгрөгийн үүргээс Г.Б дансаар 82,370,000 төгрөг, Т.Г, дансаар 81,450,000 төгрөг, бэлнээр 12,000,000 төгрөг, нийт 175,820,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Г.Б, Т.Г, нараас гурилын үнэд дутуу төлсөн 13,320,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул хариуцагч нараас уг төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1.8 Хариуцагч Г.Б 61-83 УБЯ дугаартай Lexus RX300 маркийн автомашиныг 19,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгч Б.Ч-т өгсөн гэж тайлбарласан боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Г.Ганборгил, Г.Б нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Г.Ганборгил Б.Ч-т 61-83 УБЯ дугаартай Lexus RX300 маркийн автомашиныг худалдан борлуулахаар олгосон итгэмжлэлийг үндэслэн хариуцагч нар нэхэмжлэгчид 19,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаар зохигчид гомдол гаргаагүй болно.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар магадлалаар Б.Ч- болон Т.Г, нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул орон сууцны үнэ 86,300,000 төгрөг, үнэлгээний хөлс 120,000 төгрөг, нийт 86,420,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг Б.Ч- эс зөвшөөрч маргасан. (1-р хав 20, 231-х)

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар магадлалаар Б.Ч- болон Т.Г, нар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээг халхавчилж хийсэн гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Г,, Б.Ч- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. (1-р хав-23-26-х)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа гурилын төлбөрт тооцож 54,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн боловч уг хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь дээрх магадлалаар тогтоогджээ.

Мөн нэхэмжлэгч Б.Ч- ...орон сууцыг гурилын үлдэгдэл төлбөрт тооцож авсан ... гэж тайлбарласан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02757 дугаар шийдвэрт тусгагдсан байна. (1-р хав-155-159)

Иймд анхан шатны шүүх Т.Г, нь Б.Ч-ээс хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг гаргуулахаар шаардах эрхтэй боловч орон сууцыг буцаах боломжгүй болсон тул түүний үнийг гаргуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэж Б.Ч-ээс 54,000,000 төгрөгийг гаргуулж Т.Г,д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар

Нэхэмжлэгч Б.Ч- хариуцагч Г.Б, Т.Г, нарт 2018-2019 оны хооронд нийт 229,285,000 төгрөгийн үнэ бүхий гурил нийлүүлсэн гэх байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй. Харин хэрэгт авагдсан орлогын баримтаар болон нэхэмжлэхээр нийт 189,140,000 төгрөгийн гурил нийлүүлсэн гэж үзсэн тул энэ талаар гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч нь орон сууцны үнэ (өмнө шилжүүлсэн гурилд тооцсон) 54,000,000 төгрөгийг гурилын үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс тус тус төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/02867 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 8,850,000 гэснийг 13,320,000 гэж, 40,784,500 гэснийг 36,314,500 гэж,

3 дахь заалтын ...156,550 гэснийг ... 224,550 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,873 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ