Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2022/00081

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00081

 

И Г Ф-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И Г Ф-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О, А.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 55,163,145 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Ц.Батзаяа, хариуцагч буюу хариуцагч А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, үндэслэлээ: И Г Ф-ББСБ ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №18/41 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр №18/52 тоот зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нийт 28,000,000 төгрөгийг иргэн Б.О, А.А нарт зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу гудамж, 30/4-А тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-2204094610 тоот улсын бүртгэлийн дугаартай иргэн Б.Оийн өмчлөлийн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 08 дугаар сараас эхлэн огт биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй. Төлбөрийг төлүүлэхийн тулд хариуцагч Б.Оийн ажлын байранд очиж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 60,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 14-ний 50,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 16-ны 100,000 төгрөг тус тус авсныг бүгдийг зээлийн төлбөрт суутгаж тооцсон.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон, тэрээр хуримтлагдсан хүүгээ төлсөн тул Б.Оийн хүсэлтийн дагуу гэрээг сунгасан. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг төлөгдөөгүй, хүүд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хүүд 11,632,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 799,803 төгрөг, нийт 12,432,757 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг төлөөгүй, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хүүд 3,947,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 208,628 төгрөг, нийт 4,155,937 төгрөг, 2 гэрээний үүрэгт хүүд нь бүгд 16,588,694 төгрөгийн хүү төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.

Б.О нь зээлийг өөрийн бэр Н.Болор-Эрдэнийн ХААН банкны дансанд хийж өгөхийг хүссэн хүсэлтийг бичгээр гаргасан учраас зээлийг уг дансанд шилжүүлсэн. Манай ББСБ гэрээ байгуулах үед буюу 2018 оны 05 сард данс нээлгээгүй байсан, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр данстай болсон учраас зээлийн төлбөрийг үүсгэн байгуулагч н.Дагвасүмбэрэлийн дансаар хүлээн авсан.

Иймд хариуцагч Б.О, А.А нараас үндсэн зээл 28,000,000 төгрөг, үндсэн хүү 23,512,778 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,650,367 төгрөг, нийт 55,163,145 төгрөг нэхэмжилж байна. Хүүд нэхэмжилсэн 23,512,778 төгрөг дараах байдлаар задарна. Үүнд: 20,000,000 төгрөгийн хүүд 16,811,978 төгрөг /гэрээний хугацааны хүү 10,828,416 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 5,983,562 төгрөг/, 8,000,000 төгрөгийн хүүд 6,700,801 төгрөг /гэрээний хугацааны хүү 4,353,403 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 2,347,398 төгрөг/ тус тус болно.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлэхгүй бол барьцааны зүйл Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу гудамж, 30/4-А тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-2204094610 тоот улсын бүртгэлийн дугаартай иргэн Б.Оийн өмчлөлийн нэг хүний, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо 30 дугаар байрны урд хаягтай З0 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай №18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзсан тайлбартаа: И Г Ф-ББСБ ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөг зээлж аваад зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ж.Оргил гэдэг хүн 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Анар рестораныг түрээсэлнэ гэж орж ирсэн. Ажилчид, зохион байгуулагч нар үйл ажиллагааг жигдрүүлэх зэргээр үйл ажиллагаанд оролцож эхэлнэ, чи түрээст санаа зовох зүйлгүй, манай байранд үйл ажиллагаа явуулдаг, танай түрээсийг би зохицуулна гэсэн. Тэр хүний талаар Д.Э захирал найдвартай хүн гээд байсан юм. Үүнээс болоод түүний төлбөр нь бараг 10 гаруй сая төгрөг болсон. Тэгээд тэр хүн байранд орж түлхүүр авчихаад засвар хийж байна гээд цоожлоод явчихсан, утсаар нь ярихаар бараандаа явж байна гээд 8 сар хүртэл алга болчихсон. И Г Ф-ББСБ ХХК нь надад зээл олгохдоо газар гэрчилгээтэй эсэхийг асууж байгаагүй. Зээлийн барьцаанд зөвхөн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 30/4-а тоот хаягтай 40 м.кв худалдаа үйлчилгээний барилгыг тавихаар тохиролцсон. Гэтэл барьцааны гэрээгээр барьцаалаагүй Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 30 дугаар байрны урд дахь 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй.

Би 28,000,000 төгрөгийн зээл авсан, уг мөнгийг миний дансанд шилжүүлэх байтал шилжүүлээгүй нь хууль зөрчсөн. Гэрээ нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг дандаа хувь данс буюу н.Дагвасүмбэрэл болон Д.Эийн хувийн дансаар төлж байсан, танай байгууллагын дансанд төлье гэхэд гэрээнд тусгасан ХААН банкны дансанд төлбөрийг битгий хийгээрэй, манайд данс байхгүй гэж байсан. Уг нь миний бие ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан гэж бодсон, гэтэл Д.Э захирал өдрийн зээл гаргадаг Б.Ундрал гэдэг хүнтэй танилцуулж, түүнтэй зээлийн гэрээ байгуул гэсэн, ингээд өдөрт 33,000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний мөнгийг Номин-Эрдэнийн данс руу шилжүүлэхээр гэрээнд тусгасан, гэтэл Номин-Эрдэнийн данс руу миний төлсөн мөнгө орсон байгааг ойлгохгүй байна.

Ковид цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдсоноос эдийн засаг зогсонги байдалд орсон, мөн нэхэмжлэгч нь хууль зөрчсөн зээлийн гэрээ байгуулсан байх тул И Г Ф-ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 55,163,145 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.О, А.А нараас зээлийн гэрээний үүрэгт 11,411,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,751,839 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.О, А.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Оийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204091610 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу гудамж, 30/4а тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18645311228671 дугаар бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30 дугаар байрны урд байрлалтай, худалдаа, үйлчилгээ /оёдлын цех/ зориулалттай, 30 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.О, А.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 267,730.9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732,112.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн атлаа, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас зарим төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж харилцан зөрүүтэй дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх талуудын хооронд зохих гэрээ байгуулагдсан уу үгүй юу гэдэгт эхний ээлжинд тодорхой дүгнэлт хийгээд хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа тохиолдолд уг гэрээний заалтууд хэрэгжсэн эсэхэд дүгнэлт өгөх ёстой байсан. Шүүх шийдвэртээ 28,000,000 төгрөгийн зээл олгосон байна, гэхдээ 28,000,000 төгрөгийн зээл олгосон баримт алга гэх байдлаар илтэд зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг буруу шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Зээлийн болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх болон зээлийг авч хэрэглэсэн талаараа хариуцагч тал маргадаггүй бөгөөд энэ талаар сөрөг нэхэмжлэл ч гараагүй. Гэтэл шүүх зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлийн данс нээж, гэрээгээр тохирсон хэлбэрээр шилжүүлсэн гэх үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хэргийн оролцогчдоос гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байгаа, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаараа үнэн зөв тайлбар гаргасаар байтал уг тайлбарт огтхон ч дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч байгууллага зээлдэгч нарт зээлийн данс нээгээгүй, түүнээс 28,000,000 төгрөгийн зээл олгоогүй, хувь хүний данснаас шилжүүлсэн байдаг ба эргэн төлөлтийг зээлийн данс болон зээлдүүлэгч байгууллагын дансаар хийлгэдэггүй. Захирал нь өөрийн данс болон хувь иргэний данс руу шилжүүлдэг байсан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, зээлийн гэрээ хууль зөрчсөн гэж дүгнэж, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гээд бидний төлсөн баримтаар нотлогдож байгаа 16,588,694 төгрөгийг хасаж төлбөрийн үлдэгдэл 11,632,954 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч И Г Ф-ББСБ ХХК нь хариуцагч Б.О, А.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 28,000,000 төгрөг, хүү 23,512,778, нэмэгдүүлсэн хүү 3,650,367 төгрөг, нийт 55,163,145 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон банк бус санхүүгийн үйл ажиллагааг эрхэлдэг талаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 18/41 тоот зээлийн гэрээгээр тухайн өдрөө 19,900,000 төгрөгийг /1хх-174/, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 18/52 тоот зээлийн гэрээгээр 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 7,960,000 төгрөгийг /1хх-178/тус тус шилжүүлэн өгсөн, эдгээр гэрээнүүдэд зааснаар сарын 3.5 хувийн хүү төлөх, тус бүр 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон нь тогтоогдсон байна. /хх-6, 7-10, 11-12, 18-19/

 

Мөн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус тус байгуулж, дээрх 18/41, 18/52 тоот гэрээнүүдийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 14, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тус тус сунгасан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ сунгасан тухай бичгийн баримт /хх-137-138, 139-140/, зохигчдын тайлбараар /2хх-5/ тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу үүргийг шаардах эрхтэй байна.

 

Мөн дээрх 18/41, 18/52 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу гудамж 30/4 А тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, Ү-2204094610 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18/41, 2018 оны 07 дүгээр сарын 19-ний өдөр 15/82 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулсан, барьцааны гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байна. /1хх 15-17/

 

4. Анхан шатны шүүх талуудын маргаанд хамаарах зээлийн хүүгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хууль буруу хэрэглэжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн дээрх гэрээнүүдэд зээл олгох хэлбэр, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх данс тодорхой бус байх боловч хариуцагч Б.О /хариуцагч А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ зээлийг бодитойгоор хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн буюу зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй тайлбар гаргасан. Тодруулбал, хариуцагч Б.О нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа 28,000,000 төгрөгийн зээл авсан /1хх-32/ гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. Зээлдүүлэгчийг үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд уг тайлбартай холбогдуулан тодруулж асуухад зээлийг авсан талаар маргаан байхгүй гэж хариулсан болно. /2хх-94/

 

5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гэрээний хугацаа дууссанаас хойш төлөх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү-ийн хэмжээг тодорхой заагаагүй байна.Тодруулбал, дээрх зээлийн гэрээнүүдийн 2.4, 3.4 дэх хэсэгт үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч И Г Ф-ББСБ ХХК нь хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

6. Зээлийн гэрээг сунгасан талаар баримт хэргийн 1 дэх хавтасны 137-140 дүгээр талд авагдсан, зээлийн хүү 3.5 хувь байх талаар гэрээнд заасан, хариуцагч Б.О, А.А нар уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Иймд хариуцагч нар авсан үндсэн зээл болон гэрээнд заасан хугацааны үндсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлаа зээлийн гэрээний агуулга болон зээлийн гэрээний дагуу хийгдэж буй үйлдлүүд хууль зөрчсөн гэх агуулгаар тайлбарладаг боловч энэ нь зээл авах, хүү төлөх гэрээ байгуулагдсан үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх буюу зээлийн гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Нэмэгдүүлсэн, хэтэрсэн хугацааны хүүгийн тохиролцоо хууль зөрчсөн нь тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд гэрээний үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хасаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хууль буруу хэрэглэжээ.

 

7. Дээрх гэрээний үндсэн үүрэг буюу зээл, хүүгийн төлбөрийг дараах байдлаар тооцов.

Зээлдүүлэгч И Г Ф-ББСБ ХХК нь зээлдэгч Б.О, А.А нарт 18/41 тоот зээлийн гэрээгээр 19,900,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн, 20 сарын хугацаанд гэрээгээр тохиролцсон 3.5 хувиар хүү тооцвол /19,900,0003.520/ 13,930,000 төгрөг бөгөөд уг гэрээний үүрэгт нийт 33,830,000 төгрөг /үндсэн зээл 19,900,000+ хүү 13,930,000/ төлөх үүрэгтэйгээс төлсөн 12,432,757 төгрөгийг хасч тооцоход хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг уг гэрээгээр 21,397,243 төгрөг болж байна.

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/52 тоот зээлийн гэрээгээр 7,960,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн, 18 сарын хүүг 3.5 хувиар тооцвол /7,960,0003.518/ 5,014,800 төгрөг бөгөөд уг гэрээний үүрэгт нийт 12,974,800 төгрөг /үндсэн зээл 7,960,000+ хүү 5,014,800/ төлөх үүрэгтэйгээс төлсөн 4,155,937 төгрөгийг хасч тооцоход хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг уг гэрээгээр 8,818,863 төгрөг болно.

Иймд хариуцагч Б.О, А.А нар нь дээрх 18/41, 18/52 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 30,216,106 төгрөг /21,397,243+8,818,243/ төлөх үүрэгтэй байх тул уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх 24,947,039 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох шаардлагатай. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

8. Нэхэмжлэгч И Г Ф-ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, зохигчид энэ талаар гомдол гаргаагүй.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О, А.А нараас 30,216,106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И Г Ф-ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,947,039 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад 267,730.9 гэснийг 379,230 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 376,709 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН