Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00194

 

 

 

“П И Ө К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/02708 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П И Ө К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК, Ц.Н нарт холбогдох, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 249,659,221 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, О.Наранбаатар, хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, хариуцагч Ц.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: “Н” ХХК-ийн захирал Ц.Н нь 2015 онд “Цотэ менежмент” ХХК-тай 1,810,000,000 төгрөгийн дүнгээр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г “П И Ө К” ХХК-ийн дэд захирал О.Наранбаатарт үзүүлсэн. Энэхүү гэрээ нь Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Хабул зочид буудлын өмнө талд байрлах иргэн Т.Энхболд, Н.Болдбаатар нарын эзэмшлийн газар дээр баригдаж байсан нийт 3,200 м.кв барилгын ажлыг 2015 оны 12 сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх нөхцөлтэй байсан. Талууд уг гэрээнд хамтарч хөрөнгө оруулалт хийн, ажлыг хамтарч гүйцэтгэж ашгаа хуваах талаар тохиролцож аман хэлэлцээр байгуулсан. Энэхүү аман хэлцлийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс уг барилгын 3-5 дугаар давхрын төмөр бетон карказын ажил, сантехникийн ажил, 1-5 дугаар давхрын дүүргэлтийн блокийг нийлүүлж, цахилгааны хар хоолойн ажил, гадна цахилгааны ажил зэргийг хийж гүйцэтгэсэн. “Н” ХХК-ийн захирал Ц.Н нь “Цотэ менежмент” ХХК-аас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж итгүүлэн барилгын ажлыг үндсэндээ манай компаниар гүйцэтгүүлсэн. Энэ хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирснийг нууж нэхэмжлэгчийн хийсэн ажлын хөлсийг өгөөгүй. Уг асуудал Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст олон жил шалгагдсан бөгөөд иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Н нь барилгын нэлээд хэсгийг манай компанийн хөрөнгөөр барьж дуусгасан байх бөгөөд зарцуулсан мөнгө, ашиг гэж 171,080,000 төгрөгийг дансанд шилжүүлээд үлдсэн хэсгийг нь өгөхөөс татгалзсан. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдийн үр дүнд хамгийн сүүлийн байдлаар тогтоосон дүнгээр Ц.Нын оруулсан мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч талд шилжүүлсэн дүнг хасаад 249,659,221 төгрөгийг авах ёстой гэсэн тооцоо гарсан. Энэ нь ашиг бус уг барилгад зарцуулсан мөнгөн дүн юм.

Иймд “Н” ХХК болон Ц.Н нараас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 249,659,221 төгрөгийг гаргуулж өгнө үү.   

  1. Хариуцагч “Н” ХХК-ийн хариу тайлбарын агуулга: “Н” ХХК-ийн захирлаар Ц.Н ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 10 сарын 05-ны өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цотэ менежмент” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Н” ХХК Баянгол дүүрэг, 1-р хороолол, Хабул зочид буудлын эсрэг талд байрлах 20 айлын орон сууцны нийт 3,200 м.кв талбай бүхий барилгын 3, 4, 5 дугаар давхрын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож тухайн барилгын подвал, 1, 2 дугаар давхрын барилгын ажил хийгдсэн байсныг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр ажилласан.

          Тухайн үед Ц.Н барилгын төмөр бетон карказын ажлыг гүйцэтгэх бусад ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах шаардлага гарсны дагуу найз О.Наранбаатарын “П И Ө К” ХХК-ийг санал болгосон. Энэхүү барилгын ажлыг гүйцэтгэх үнэ хөлсийг “Н” ХХК-тай зөвшилцсөний дагуу иргэн, бригадуудтай шаардлагатай гэрээ хэлцэл байгуулах, тохирсон ажлын хөлсийг дамжуулан өгөх ажлыг нэхэмжлэгчээр хариуцуулахаар тохиролцсон юм. Ц.Н нь О.Наранбаатартай хамтарч хөрөнгө оруулалт хийх, барилгын ажлыг хамтарч гүйцэтгэж ашгаа хуваах талаар аман хэлэлцээр байгуулаагүй. “П И Ө К” ХХК-ийн Т.Билгүүн гэгчийг таньдаггүй, уулзаж байгаагүй тул түүний мэдүүлэг үндэслэлгүй.

          Барилгын ажил гүйцэтгэх гэрээ “Цотэ менежмент” ХХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан байх бөгөөд “П И Ө К” ХХК тус гэрээнд оролцоогүй, гэрээнээс ямар нэг ашиг хуваахаар тохиролцоогүй. Харин О.Наранбаатарт Ц.Н нь найзын хувиар итгэж тус гэрээний дагуу нэхэмжлэгчийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах болсон юм.

          “П И Ө К” ХХК барилгын ажлыг өөрөө хийгээгүй бөгөөд бригад болон хувь хүнээр хийлгүүлж, тухайн үед шаардлагатай бүхий л ажил, үйлчилгээний хөлс, бригадын зардлыг нэг бүрчлэн тооцон “Н” ХХК, Нанжид нарын дансаар мөн бэлнээр нэхэмжлэгч компани руу шилжүүлсэн. Өдөр тутмын нэн шаардлагатай зардлыг Т.Билгүүний данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэгч бие дааж хийсэн гэдэг нь үндэслэлгүй.

          Нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар “Баян ташаагийн эх аудит”, “Дамно”, “Итгэл эстимэйт”, “Лэнд” ХХК-иудын үнэлгээ, дүгнэлт гарсан боловч эдгээр нь материалын болон касс харилцахын тайланд тусгагдаагүй, анхан шатны баримтгүй, татварын байгууллагад тайлагнаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээний объектын шаардлага хангаагүй санхүүгийн баримтуудад үндэслэсэн. Мөн хяналтын прокурор “нэр бүхий компаниудын гарсан үнэлгээний зарим туслан гүйцэтгэгчид төлсөн ажлын хөлс, гаргасан хөрөнгө зэрэг нь “Н” ХХК төлсөн байх тул бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй” гэж байхад үндэслэлгүй тооцоолол гаргачихаад нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

          Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Хариуцагч Ц.Нын хариу тайлбарын агуулга: Дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр бетон карказын ажлын гүйцэтгэгч болох хувь хүн, бригад болон бусад ажлыг гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах шаардлага гарсан. Ингээд найз О.Наранбаатарын санал болгосноор “П И Ө К” ХХК-ийг уг барилгын ажил гүйцэтгэх үнэ хөлсийг “Н” ХХК-тай зөвшилцсөний дагуу иргэн, бригадуудтай шаардлагатай гэрээ хэлцэл байгуулах, тохирсон ажлын хөлсийг дамжуулан өгөх ажлыг нэхэмжэгчид хариуцуулахаар тохиролцсон болно.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалт, ажлын хөлсний төлбөр болох 249,659,221 төгрөгтэй холбоотой асуудал нь иргэн Ц.Нтай бус “Н” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой маргаан байна.  

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК, Ц.Н нараас аас 249,659,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П И Ө К” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,406,247 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК, Ц.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,406,247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П И Ө К” ХХК-д буцаан олгосон.

 

  1. Хариуцагч Ц.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү.

          а/. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж, тайлбараа хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн санхүүгийн шинжээчийн дүгнэлт, иргэн Ц.Эрдэнэбаярын 2017 оны 07 сарын 24-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, иргэн Ц.Баттөрийн 2016 оны 07 сарын 04-ний өдөр, 2018 оны 11 сарын 29-ний өдрүүдийн гэрчийн мэдүүлэг, иргэн Ш.Алтангэрэлийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, иргэн С.Идэрийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, иргэн Д.Төмөрбатын 2016 оны 06 сарын 27-ны өдөр, 2019 оны 01 сарын 06-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 04/А тоот Прокурорын тогтоол, Улсын Ерөнхий прокурорын тогтоол, иргэн Ц.Нын 2016 оны 06 сарын 06-ны өдөр, 2016 оны 07 сарын 18-ны өдрүүдийн сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, Ц.Нын барилга баригдах явцад “П И Ө К” ХХК, Т.Билгүүн, О.Наранбаатарт шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтууд гэх мэт нотлох баримтууд гаргасан боловч шүүх ямар дүгнэлт хийсэн талаар тусгаагүй байна.

б/. Шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгийг харьцуулан судлавал хоорондоо зөрүүтэй, хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжлэн судлуулсан нотлох баримтууд зэргийг шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн гүйцэд бичээгүй, тэмдэглэл нь хуулийн хугацаандаа гараагүй учраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас бичлэгийг хүсэлтээр гаргуулсан. Уг бичлэгээр хариуцагч талын мэтгэлцсэн тайлбар, баримтууд нь тэмдэглэлд бүрэн бичигдээгүй болох нь тогтоогдоно.

в/. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй. Хариуцагчийн зүгээс “П И Ө К” ХХК-ийн дэд захирал О.Наранбаатартай амаар хэлэлцэж барилгын 3, 4, 5 дугаар давхрын төмөр бетон карказ, хийц цутгалт, хана, хамар ханын ажил, дотор гэрэлтүүлгийн хар хоолой угсралт, зоорь болон нэгдүгээр давхрын дотор халаалт, дулааны узель, цэвэр усны шугам хоолойн угсралт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажил эхлэхэд материалын зардал, ажилчдын хөлс гэж Ц.Н болон “Н” ХХК-аас нийт 176,085,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэвч О.Наранбаатар нь барилгын ажилд мөнгөн хөрөнгийг зарцуулахгүй, хувийн зээл чөлөөлөх бизнестээ мөнгөө зарцуулсны улмаас маргаан гарч хамтран ажиллаагүй бөгөөд шийдвэрт дүгнээд байгаа ажлуудыг “П И Ө К” ХХК болон О.Наранбаатар хийж гүйцэтгээгүй болох нь гэрч Ц.Эрдэнэбаяр, Ц.Баттөр, Ш.Алтангэрэл, С.Идэр, Д.Төмөрбат нарын мэдүүлэг, 2017 оны 05 сарын 29-ний өдрийн шинжээчийн 108 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон.

г/. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн үнэлгээний дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэн зөв үнэлэх зарчмыг зөрчсөн. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 108 тоот шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхад үнэлээгүй. Харин нэхэмжлэгч тал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дээрх дүгнэлт гарах үед хөрөнгө оруулсан болон ажил гүйцэтгэхэд зарцуулсан мөнгөн хөрөнгийн санхүүгийн 1 ширхэг ч баримтгүй байсан атлаа Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөрсдөө төлбөр төлж гаргуулсан “Лэндс” ХХК-ийн дүгнэлтийг шүүх хууль ёсны эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан хууль бус дүгнэлт гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Лэндс” ХХК-ийн 2018 оны 05 сарын 21-ний өдрийн үнэлгээ нь 2017 оны 05 сарын 29-ний өдрийн дүгнэлт гарсны дараа байгаа нь эргэлзээ бүхий нотлох баримт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгч нь ашиг нэхэмжлээгүй, хийсэн ажлынхаа хөлсний үлдэгдэл төлбөрийг л гаргуулах гэж шүүхэд хандсан.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “Н” ХХК-ийн тайлбарын агуулга: Хариуцагч Ц.Нын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 168.1.1-д тус тус заасныг зөрчсөн.

 

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Тодруулбал, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хариуцагч нараас мөнгөн хөрөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгосон шийдэл нь үндэслэлтэй байх тул хариуцагч Ц.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

  1. Нэхэмжлэгч “П И Ө К” ХХК нь хариуцагч “Н” ХХК, Ц.Н нарт холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 249,659,221 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...”Н” ХХК-ийн захирал Ц.Н, “Цотэ менежмент консалтинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 05-ны өдрийн №01/2015 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь барилгын 3-5 дугаар давхрын төмөр бетон карказын ажил, сантехникийн ажил, цахилгааны хар хоолойн ажил, гадна цахилгааны ажил зэргийг гүйцэтгэсэн, мөн 1-5 дугаар давхрын дүүргэлтийн блокийг нийлүүлсэн боловч хариуцагч нь аман хэлцлээр тохиролцсоны дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй...” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

  1. Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Н” ХХК нь “...нэхэмжлэгч компанитай хамтран ажиллах талаар тохиролцоогүй, О.Наранбаатартай барилгын ажил гүйцэтгэх үнэ хөлсийг “Н” ХХК-тай зөвшилцсөний дагуу иргэд, бригадуудтай шаардлагатай гэрээ хэлцэл байгуулах, тохирсон ажлын хөлсийг дамжуулан өгөх гэсэн ажлыг “П И Ө К” ХХК-аар хариуцуулахаар тохиролцсон, тус компани барилгын ажлыг өөрөө гүйцэтгээгүй бусдаар гүйцэтгүүлсэн, шаардлагатай хөрөнгө мөнгийг Ц.Н болон “Н” ХХК-ийн дансаар болон бэлнээр шилжүүлсэн бөгөөд нийт 176,085,000 төгрөг өгсөн...” гэж, Ц.Н нь “...“Н” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой маргаан байх тул Ц.Над хамааралгүй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

  1. Хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн “Цотэ менежмент консалтинг” ХХК-тай байгуулсан 2015 оны 10 сарын 05-ны өдрийн №01/2015 тоот “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ /2хх 49-53/-г зохигчийн дээрх тайлбаруудтай харьцуулан үнэлбэл, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Н нь “П И Ө К” ХХК-ийн дэд захирал О.Наранбаатартай уг гэрээ бүхий барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “П И Ө К” ХХК-ийг оролцуулахаар амаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

          Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй буюу Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК нь “Цотэ менежмент консалтинг” ХХК-ийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, “П И Ө К” ХХК-ийн хувьд захиалагч, харин “П И Ө К” ХХК нь “Н” ХХК-ийн өмнө ажил гүйцэтгэгчийн хувиар тус тус эрх зүйн харилцаанд оролцсон байна.  

 

          Иймд ажил гүйцэтгэгч “П И Ө К” ХХК нь захиалагч “Н” ХХК-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж үзнэ.

         

          Учир нь, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно” гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч “П И Ө К” ХХК нь барилгын ажлыг бусад хувь хүмүүс, бригадуудаар гүйцэтгүүлэх эрхтэй. Талууд барилгын ажлыг заавал биечлэн гүйцэтгэх, туслан гүйцэтгэгч оролцуулахыг хориглох тохиролцоо хийсэн болох нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. Хариуцагч талын “...“П И Ө К” ХХК нь барилгын ажлыг өөрөө гүйцэтгээгүй, хувь хүмүүс, бригадуудаар гүйцэтгүүлсэн...” гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн тухайн үед хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг тухай бүр тооцон өгч байсан, ажлын хөлсөнд нийт 176,085,000 төгрөгийг өгсөн, одоо ажлын хөлсний үлдэгдэл төлбөргүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Тодруулбал:

 

а/. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 04/А тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор /1хх 34-37/ “...Ц.Н нь дээрх гэрээг үндэслэн “П И Ө К” ХХК-ийн захирал О.Наранбаатартай амаар хэлэлцэн барилгын 3, 4, 5 дугаар давхрын төмөр бетон карказ, хийц цутгалт, хана, хамар ханын ажил, дотор гэрэлтүүлгийн хар хоолой угсралт, зоорь болон нэгдүгээр давхрын дотор халаалт, дулааны узель, цэвэр усны шугам хоолойн угсралт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, хамтран ажилласан...” болохыг тогтоосон байна.

 

Дээрх Прокурорын тогтоол нь эрүүгийн журмаар хэргийг шалгаж байх үед өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн гарсан байх тул гэрч Ц.Эрдэнэбаяр, Ц.Баттөр, Ш.Алтангэрэл, С.Идэр, Д.Төмөрбат нарын гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

б/. Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 108 дугаар шинжээчийн дүгнэлтээр /1хх 103-111/ барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 2,333,765,178 төгрөг, “Цотэ менежмент консалтинг” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнийн дүн 1,810,000,000 төгрөг, “Н” ХХК болон Ц.Н нараас 2015 оны 10 сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 сарын 20-ны өдрийн хооронд “П И Ө К” ХХК болон О.Наранбаатар нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 176,085,000 төгрөг болохыг тус тус тогтоож, “П И Ө К” ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоох боломжтой талаар дурджээ.

 

Улмаар “П И Ө К” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг эрүүгийн 201626021212 дугаартай хэрэгт мөрдөн байцаагчаас томилсон шинжээч болох “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн дүгнэлтээр 429,304,952 төгрөг /2хх 13-33/, “Лэндс” ХХК-ийн 2018 оны 07 сарын 15-ны өдрийн дүгнэлтээр 420,659,221 төгрөг гэж /1хх 24-28/ тус тус тогтоожээ.

 

Иймд цаг хугацааны хувьд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн дараа буюу тухайн дүгнэлтэд заасны дагуу “мөрдөн байцаах” ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дүнг тодорхойлсон, шүүхийн зүгээс шинжээч “Лэндс” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Учир нь, шинжээч “Лэндс” ХХК-ийн дүгнэлтэд “...зардлыг тус тусад нь хоёр хувилбараар үнэлж, аль аль нь зөвшөөрсөн хувилбараар ... үнэлгээг хийсэн болно...” гэснээс үзэхэд шинжээч нь талуудын хэн алины байр суурийг харгалзан үзэж дүгнэлтээ гаргасан байна. Иймд “шүүх “Лэндс” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

          Анх Ц.Н нь О.Наранбаатартай барилгын ажлын талаар амаар тохиролцсон, мөн Ц.Нын зүгээс “П И Ө К” ХХК, захирал Т.Билгүүн, дэд захирал О.Наранбаатар нар руу мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаар Ц.Ныг тодорхойлсныг буруутгах боломжгүй, “Ц.Н нь уг маргааны хариуцагч биш” гэх агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.

 

          4. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл “П И Ө К” ХХК нь нийт 465,666,097 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын ажил хийж гүйцэтгэснээс 176,085,000 төгрөгийг авсан байх тул 244,574,221 төгрөгийг хариуцагч “Н”, Ц.Н нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, анхан шатны шүүхийн гаргасан тооцооллын алдааг залруулан, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

          “Шүүх хуралдааны тэмдэглэл, видео бичлэг, шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичигдсэн хуралдааны тайлбар зэрэг нь зөрүүтэй” гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол хэргийн баримтаар нотлогдохгүй байхаас гадна хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн гэж үзвэл түүнд засвар хийх талаар санал гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

          Мөн “Шүүгч Б.Мөнхжаргал нь энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдааны даргалагчаар өөрийгөө томилсон нь хуульд нийцэхгүй” гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 183/ЗТ2021/01036 дугаар тогтоолоос үзэхэд тухайн Шүүгчдийн зөвлөгөөнийг шүүгч Б.Мөнхжаргал даргалж явуулсан буюу тухайн цаг хугацаанд шүүгч Б.Мөнхжаргал нь тус шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг орлон гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна.  

 

          5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/02708 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК, Ц.Н нараас 244,574,221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П И Ө К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,085,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...1,406,247 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...1,380,821 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 1,406,247 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                                 

 

                           ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР