Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2022/00157

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00157

 

 

Б.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/03728 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Т-д холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 3,605,600 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 145 байрны 22 тоот байрыг Ремакс ХХК-аар зуучлуулан ипотекийн зээлээр худалдан авахаар тохиролцож, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байрны эзэн А.Т-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө А.Т-гийн дансанд урьдчилгаа 3,390,000 төгрөгийг өөрийн нөхөр Ц.Ганхуягийн данснаас шилжүүлсэн. Мөн А.Т-гийн хүсэлтээр н.Золзаяа гэх хүний данс руу 110,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Гэрээ байгуулах үед нотариатчид 105,600 төгрөг төлсөн. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр банкны зээл гарсан боловч А.Т- нь байраа зарахаа болилоо гэж хэлсэн. Хариуд нь урьдчилж шилжүүлсэн мөнгөө буцааж авъя гэтэл байраа зарахаараа өгнө гэсэн боловч байр нь зарагдчихаад байхад одоог хүртэл буцааж өгөхгүй байна. Иймд А.Т-гаас түүний дансанд шилжүүлсэн 3,390,000 төгрөг, өөр хүний данс руу шилжүүлсэн 110,000 төгрөг, нотариатын зардал болох 105,600 төгрөг, нийт 3,605,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Э.Золзаяатай өөрийн өмч болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 145 байр 22 тоот орон сууцыг 174 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.Г-гийн нөхөр болох Ц.Ганхуяг залгаж уулзах хүсэлт тавьж, байрыг урьд нь ирж үзсэн учир одоо худалдан авах хүсэлтэй байгаа тул Э.Золзаяатай байгуулсан гэрээгээ цуцлах, банкны зээл бэлэн болсон /банкны зээл хөөцөлдөхөд танил тал байгаа учраас 7 хоногтоо багтаана/, ипотекийн зээлд хамаарагдах нөхцөл бүрдүүлэхийн тулд 96,56 м.кв талбайтай гэрчилгээг танил талаараа 80 м.кв-аас бага хэмжээтэй болгож өөрчлөх асуудлыг хийж байр худалдан авах боломжийг олговол ямар ч хохиролгүй болгохын тулд 3,500,000 төгрөгийг яг одоо өгье гэсэн хүсэлт тавьсан. Ингээд талууд амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Э.Золзаяад мэдэгдсэн, ярилцаад гэрээнд заасны дагуу түүний нотариатын төлбөр болох 110,000 төгрөгийг Ц.Ганхуягт өөрийн данснаас Хаан банкны дансанд нь шилжүүлсэн. Үүнээс үзэхэд тус үл хөдлөхөө борлуулахад хэдий аман тохиролцоо хийсэн ч би яг ижил 174,000,000 төгрөгөөр зарах худалдах, худалдан авах гэрээгээ цуцлах шаардлагагүй байлаа. Тохиролцсоны дагуу үлдэгдэл 3,390,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний Хаан банкны 5753452669 тоот дансанд шилжүүлсэн. Үүний үндсэн дээр 2021 оны 05 дугаар сарын 17-нд нэхэмжлэгч Б.Г-тай 174,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хүлээсний эцэст 2021 оны 06 дугаар сарын 10-нд Б.Ганхуяг банкны зээл бүтэхгүй болсныг утсаар мэдэгдсэн. Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өсөлтөөр мөнгөө удаан хүлээсний улмаас худалдан авах байраа авах боломжгүй болж хохирсон ч гомдол гаргаагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч А.Т- /УХ73040304/-аас 3,390,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г- /ЧМ86120704/-д олгож, нэхэмжлэлээс 215,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 72,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Т-гаас 69,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь А.Т-г Э.Золзаяа гэх хүнтэй байгуулсан гэрээгээ цуцлаад өөртэй нь гэрээ байгуулж, байрны талбайн хэмжээг багасгахыг зөвшөөрвөл 3,500,000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Энэ нь хэргийн материалд авагдсан дансны хуулга болон зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, байрны гэрчилгээ өөрчилсөн зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж, хариуцагч А.Т-гаас 3,390,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 69,190 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн хувьд тухайн байрыг авах хүсэл зоригоо илэрхийлж, мөнгийг шилжүүлсэн. Нэгэнт гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалж байгаа тохиолдолд авсан мөнгөө буцааж өгөх нь шударга ёсонд нийцнэ. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

2.   Анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул залруулан шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

3.   Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч А.Т-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт төлсөн 3,390,000 төгрөг, нотариатын зардал 110,000 төгрөг, нийт 3,605,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ БЗД-ийн 25 дугаар хороо, 145 дугаар байрны 22 тоот орон сууцыг худалдан авах зорилгоор гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр төлсөн боловч А.Т- нь байраа зарахаа больсон гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Б.Г-гийн нөхөр болох Ц.Ганхуягийн тавьсан бусадтай байгуулсан гэрээгээ цуцалж, өөрт нь байраа худалдах, банкны зээлд авахад зориулж байрны талбайн хэмжээг багасгах саналыг хүлээн авч үүнээс үүдэн гарсан зардалд дээрх мөнгийг тооцож авсан гэж тус тус тайлбарласан байна. /хх 1-2, 19-20, 29-30/

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийг хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэргийн 4 дүгээр талд авагдсан бичгийн баримтаас үзэхэд А.Т-, Б.Г- нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч А.Т- нь БЗД-ийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 145 дугаар байрны 22 тоот, 79,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авагч Б.Г- нь орон сууцны үнэд 175,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар гэрээний 6.5 хэсэгт заасан Хаан банк дахь А.Т-гийн 5753452669 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,390,000 төгрөгийг байрны урьдчилгаа утгатайгаар Ц.Ганхуягаас шилжүүлсэн /хх7/ үйл баримт тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Б.Туяатай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн төлбөрөө гэрээ цуцлагдсан тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Талууд орон сууц худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 3,390,000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэд тооцуулахаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Мөн цаашид уг гэрээг биелүүлэх боломжгүй, гэрээ цуцлагдсан нөхцөл байдал зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар дэнчинг буцаан өгөх үүрэгтэй.

 

6. Хариуцагч тал Б.Г- нь бусадтай байгуулсан гэрээгээ цуцлах зэрэг хүсэлт гаргасан, уг хүсэлтийг нь хүлээн авбал 3,500,000 төгрөг өгнө гэж тохиролцсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ/2021/03728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 гэснийг 233 дугаар зүйлийн 233.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН