Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01443

 

Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04662 дугаар шийдвэртэй,                                           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дүгээр сарын 05-ний өдрийн 1684 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Д.Пүрэвдорж,

Хариуцагч : Мон-Сан ХХК,

Хариуцагч : Их барилга  төсөл ХХК,

Хариуцагч : Д.Наранбаатар, 

Хариуцагч : Б.Цэрэнханд,          

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Пүрэвдоржийг тогтоолгох, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад  даалгах  Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан  худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б.Цэрэнхандын нэр дээрх 2 өрөө орон сууцны  бүртгэлийг  хүчингүй болгуулах тухай

Хариуцагч Их барилга ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 65.48 м.кв талбай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Наранбаатар болсон болохыг тогтоолгох тухай,                                                                                     

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагч Б.Цэрэнхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, Б.Цэрэнхандын  өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагч Их барилга төсөл ХХК болон Д.Наранбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Энх, нарийн бичгийн дарга  Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Пүрэвдорж нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот 65.48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг  24.882.400 төгрөгөөр худалдан авахаар Их барилга төсөл ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ байрны захиалагч Их барилга төсөл ХХК-д 2003 оны 12 дугаар сард 3.000.000 төгрөг, 5.898.000 төгрөгийн барилгын материал, Мон-Сан ХХК-д 18.460.000 төгрөгийн барилгын материал нийлүүлж, нийт 27.630.000 төгрөг өгч үнийг бүрэн төлсөн. Их барилга төсөл ХХК нь Д.Пүрэвдорж надад холбогдуулан 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, миний бие байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан. Уг хэргийг Баянгол дүүргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1668 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүх 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 879 дүгээр магадлал, Улсын Дээд шүүх 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 52 дугаар тогтоолоор Их барилга төсөл ХХК-ийн орон сууцнаас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Пүрэвдоржид өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9дүгээр сарын 19-ний өдрийн 6770 дугаар захирамжаар гүйцэтгэх хуудас бичиж өгсний үндсэн дээр өөрийн  өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар Их барилга төсөл ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн шүүх 2013 оны 6770 дугаар захирамж, гүйцэтгэх хуудасын хамт хүчингүй болж, Д.Наранбаатарын бие даасан шаардлагыг хангасан. Их барилга төсөл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт Д.Пүрэвдорж намайг гуравдагч этгээдээр татсан. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг гаргасан боловч Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 649 дугаар тогтоолоор шийдвэрлэхгүй орхисон. Улсын Дээд шүүхийн 2013 оны 52 дугаар тогтоолоор Их барилга төсөл ХХК-ийн орон сууцнаас албадан нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Пүрэвдорж надад өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Д.Наранбаатарын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Пүрэвдоржийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Наранбаатрын нэр дээр орон сууцны гэрчилгээ гарч, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б.Цэрэнхандад худалдах-худалдан авах гэрээгээр шилжсэн байна. Иймд Б.Цэрэнхандыг хариуцагчаар оролцуулж,  Д.Наранбаатар,Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчингүй болгож, Б.Цэрэнхандын нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгож,Д.Пүрэвдоржийг өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө үү гэжээ. /хх1-ийн 1, 64, 132/

Хариуцагч “Мон-Сан” ХХК шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2002 оноос 24 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаад 2 дугаар давхраас нь эхлэн Их барилга төсөл ХХК-тай 2003 оны 8 дугаар сарын 10-ныөдөр 02 тоот гэрээ байгуулан үргэлжлүүлэн хамтран барьсан юм. Энэхүү гэрээний 3.5-д заасны дагуу манай компани Д.Пүрэвдоржтой орон сууц захиалах гэрээ хийж 1.846.000 төгрөгийн барилгын материал, бэлэн мөнгөний урьдчилгаа авч тус барилгын ажилд зарцуулсан нь үнэн. Манай компани нь 2004 онд тус барилгыг барьж дуусгах үед Д.Пүрэвдорж Их барилга төсөл ХХК-тай захиалсан 2 өрөө орон сууцаа баталгаажуулах шинээр гэрээ хийх хүсэлт гаргасны дагуу Их барилга төсөл ХХК-ийн захирал Д.Наранбаатарын өрөөнд Д.Пүрэвдоржтой хамт уулзалт хийж түүнтэй хийсэн гэрээ, урьдчилгаа болгож авсан 18.460.000 төгрөгийн асуудлаа танилцуулсан. Д.Наранбаатар захирал Д.Пүрэвдоржид захиалсан 2 өрөө байрыг нь өгч, гэрээ хийхээр тохирч компанийнхаа ня-бо н.Чимгээ, мэргэжилтэн Д.Батбаатар нарыг дуудаж үлдэгдэл тооцоог нь бодох үүрэг өгөхөд тэд нар нь тооцоо хийгээд, Д.Пүрэвдорж нь захиалсан 2 өрөө байрныхаа нийт төлбөрөөс үлдэгдэл 3.000.000 төгрөгийг бэлнээр төлөх тооцоо байгааг хэлээд Их барилга төсөл ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ хийхээр болж 14 тоотын түлхүүрийг Д.Пүрэвдоржид Их барилга төсөл ХХК нь олгосон. Үүгээр Мон-Сан ХХК болон Д.Пүрэвдорж нарын хооронд орон сууц захиалсан гэрээ дуусгавар болж манайх гэрээний үүргээ биелүүлсэн болно. Мон Сан ХХК болон Их барилга төсөл ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг албан ёсоор дүгнээгүй явдал бол тус компанийн захирал Д.Наранбаатарын хууль бус үйлдэл, анхнаасаа манай компанийг болон Д.Пүрэвдорж нарыг залилан мэхлэх зорилготой холбоотой байсан нь хожим дараах үйлдэл, нотлох баримтуудаас илэрхий болсон. Үүнд: 24 айлын барилгыг гэрээ хийж барьсан Мон-Сан ХХК-ийн захирал М.Батбаатар болон барилга ашиглалтад оруулах Улсын комиссын 4-5 гишүүний гарын үсгийг хуурамчаар зурж барилгыг хууль бус аргаар ашиглалтад өгч гэрээ дүгнэх хариуцлагаас санаатайгаар зайлсхийсэн. Хуурамчаар үйлдсэн хүчин төгөлдөр бус улсын комиссын актыг Улсын бүртгэлийн газарт өгч Д.Пүрэвдоржид албан ёсоор түлхүүрийг нь өгч байранд оруулсан атлаа орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн авч 14 тоот байрны эзэмших эрхийг өөрийн нэр дээр авсан. Манай хоёр байгууллагын хооронд гэрээгээ дүгнэх үндсэн нөхцөл бол Улсын комиссыг хамтран ажиллуулж бүх тооцоогоо хийх ёстой байсан, гэтэл Мон сан ХХК-н  өмнөөс нь хуурамчаар гарын үсэг зурж, Улсын комисс ажиллуулсан акт үйлдсэнийг нь манай тал огт мэдээгүй байсан юм. Улсын комиссын акт хүчин төгөлдөр бус, зарим гишүүд түүн дотроо Мон сан ХХК-ийн захирал М.Батбаатарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь Их барилга төсөл ХХК-ийн захирал Д.Наранбаатарын хувьд гэрээ дүгнэхээс зайлсхийсэн. Д.Пүрэвдоржид өгсөн 2 өрөө орон сууцны эзэмших эрхийг авах гэсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд юм. Иймд манай компанийн хувьд Д.Пүрэвдоржтой хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлсэн бөгөөд Д.Пүрэвдорж нь 14 тоот байрыг эзэмших  эрхтэй гэж үзэж байна.Манай компани нь Баянгол дүүргийн 1-р хороонд 24 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж байгаад 2 давхраас нь эхэлж Их барилга төсөл ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 023 тоот гэрээ байгуулж барилгыг үргэлжлүүлэн барьсан юм. Энэхүү гэрээний 3.5-д “..Барилгын ажлын эхний ээлжинд захиалагчаас санхүүжүүлсэн бондын хөрөнгөөр гүйцэтгэж үлдсэн хөрөнгийг барилгаа борлуулсны орлогоос гүйцээн санхүүжүүлж хугацаанд нь барьж дуусгана..” гэж гүйцэтгэгчийн эрх,үүрэгт тусгасны дагуу манай компани Д.Пүрэвдоржтой орон сууц захиалах гэрээ байгуулж 18.460.000 төгрөгийн барилгын материал болон бэлэн мөнгөний урьдчилгаа авч барилгын ажилд зарцуулсан.  2004 онд барилгыг барьж дуусах үед Д.Пүрэвдорж захиалсан орон сууцаа баталгаажуулж, шинээр гэрээ хийх хүсэлт гаргасан учир Их барилга төсөл ХХК-ийн захирал  Д.Наранбаатартай уулзаж, танилцуулсны дагуу гэрээ хийхээр тохирч ня-бо, мэргэжилтэн хоёроо дуудан тооцоо хийж, үлдэгдэл 3 сая төгрөг бэлнээр тооцох тооцоо байгааг хэлээд Д.Пүрэвдоржид 14 тоотын түлхүүрийг гаргуулсан.Үүгээр Д.Пүрэвдоржийн өмнө хүлээсэн манай үүрэг дууссан. Гэтэл Д.Наранбаатар нь манай компани болон иргэн Д.Пүрэвдоржийг залилсан мэхэлсэн үйл ажиллагаа хийсэн. Учир нь улсын комиссын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, Д.Пүрэвдоржийг байранд оруулсан боловч байрны гэрчилгээг өөрийн нэр дээр авсан гэжээ /хх 1-ийн 48, 109/

Хариуцагч Д.Наранбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Энх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлд хариу тайлбар өгч байна. Их барилга төсөл ХХК нь Баянгол дүүргийн 1-р хороо, Нарны зам гудамж 88-р байр гэсэн хаягтай орон сууцны барилгыг захиалан бариулсан компани бөгөөд нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь Д.Наранбаатар юм. Гүйцэтгэгч компани болох Мон сан ХХК-ийн захирал М.Батбаатар өөрийн танил гэх Д.Пүрэвдоржийг дагуулан ирж уулзуулан 14 тоотын 65.48 кв.м 2 өрөө орон сууцыг 24.882.400 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 3 сая төгрөг төлөөд ,дараагийн төлбөрөө хийх үедээ гэрээ байгуулах байсан боловч дахин төлбөр хийгээгүйгээс гэрээ байгуулагдаагүй, харин төлбөр төлөх шаардлага тавихад Мон сан ХХК-д барилгын материал нийлүүлсэн гэх тайлбар хэлж,тохиролцсон нөхцөлөө биелүүлээгүй,гэрээ байгуулаагүйн улмаас гэрчилгээг Д.Наранбаатарын нэр дээр гаргуулсан.Иймээс Д.Наранбаатар нь энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд түүний өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Харин Д.Пүрэвдорж шүүхэд хандан шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Энэ ажиллагаа нь анхан шатны 2015 оны 668, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 717, Дээд шүүхийн 2015 оны 649 дүгээр тогтоол зэргээр залруулагдаж яваа юм.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ . /хх1-ийн 51, 96/

Хариуцагч Их барилга төсөл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх 2008 онд шүүхэд хандаж Д.Пүрэвдоржид хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1668 шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 879 дүгээр магадлал, Дээд шүүхийн 2013 оны 52 дугаар тогтоол гарсан.Дээд шүүхийн тогтоолд Д.Пүрэвдоржид “өмчлөх эрх үүссэн байна” гэж шийдсэн бөгөөд “өмчлөгч” гэж тогтоогоогүй байхад тэрээр гүйцэтгэх хуудас бичүүлэн орон сууцны өмчлөгч болсон байдаг.Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан. Энэ ажиллагаа нь анхан шатны 2015 оны 668, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 717, Дээд шүүхийн 2015 оны 649 дүгээр тогтоол зэргээр залруулагдаж яваа юм. Их барилга төсөл ХХК нь 2003 онд маргаан бүхий байрыг захиалагчийн хувиар захиалан бариулж байсан. Уг барилгын гүйцэтгэгчээр нь Мон-Сан ХХК ажиллаж барилгыг барьсан ба тухайн барилга баригдаж байх үед Д.Пүрэвдорж нь Мон-Сан ХХК-ийн захиралтай уулзан, тэдгээрийн хооронд 2004 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь мэдэгдсэн. Гэрээ байгуулах эрх  зөвхөн захиалагч компанид байгаа болохыг түүнээс шаардсанаар гүйцэтгэгч компанийн захирлаар дамжуулан захиалагчтай уулзаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар урьдчилан 3 сая төгрөгийг төлөөд тухайн байранд оршин сууж эхэлсэн байдаг. Ийнхүү тохиролцсоноос хойш Д.Пүрэвдорж нь барилгын захиалагч болон гүйцэтгэгч компанийн ажилтнуудын гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулсан 5.898.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг нийлүүлсэн ба түүнээс өөр ямар нэг төлбөрийг Их барилга төсөл ХХК-д гүйцэтгээгүйгээр байранд оршин сууж байсан. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг, үгүй бол байрыг чөлөөлөхийг захиалагчийн зүгээс удаа дараа шаардахад Мон-Сан ХХК-д барилгын материал нийлүүлсэн гэх тайлбар гарган төлбөрөө гүйцэтгэхгүй байсан учир 2008 онд шүүхэд хандан орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор шүүхээс иргэний хэрэг үүсгэхэд Д.Пүрэвдорж нь хариуцагчийн хувьд сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд уг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1294 дүгээр шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2009 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 372 дугаар тогтоол гарсан. Эдгээр шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Д.Пүрэвдоржийг орон сууцнаас албадан гаргасан юм. Хариуцагч болох Д.Пүрэвдорж нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулснаар Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхэд шилжүүлсэн тул дахин 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Д.Пүрэвдорж орон сууцыг чөлөөлсөн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, харин хариуцагчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэхээр Д.Пүрэвдорж нь шүүхэд хүсэлт гарган гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж бичүүлж 2013 оны 9 дүгээр сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар орон сууцны хаалгыг эвдэн орж амьдарсан хууль бус үйлдэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор 2013 оны 12 дугаар сард Их барилга төсөл ХХК болон Д.Наранбаатар нар нь шүүхэд хандсанаар уг асуудлын талаарх маргааныг мөн иргэний хэргийн шүүх шийдвэрлэж, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хууль бус болох тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар Д.Пүрэвдорж нь “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийг өмнө удаа дараа гаргаж байсан, уг шаардлагыг шүүхийн журмаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Иймд шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэхгүй бөгөөд түүний энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр шийдэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн тэрээр энэхүү шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлсэн бөгөөд энэ ажиллагаа нь хууль бус тул үүнтэй холбогдуулан гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэхэд тэрээр мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож "Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан ба шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 668 дугаар шийдвэр, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 717 дугаар магадлал, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний 649 дүгээр тогтоол тус тус гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээр тайлбарласнаар Д.Наранбаатарын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гүйцэтгэх ажиллагааны журмаар өөрийн нэр дээр гаргуулан авсан. Ингэснээр тухайн орон сууцны эрхийн гэрчилгээ нэхэмжлэл гаргасан Д.Пүрэвдоржийн нэр дээр одоо улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа ба шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 668 дугаар шийдвэр, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 717 дугаар магадлал, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 649 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийг сэргээж гэж заасан бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжээгүй байгаа болно. Иймээс энэ нь мөн шүүхээр нэгэнт тогтоогдсон, өөрөөр хэлбэл Д.Пүрэвдоржийн нэр дээрх улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг буюу өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, харин Д.Наранбаатарын өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээж олгохоор шүүх нэгэнт шийдвэрлэсэн, шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул энэхүү хууль бус шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ одоо Д.Пүрэвдоржийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа ба иргэн Д.Наранбаатарын нэр дээр гэрчилгээ бүртгэгдээгүй байгаагаас хүчингүй болгох боломжгүй, бүртгэгдсэн байлаа гэхэд хүчингүй болгох үндэслэл шалтгаан юу болон энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн шаардлагууд нь шүүхээр нэгэнт шийдэгдсэн, энэхүү удирдлагаа нотлох нотолгоо баримтгүй байгаагаас, түүнчлэн хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Их барилга төсөл ХХК нь маргаан бүхий орон сууцны барилгыг захиалан бариулсан компани бөгөөд Д.Наранбаатар нь тус ганц гишүүнтэй компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул энэ утгаараа Компанийн тухай хуульд заасан эрх бүхий этгээд буюу барилгыг бариулах, орон сууцыг худалдах, гэрээ байгуулах, гэрчилгээ гаргуулах эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь юм. Иймээс уг барилгын гүйцэтгэгч компани болох Мон-Сан ХХК-ийн захирал М.Батбаатар нь өөрийн танил гэх Д.Пүрэвдоржийг дагуулан ирж уулзуулан, энэ дагуу иргэн Д.Пүрэвдорж уг барилгын 14 тоот 65.48 кв.м бүхий 2 өрөө орон сууцыг 24.882.400 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 3.000.000 төгрөг төлөөд, дараагийн төлбөрөө хийх үед гэрээ байгуулах байсан боловч дахин төлбөр төлөөгүйгээс гэрээ байгуулагдаагүй, харин компани төлбөрөө төлөх шаардлага тавихад Мон-Сан ХХК-д барилгын материал нийлүүлсэн гэх тайлбар хэлэн харилцан тохиролцсон нөхцөлөө биелүүлээгүй, гэрээ байгуулаагүйн улмаас барилгыг улсын комисс хүлээн авч гэрчилгээ гаргах боломж үүсэх 2008 оныг хүртэл шаардан явж ирсэн бөгөөд шаардлагыг биелүүлээгүй учир Их барилга төсөл ХХК харилцан тохиролцооноосоо Иргэний хуулийн 209, 225, 226 дугаар зүйлийн дагуу татгалзан, орон сууцны өмчлөх эрхийг Д.Наранбаатарын нэр дээр гаргуулсан байгаа. Иймээс Д.Наранбаатар нь хуулийн хүрээнд өмчлөх эрх олж авах эрх бүхий этгээд, улмаар өмчлөх эрхийг хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэн эд хөрөнгө, түүнтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд зохих ёсоор олж авсан, нэгэнт өмчлөгч болохын хувьд өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй тул орон сууцыг худалдсан нь хуулийн дагуу, иймээс түүний орон сууц өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэл, хуулийн шалтгаан байхгүй болно. Харин Д.Пүрэвдорж нь шүүхэд хандан талуудын хоорондын маргаан бүхий асуудлаар гарч байсан шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан, хууль бусаар, санаатайгаар хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 6770 дугаар шүүгчийн захирамж гаргуулан 691 дүгээр гүйцэтгэх хуудас бичүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэн Д.Наранбаатарын нэр дээрх орон сууц өмчлөх эрхийг, эрхийн гэрчилгээг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан ба үүнтэй холбогдуулан Их барилга төсөл ХХК, Д.Наранбаатар нар шүүхэд удаа дараа гомдол гаргаснаар энэхүү илт хууль бус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 6770 дугаар шүүгчийн захирамж, 691 дүгээр гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9631/Б дугаар шүүгчийн захирамж, мөн захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр шүүхийн тогтоол гарснаар түүний өмчлөгч болохын тулд хууль бус ажиллагаа хийлгэсэн нь нотлогдож байгаа юм. Мөн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудлаар Д.Наранбаатарын гомдлыг шүүх шийдвэрлэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан ба энэ дагуу хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн учир тэрхүү хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь залруулагдан явагдаж байгаа. Иймд Д.Пүрэвдорж хууль бусаар өмчлөгч болсон, энэ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон болох нь нотлогдож байгаа тул түүний Д.Наранбаатарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Пүрэвдоржийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн үндэслэлгүй, хууль бус уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.Пүрэвдорж, Их барилгa төсөл ХХК-тай нар тохирч байсан боловч орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй.Төлбөрөө төлөөгүй тул гэрээнээс татгалзсан. Барилга зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн бөгөөд худалдан ав иргэнийн төлбөр уг санхүүжилтийн дагуу банкид төлөгдөж байсан. Дараагийн худалдан авагчид борлуулж Б.Цэрэнхандтай гэрээ хийж, мөнгийг нь авч банкны зээлийн төлбөрт шилжүүлсэн байсан. Гэвч Д.Пүрэвдорж мөнгийг төлөөгүй Монсан ХХК-д төлсөн гэх шалтгаанаар байрыг суллаж өгөөгүй тул орон сууцыг Наранбаатарын нэр дээр гэрчилгээ авсан. Иргэн Цэрэнхандад байрыг хүлээлгэн өгөхийг түр хүлээлгэж байсан.Б.Цэрэнханд орон сууцныхаа талбайг багасгах хүсэлт тавьсан тул хүлээн авч 14 тоот орон сууцыг өгөх болж гэрээ хийсэн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ /хх 1-ийн 57, 78, 191/

Хариуцагч Б.Цэрэнхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Цэрэнханд нь 2008 онд Их барилга төсөл ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед орон сууцны төлбөр дутуу төлөгдсөн байсан бөгөөд Их барилга төсөл ХХК нь удаа дараа төлбөрөө төл гэсэн тул бага талбай бүхий орон сууц авах хүсэлт Их барилга төсөл ХХК-д гаргасан. Их барилга төсөл ХХК 14 тоот орон сууцыг санал болгосноор түүнийг худалдан авахаар талууд харилцан тохиролцож шинэчлэн байгуулсан. Тухайн үед 14 тоотод айл амьдарч байсан. Их барилга төсөл ХХК нь байр ашиглалтад орохоор айл нь гарна гэсэн. Байр ашиглалтад ороод, өмчлөх эрхийн гэрчилгээг эзэмшигчдэд нь гаргаж өгч байна гэхээр нь Их барилга төсөл ХХК дээр очиж уулзахад ...энэ барилгыг банкны зээлээр барьсан учир банкинд мөнгө төлж байж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө. удахгүй, хүлээж бай... гэсэн. Хэргийн материалаас харахад Д.Пүрэвдорж, Их барилга төсөл ХХК-иас орон сууц худалдан авахаар амаар тохиролцож байсан, албан ёсоор гэрээ байгуулаагүй, төлбөрөө төлөөгүй тул Их барилга төсөл ХХК, Д.Пүрэвдоржтой тохиролцсон тохиролцооноосоо татгалзаж, уг байрыг Б.Цэрэнхандад санал болгож, уг байрыг худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор байгуулж, төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн учир маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь Б.Цэрэнханд юм.

Мөн энэ маргааны улмаас орон сууцны гэрчилгээгээ авч чадахгүй удаан хохирч явсан. 2016 оны 3 дугаар сард орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Б.Цэрэнханд, Их барилга төсөл ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, хууль ёсны гэрээ байна. Иймд иргэн Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-1ийн 197/

Хариуцагч Их барилга төсөл ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Пүрэвдорж нь Их барилга төсөл ХХК, Мон сан ХХК, Д.Наранбаатар нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж байна.2008 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “орон сууц чөлөөлүүлэх” шаардлага гаргасан. Одоо бол тухайн “орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэл гаргаж байна.Шүүхээр шийдвэрлэгдсэн маргаануудад дурдсанчлан Их барилга төсөл ХХК болон Д.Пүрэвдорж нар маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах талаар тохиролцож байсан, гэрээ байгуулахыг тул урьдчилгаа 3 сая төгрөг өгс авсан ба гэрээг бичгээр байгуулаагүй. Иймээс бичгийн гэрээг хэн аль нь шүүхэд гаргаж өгөөгүй. Тохиролцсон ч гэрээг байгуулагдаагүйн зэрэгцээ  харилцан тохиролцсон 24.882.400 төгрөгийг Д.Пүрэвдорж нь Их барилга төсөл ХХК-д бүрэн буюу дийлэнх хэсгийг төлөөгүй. Нэгэнт төлбөр төлөөгүй тул өөрийгээ өмчлөгч гэх нь үндэслэлгүй, иймээс ч шүүх түүнийг өмчлөгч биш гэж тогтоосон учир тухайн орон сууцны өмчлөгч нь Их барилга төсөл ХХК, иргэн Д.Наранбаатар болно. Гэрээ байгуулагдаагүй хэдий ч Д.Пүрэвдоржоос мөнгө төлөхийг байнга шаардсан ч тэрээр Мон сан ХХК-д барилгын материал нийлүүлсэн тухайгаа тайлбарладаг тул өмчлөх эрхийг  Д.Наранбаатарт шилжүүлсэн.Иймд маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг  Д.Наранбаатарт шилжүүлэн,Д.Наранбаатар нь хууль ёсны өмчлөгч болсон болохыг тогтоож өгнө үү  гэжээ. /хх1-ийн 53-54, 57/

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь худлаа юм. Үүний үндэслэл нь 1-рт. Гэрээ байгуулагдаагүй гэж байна. Гэтэл 2008 онд гэрээ байгуулагдсан гэж Их барилга төсөл ХХК-ийн гаргасан нэхэмжлэл дээр байгаа. Дээрээс нь Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 52 тоот тогтоолд тодорхой байгаа. 2-рт: 3 шатны шүүхээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь тогтоогдсоор байхад дахин шаардлага гаргаж байна. Гэтэл 3 шатны шүүхээр шийдэгдсэн бол өмчлөх эрх үүссэн болохыг тогтоосон байгаа. Өөрсдөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгоё гээд явахдаа хэргийг эцэслэн шийдээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдлаа, үүнийг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлага гаргасан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр болохоор энэ чинь тогтоогдсон шаардлага гэж байна. Тэгвэл өмчлөх эрх үүссэн болохыг 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор тогтоосон. Хэнд өмчлөх эрх үүссэн бэ гэхээр өмчлөгчид үүснэ. Тэгэхээр Д.Пүрэвдоржийг өмчлөгчөөр тогтоосон байгаа юм байна гэсэн логик агуулга гарч ирнэ. Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэйгээ ч уялдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрөө хуурамч байгаа учир шаардлагатайгаа авцалдахгүй, хангах боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх1-ийн 207-219/

Хариуцагч Д.Наранбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Д.Пүрэвдорж өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн шаардлага нь 3 шатны шүүхээр шийдэгдсэн байхад дахиад өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Д.Наранбаатарын нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч байсан. Удаа дараагийн шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх үүссэн гэж тогтоосон байдаг. Ингэж тогтоосоор байтал Д.Пүрэвдорж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Мон сан ХХК-ийн захирлын ярьж байгаагаар 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар Д.Пүрэвдоржид өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулсан байдаг. Энэ үндэслэлээр бид гомдол гаргаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлээд Д.Пүрэвдоржийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, Д.Наранбаатарын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээсэн юм. Иймд Их барилга төсөл ХХК, Д.Пүрэвдорж нар нь орон сууц худалдах, худалдан авахаар гэрээ байгуулахаар тохиролцсон боловч Д.Пүрэвдорж тохиролцсоныхоо дагуу төлбөрөө төлөөгүй учир талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал болох Их барилга төсөл ХХК үүргээ гүйцэтгэхээс татгалзаж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд болохын хувьд Д.Наранбаатарын нэр дээр шилжүүлсэн. Иймд Д.Наранбаатар маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан болохоо тогтоолгоё гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ./хх1-ийн 207-219/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 102/ШШ2016/04662 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-г баримтлан  Их барилга төсөл ХХК, Мон-Сан ХХК, Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарт холбогдох ”.. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 65.48 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, Б.Цэрэнхандын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах...” Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заасныг баримтлан Д.Наранбаатар нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам 88 дугаар байрны 14 тоот, 65.48 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч байсан болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473.650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.Пүрэвдоржоос 70.200 төгрөг гаргуулж Д.Наранбаатарт олгож шийдвэрлэжээ. /хх2-ын 3-10/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 102/ШШ2016/04662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Их барилга төсөл ХХК, Мон-Сан ХХК, Д.Наранбаатар нарт холбогдох ”.. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 65.48 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,  Б.Цэрэнхандын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй  Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам 88 дугаар байрны 14 тоот, 65.48 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч байсан болохыг тогтоолгох Д.Наранбаатрын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай..” гэж, тогтоох хэсгийн хоёр дахь заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг хүчингүй болгуулах Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж,  тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын   улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой хэсгийг  мөн өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. /хх2-ын 34-43/

Нэхэмжлэгч Д.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, Д.Мөнхтуяа нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Д.Наранбаатар 2003 онд уг орон сууцыг иргэн Д.Пүрэвдоржид худалдах, худалдан авах гэрээ хийж орон сууцны түлхүүрийг өгсөн. Д.Пүрэвдорж одоо хүртэл уг орон сууцанд амьдарч байна. Мон-Сан ХХК нь уг баримтын 2 давхаргыг хүртэл барьж байгаад цааш нь үргэлжлүүлэн барих санхүүжилт хүрэхгүй болсноор “Их барилга төсөл” ХХК-тай 2 тоот гэрээ байгуулж уг гэрээний 3.5-д Барилгын ажлыг эхний ээлжид захиалагчаас санхүүжүүлсэн бондын хөрөнгөөр гүйцэтгэж үлдсэн хөрөнгийг барилга борлуулсан орлогыг гүйцээн санхүүжүүлж үүргийг Мон-Сан ХХК-д өгсөн учраас Мон-Сан ХХК-д Д.Пүрэвдорж 18.486.000 төгрөгийн барилгын материалыг орон сууцын үнэнд тооцохоор 2003.12.15-ны өдөр гэрээ байгуулсан. Бараа материал хүлээн авч орон сууц барихад зарцуулсан тухай Баянгол дүүргийн шүүхийн 2012.10.03-ны өдрийн 1668 дугаар шийдвэр, 879 дүгээр магадлалтай, Дээд шүүхийн 2013.01.22-ны өдрийн 52 дугаар тогтоолтой хэрэг дотор гэрчийн мэдүүлгүүдээр мөн 2012.10.03-ны өдөр Д.Наранбаатар, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их барилга төсөл ХХК” нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 21 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан. 2003.12.25-ны өдөр Нарны замын 88-14 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Д.Пүрэвдоржтой байгуулж 65.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 24.88.200 төгрөгөөр худалдахлаар тохирсон гэжээ. Үүнтэй холбогдох маргаан Дээд шүүхийн 2013.01.22-ны өдрийн 52 дугаар тогтоолд гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөр төлөгдсөн. Д.Наранбаатар орон сууцыг Д.Пүрэвдоржид 2005.10.05-ны өдрийн 1/29 дүгээр албан бичгийн хавсралтад 14 тоотын эзэмшигчээр нэрлэн заасан болон бусад бүх баримтаар нотлогдсон тул өмчлөх эрх үүссэн туахй 52 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байхад Д.Наранбаатар нь 14 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хууль бусаар авсны улмаар бусдад худалдсан гэр, хуран мэхэлж хуйвалдан олж авсан баримтыг шударгаар олж авсан гэж төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаад байгааг юу гэж ойлгох юм. Д.Пүрэвдоржтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээний үүргээ тэрээр 13 жилийн өмнө биелүүлснийг Дээд шүүх баталгаажуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 109.3-т заасныг удирдлага болгожээ. Д.Наранбаатар нь энэ орон сууцанд анхнаасаа хөл тавьж үзээгүй, 1 сарын төлбөр төлж үзээгүй, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Энэ асуудлаар Цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон бөгөөд хуурамч баримт үйлдэн бусдыг залилан мэхэлсэн асуудлаар шалгагдаж байх үедээ иргэн Д.Пүрэвдорж болон Мон-Сан ХХК-ийн захирал Батбаатар нараас уучлалт гуйж өмчлөх эрхийн гэрчилгээг чинь гаргуулж өгнө гэж хэргээ хэрэгсэхгүй болгуулсан хүн харин өөрөө УБЕГ-ынхантай хуйвалдан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Шүүх Б.Цэрэнхандыг өмчлөх эрхийг шударга олж авсан гээд “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд л өмчлөгч биш болохыг, өмчлөх эрх олж авсан этгээд мэдээгүй бөгөөд, мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тайлбарлав”. Тэгвэл хариуцагч Б.Цэрэнхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Цэрэнханд нь 2008 онд “Их барилга төсөл” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед орон сууцны төлбөр дутуу төлөгдсөн, компаниас удаа дараа төлбөрөө төл гэсэн. Тухайн үед 14 тоотод айл амьдарч байсан.Хэргийн материалаас харахад Д.Пүрэвдорж “Их барилга төсөл” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авахаар амаар тохиролцож байсан. Албан ёсоор гэрээ байгуулаагүй, төлбөрөө төлөөгүй. “Их барилга төсөл” ХХК нь Д.Пүрэвдоржтой тохиролцсон тохиролцооноосоо татгалзаж уг байрыг Б.Цэрэнхандад санал болгосон. Мөн энэ маргааны улмаас орон сууцны гэрчилгээгээ авч чадахгүй удаан хохирч явсан гэжээ. Энэ тайлбараас үзэхэд Д.Наранбаатар, Д.Пүрэвдоржтой байгуулсан гэрээнээсээ татгалзсан нотлох баримт байхгүй. Б.Цэрэнханд нь 2008 онд гэрээ байгуулсан гэх боловч нэг орон сууцыг 2 өөр хүнд 4 жилийн зайтай зарсан гэж үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Б.Цэрэнханд нь 14 тоотод айл амьдарч байна. Энэ байрны маргаантай байгааг мэдэж, удаан хохирч байгаа гэдгээ Б.Цэрэнхандад болон түүний хууль ёсны төлөөлөгчид нь тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан нь нотлох баримт болон бэхжиснийг аль ч талаас нь дүгнээд үзэхэд Б.Цэрэнханд шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Жич: 2008 онд уг орон сууцанд зарагдаагүй нэг ч байр байгаагүй. Хэрэв Б.Цэрэнханд Д.Наранбаатартай гэрээ хийсэн бол хууран мэхлүүлсэн хэрэг болох биз. Тэгээд ч Б.Цэрэнханд дэлгүүрээс талх авч байгаа биш, үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө авахдаа орон сууцанд 13 гаруй жил амьдарч байгаа айлын хүмүүсийн уулзаж шалгаж, нягтлах эрх нь нээлттэй байхад тийм үйлдэл хийгээгүй нь Д.Наранбаатартай хуйвалдсан хэрэг. Иймд Д.Пүрэвдоржийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж олгуулахыг УБЕГ-т даалгаж, Д.Наранбатаар болон Б.Цэрэнханд нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлгчийн өмгөөлөгч Х.Мөнхтуяа: Б.Цэрэнханд нь 2016.3.09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг хийхдээ худалдан авч байгаа байраа огт үзээгүй, байрандаа орж амьдрах, ашиглах талаар нэг ч шаардлага өнөөдрийг хүртэл тавиагүй зэргээс харахад байр худалдан авах зорилгоор хийгээгүй дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь харагдана. 2008 онд уг маргаан бүхий байрыг үзэж байсан гэж шүүх хуралдаан дээр Б.Цэрэнхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлагдагаас уг байрыг маргаан бүхий байсныг мэдсэн гэдгийг нотолно. Уг байрны өмчлөх эрхтэй этгээд болон нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй 2016.3.09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа хууль зөрчсөн хууран мэхэлсэн хэлцэл болно. 3 шатны шүүхийн шийдвэрээр “Их барилга төсөл” ХХК-ийн орон сууцнаас албадан  гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Пүрэвдорж надад өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, намайг энэ байрнаас гаргахгүй харин намайг амьдрах эрхтэй гэж үзсэн. Олон жилийн турш шүүхээр явж сэтгэл санаагаар хохирч байна. Улсын Дээд шүүхийн 52 тогтоолыг биелүүлэхээр буруу зөрүү явж Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлж ирсэн Улсын бүртгэгч Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй, манай хэлтэс өргөдлөө гаргахад бид гаргаад өгнө гэж хэлсний дагуу очиход 3-н шатны шүүхийн шийдвэртэй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бичиг авч ир гэсний дагуу БГД-ийн шүүхээс албадан гүйцэтгэ хуудас бичиж өгсний үндсэн дээр албадан гүйцэтгэсний дүнд миний нэр дээр маргаан бүхий байрны өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гардаг боловч энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэл болсон шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 6770 дугаар захирамж гүйцэтгэх хуудсын хамт хүчингүй болсон тул гуравдагч этгээд Д.Наранбаатарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхэд маргаан бүхий орон сууцны талаарх маргаж байхад Их барилга төсөл ХХК-ийн захирал Д.Наранбааатар нь Б.Цэрэнхандтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн нь цаанаа хууран мэхэлсэн зорилготой байсан байхад шүү хэлцлийг хүчингүй болгож шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хяналтын шатны шүүхэд гаргасан Д.Пүрэвдоржийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1/. Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн талаар :

Хоёр шатны шүүх Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийг “...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах, Б.Цэрэнхандын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах...” гэж ойлгомжгүй томьёолсныг залруулах шаардлагатай байна.    

Нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн “бүртгэлтэй” холбоотой шаардлагаа “гэрчилгээ олгох ...хүчингүй болгох” гэж буруу тодорхойлсныг шүүх залруулаагүй нь буруу байна. Түүнчлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэрээ хийсэн буюу 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан байхад шүүх  “...нэхэмжлэгч нь гэрээг хүчингүй болгох...” шаардлага гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. 

Д.Пүрэвдорж нь 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх, улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал болон өөр хэлцлийг халхавчлан Б.Цэрэнханд, Д.Наранбаатар нар  2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй гэж марган энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч Мон-Сан ХХК, Их барилга  төсөл ХХК, иргэн  Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нар мэтгэлцсэн байна. Иймд Д.Пүрэвдорж нь “...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоолгох... орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах... Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох... Б.Цэрэнхандын нэр дээрх 2 өрөө орон сууцны  бүртгэлийг хүчингүй болгуулах...” тухай нэхэмжлэл гаргасан /хх 1-ийн 1-3, 64, 132/ гэж үзнэ. Д.Пүрэвдорж нь нэхэмжлэлээ 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байгаа. 

2/. Сөрөг нэхэмжлэлийн талаар :

Хэргийн 1-р хавтас, 53-55 дугаар талд буй баримтаас үзвэл сөрөг нэхэмжлэлийг Их барилга төсөл ХХК гаргасан байхад, шүүх иргэн Д.Наранбаатар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь буруу болжээ.   

Иймд “...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцны /цаашид “14 тоот орон сууц” гэх/ хууль ёсны өмчлөгч нь Д.Наранбаатар болсон болохыг тогтоолгох...” тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Их барилга төсөл ХХК гаргасан /хх1-ийн 53-55/ гэж үзнэ. Их барилга төсөл ХХК нь сөрөг нэхэмжлэлээ 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан байгаа.

3/. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлын талаар дүгнэлт хийхэд зохигчдын хооронд энэ хэргээс өмнө үүссэн иргэний маргааны талаар дурдах шаардлагатай гэж дүгнэв. 

Д.Пүрэвдорж  2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Мон-Сан ХХК, Их барилга  төсөл ХХК, иргэн Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахаас  өмнө Их барилга төсөл ХХК шүүхэд хандаж Д.Пүрэвдоржийг 14 тоот орон сууцнаас нүүлгэн гаргах нэхэмжлэл гаргасан байв.   

Д.Пүрэвдоржийг 14 тоот орон сууцнаас нүүлгэн гаргах тухай Их барилга төсөл ХХК-ийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1668 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 879 дүгээр магадлал, Улсын Дээд шүүх 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Их барилга төсөл ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Пүрэвдоржид 2 өрөө “орон сууцыг өмчлөх эрх үүссэн” Улсын  Дээд шүүхийн 2013 оны 52-р тогтоолыг албадан гүйцэтгэх тухай 6770 дугаар захирамж болон 691 дугаар гүйцэтгэх хуудас 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шүүгчийн 2013 оны 6770 дугаар захирамжид гомдол гарчээ.

Гомдлын дагуу шүүгчийн  6770 дугаар захирамж, 691 дугаартай гүйцэтгэх хуудсыг  Дүүргийн иргэний хэргийн 2-р шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9631/б захирамж, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 224-р тогтоолоор хүчингүй болгосон байна. /хх1-ийн 126-128/.

Харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан Их барилга төсөл ХХК-ийн нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 668 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүх 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 717-р магадлал, Улсын Дээд шүүх 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 649 дүгээр тогтоолоор шийджээ. Улсын Дээд шүүхийн 2015 оны 649 дүгээр тогтоолоор “...шүүгчийн 6770 дугаар захирамж, 691 дугаар гүйцэтгэх хуудсаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Д.Пүрэвдоржийг 14 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгож, Д.Наранбаатарыг өмчлөгчөөр бүртгэснийг сэргээсэн байна. Түүнчлэн, Улсын Дээд шүүхийн 2015 оны 649 дугаар  тогтоолоос үзвэл 14 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Д.Пүрэвдоржийн бие даасан шаардлагыг шүүх шийдвэрлээгүй /хх1-ийн 98-108, 171-181/ орхисон байв.    

4. Хяналтын шатны шүүхэд гаргасан Д.Пүрэвдоржийн гомдлын зарим хэсгийг  хангах үндэслэлтэй байна.

4.1/. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад  даалгах шаардлагын талаар :

а/. Маргааны зүйл болсон орон сууцыг Д.Пүрэвдорж 24.882.400 төгрөгөөр худалдан авах, Их барилга төсөл ХХК, Д.Наранбаатар, Мон-Сан ХХК нь худалдах талаар 2004 онд  тохиролцсон нь Мон-Сан ХХК-ийн тайлбар /хх1-ийн 48-49/, орон сууц худалдан авах тухай 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар гэрээ /хх1-ийн 150-151/, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1668 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 879 дугаар магадлал, Улсын  Дээд шүүхийн  2013 оны  52 дугаар тогтоолоор нотлогдсон байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Д.Пүрэвдорж нь орон сууцны үнийг төлсөн нь зохигчдын тайлбар, барилгын материал хүлээлгэн өгсөн болон тооцоо нийлсэн баримтаар /хх1-ийн 120-121/ тогтоогдсон, эдгээрийг Д.Наранбаатар, Их барилга төсөл ХХК нар үгүйсгэж чадаагүй тул   14 тоот орон сууцны үнийг нэхэмжлэгч төлсөн гэж үзнэ.

Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлсөн, худалдан авсан хөрөнгөө хүлээн авч орон сууцанд амьдарч байсан нь Улсын  Дээд шүүхийн  2013 оны  52 дугаар тогтоолоор тогтоогдсон байна. Худалдан авагч нь худалдах-худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул 14 тоот орон сууцтай холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг Д.Пүрэвдорж шаардах эрхтэй юм.

Маргааны зүйл болсон орон сууцыг Д.Пүрэвдорж худалдан авах үед уг эд хөрөнгө нь  үл  хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байснаас гадна маргаан үүсэж 2016 он хүртэл үргэлжлэх явцад 14 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Наранбаатар /хх1-ийн 22, 43/, Д.Пүрэвдорж /хх1-ийн 34, 164/, Б.Цэрэнханд /хх1-ийн 47/ нар бүртгэгдэж байсан тул Д.Пүрэвдорж нь худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг  шилжүүлэхийг бус, харин өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Д.Пүрэвдорж нь 14 тоот орон сууцыг худалдаж авсан нь тогтоогдсон тул түүний нэхэмжлэлээс “...14 тоот орон сууцны  өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг нэхэмжлэгчийн  нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах...” шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцнэ.

б/.Орон сууцанд нэхэмжлэгч орж амьдарсан боловч 2008 оноос эхлэн маргаан одоо хүртэл үргэлжилж /хх1-ийн 123/ байгаа нь тогтоогдсон тул Д.Пүрэвдорж 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.  

в/. Д.Пүрэвдоржийг 14 тоот  орон сууцнаас нүүлгэн гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь Их барилга төсөл ХХК шүүхэд гаргаж байсан талаар дээр дурдсан буюу Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1668 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 879 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 52 дугаар тогтоолоор Их барилга төсөл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Д.Пүрэвдоржид 2 өрөө “орон сууцыг өмчлөх эрх үүссэн” болохыг шүүх тогтоосон байдаг. Маргааны зүйл болсон орон сууцны  өмчлөгч нь Д.Пүрэвдорж болохыг Улсын Дээд шүүхийн 2013 оны 52 дугаар тогтоолд заагаагүй тул Д.Пүрэвдорж 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-г буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгчийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй, хяналтын шатны шүүхийн 2013 оны 52 дугаар тогтоолоор 14 тоот  орон сууцны өмчлөгчийг тодорхойлоогүй, Их барилга төсөл ХХК, Мон-Сан ХХК,  Д.Наранбаатар, Б.Цэрэнханд, Д.Пүрэвдорж нарын аль нэгийг 14 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гараагүй тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

г/. Хариуцагч нарын тайлбараас үзвэл Д.Наранбаатар, Их барилга төсөл ХХК, Мон-Сан ХХК /хх1-ийн 48-52,78-81,96-97/ нь барилгын ажилтай холбоотой маргаантай байж болохоор ч энэ талаар шүүхэд хандсан баримт хэрэгт байхгүйгээс гадна уг үйл баримт нь Д.Пүрэвдоржийн энэ нэхэмжлэлд хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

4.2/. Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б.Цэрэнхандын нэр дээрх 2 өрөө орон сууцны  бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын талаар :

а/. Д.Наранбаатар  нь 14 тоот орон сууцыг худалдах, Б.Цэрэнханд худалдан авах тухай 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ 1-р хавтас хэргийн 46-р талд авагдсан ба уг гэрээг нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Б.Цэрэнханд, Д.Наранбаатар нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ гэрээ ямар гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэнг нэхэмжлэгч шүүхэд тайлбарлаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй, Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.       

Харин худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан гэж үзэж  болохоор байна. Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрх эдэлнэ. Маргааны зүйл болсон орон сууцыг Д.Пүрэвдорж худалдан авч, эзэмшилдээ шилжүүлэн авч амьдарч байгаа нь тогтоогдсон, орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар зохигчид маргаагүй тул Б.Цэрэнхандын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь Иргэний хуулийг зөрчихгүй юм. 

5. Сөрөг нэхэмжлэлийн талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд мөн өөрчлөлт оруулна.

14 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Наранбаатар болсонг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг Д.Наранбаатар өөрөө бус, харин Их барилга төсөл ХХК гаргах болсон үндэслэлээ Их барилга төсөл ХХК тайлбарлаж нотлоогүй, орон сууцны өмчлөгч  Д.Пүрэвдорж болох нь тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Д.Пүрэвдоржийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88 дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцны  өмчлөгчөөр  тогтоох нь зүйтэй байна. Түүнчлэн, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг мөн Б.Цэрэнхандын бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь Иргэний хуульд нийцнэ. Харин нэхэмжлэлээс Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1684 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 88  дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Дондог овогтой Пүрэвдоржийг тогтоож, Б.Цэрэнхандын нэр дээрх улсын бүртгэлийг хүчингүй болгож орон сууцыг Д.Пүрэвдоржийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай...” гэж., 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 101-р зүйлийн 101.1-т заасан үндэслэлгүй тул  Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлээс Д.Наранбаатар, Б.Цэрэнханд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг мөн Их барилга ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 3 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 473.650 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Наранбаатараас 473.650 төгрөг гаргуулж Д.Пүрэвдоржид олгосугай...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 403.450  төгрөгийг захирамжаар Д.Пүрэвдоржид буцааж олгосугай.

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

                                                   ШҮҮГЧ                                              Б.УНДРАХ