Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0087

 

 

 

 
2018 оны 01 сарын 31 өдөр     Дугаар 221/МА2018/0087             Улаанбаатар хот


С.О, М.Э,
У.Б, У.С, “Д х” ХХК,
“М” ХХК нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн захирал О.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.О, М.Э, У.Б, У.С, “Д х” ХХК, “М” ХХК нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.О, М.Э, У.Б, У.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/1082 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нь “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 2, 4, 5 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/1082 тоот албан бичгүүдийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Эзэмшил газрын хэмжээг нарийвчлан тогтоож, захирамжид өөрчлөлт оруулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дэх хэсгийн а, 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй … дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгч “М” ХХК, “Д х” ХХК-иудаас гаргасан “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.О, М.Э, У.Б, У.С нарын “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар тогтоолын 2.3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0835 тоот шийдвэр нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоол нь “Д х” ХХК-ийн 1000 машины авто зогсоолын газрыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замтай гэрээ байгуулан түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшдэггүй бөгөөд “Д х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэж үзсэн байдаг. Гэтэл “Д х” ХХК нь тухайн газрыг ашиглах, эзэмших талаар эрх бүхий байгууллагад нь удаа дараа хүсэлт явуулсан байдаг бөгөөд газар эзэмших эрх, гэрчилгээ олгох байгууллагууд нь удаа дараа үндэслэлгүйгээр татгалзсан байдаг. Иймд “Д х” ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0570 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0705 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 504 тоот тогтоолоор “Д х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байдаг. Гэтэл үүнийг харгалзан үзэлгүйгээр тухайн газрыг эзэмших гэрчилгээ болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшдэггүй гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй байдаг. Мөн хариуцагчаас болон шүүхээс манай үйл ажиллагаа явуулж буй газрыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн газар гэх бөгөөд манай компанид газар түрээсэлж байгаа гэж дүгнэсэн байгаагаас үзвэл 29 дүгээр тогтоолд заасан нийтийн эзэмшлийн газарт энэ газар хамаарахгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4-д зааснаар гүйцэтгэх этгээд нь тодорхой бус илт хууль бус акт юм. 2.Шүүх 29 тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан гадагш чиглэсэн залгамжилсан шийдвэр биш гэж үзсэн бөгөөд 29 тогтоол нь дотоодод чиглэсэн захирамж тул “Д х” ХХК-ийг албадан нүүлгэхийг захирамжилсан үүрэг болгосон, тус компанийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндсөн хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт биш гэж үзсэн нь үндэслэлгүй байдаг. Гэтэл нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба төмөр зам дахь цагдаагийн газар нь удаа дараа албан шаардлага хүргүүлэхдээ дээрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/980 дугаар захирамжийг үндэслэдэг. Энэ нь “Д х” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, үйл ажиллагааг хохироосоор ирсэн тул манай компанид ирүүлээд байгаа мэдэгдэл нь хууль бус болно.
Бид улсаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа хүсэлгүй, өөрсдийн хүч хөдөлмөрөөр банкны зээлээр автомашин борлуулж өртэй амьдарч байхад цаашид үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг хангалгүйгээр шууд албадан нүүлгэхээр шийдвэрлэж байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчиж байна. 3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт хүчингүй болгон гэж заасан байдаг. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас дээрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолын заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 16.4 дэх хэсэгт заасныг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.3, 13.22.7 дахь хэсэгт заасныг, мөн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд “... Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайлбал: -Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын нөхцөлийг бүрдүүлэх, -Хөдлмөр эрхлэгч, түүний гэр бүлийн гишүүд хангалуун амьдрах боломж олгох ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн дүгнэлтийг эх хувиар нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгч хавсаргасаар байтал түүнийг үнэлж дүгнээгүй.
4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 26.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгүүдэд заасны дагуу автомашины худалдаа эрхлэгчдийн дунд сонсох ажиллагаа, хэлэлцүүлгийг заавал хийхээр хуульчилсан байдаг. Гэтэл сонсох ажиллагаа, хэлэлцүүлгийг хийгээгүй, ямар ч судалгаагүй мөртлөө хийсэн мэтээр тайлбарладаг боловч хэрэгт сонсох ажиллагаа, хэлэлцүүлэг явуулсан гэх баримт байдаггүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдаг.
5. Хавтаст хэргийн 119 дүгээр талд “Байгаль орчин ногоон хөгжлийн яам”-аас Авто худалдааны цогцолбор руу “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” албан мэдэгдлийг нотлох баримтаар татан авагдсан байдаг. Уг мэдэгдэлд Авто худалдааны цогцолборыг 2015 оны 4 дүгээр улиралд багтааж “... байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ...” Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ирүүлэхийг үүрэг болгосон байдаг. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас шүүхэд ирүүлсэн “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгийн 3 дахь хэсэгт “... Авто худалдааны цогцолбор байгуулах төсөлд 2014/Р76 тоот ерөнхий үнэлгээний дүгнэлтийн тухайд тус ерөнхий үнэлгээний дүгнэлтэд дурдсан хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр улиралд багтаан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж ирүүлээгүй тул дүгнэлтэд заасны дагуу уг ерөнхий үнэлгээ хүчингүй болсон болно ...” гэж нарийн тодорхой дурдсан байдаг. Гэтэл 2017 оны 5 сард гуравдагч этгээдийн зүгээс 2014 онд нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг бөгөөд энэ нь хуурамч байхад шүүх анхаараагүй. Хамгийн гол нь Авто худалдааны цогцолборт заавал талбай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Авто худалдааны цогцолбор”-ын зогсоолын үнэ нь 18 м.кв ил задгай зогсоол 4,000,000 төгрөг, 72 м.кв ил задгай зогсоолын үнэ 9,000,000 төгрөгөөр худалдаж аван, нэмж байнга түрээс, төлбөр хураамж төлөхөөс гадна бидэнд Үндсэн хуулиар олгогдсон “эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах” нөхцөл бололцоог хангаагүй буюу амьсгалах боломжгүй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо, бохирдол ихтэй, урин дулааны улиралд өмхий самхай үнэртсэн, өвлийн улиралд -50 градус хүртэл хүйтэрдэг, хөрсний нуралт ихтэй, хөрсөн бүрхэвч эвдэрсэн, цөлжсөн, хуурай шороон шуурга, гал түймрийн эрсдэл өндөртэй” газарт хүч хэрэглэн нүүлгэх нь биднийг шууд дампуурахад хүргэнэ. Цаашид ажиллах боломжийг олгосон цогц шийдвэр гаргалгүй олон худалдаа эрхлэгчдийн эрхийг зөрчиж байгаа нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх, иргэдийн эрх ашгийг харгалзан үзэх зарчимд нийцэхгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 7800 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх шийдвэртээ “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй … дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний тухайд дурдахдаа нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжаар гурван нэгж талбарын дугаартай буюу 3150 м.кв /…/, 2300 м.кв /…/, 2350 м.кв /…/, талбай бүхий газруудаас бүрдэж байх гэж дүгнэж тодорхойлсон бөгөөд дээрх аж ахуйн нэгж зөвшөөрсөн талбай хэмжээнээсээ илүү зөрчилтэй байна гэдгийг шийдвэрийн 20 дахь талд шүүх нотлогдож байна гэсэн мөртлөө газар эзэмших эрхийн хугацааг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь  “М” ХХК нь Газрын тухай хуулийн 27.1, Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, гэсэн хуулийн заалтыг зөрчиж илүү талбайд үйл ажиллагаа явуулсан, 27.4 хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 35.3.2 газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх мөн … тоот дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Д х” ХХК болон хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч “Д х” ХХК, “М” ХХК-ийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар Нийслэлийн Засаг дарга арга хэмжээ авч, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “в”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д заасныг үндэслэн барилгын материалын зах, автомашин, техникийн захуудыг нүүлгэхээр 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/980 дугаар актыг гаргасан байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга 2014 оны 01/738 дугаар албан бичгээр “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад уламжилснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг гаргажээ.
Нэхэмжлэгч нарын маргаж буй 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох, зохих арга хэмжээг авсан байна.
Харьяалах нутаг дэвсгэртээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоох, орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн Хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих, Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын саналыг хэлэлцэх эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлд зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд олгожээ.
Тэрчлэн, хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, мөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх бодлого боловсруулж Хурлаар батлуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах зэрэг эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргад мөн олгосон байна.
Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд замын хөдөлгөөний түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг буруулахаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж, нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглосон, мөн автомашин, техникийн захуудыг нүүлгэж, газар чөлөөлөхөөр гарсан маргаан бүхий захиргааны актууд нь илт хууль бус биш юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “Д х” ХХК нь автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд эдгээр үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүхийн дүгнэлтээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дүгээр актуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана” гэж зааснаар дүгнэх үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй байх тул шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй юм.
Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг эрх зүйн мэдлэггүй, ердийн хүн хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийхүйц байх шаардлагатай, мөн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн байхыг ойлгоно.
Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/980 дугаар актуудыг дээрх тайлбарт тодорхойлсон байдлаар дүгнэгдэх боломжгүй байна.
Тиймээс маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус гэж үзээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Харин 29 дүгээр тогтоол, А/980 дугаар захирамжийн үндэслэл нь нийтийн эзэмшлийн зам талбай, ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглосон, нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар зохицуулсан болохоос өөр бусад хуульд заасан зөвшөөрөл бүхий зориулалтаар газар эзэмших эрхийг хязгаарлах зохицуулалтгүй бөгөөд шүүхийн энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалттай 7800 м.кв бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “М” ХХК-д олгожээ.
Улмаар “М” ХХК-иас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж хариуцагч байгууллага түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар “М” ХХК 7800 м.кв газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй атлаа зөвшөөрөлгүйгээр 2671 м.кв газрыг эзэмшдэг, мөн захиргааны байгууллагаас “М” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зохих хэмжээгээр олгосон газрыг эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшихийг мэдэгдэж байсан нь тогтоогдож байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээнд заасан 7800 м.кв газрын хэмжээнд одоог хүртэл багасгах эсхүл ихэсгэх байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгчийн бодитой эзэмшиж байгаа газрын хэмжээ нь хууль ёсоор эзэмшиж буй газрын хэмжээнээс илүү байгаа бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад “М” ХХК нь 2671 м.кв газрыг өөрийн зөвшөөрөл бүхий газар дээр нэмж эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж заасантай нийцэхгүй бөгөөд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын үйлдэл нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин “М” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хууль ёсоор эзэмших эрхтэй газрын хэмжээг зөвшөөрөлгүй эзэмшсэн зөрчлийг арилгасны үндсэн дээр түүний эзэмшиж буй … дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой, хариуцагчийн зүгээс ч үүнийг үгүйсгэж маргаагүй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч С.О, М.Э, У.Б, У.С нар давж заалдах гомдол гаргаагүй болно.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д х” ХХК, “М” ХХК-ийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй … дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д х” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                  Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР