Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00008

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00975/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1024 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц газрыг чөлөөлүүлэх тухай,

Хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагч ******* хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би 2018 оны 08 дугаар сарын 02-нд *******тай үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах №1396, 1395 гэрээ хийж Дархан сумын 15-р баг Мангирт 10-р хэсэг 2-р гудамжны 71 тоот 66.0 м2 талбайтай хувийн сууц, (Ү-2003013620, 00042099) 11 сая төгрөг мөн хаягт байршилтай 821.0 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар (№ Г-2003002410, 000367179) 5 сая төгрөг болох өөрийн өмчөө нийт 16,000,000 зээлээр худалдсан юм.

Бид гэрээнд тусгахдаа гэрээ хийсэн өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгийг төлж дуусгах, дууссаны дараа гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх, хэрэв гэрээнд заасан хугацаандаа мөнгөө төлөхгүй бол хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон юм. Мөн гэрээний 4.6-д худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан юм. Гэтэл ******* гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, заримдаа 200,000, 300,000 гэх мэтээр алдагдалтай төлж, эцэст 2021 оны 4 сараас хойш огт төлөлт хийхгүй болсон. Би өөртэй нь уулзаж одоо 3 жил боллоо. Үлдэгдэл 7 сая төгрөгийг яаралтай авъя гэхэд 2021 оны 8 сарын 1-ний дотор бүгдийг төлнө гээд төлөөгүй. Одоо мөнгөний боломжгүй байна гэж уцаарлах болсон. Би газар болон хувийн сууцаа урт удаан хугацаагаар зээл маягаар худалдах гэрээ хийж сарын төлөлтөө ч бүрэн авч чадахгүй алдагдалд орж маш их хохирч байна. Иймд би *******тай хийсэн 2018.08.02-ны 1395, 1396 тоот гэрээнүүдээсээ татгалзаж өөрийн өмчөө энэ хүнээс буцааж авах, өгсөн мөнгийг нь тоо ёсоор нь буцааж өгөх хүсэлтэй байна. Иймд би гэрээнээсээ татгалзаж байгаа тул *******ыг гэр бүлийн хамт Дархан сумын 15-р баг Мангиртын 10-р хэсэг 2-р гудамж 71 тоот орон сууцнаас гарган чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь 2018 оны 7-р сарын сүүлээр иргэн *******гаас хашаа байшин зээлээр худалдаж, худалдан авахаар тохирсон. 2018 оны 8-р сарын 02-нд иргэн *******д 500,000 төгрөгийг өгч үүнээс хойш сар бүр 500,000 төгрөгийг төлж байхаар тохирч, уг хашаа байшинд нүүж орсон. Уг хашаа байшин газартай нь нийт 16 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээгээ хийсэн.

Ингээд тохирсноороо сар бүр 500,000 төгрөгөө өгч явсан. Анх надад хашаа байшингаа зээлээр худалдахдаа манай охин Улаанбаатар хотод оюутан болсон, хүү маань БНСУ руу явсан болохоор өөрийн хашаа байшингаа эргэж тойрох хүнгүй байлгахгүй үүднээс надад зээлээр зарах болсон. Миний зүгээс сар бүр мөнгөө өгч байх үед иргэн ******* нь манай охин Сайн гэдэг ломбардаас машин авсан байгаа. Тэр төлбөрийг чиний өгсөн мөнгөөр хийгээд явж байгаа мөнгөө сар бүр хийж байгаарай гэдэг байсан. Ингээд 2020 оны 8-р сард охин маань төрөөд зээтэй болсон ба 1 сарын дараа зээ маань бүдүүн гэдэсний нээх хаах хагалгаанд Улаанбаатар хотод очиж орсон. Зээ маань үүнээс хойш дахин 2 удаа хагалгаанд орсон. Миний хувьд зээ охиныхоо эмчилгээг анхаарч, асран хамгаалж явсан. Ковид гарсантай холбоотой лангуугаа ажиллуулж чадаагүй. Ингээд дээрх шалтгааны улмаас сарын төлөлтийг тодорхой хугацаанд тасалдуулсан байгаа. Би өөрөө зохих хэмжээгээр мөнгөө 4-р сараас өгч эхэлсэн. ******* над руу 6-р сард утсаар яриад гэрээгээ буцаая манай хүүхдүүд наймаагаа буцаа гээд байна гэж ярьсан. Миний хувьд буцаахгүй гэдгээ хэлж байсан.

******* дахин утсаар ярихдаа нэг бол 6,500,000 төгрөгийн үлдэгдэл байна. Үүнийг 2020 оны 8-р сарын 31-ндээ багтаад дуусгахаар гэрээ байгуулъя гэсэн санал тавьсан. Миний хувьд өмнө нь 2-уулаа гэрээтэй учраас саналыг нь хүлээн авч чадахгүй гэдгээ хэлсэн. Ингээд үүний дараа 1,000,000 төгрөгөөр, 900,000 төгрөгөөр, 600,000 төгрөгөөр дансаар нь шилжүүлэг хийж өгсөн.

Гэтэл 3,864,000 төгрөгийн үлдэгдэл тооцоо дутуу байхад намайг шүүхэд өгөөд үүний дараа миний данс руу 2,500,000 төгрөгийг буцааж явуулсан байсан. Миний зүгээс нийт тооцооныхоо 70 хувийг өгчхөөд байхад ******* эгч үлдэгдэл тооцоогоо сар бүртээ аваад бидний хооронд эв зүйгээр асуудлаа шийдвэрлүүлмээр байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******аас Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банкны төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 308,150 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

2. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа надад мэдэгдэхгүйгээр 2.500.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн байсныг буцааж Ц.Гантигчулууны данс луу шилжүүлсэн. Учир нь тухайн хугацаанд намайг маш их эдийн засгийн болон цаг хугацааны алдагдалд оруулж байсан тул Ц.Гантигчулуунаас үл хөдлөх хөрөнгө болон газраа буцааж авах хүсэлтэй байна.

3 жилийн хугацаа гэдэг их хугацаа. Сар 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байхад удааж нэхүүлж барин мөн бага хэмжээгээр цувуулж төлөлт хийж байсан.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзсэнд гомдолтой байна.

Тухайн үед гэрээгээ шинэчлэн дахин гэрээ хийх байсан боловч Ц.Гантигчулуун нь татгалзаж байснаас болоод дахин гэрээ хийгдээгүйгээс алданги тооцох боломжгүй хүссэн үедээ төлж, бага хэмжээгээр төлж намайг хохироосонд гомдолтой байна гэжээ

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Гомдолдоо гэрээнд заасан хугацааг зөрчиж, төлбөрөө сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй гэжээ.

Хэрэгт цугларсан баримтуудыг хянавал талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан худалдан авагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт илэрчээ.

Төлбөрийг сар бүр хэсэгчлэн хийх тохиролцоог талууд хийсэн бөгөөд хариуцагч буюу худалдан авагч тал төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн байна.

Хариуцагчийн тайлбараар гэрээний үүргээ хожимдуулж хугацаа алдаж хийсэн байгаа боловч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тодорхой хэмжээний төлбөр төлсөн баримт шүүхэд ирүүлжээ.

Гэрээнээс татгалзах эрх зүйн ойлголт нь гэрээний үүргээ зөрчих, зохих ёсоор гүйцэтгэхгүй байхыг шаарддаг.

Тухайн маргааны хувьд хариуцагч үүргийн гүйцэтгэлийн дийлэнх хэсгийг буюу 80 хувийг биелүүлсэн, сүүлийн саруудад төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадаагүй талаар шүүхэд тайлбар гаргасан байна.

Хуулиар болон гэрээгээр талууд тохиролцсон бол гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхгүй байх нь үүргийн зөрчилд тооцогдох хэдий ч гэрээний дийлэнх хэсгийг биелүүлсэн байгааг шүүх харгалзан үзвэл таарна.

Иймд гэрээнээс татгалзах худалдагчийн хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин тухайн маргаантай харилцаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулбал зохино гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэрийг ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******аас Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******аас Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.АМАРСАНАА

                                                                                                                                         ШҮҮГЧ                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                         ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ