Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00083

 

 

 

В.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/02963 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох, итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Г-2201053297 бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201053294 бүртгэлийн дугаартай хувийн сууцтай холбоотой тодорхой үйлдэл хийх бүрэн эрхийг В.Б-аас Г.Ганцэцэгт олгосон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг тус тус хүчингүй болгуулах

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Г.Ганцэцэг нь 2018 оны өвөл “...эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон асуудалтай байгаа учраас хашаа, байшинг чинь барьцаалаад бусдаас мөнгө зээлж болох уу...” гэхэд нь зөвшөөрч, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл хийж, барьцаанд тавих эрхийг олгосон. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хашаа, байшинг бусдад худалдсан байсан. Үүнийг 2020 оны 09 дүгээр сард мэдсэнээр цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн шинжгүй, гэрээний эрх зүйн маргаантай холбоотой асуудал гэх үндэслэлээр хэргийг хаасан. Иймд дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл юм.

Нотариатч Д.Г- нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоож, эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй. Бэлдсэн итгэмжлэлд “ороод гарын үсэг зур” гэснийх нь дагуу зурсан.

Нотариатч Д.Г- нь Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйл, 35 дугаар зүйлд зааснаар нотариатчийн тэмдэглэлийг хөтлөөгүй. Учир нь В.Б-ын хувьд бичиг, үсэг мэддэггүй, итгэмжлэлийн агуулгыг уншиж чадахгүй. Энэ байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэгчид энэхүү итгэмжлэлийг хийлгэснээр Д.Ганцэцэг нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг бусдад худалдах эрхтэй болж байна гэж тайлбарлаагүй атлаа тэмдэглэл үйлдсэн нь буруу.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.а. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

2.б. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр В.Б-, Г.Ганцэцэг нарын итгэмжлэлийг гэрчилсэн. Энэхүү итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, барьцаанд тавих эрх олгосон. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх үр дагавар нь гагцхүү төлөөлөгчид бий болно гэж заасан байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Итгэмжлэл хийх үед нотариатч нь хуульд заасны дагуу өөрийн гэрчилж буй нотариатын үйлдлийнхээ утга холбогдол, хууль зүйн үр дагавар, уг итгэмжлэлээс шалтгаалж талуудын эрх, үүрэгт үүсэх үр дагавруудыг тайлбарлаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу талуудад тайлбар хийсэн. Нэхэмжлэгчийн уншаагүй гэх тайлбар нь сонсоогүй гэдгийг нотлохгүй.

Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй. В.Б- нь хариуцагчид бичиг үсгийн чадваргүй гэдгээ хэлсэн тохиолдолд нотариатч хуульд заасан үүргээ биелүүлэх урьдчилсан нөхцөл үүснэ. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тодруулах гэдэг нь нотариатчийн эрх бөгөөд үүрэг биш. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй. Маргаан бүхий итгэмжлэлийн доод бичвэрт В.Б- нь уг итгэмжлэлийг бусдын дарамт шахалтад оролгүй, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж үйлдсэн болно гэж гарын үсгээ тодорхой зурсан байна.

Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг нотариатын үйлдэл бүрэн хангасан байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нотариатч ямар нэгэн хууль бус үйлдэл хийж, хэн нэгний эрх ашгийг зөрчсөн итгэмжлэл хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Нотариатч тэмдэглэлийг тухайн этгээд өөрөө хэлгүй, дүлий, сохор эсхүл Монгол хэл мэддэггүй гэх мэт орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн этгээд шаардлагатай буюу тухайн итгэмжлэлийг өөрөө бие даан хийх чадваргүй этгээд байгаа тохиолдолд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулж эсвэл тэмдэглэл хөтлүүлж өөрийн үйлдэлд тэмдэглэл хөтөлдөг бөгөөд тухайн үед хариуцагч нь үйлчлүүлэгч В.Б-ыг гаднаас нь хараад бичиг үсгийн чадваргүй гэдгийг мэдэх боломжгүй. Тэрээр итгэмжлэл болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурж буй үйл баримт нь түүнийг эрх, үүргээ ойлгож итгэмжлэл хийлгүүлсэн гэдгийг нотолно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б-ын хариуцагч Д.Г-д холбогдуулан гаргасан В.Б-, Г.Ганцэцэг нарын хооронд хийгдсэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 371 бүртгэлийн дугаартай Ү-2201053294 улсын бүртгэлийн дугаартай, 000629519 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 6 дугаар гудамжны 19а тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон Г-2201053297 улсын бүртгэлийн дугаартай, 000533402 тоот гэрчилгээтэй, мөн хаягт байршилтай 444 м.кв талбайтай, нэгж талбарын 18637314261779 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бусдад худалдах, бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах, холбогдох баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн. 

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

4.а. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 41 дүгээр зүйлд тус тус зааснаар Д.Г- нь итгэмжлэлийг гэрчлэх үйлдэл хийх эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл Д.Г- нь нотариатын тусгай үйлдэл хийх зөвшөөрөлтэй болон 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 371 бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлийг баталгаажуулсан гарын үсэг Д.Г-ийнх мөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй.

4.б. Мөн шүүх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 34 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэсэн атлаа итгэмжлэлд гарын үсэг зурсан л бол тухайн нотариатын үйлдлийн үр дагавар болон нэхэмжлэгчийн бичиг, үсгийн чадваргүй байх нь хамаагүй, өөрөө хариуцах ёстой гэсэн утгаар дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд нотариатч аливаа байдлыг шалгах үүрэгтэй. Өөрийн олгож буй итгэмжлэлийнхээ хүсэл зоригийн илэрхийлэл, үр дагаврыг ойлгох боломжтой байсан эсэхийг бичиг үсэгтэй байсан эсэх гэдгээр хязгаарлаж, энэ агуулгаар давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч талуудын маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч В.Б- нь хариуцагч Д.Г-д холбогдуулан Г-2201053297 бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201053294 бүртгэлийн дугаартай хувийн сууцтай холбоотой тодорхой үйлдэл хийх бүрэн эрхийг В.Б-аас Г.Ганцэцэгт олгосон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...итгэмжлэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих эрх олгосон гэж ойлгосон, бусдад худалдах эрх олгож байгаагаа мэдээгүй ноцтой төөрөгдсөн, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, урьдчилж бэлдсэн итгэмжлэлд гарын үсэг зуруулсан...” гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2, 104-107, 117-120/

 

  1. Хариуцагч Д.Г- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч бичиг, үсэг мэддэггүй гэдгээ хэлээгүй бөгөөд бичиг, үсэг мэддэггүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хуульд заасны дагуу итгэмжлэлийг гэрчилсэн...” гэсэн агуулгаар тайлбарлаж, маргасан байна. /хх 18/

 

  1. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нотариатч Д.Г- нь “В.Б-аас Г.Ганцэцэгт өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201053294 дугаартай, 95 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг зээлийн барьцаанд тавих, зээл, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бусдад худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах, холбогдох баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 2 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл”-ийг нотариатын бүртгэлийн 204 дугаарт /хх 61-62/, мөн өдөр Г-2201053297 дугаарт бүртгэлтэй 444 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг дээрхтэй адил эрх, хугацаагаар олгосон итгэмжлэлийг нотариатын бүртгэлийн 203 дугаарт /хх 68-69/ тус тус бүртгэж, уг итгэмжлэлүүдийн үнэн зөвийг гэрчилж, бүртгэлийн дэвтрийг хөтөлсөн байна. /хх 114-115/

 

          Хариуцагч нь дээрх байдлаар итгэмжлэлүүдийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч В.Б-, төлөөлөгч Г.Ганцэцэг нарын хувийн байдлыг тогтоосон бичиг баримт, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбаруудыг хавсаргасан байгаа нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Мөн Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчид эрх, үүргийг тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ нотариатч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь тухайн итгэмжлэлүүдэд “итгэмжлэлийг олгож буй төлөөлүүлэгч нь итгэмжлэлийн агуулга, үр дагаварыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтанд автахгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн” гэх агуулга тусгагдаж, тэдгээрт В.Б- гарын үсэг зурсан байх тул итгэмжлэлд хүсэл зориг нь тусгагдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч В.Б- нь бичиг үсэг мэддэггүй гэх нөхцөл байдлаа хариуцагчид тайлбарлаагүй, бичиг үсэг мэддэггүй болох нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байгаа тохиолдолд Д.Г-ийг Нотариатын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

“Урьдчилж бэлдсэн итгэмжлэлд гарын үсэг зуруулсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй.

 

  1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч тухайн маргааны зүйлд хамаарах Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох талаарх зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.  

 

          Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн сонирхогч этгээдийн болон нотариатчийн болон хүсэлтээр шүүх нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох эсэхийг хянах үндэслэл Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бий болдог. Хэрэгт цугларсан Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан үнэлбэл, хариуцагч Д.Г- нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч В.Б-ын хариуцагч Д.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас “нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулах” агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээнээс үзвэл, талууд хариуцагч Д.Г- нотариатын эрхтэй эсэх, улмаар маргаан бүхий итгэмжлэлүүдэд гарын үсэг зурсан эсэх талаар анхан шатны шүүхэд маргаагүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь давж

 

 

 

 

 

 

 

заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй болно.

 

  1. Нэхэмжлэгч В.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, давж заалдах гомдолдоо хариуцагч Д.Г-ийн гэрчилсэн гэх итгэмжлэлүүдийг нотариатын 371 дугаарт бүртгэлтэй гэж тодорхойлсон байна. Гэтэл тухайн бүртгэлийн дугаар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр итгэмжлэлүүдийн хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн дугаар байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/02963 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Зүүн баян цагаан 6 гудамж, 19а тоот хаягт байршилтай Г-2201053297 бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Ү-2201053294 бүртгэлийн дугаартай хувийн сууцыг тус тус зээлийн барьцаанд тавих, зээл барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бусдад худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг В.Б-аас Г.Ганцэцэгт олгосон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч В.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                         

 

                                       ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                         Д.НЯМБАЗАР