Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2022/00150

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00150

 

Д У-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/02098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д У-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н З Д -, ХУД ГЗБА- холбогдох гэм хорын хохиролд 577,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майцэцэг, өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гончигдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Ц.Баянмөнх нь өөрийн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс үйлдвэр барих газар судалж байтал 2016 оны 01 дүгээр сарын эхээр Д У-ХХК-ийн менежер н.Анхболд гэж хүн ирж уулзан Хан-Уул дүүрэгт 4.8 га газар зарах сонирхолтой байгаагаа хэлсэн. Талууд харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн газрыг эзэмшиж байсан Д У-ХХК-ийн хувьцааг болон эрхийг шилжүүлэн авч 150,000,000 төгрөгийг тухайн өдөр н.Анхболдод шилжүүлсэн. н.Анхболд нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ц.Баянмөнх дээр ирж газрын зориулалтаа өөрчлүүлчихлээ гээд газрын зориулалт өөрчилсөн Хан-Уул дүүргийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А41 тоот захирамж, 14 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмшиж, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргийг авч ирж өгсөн. Газрыг зохих журмын дагуу олгосон, холбогдох баримтууд нь бүрэн байсан тул тэр өдөр нь 150,000,000 төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газрын төлбөрийн үлдэгдэл 4,606,272 төгрөгийн тавилгыг н.Анхболдод хүлээлгэн өгсөн. Компанийг худалдан авах болсон шалтгаан нь компанийн эзэмшилд байсан үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 4.8 га газар байсан бөгөөд уг газарт үйлдвэр барихаар 2016 оны 5 дугаар сараас 10 дугаар сард Мон зенит ХХК-иар кадастрын цэг тогтоолгож, Геомастер ХХК-аар газрын өндөржилт дэвсгэрийн зураг хийлгэж, Вүүд ворд ХХК-иар төмөр хашаа бариулж, Сойл трейд ХХК-иар инженер геологийн судалгааны ажил хийлгэж, Шугам ХХК-иар үйлдвэрийн барилгын иж бүрэн зураг хийлгэж, БНХАУ-ын Жинан хотын Донг Я компанитай сендвичэн барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулан мөнгө шилжүүлж, үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа хангаж байтал Хан-Уул дүүргийн болон Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөх шаардлага ирсэн. Улмаар бидний барьсан хашааг нурааж замын ажил эхэлсэн бөгөөд бидэнд урьдчилан мэдэгдэж, танилцуулалгүйгээр ямар байгууллага, албан тушаалтны шийдвэрээр манай хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг замын трасст оруулсан талаар мэдээлэл тайлбар авахаар газрын албанд удаа дараа хандахад танай газрыг шийдэж өгнө гэж албан бусаар амаар хариу өгч хохироосон.

2018 оны 8 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Н З Д -, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн газрын алба, Барилга хот байгуулалтын яаманд холбогдуулан Н З Д -, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн засаг дарга, Хан-Уул дүүргийн газрын алба, Д У-ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн засаг даргын зүгээс эвлэрэх санал тавьж манайд 2.5 га газар нөхөх олговроор олгох, үлдсэн 2.3 га газар дээр тохиролцох санал тавьсан. Энэхүү саналыг манай компани хүлээн авч 2.5 га газар дээр гэрээ хийх болтол тухайн газрын анхны дуудлага худалдааны үнэ 330,000,000 төгрөгийг төл гэсэн учир бид эвлэрэхээс татгалзаж шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэж, Н З Д - нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаар тоот тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг, Хан-Уул дүүргийн газрын алба нь Д У-ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль, дүрэм, журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тус шүүхийн 128/ШШ2019/0623 дугаартай шийдвэрээр тус тус тогтоосон. Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хариуцагч нар нь бидний хууль ёсны дагуу эзэмшиж байсан 4.8 га газартай ижил, байршил хэмжээтэй газар бидэнд олгох үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй, дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, биднийг улам хохироосон үйлдэл юм. Ийнхүү бид төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас таван жилийн турш хохирч байгаа бөгөөд газрыг худалдан авсан үнэ, газарт оруулсан хөрөнгө оруулалт, учирсан хохирол нийт 577 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулан бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0623 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Д У-ХХК-д учирсан хохирол болох 536 000 000 төгрөгийг Н З Д -ас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д У-ХХК болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар харилцан тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эзэмшил газрын байршлыг өөрчлөн, шилжүүлэх тухай гэрээг байгуулж, тус компанийн эзэмшилд байсан 4.8 га газрыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалант Эко хотхоны баруун талд 2.5 га газраар сольж эзэмшүүлэхээр тохиролцсон. Мөн газрыг сольж эзэмшүүлснээр Д У-ХХК нь Н З Д - болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нөхөх олговор болох хохирол нэхэмжлэхгүй байхаар, сольж эзэмшүүлсэн 2.5 га газарт ногдох дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний үндсэн дээр Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/608 дугаар захирамжаар Д У-ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2.5 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг хариуцагч хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Д У-ХХК-ийн газар нь хурдны замын хажууд байрладаг, энэ газрыг уг компани эрх шилжүүлж авахдаа дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Төлөөгүй байж өөр газар шилжүүлж авах нь хуульд нийцэхгүй.

Иргэний хуулийн 498.2 дах заалтаар Нийслэлийн засаг даргыг тодорхойлоогүй, учир нь захирамжийг дүүргийн засаг дарга гаргасан. Дүүргийн засаг даргын гэм буруутай үйлдлээс хохирол учирсан байхад Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татах үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан чиг үүрэг нь Төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга хот байгуулалтын яамд хамаарсан хуулийн заалт. Уг гэрээг мэдсэн гэдгээ сүүлд хэлсэн тайлбараараа нотоллоо. Төлбөр нэхсэн гэсэн тайлбарыг өгч байгаа хирнээ 2020 оны 05 сарын 04-ний өдрийн байршил шилжүүлсэн захирамжийг мэдсэн байж мэдээгүй гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дахиад өөр маргаан үүсэх магадлалтай. Газрыг зөвхөн дуудлага худалдаагаар олгодог. Дээрх үндэслэлээр Н З Д - нь хохирол хариуцах субьект биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу тайлбар, татгалзлын агуулга: Дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 000 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар дээрх компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Гэвч уг газар нь Хөшигийн хөндийн хурдны замын трассад өртсөн талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэний дагуу 2017 оны 6 сарын 05-ны өдөр дээрх компанийн холбогдох хүмүүст танилцуулж газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож протокол үйлдсэн байна. Д У-ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/608 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 25 000 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар байршил шилжүүлэн шийдвэрлэсний дагуу энэ газартаа үйл ажиллагаа явуулж байгаа гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хохиролд 27 225 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д У-ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 549 775 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Н З Д -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3 042 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас улсын тэмдэгтийн хураамжинд 294 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д У-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Газрыг дуудлага худалдаагаар шинээр авч байгаа тохиолдолд газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой болохоос Засгийн газрын тогтоолоор буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаас шалтгаалан нөхөн олгосон газарт дуудлага худалдааны анхны үнийг төлдөггүй зохицуулалттай бөгөөд нөхөн олгосон гэх газрын дуудлага худалдааны анхны үнийг төл гэж байгаа нь манай компанид давхар хохирол учруулж байгаа үйлдэл юм. "Домог Угсаа" ХХК-ийн хувьцаа худалдан авахад төлсөн төлбөрийг нэхэмжилсэн тухайд ХУД-ийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан хохирол бөгөөд хариуцагч ХУД-ийн Газар зохион байгуулалтын алба Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байхад тухайн газрын зориулалтыг мод үржүүлгийн зориулалтаас үйлдвэр үйлчилгээний зориулалттай болгон 14 хоногийн дотор өөрчилсөн байдаг. Газрын зориулалтыг өөрчлөхдөө Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Газрын тухай хууль, НИТХ-ийн 2014 оны 5/14 тогтоол, ЗТБХБ-ын яамны сайдын 2010 оны 206 дугаар тушаал, ГХГДЗЗ-н газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал зэрэг маш олон хууль, дүрэм, журмыг ноцтой зөрчсөн байдаг бөгөөд энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Хэрэв Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба хуулийн дагуу ажилласан бол нэхэмжлэгч "Домогт Угсаа" компанийн эзэмшиж буй газар нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авагдсаныг мэдэж тухайн компанийн хувьцааг худалдан авч хохирохгүй байх бүрэн боломжтой байсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар бүрэн тогтоогдсоор байхад шүүх дүгнэлт хийлгүй холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн алба хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцахаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу тайлбарын агуулга: Бид хууль, дүрэмд заасны дагуу тус компанийн хүсэлтээр газрын зориулалтыг өөрчилж ажилласан гэжээ.

7. Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны давж заалдах гомдлын агуулга: Домогт-Угсаа ХХК нь дүүргийн Засаг даргын 2015 оны А115 дугаар захирамжаар 48000 м.кв газрыг мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх авсан хэдий ч зориулалтын дагуу ашиглаагүй байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх тухай хүсэлтийг ирүүлсэн. Бид уг хүсэлтийг шийдвэрлэж дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамжаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай болгож өөрчилсөн. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрх шилжүүлсэн зүйл байхгүй зөвхөн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн газарт тойруулан барьсан хашааг буулгаагүй байхад үл мэдэгдэх хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн ХУД ГЗБА- холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийн газарт үзлэг хийсэн бөгөөд тухайн үед замын ажил явагдаж байсан. Мөн Нийслэлийн газар чөлөөлөх албанаас манай хашааг дайрсан фото зураг, бүх нотлох баримтыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг тогтоосон.

9. Хариуцагч Н З Д - зохигчдын дээрх гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

 

2.   Анхан шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн болон хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Ц.Баянмөнх, Р.Отгонбаяр нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д У-ХХК-ийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан, уг гэрээгээр худалдагч Р.Отгонбаяр нь Д У-ХХК-ийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө тус бүр нь 1,000 төгрөгийн нэгж үнэ бүхий 1,000 ширхэг, нийт 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий өөрийн эзэмшдэг хувьцааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээж, гэрээний үнэ болох 1,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Талууд мөн өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, тус компанийн эзэмших эрхэд байгаа 48,000 м.кв газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч Р.Отгонбаяр нь 375,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч нь компанийн хувьцаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хуваарийн дагуу төлж барагдуулсан байна. /хх8-10, 14-23/

 

Д У-ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 тоот албан бичгээр ирүүлсэн Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны А/41 дүгээр захирамжаар өмнө нь тус дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/115 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мод үржүүлгийн зориулалттай 48,000 м.кв газрыг шилжүүлэн 12 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрын зориулалтыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, 14 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /хх51-54/

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Улаанбаатар-Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын чиглэлийн хурдны авто замын трасст өртсөн Д У-ХХК-ийн дээрх газрыг хууль тогтоомжийн дагуу хэрхэн чөлөөлөх талаар Нийслэлийн газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтнууд болон Д У-ХХК-ийг төлөөлөн З.Эрдэнэ нар байлцан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэл үйлдэж, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Д У-ХХК нар нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Эзэмшил газрын байршлыг өөрчлөн шилжүүлэх тухай гэрээг байгуулж, улмаар уг гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/608 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дугаар захирамжийн Домог угсаа ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанид Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 25,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх 81,82, 85-88/

Нэхэмжлэгч Д У-ХХК нь Н З Д -, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт нь үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус компанийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0623 дугаар шийдвэрээр Н З Д - нь Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй, Хан-Уул дүүргийн Газрын алба нь Д У-ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 55-69/

4.   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэж тодорхойлж, газрыг худалдан авсан үнэ, газарт оруулсан хөрөнгө оруулалт, учирсан хохиролд нийт 577,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитойгоор үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учрахад хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан хохирол учирсан зэрэг нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч, хариуцагч Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хохиролд 22,225,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Н З Д -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/02098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,906,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ