Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00001

 

*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01382/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд цахимаар хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1001 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай,

Хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэргийн оролцогч нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******-аас:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 529 дүгээр шийдвэрээр хариуцагч *******-иас 5,862,250942.17 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар эс төлбөл дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001ХТ2021/00167 тоот шүүх хуралдааны тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар Барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт огт дурдаагүй тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасны дагуу дээрх барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй. 

Мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан бөгөөд тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа нь банкинд зээлийн төлбөрийг бүхэлд нь төлүүлэхэд хүндрэл болж байна. Иймд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дараах үндэслэлүүд байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00167 дугаар тогтоолуудаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд эдгээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд нь хүчин төгөлдөр болсон.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний өр төлбөрийн үнийн дүн болоод тухайн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Эдгээр шийдвэрүүдийг хэргийн оролцогч нар гардаж аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсэгтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 167, 172 дугаар зүйлүүдэд зааснаар хуульд заасан хугацааны дотор давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Гэтэл тухайн үед Төрийн банкны зүгээс аливаа байдлаар шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэж хүлээн зөвшөөрсөн атлаа одоо шийдвэр, магадлал тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүх шийдвэрээ гаргахдаа манай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаартай, 68404 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг орхигдуулан шийдвэрлэсэн байгаа учраас дахин нэхэмжлэл гаргаж байгаа гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт орхигдсон байгааг одоо мэдсэн учраас дахин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1001 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ мөн '*******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаартай 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар анхан шатны шүүх орхигдуулсныг хянаж, анхаараагүй алдаа гаргасан байна гэжээ.

Шүүхийн шийдвэрийг гомдлоор хязгаарлагдахгүй бүхэлд нь хянах чиг үүрэг бүхий давж заалдах болоод хяналтын шатны шүүхүүд ч мөн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан техникийн алдааг анхааралгүй дахин орхигдуулж, хэрэг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн.

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч шүүх хуралдаан болон нэхэмжлэлдээ өгсөн үндэслэлдээ 3 шатны шүүх техникийн алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх өмнөх шийдвэр гаргасан шүүхүүд шийдвэр гаргахдаа холбогдох хэсгийг орхигдуулсан гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтийнхээ эсрэг буюу шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан мэтээр тайлбарлан, дээр дурдсан хуулийн холбогдох заалтын дагуу хэргийн оролцогч хэрвээ шүүхийн шийдвэр үг үсгийн алдаатай гарсан гэж буюу шийдвэр гаргахдаа орхигдуулсан бол хэргийн оролцогч хүсэлт гаргаж улмаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийх эрх зүйн зохицуулалттай байхад хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2. Нэхэмжлэгч Төрийн банк өмнө гарсан шүүхийн шийдвэрүүдийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн, тэдгээрт гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан асуудлаар өмнө нь шүүхэд хандаад эцсийн шийдвэр гарчихсан үйл баримтад буюу хэргийн материалд авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйл, 167, 172 дугаар зүйлүүдэд зааснаар хуульд заасан хугацааны дотор давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т "Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан.

Гэтэл тухайн үед Төрийн банкны зүгээс аливаа байдлаар шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэж хүлээн зөвшөөрсөн атлаа одоо шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нар энэ асуудлаар шүүхэд хүсэлт гаргаж хандсан засвар оруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн гэж тайлбарласан боловч хандаж байсан хариу өгсөн талаар баримт байхгүй төдийгүй энэ асуудал өмнө шүүхээр шийдвэрлэгдэж байхад барьцаа хөрөнгөөс орхигдсон байна гэдгийг мэдэж байсан зэргээс үзэхэд Төрийн банкны хувьд одоо маргаж буй улсын бүртгэлийн Ү- 2003008878 дугаартай 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байсан ч бусад барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой гэж бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн тайлбар, хэргийн материалд цугласан баримтуудаар тодорхой нотлогдож байхад эдгээрт хууль зүйн талаас үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хүлээн авч гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан тус компани өмчлөлийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч ******* нь өмнө нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэргийн маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Тэрхүү хүчин төгөлдөр болсон шийдвэрээр энэ нэхэмжлэлээр шаардаж буй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар огт дурдаагүй, нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4.900.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн 6 үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээний хавсралтаар барьцааны гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ өнөөдрийн нэхэмжлэлээр шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс бусад барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Гурван шатны шүүх тус компани өмчлөлийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээргүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь зөв байна.

Зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт тусгагдаагүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дахин нэхэмжлэл гаргахад дээрх шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлага гаргах үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар Дархан сумын 1 дүгээр багт байрлах 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, одоо маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байсан ч бусад барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байсан гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ний давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                                                      ШҮҮГЧ                                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                                                                            ШҮҮГЧ Л.АМАРСАНАА