Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00032

 

 

 

 

 

 

 

 

 

“Б Т Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01830 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ц-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 11,785,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “Б Т Н” ХХК нь Х.Ц-тай 2018 оны 01 сарын 15-ны өдөр 20180115 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 11,400,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх зорилгоор зээлж, ашигласан. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг зээлээр төлж болохгүй гээд бэлэглэлийн гэрээ давхар байгуулсан. Энэ нь хуульд нийцээгүй тул Х.Ц- нь гэрээний ард талд 11,400,000 төгрөг зээлж авсан талаараа бичсэн. Зээлийн гэрээний хугацаанд төлбөр төлөөгүй.  Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, хугацаа олгооч гэсэн хүсэлтийнх нь дагуу гэрээний хугацааг сунгаж 2018 оны 04 сарын 04, мөн оны 06 сарын 27, 09 сарын 27, 11 сарын 23, 12 сарын 22-ны өдөр, 2019 оны 02 сарын 21, мөн оны 04 сарын 21, 06 сарын 21, 08 сарын 21-ний өдөр тус тус “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Ингээд хамгийн сүүлд 2019 оны 11 сарын 28-ны өдөр Х.Ц- нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 15,355,800 төгрөгийг 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн cap бүр 2,000,000 төгрөгөөр төлж 2020 оны 06 сарын 20-ны өдрийн дотор бүрэн барагдуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан. 2019 оны 12 сарын 02-ны өдөр “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, төлбөрийн хуваарийг дахин тохирсон. Нийт 13,584,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хариуцагч Х.Ц- нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 3,543,100 төгрөг, зээлийн хүүд 2,280,000 төгрөг, нийт 5,823,100 төгрөг төлсөн. 2021 оны 09 сарын 24-ний өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,856,900 төгрөг, түүнд тооцогдох алданги 3,928,450 төгрөг, нийт 11,785,350 төгрөгийг хариуцагч Х.Ц-гаас гаргуулж “Б Т Н” ХХК-д олгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: “Б Т Н” ХХК-тай холбоотой зээлийн төлбөрийн маргаан шүүхээд шийдвэрлэгдээд төлбөрийг бүрэн төлж дууссан. Харин тус компанид ажилладаг О.Тулгаас орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх зорилгоор зээлсэн 11,400,000 төгрөгийг бүрэн төлсөн. холбоотой Мөнгө зээлсэн өдрөө “Бэлэглэлийн гэрээ” байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр Х.Ц-гийн дансанд 11,343,000 төгрөгийг шилжүүлсэн. О.Тулга нь “компани дээр асуудал үүсээд байна, зээлийн гэрээг бичгээр байгуулахгүй бол болохгүй нь” гээд 2019 оны 11 сарын 28-ны өдөр нөхөж, 2018 оны 01 сарын 15-ны өдрийн №201801152 тоот “Зээлийн гэрээ”-нд Х.Ц-гаар гарын үсэг зуруулсан. Х.Ц- нь “Бэлэглэлийн гэрээ”-ний ар талд “энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байрны урьдчилгаа төлөхөд О.Тулгаас 2018 оны 01 сарын 15-ны өдөр 11,400,000 төгрөгийг зээлэв” гэж бичсэн. О.Тулгын “Хаан банк” ХХК-ийн 5720997666 тоот данс, “Голомт банк” ХХК-ийн 1205109691 тоот дансанд зээлсэн 11,400,000 төгрөгийг буцаан төлж дуусгасан. “Б Т Н” ХХК-ийн 2018 оны 04 сарын 04-ний өдрийн ЗГ-201804041 дугаар “Зээлийн гэрээ”, нэмэлт гэрээнүүдийг Х.Ц- байгуулаагүй, эдгээр гэрээний дагуу мөнгө аваагүй. Х.Ц-гаас О.Тулгад нийт 12,782,950 төгрөг төлсөн шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х.Ц-гаас 1 020 050 /нэг сая тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж Б Т Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 765 300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б Т Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 874 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц-гаас 29 031 төгрөгийг гаргуулж Б Т Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а/. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээнд хэлбэр, агуулгын хувьд тусгайлсан шаардлага хуулиар тавиагүй. Иймд зээлийн гэрээний ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн зохицуулалт үйлчилнэ. Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тогтоож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд хариуцагч Х.Ц-гийн Хаан банк” ХХК-ийн дансанд зээлийг шилжүүлэн өгсөн. ИймдБ Т Н ХХК нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

б./ Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. О.Тулга нь Х.Ц-д 20,00 2018 оны 01 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба 20 000 000 төгрөг болгож буцаан төлөхөөр тохиролцсон. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Х.Ц- нь 2018 оны 09 сар хүртэл нийт 19,500,000 төгрөг буцаан төлснөөр дээрх зээл дуусгавар болсон. Ийнхүү төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд нийцэж байна. Гэтэл шүүхээс 19,500,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг Б Т Н ХХК-ийн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй.

в./ Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй, бүх талаас нь бодитойгоор үнэлээгүй. Талууд хамгийн сүүлд өр төлбөрийн үлдэгдлийг харилцан хүлээн зөвшөөрч, 2019 оны 12 сарын 15-ны өдөр Зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээгээр хариуцагч Х.Ц- нь Б Т Н ХХК-д зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байгаа нь мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасантай нийцэж байна. Гэтэл шүүхээс уг баримтыг үнэлээгүй. Түүнчлэн хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 сарын 04, мөн оны 06 сарын 27, 09 сарын 27, 11 сарын 23, 12 сарын 22-ны өдөр, 2019 оны 02 сарын 21, мөн оны 04 сарын 21, 06 сарын 21, 08 сарын 21-ний өдрийн гэрээнүүд нь бие даасан шаардах эрхийг агуулаагүй боловч талуудын хооронд зээлийн харилцаа байсан, хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг нотлох үйл баримтыг харуулна. Гэтэл шүүх уг үйл баримтыг үнэлээгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 2018 оны 01 сарын 15-ны өдрийн хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээгээр 11,500,000 төгрөг өгсөн. 2019 оны 11 сарын 28-ны өдрийн гарын үсэг зурсан баримтын тухайд байгууллагад асуудал үүссэн гэхээр нь гарын үсэг зурсан. Энэ нь 2018 оны 01 сарын 15-ны өдрийн гэрээг баталгаажуулсан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг хангалттай бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтыг буруу тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч “Б Т Н” ХХК нь хариуцагч Х.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,584,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж нийт 11,785,350 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “тус компанитай холбоотой зээлийн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж төлбөрийг бүрэн барагдуулсан, өөр байдлаар зээл аваагүй, гүйцэтгэх захирал О.Тулгаас зээлсэн мөнгөө бүрэн төлсөн” гэх үндэслэл заан маргажээ. /хх 1-3, 21/

4. Хариуцагчаас нэхэмжлэгч компанид хандаж гаргасан 2018 оны 01 сарын 15-ны өдрийн “Зээлийн хүсэлт”, 2019 оны 11 сарын 28-ны өдрийн гар бичмэл, хариуцагчийн зүгээс 11,400,000 төгрөг хүлээн авсан эсэхэд маргаагүй нөхцөл байдал зэргийг харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-аас хариуцагч Х.Ц-д 2018 оны 01 сарын 15-ны өдөр 11,400,000 төгрөг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн 10 дахь талд авагдсан “Хаан банк” ХХК-ийн “Шилжүүлгийн мэдээлэл” гэсэн баримтыг үнэлж нэхэмжлэгчийг хариуцагчид 11,343,000 төгрөг зээлдүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Учир нь тухайн баримт нь “Хаан банк” ХХК-ийн данс хоорондын шилжүүлгийн мэдээлэл байхад нэхэмжлэгч компанийн тэмдэг дарагдсан байгааг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 201801152 дугаартай зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч “Б Т Н” ХХК, нөгөө талаас зээлдэгч Х.Ц- нар оролцон байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 11,400,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөлт хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх 7/ Энэхүү гэрээний тохиролцоо, талуудын хүлээсэн үүргээс үзвэл “Б Т Н” ХХК, Х.Ц- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч уг зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн зохицуулалттай нийцүүлэн тооцоход 11,785,350 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 201801152 дугаартай зээлийн гэрээний хугацааг 2018 оны 04 сарын 04-ний өдрийн 201804041 дугаар гэрээгээр сунгасан гэж хэрэгт бичгийн баримтууд хавсаргасныг хүлээн авах боломжгүй. /хх 141-158/ Учир нь 201801152 дугаартай гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 15-ны өдөр дуусах бөгөөд 2018 оны 04 сарын 04-ний өдрийн гэрээнд 201801152 дугаар гэрээг сунгаж байгаа үйл баримтын талаар тусгаагүй байна. Мөн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сарын дараа буюу 2019 оны 12 сарын 02-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан нь өнгөрсөн хугацааны хүү авах эрхийг хожим олгохгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссанаас хойш талууд уг гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцсон бичгийн баримтгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 15-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй гэж үзлээ.

Иймд талуудын гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу зээлдэгч Х.Ц-гийн гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг тооцоход үндсэн зээл 11,400,000 төгрөг, сарын 5 хувиар /570,000 төгрөг/, 4 сарын хүүгийн төлбөр 2,280,000 төгрөг, нийт 13,680,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Уг гэрээний 3.4, 3.5, 7.1-д зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтаар баталж, түүний дагуу төлбөр төлөх, ийнхүү хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд алданги тооцох талаар тусгасан байх боловч хэрэгт эргэн төлөлтийн хуваарь баталсан хавсралт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй байна.

5. Нэхэмжлэгч компани нь хариуцагчийг “2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 3,543,100 төгрөг, хүүд 2,280,000 төгрөг, нийт 5,823,100 төгрөг төлсөн” гэж /хх 160-161/ хариуцагч нь “зээлийн төлбөрийг тус компанийн гүйцэтгэх захирал О.Тулгын дансанд шилжүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн эргэн төлөлтийн талаарх дүгнэлт хийхдээ иргэн О.Тулгын буюу хэргийн оролцогч бус этгээдийн тайлбарыг үнэлж 15,000,000 төгрөгийг хасч тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Талууд зээлийн гэрээндээ эргэн төлөлт хийх хуваарь болон төлөлт хийх дансыг тодорхой тусгаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн гэх 5,823,100 төгрөгийг өөрийн компанийн дансанд хүлээж авсан гэдгээ баримтаар нотлоогүй, хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх зорилгоор дээрх зээлийн мөнгөн хөрөнгийг авсан талаар талууд маргаагүй, хариуцагч нь О.Тулгын данс руу “байрны урьдчилгаа” гэх утгаар төлөлт хийсэн  зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үнэлбэл, 2018 оны 01 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг О.Тулгын дансанд шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан “Хаан банк” ХХК дахь О.Тулгын эзэмшлийн 5720997666 тоот данс, “Голомт банк” ХХК дахь 1205109691 тоот дансны хуулгаар Х.Ц- нь 2018 оны 03 сарын 24-ний өдрөөс 2020 оны 01 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 26,322,950 төгрөг төлсөн байна. Иймд хариуцагчийг 2018 оны 01 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгээгүй буюу нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Хэдийгээр анхан шатны шүүх Х.Ц-гаас 1,020,050 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн боловч хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын диспозитив зарчимд үндэслэн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний /түүний нэмэлт өөрчлөлт/ дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй талаар талууд тайлбарласан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд уг гэрээний дагуу эрх, үүрэг үүсэхгүй.   2019 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хувьд 2018 оны 01 сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгтэй хамааралгүй буюу тусдаа бие даасан гэрээ гэж үзэх тул уг гэрээний талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлоос а./, б./ гэсэн хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар гаргасан хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,195 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ                                                        

                           ШҮҮГЧИД                                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР