Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00084

 

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02647 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 9-р байр, 16 тоот хаягт байршилтай 79.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 173,967,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дугаар шийдвэрээр Г.Мөнхбаяр, Г.Д- нараас 73,010,436.18 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын томилсон шинжээч нь төлбөр төлөгч Г.Мөнхбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205055935 дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 9-р байрны 16 тоот 79.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 173,967,000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Г.Д- нь эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах “Мэдэгдэл”-ийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү.  

Шинжээч нь эх сурвалжаа зарын сайтуудаас авахдаа орон сууцыг худалдах бус түрээслэх үнийн дунджаар тооцсон. Дээрх хөрөнгийн зах зээлийн ханшийн доод үнэ нь 310,000,000 төгрөг, бодит үнэ нь 365,000,000 төгрөг байна. Зарын сайт дээр бүртгэлтэй хамгийн хямд заруудыг харьцуулсан нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшийг хэт доогуур тогтоох шалтгаан болсон байна. Ийнхүү тогтоосон үнэ нь цаашид анхны албадан дуудлага худалдаанд 70 хувь буюу 121,776,900 төгрөг, 2 дахь албан дуудлага худалдаанд 50 хувь буюу 86,983,500 төгрөгөөр тус тус орох гэж байгаад гомдолтой байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.а. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

2.б. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Мөнхбаярт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Г.Д-д 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Г.Д- нарт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдсэн.

Дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээнд төлбөр төлөгч Г.Мөнхбаяр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь үнэлгээтэй холбоотой асуудал шийдвэрлэгдсэн байхад Г.Д- нь дахин үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Д-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 9 дүгээр байр, 16 тоотод байрлах 79,85 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205055935 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

4.б. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь хотын А зэрэглэлд байрладаг, нийт 79.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц бөгөөд сүүлийн 2 жил ковид цар тахал болон бусад шалтгаанаар үнэ нь нэмэгдсэн, засвар хийсэн тул 365,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнтэй холбоотойгоор шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх “нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, шийдвэрлэхэд ач холбогдолгүй” гэж дүгнээд хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Учир нь, тухайн хүсэлт нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой байсан.

4.в. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан тэмдэглэл, тайлбар нь Г.Мөнхбаярт хамааралтай. Энэ талаар нэхэмжлэгч маргаж байхад шуудангаар явуулсан гэх хариуцагчийн тайлбар, шууданд хийсэн бичгийг үндэслэн Г.Д-д мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, тухайн цаг үед Г.Энхжаргал нь хөдөө орон нутагт ажилладаг байсан учир илгээсэн гэх баримтыг хүлээж аваагүй, хариуцагч байгууллагын зүгээс утсаар мэдэгдэж холбогдоогүй атал мэдэгдсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Дуудлага худалдааны үнийн санал гаргах, үнэлгээ ирсэн даруйд нэхэмжлэгчид мэдэгдээгүй үйлдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.г. Хэрэгт авагдсан “Виннер вэй” ХХК-ийн үнэлгээ нь жишиг үнийн судалгааг олон талаас нь нарийн сайн судлахгүйгээр сайтын зар дээр бүртгэлтэй хамгийн хямд заруудыг хооронд нь харьцуулах замаар үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлэх шалтгаан болсон байна. Түүнчлэн “Виннер вэй” ХХК нь үнэлгээ гаргахдаа орон сууц худалдан авах, зарах ханшаар бус түрээслэх сарын дундаж мөнгөн урсгалыг тооцсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д тус тус заасныг зөрчсөн тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.Д- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 9-р байр, 16 тоот хаягт байршилтай 79.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 173,967,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж, үндэслэлээ “...шинжээч нь эх сурвалжаа зарын сайтуудаас авахдаа орон сууцыг худалдах бус түрээслэх үнийн дунджаар тооцсон мөн хамгийн хямд заруудыг харьцуулсан, үнэлгээний зүйлийн байршил, засвар хийгдсэн зэргээс хамаарч доод ханш нь 310,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн өөрийн тогтоосон үнэ нь 365,000,000 төгрөг...” гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2/

 

  1. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...тухайн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Д-д 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн ба уг үнэлгээтэй холбоотой маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн...” гэсэн агуулгаар тайлбарлаж, маргажээ. /хх 25/

 

  1. Хариуцагч байгууллага нь хариуцагч Г.Мөнхбаяр, Г.Д- нараас 73,020,436 төгрөг болон 593,252 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 232 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00701 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, холбогдох үнэлгээг гаргуулсан байна. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

  1. Хэргийн 92-93 дахь талд авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/00160 дугаар шийдвэрээс үзвэл, төлбөр төлөгч Г.Мөнхбаяр өмнө нь Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 9-р байр, 16 тоот хаягт байршилтай 79.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 173,967,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байсан ба шүүх уг маргааныг хянан шийдвэрлэж, “...шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн...”, “...төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээтэй холбоотой гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн...”, “...шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болох нь тогтоогдож байна.

 

  1. Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” хуулийн зохицуулалтад хамаарч байх тул анхан шатны шүүх уг үндэслэлээр нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйд нийцэх байжээ. Тайлбарлавал, нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдагдсан “...хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл гардуулаагүй, шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн, бодит байдалд нийцээгүй...” гэх тайлбарын талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Мөнхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрх зүйн дүгнэлт өгсөн байна. Иймд эдгээр үйл баримтын талаар болон “...анхан шатны шүүх шинжээч томилох хүсэлтийг хангаагүй нь буруу...” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй буюу ийнхүү дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “шүүхийн хүчтн төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй” байх нотлох баримт үнэлэх зарчимд харшлах юм.

 

  1. Иймд нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч НШШГГ-т холбогдох, Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 9-р байр, 16 тоот хаягт байршилтай 79.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 173,967,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох, Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 9-р байр, 16 тоот хаягт байршилтай 79.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 173,967,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                         

 

                                          ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН  

 

 

                                                                                         Д.НЯМБАЗАР