Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01441

 

Т.Норов, Н.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч :  Т.Норов, Н.Цэцэгмаа,

Хариуцагч :  Шүрэн тариа ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 4.200.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд газар тариалан мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг Д.Батнасан захиралтай Шүрэн тариа ХХК нь 2016.02.24-ний өдөр сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн гадна талд муудсан хаягдал рапс ил задгай асгаж хаяснаас болж иргэн Т.Норов миний 5 толгой үхэр, иргэн Н.Цэцэгмаа миний 1 толгой үхэр тус рапснаас идэж хордон үхэж хохирол учирсан юм. Шүрэн тариа ХХК нь хаягдал рапсаа төвлөрсөн хогийн цэгийн хашаан дотор хаях журамтай байтал тус журмыг зөрчиж хогны хашааны гадна ил задгай хаяж асгаснаас болж бидний амьжиргааны эх үүсвэр болсон үхэрнүүд тус рапснаас идэж хордож үхсэн юм. Нэхэмжлэгч бид Шүрэн тариа ХХК-ний буруутай үйл ажиллагааны талаар тухайн үед нь сумын Засаг даргын тамгын газарт болон Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн билээ. Бидний гомдлын дагуу зохих шалгалт хийгдэж тус компаний буруутай үйлдлийг тогтоосон юм. Нэхэмжлэгч Т.Норов миний 4 толгой үхрийн нийт үнэ 3.360.000 төгрөг, нэхэмжлэгч Н.Цэцэгмаа миний 1 толгой үхрийн үнэ 840.000 төгрөгийг хариуцагч Шүрэн тариа ХХК-иас тус тус гаргуулж бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь рапсны цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг тухайн компанийн ажилчид 2016.02.24-ний өдөр хогийн төвлөрсөн цэг дээр асгасан байсан. Гэхдээ рапсыг асгахдаа төвлөрсөн хогийн цэг дээр очиж асгасан. Уг төвлөрсөн хогийн цэг нь 2015 оны 11 дүгээр сараас хойш хашаагүй, далангаар хүрээлэгдсэн жалга гадна талаараа хог нь үргэлжилсэн жалганд нь хог нь багтахгүй, орох газрын хаалга үүд нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор манай ажилчид над руу утасдаад хаана рапсаа асгах вэ? гэж асуухаар нь би хогийн цэг нь үргэлжилсэн юм бол наанаа асга гэж хэлсэн. Тэр хавиар бол мал дураараа бэлчдэг байсан харин эзэн нь хариулгатай малаа өөрсдөө хариулах ёстой гэж бодож байна. Манайх бол хортой рапс хаяагүй. Рапсын хог хаягдлыг малын тэжээлд хэрэглэдэг, энэ жил өнтэй өвөл болсон учир малд өгөөгүй байх. Н.Цэндсүрэн бол өөрөө байгаль хамгаалагч хүн. Ер нь би хогийн цэг дээр хог асгахаас өмнө рапсыг хаана асгах талаар бодсон. Тэгэхэд хогийн цэг дээр дотор нь орж рапс асгах боломжгүй байсан. Тэр хавиар ургамалын хог хаягдал болон рапсыг яг тэнд хаяарай гэж зааж өгсөн зүйл байхгүй. Хогийн цэгийг хариуцах эзэн миний мэдэхээр л лав 10-11-р сард байгаагүй. Н.Цэндсүрэнгийн дүү нар нь надтай энэ үйл явдал болсоноос бараг 2 сарын дараа ирж уулзахдаа одоо яах вэ гэж асуугаад ирэхээр нь би миний буруугаас болоогүй болохоор надад асуудал алга гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би хөгшин настай хүний сааль сүүнийх нь үхэр юм байна гэж бодоод Н.Цэндсүрэнгийн дүү нарт ахаасаа нэг тугалтай гунж аваарай гэж хэлэхэд зөвшөөрөөд явцгаасан. Тэгээд түүнээс хойш сар гарангийн дараа надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд энэ асуудлын талаар хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Шүрэн тариа ХХК-иас 1.402.000 төгрөгийг Т.Норовт, 588.000 төгрөгийг Н.Цэцэгмаад тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.210.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд нийт төлсөн 93.420 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.382 төгрөгийг Т.Норовт, 18.290 төгрөгийг Н.Цэцэгмаад тус тус гаргуулан  олгохоор шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлал гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “510 дугаар зүйлийн 510.1” гэсний дараа “514 дүгээр зүйлийн 514.1, Хог хаягдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын үхэр 2016.02.23-ны өдөр хордсон болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Шүрэн тариа ХХК-ийн рапас асгасан өдрөөс 1 өдрийн өмнө хордсон байсан. Энэ нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хөдөө аж ахуйн тасгийн даргын ...2016.02.23-ны 19 цагийн үед үхэр хордсон гэсэн дуудлага ирсэн гэж тодорхойлолт, нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүх хурал дээрээ нотлох баримтууд өөрийнх нь эсрэг болоод ирэхээр ...Шүрэн тариа ХХК нь 2016.02.23-нд рапас асгасан байх гэж нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг үгүйсгээд байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн байна. Цагдаагийн газрын тодорхойлолт... 2016.02.24-ний өдөр рапас асгасан гэх мэдээллийн дагуу очиж үзэхэд рапас асгасан болохыг тодорхойлсон /хх 6/, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан жолооч Х.Батмөнх нь мөн 2016.02.24-ний өдөр рапас асгасан гэдгээ ч хэлсэн зэргээс авч үзэхэд Шүрэн тариа ХХК нь гэм хорын учирсантай ямар нэгэн байдлаар шалтгаант холбоо үүсээгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлд бичсэнээсээ өмнөх өдөр хордсон гээд байхад шүүх 2016.02.24-нд хордсон байнаа гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй юм. Гэм хор учирсантай холбогдолтой маргааныг шийдвэрлэхэд гэм хор учирсан хугацааг нарийвчлан тооцох шаардлагатай ба хариуцагч компани зөвхөн рапас асгасан учраас үхэрнүүд идсэн нь тодорхой гэж үзэж болохгүй юм. Учир нь сумын төвийн төвлөрсөн хогийн цэг дээр /дотор тал нь дүүрсэн/ ганц Шүрэн тариа ХХК биш бусад иргэд байгууллага, компаниуд рапасаа хаясан байсан. Үүний зургийг ч шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл хэрэг гарсан өдрийн маргааш рапас асгасан компанийг 2 сарын дараа нэхэмжлэгч нар анх удаа мэдэгдэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. 2. Мөн хоёр шатны шүүх рапас асгасан, асгаагүй талаар л шийдвэрлээд байгаа болохоос хордогдсон үхэрүүд яг рапас идсэнийг харсан хүн болон баримтгүй байхад Цагдаагийн газрын тодорхойлолт, малын их эмчийн тодорхойлолт...оор нотлогдсон гэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар малын их эмч гэх Буянжаргал нь тодорхойлолт гаргах  эрхтэй   хүн мөн эсэх нь эргэлзээтэй   байна. Учир нь нэхэмжлэгч нар л малын их эмч гээд байгаа болохоос хх 8-р хуудсанд авагдсан тодорхойлолт нь ямар ч албан ёсны эмчийн дүгнэлтийн шаардлагыг хангаагүй ба Товийн хишиг ХХК-ийн захирал Буянжаргал гээд гарын үсэгдамгаа дарсан нь үхэрнүүд юунаас хэзээ хордсон гэдэг нь тодорхойгүй, тогтоогоогүй байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байна. 3. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг татгалзлаа нотлоогүй байна гэсэн ба анхан шатны шүүх хуралдаанд дээр хариуцагч талаас гэрчээр Х.Батмөнхийг оруулсан ба гэрч нь... 2016.02.24-ний өдөр рапас асгасан гэдгээ мөн асгах үед нь эргэн тойронд нь өөр хүмүүс ууттай рапасууд энд тэнд асгасан байсан гээд нотлоод байхад энэ талаар ч шийдвэр, магадлалдаа дурьдаагүй, үнэлээгүй бол ямар үндэслэлээр үнэлээгүй гэдгээ тодорхойлоогүй байна гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Шүрэн тариа ХХК-иас Т.Норов 3.360.000 төгрөг, Н.Цэцэгмаа 840.000 төгрөг тус тус шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1.990.000 төгрөг гаргуулж, Т.Норовт 1.402.000 төгрөг, Н.Цэцэгмаад 588.000 төгрөг тус тус олгох, нэхэмжлэлээс үлдэх 2.210.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, Хог хаягдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн заалтыг нэмж баримтлах нь зүйтэй гэж үзжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн гадна талд Шүрэн тариа ХХК тосны ургамал болох рапсны хог хаягдлыг хаясан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон, энэ нь Монгол Улсын Хог Хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 “...зориулалтын цэгээс бусад газарт хог хаягдал хаяхгүй байх...”, 9.2.8 “...хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях...” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ. 

Т.Норов, Н.Цэцэгмаа нарт гэм хор учирсан нь хариуцагчийн үйлдлээс болоогүй гэдгийг Шүрэн тариа ХХК нотлож чадаагүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мал нь хэдний өдөр хордсон талаар бичээгүй /хх 1/, мал хэзээ юунаас болж хорогдсон талаар зохигчид шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн /хх 97-98/, шүүх хэрэгт байгаа нотлох баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ тухай хариуцагчийн  гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 46.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ