Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                                                    Б.Батзориг

                                Шүүгчид                                                                  С.Оюунцэцэг

                                                                                                                Г.Давааренчин

   Оролцогчид:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                   Л.Доржпүрэв

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      Н.Цэндсүрэн

            Хариуцагчийн өмгөөлөгч                                      Г.Амартүвшин

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Норов, Н.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй “Шүрэн тариа” ХХК-ний захирал Д.Батнасанд холбогдох, “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 4.200.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Т.Норов, Н.Цэцэгмаа нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“…Сэлэнгэ аймгийн “Цагааннуур” суманд газар тариалан мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг Д.Батнасан захиралтай “Шүрэн тариа” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн гадна талд муудсан хаягдал буюу рапс ил задгай асгаж, хаяснаас болж иргэн Т.Норов миний 5 толгой үхэр, иргэн Н.Цэцэгмаа миний 1 толгой үхэр тус рапснаас идэж хордон, үхэж хохирол учирсан юм. “Шүрэн тариа” ХХК нь хаягдал рапсаа төвлөрсөн хогийн цэгийн хашаан дотор хаях журамтай байтал тус журмыг зөрчиж, хогны хашааны гадна ил задгай хаяж, асгаснаас болж бидний амьжиргааны эх үүсвэр болсон үхрүүд тус рапснаас идэж, хордож үхсэн юм. Нэхэмжлэгч бид “Шүрэн тариа” ХХК-ний буруутай үйл ажиллагааны талаар тухайн үед нь сумын Засаг даргын тамгын газарт болон Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн билээ. Бидний гомдлын дагуу зохих шалгалт хийгдэж, тус компаний буруутай үйлдлийг тогтоосон юм.

Нэхэмжлэгч Т.Норов миний 4 толгой үхрийн нийт үнэ 3.360.000 төгрөг, нэхэмжлэгч Н.Цэцэгмаа миний 1 толгой үхрийн үнэ 840.000 төгрөгийг хариуцагч “Шүрэн тариа” ХХК-аас тус тус гаргуулж бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.Батнасан анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“…Манай компани нь рапсны цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг тухайн компанийн ажилчид 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хогийн төвлөрсөн цэг дээр асгасан байсан. Гэхдээ рапсыг асгахдаа төвлөрсөн хогийн цэг дээр очиж асгасан. Уг төвлөрсөн хогийн цэг нь 2015 оны 11 дүгээр сараас хойш хашаагүй, далангаар хүрээлэгдсэн жалга, гадна талаараа үргэлжилсэн жалганд хог нь багтахгүй, орох газрын хаалга үүд нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор манай ажилчид над руу утасдаад хаана рапсаа асгах вэ? гэж асуухаар нь би хогийн цэг нь үргэлжилсэн юм бол наанаа асга гэж хэлсэн. Тэр хавиар бол мал дураараа бэлчдэг байсан, харин эзэн нь хариулгатай малаа өөрсдөө хариулах ёстой гэж бодож байна. Манайх бол хортой рапс хаяагүй. Рапсын хог хаягдлыг малын тэжээлд хэрэглэдэг, энэ жил өнөтэй өвөл болсон учир малд өгөөгүй байх. Н.Цэндсүрэн бол өөрөө байгаль хамгаалагч хүн. Ер нь би хогийн цэг дээр хог асгахаас өмнө рапсыг хаана асгах талаар бодсон. Тэгэхэд хогийн цэгийн дотор нь орж рапс асгах боломжгүй байсан. Тэр хавиар ургамалын хог хаягдал болон рапсыг яг тэнд хаяарай гэж зааж өгсөн зүйл байхгүй. Хогийн цэгийг хариуцах эзэн миний мэдэхээр л лав 10-11 дүгээр сард байгаагүй. Н.Цэндсүрэнгийн дүү нар нь надтай энэ үйл явдал болсноос бараг 2 сарын дараа ирж уулзахдаа одоо яах вэ? гэж асуугаад ирэхээр нь би миний буруугаас болоогүй болохоор надад асуудал алга гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би хөгшин настай хүний сааль сүүнийх нь үхэр юм байна гэж бодоод Н.Цэндсүрэнгийн дүү нарт ахаасаа нэг тугалтай гунж аваарай гэж хэлэхэд зөвшөөрөөд явцгаасан. Тэгээд түүнээс хойш сар гарангийн дараа надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд энэ асуудлын талаар хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “Шүрэн тариа” ХХК-аас 1.402.000 төгрөгийг Т.Норовт, 588.000 төгрөгийг Н.Цэцэгмаад тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.210.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд нийт төлсөн 93.420 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.382 төгрөгийг Т.Норовт, 18.290 төгрөгийг Н.Цэцэгмаад тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Шүрэн тариа” ХХК-аас 2.578.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж хариуцагч талаас үзэж байна.

Хариуцагч “Шүрэн тариа” ХХК нь сумын хогийн цэг дээр рапс асгасан боловч манай компаний хаясан рапсыг нэхэмжлэгч нарын үхэр идсэн байх боломжгүй юм. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох Цагдаагийн газрын тодорхойлолт нь...2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Шүрэн тариа” ХХК нь рапс асгасан...болохыг нь тодорхойлсон, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Х.Батмөнх нь мөн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр рапс асгасан гэдгээ хэлсэн. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үхэр хордсон гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн нь шүүх хуралдаанд хэлсэн, мөн сумын Хөдөө аж ахуйн тасгын даргын тодорхойлолт ...2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед үхэр хордсон гэдгийг нотолсон байхад шүүх энэ баримтуудыг анхаарч үзээгүй, мөн яагаад үгүйсгэсэн талаар дүгнэлтэндээ дурьдаагүй байна. Мөн ямар баримтаар манай компаний хаясан рапсыг идсэн гэдгийг тодорхойлоогүй, гэм хор учруулсан гэдгийг нотлоогүйгээр шиийдвэрлэсэн тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бидний гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс ихэнх хувийг хасч шийдвэрлэсэн явдалд бид гомдолтой байгаа боловч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзэж байгаа билээ. Нэхэмжлэгч бидний амжиргааны эх үүсвэр болсон үхрүүд хариуцагчийн гэм буруугаас болж үхсэн юм. Бидний үхрүүд бүгд хээлтэй байсан тул бид малын үр төл, сүү сааль зэрэг их хохирол хүлээсэн, гэвч бид зөвхөн үхэрний үнийг л нэхэмжилсэн.

Гэтэл хариуцагч нар төвлөрсөн хогийн цэгийн хашааны гадна талд хаягдал рапс асгасан үйлдлээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн атлаа хохирол төлөхгүй гэж янз бүрийн худал шалтаг хайж байгаад гомдолтой байна.

Цагдаагийн газар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр рапс асгасан гэж хариуцагч ярьж байснаа гомдолдоо бичжээ. Энэ үндэслэлгүй юм. Учир нь Цагдаагийн газар тодорхойлолт бичихдээ “...2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мал рапсанд хордсон, рапс асгасан талаар иргэд гомдол гаргахаар нь очиж зургийг нь авсан...” гэж бичсэн байдаг.

Түүнээс биш 2016 оны 02 дугаар сарын 24-нд энэ компанийг рапс асгасан гэж бичээгүй байгаа билээ. Бидний үхэр “Шүрэн тариа” ХХК-ний асгасан рапснаас болж хордсоныг төрийн байгууллагын ажилтнууд, малын эмч, Цагдаагийн ажилтнууд нотлон албан бичиг хийж өгсөн билээ.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, шүүх хуралд оролцох хүсэлтэй...” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Хохирол дээр маргаан байхгүй, гол нь хохирлыг хэн учруулсан дээр бидний зүгээс маргасан. Хариуцагч хогийн цэг дээр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр рапсаа асгасан. Гэтэл нэхэмжлэгч нарын үхрүүд нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр рапс идэж хордсон байдаг.

Мөн хариуцагч тал 2 сар гаруй хугацааны дараа асгасан рапсыг нь үхэр идэж хордон, үхсэн гэдгийг мэдсэн. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хурал дээр үхрүүд нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр рапс идсэн байх магадлалтай гэж хэлсэн. Тухайн газар маш олон байгууллага рапсаа хаядаг.

Ямар ч хуулийн байгууллагууд хариуцагчийн асгасан рапсаас болж үхрүүд хордсон гэж нотлоогүй. Хариуцагчийн зүгээс хаягдал рапсаа 24-ний өдөр буюу 3 дахь өдөр асгасан. Учир нь буяны ажил 3 дахь өдөр болсон, хаягдал асгаж байхыг нь харсан гэрчүүд байдаг...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Манай үхрүүд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хордсон нь үнэн, учир нь Д.Батнасан гуай хаягдал рапсаа 23-ны өдөр асгасан. Үүнийг нь харсан хүн бий, үхэрүүд маань бүгд хээлтэй байсан.

Ээж маань өндөр настай, дүү маань 2 өнчин хүүхэдтэй, хэдэн үхрүүдээрээ амьдралаа залгуулдаг байсан. Бидэнд маш их хохирол учирсан тул хохирол болох 4.200.000/дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Хариуцагчийн гаргасан гомдол нь нотлох баримт байхгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч өөрсдийгөө буруугүй гэдгээ нотлоогүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Харин ч нэхэмжлэгчид “...тугалтай үхэр өгье...” гэж ярьж байсан. Энэ нь бүх зүйлээр нотлогддог. Хариуцагч нь хүнд хохирол учруулсан гэдгээ анхаарч үзэхгүй, зайлсхийж байна. Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд Цагдаагийн газарт “Шүрэн тариа” ХХК нь рапс асгаснаас болж үхэр хордлоо гэсэн иргэдийн гаргасан гомдлын дагуу шалгалаа гэсэн тэмдэглэл бий. Шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтуудыг хариуцагч тал анхаарч, гаргаж өгөөгүй...” гэв.

 

Үндэслэх нь:

 

             Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нар нь хариуцагч “Шүрэн тариа” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

            Хэргийн хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийг нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж  тайлбарласан.

            Хэргийг судлан үзвэл: Цагааннуур сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн гадна талд хариуцагч “Шүрэн тариа” ХХК нь тосны ургамал болох рапсны хог хаягдлыг хаясан, нэхэмжлэгч Т.Норовын хээлтэй 4 үхэр, нэхэмжлэгч Н.Цэцэгмаагийн нэг 1 үхэр тус тус тосны ургамалын хаягдал /рапс/ идснээс хордож үхсэн болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн малын их эмчийн “Тодорхойлолт”, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тодорхойлолт”, сумын Засаг Даргын Тамгын Газрын Хөдөө Аж Ахуйн тасгийн дарга, байгаль орчны байцаагч нарын хордсон үхэр үзсэн талаарх “Хорогдсон болон...малд үзлэг хийсэн тухай тодорхойлолт” зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Хариуцагч “Шүрэн тариа” ХХК-ийн сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн гадна талд тосны ургамал болох рапсны хог хаягдлыг хаясан үйлдэл нь Монгол Улсын Хог Хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 “...зориулалтын цэгээс бусад газарт хог хаягдал хаяхгүй байх...”, 9.2.8 “...хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях...”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.

            Хариуцагч “Шүрэн тариа” ХХК нь сумын хогийн цэг дээр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр рапс асгасан, гэвч манай компаний хаясан рапсыг нэхэмжлэгч нарын үхэр идсэн байх боломжгүй гэж нэхэмжлэлийн татгалзалын үндэслэлээ тайлбарладаг боловч энэхүү татгалзлаа нотлоогүй байна.

            Шүүх нэхэмжлэгч нарыг малаа байнгын хариулга, хяналтгүй байлгаснаас гэнэтийн аюул осолд өртөх боломжийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг    хангасан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан “...гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно...” гэх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хууль хэрэглээний талаар зохих дүгнэлт хийх, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

“1...510 дугаар зүйлийн 510.1” гэсний дараа “514 дүгээр зүйлийн 514.1, Хог хаягдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                 Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН