Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00105

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00105

 

 

Ш.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаартар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01860 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ш.Х-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ОТ- ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, Д.Баттулга, Д.Өлзийцэцэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

1.а Ш.Х- нь ОТ- ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлын байран дахь сургалтын сургагч багш албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ОТ- ХХК-ийн кемп дотор 20 км/цагийн хурдтай явах замд 27 км/цагийн хурдтай явсан. Энэ асуудлаар ахлах ажилтны хамт аюулгүй ажиллагааны зөвлөхтэй уулзахад ...Та хурд хэтрүүлсэн байна. Ахиж битгий ийм зөрчил гаргаарай, хамт олондоо хэлж бусдад анхааруулаарай ... гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ахлах ажилтан Б.Бадрах ...хотын оффис дээр ирж уулз... гэж утсаар хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хотод ирж н.Янжмаатай уулзахад хурд хэтрүүлсэн талаар мэдүүлэг авсан. 2020 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн үед сургалтын хэлтсийн менежер болон хүний нөөцийн уулзаад ... хурд хэтрүүлсэн байна. сургагч хүнд байж болохгүй алдаа. Хүсэлтээ өгөөд ажлаасаа гарчих... гэж хэлсэн. Өөр ажил руу шилжиж боломжтой эсэх талаар асуухад болохгүй гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш цалинтай чөлөө олгосон. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ОТ- ХХК-ийн сургалтын хэлтсээс бүтцийн өөрчлөлт орсон гээд мэдэгдэх хуудас өгөхөд ...зөвшөөрөхгүй байна... гэж бичээд гарын үсгээ зурсан. Ийнхүү зөвшөөрөхгүй тул гурван ажлын байранд анкет бөглөж ярилцлагад орсон. Гэвч алинаас нь ч хариу ирээгүй. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр н.Наранцогт ... мэдэгдэлд заасан 45 хоногийн хугацаа дууссан, ирж бичиг баримтаа аваарай... гэж хэлсэн. Гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б3296 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэсэн боловч хуулийн үндэслэл нь тухайн байгууллага аж ахуй нэгж татан буугдсан, орон тоо цомхтгосон гэж байдаг. Гэтэл аль үндэслэлээр халж байгаа нь тодорхой бус. 45 хоногийн хугацаатай мэдэгдэл өгсөн ч гэсэн ажлаа хийгээд явж байх ёстой. Ш.Х-ыг хэзээ халсан талаар баримт байхгүй. Ш.Х-ыг ажлаас гарах өргөдлөө өг, өгөхгүй бол цалин нь олгохгүй гэсэн.

ОТ- ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3-т Цомхтгол явуулахад компанийн төсөв хөрөнгийн хомсдол, зах зээлийн нөхцөл байдал, ажлын ачаалал багасгах, тодорхой үйл ажиллагаа зогсоох зэрэг шалтгааны улмаас орон тооны цомхтгол явагдана, төсөв хөрөнгийн хомсдол аж ахуйн нэгжийн татан буугдаж орон тоо хасагдсан ажилтны үүрэг хариуцлагыг багасгасан зэрэг шалтгаан нь ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгодог гэж заасан. 2019 онд орон тооны өөрчлөлт хийгдээгүй, 2020 оных нь адилхан байгаа. Сургалтын хэлтэс нь баяжуулах үйлдвэрийн сургалт, ил уурхайн сургалт гэсэн хоёр хэсэгтэй. Баяжуулах үйлдвэрт сургагч 3, ил уурхайн сургагч нь 3 нийт 6-н сургагч гурван ээлжээр ажилладаг. Нийт долоон орон тоо байсан. ОТ- ХХК Ш.Х-ыг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн нь хүчин төгөлдөр бус. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд ажил албан тушаалыг түдгэлзүүлэх буюу хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтны тухайн ажил албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлнэ гэж заасан. Ш.Х-ыг 14/7 хоногоор ажилладаг гэсэн. Мэдэгдэл өгөхдөө ажлаас халах хүртэлх хугацааг тооцоход нийт 45 хоног байна. Энэ хугацаанд Ш.Х- хоёр удаа ажиллах эрхтэй байхад нь ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй. Ш.Х-од сахилгын шийтгэл ногдуулаад дараа нь ажлаас халсан. Захиргааны арга хэмжээ авахдаа шилдэг ажилтан болсныг харгалзан үзээгүй.

Д.Амарбаясгалан нь итгэмжлэл олгох эрхтэй этгээд биш. Лаура Томас ажлаас чөлөөлөгдсөн. Армандо Торрес итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж Д.Амарбаясгаланд итгэмжлэл олгосон. Иймд ОТ- ХХК-ийн сургагч багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 184,950,360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а Ш.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ш.Х- 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед 20 км цагийн хурдтай явах газарт 27 км цагийн хурдтай явсан асуудлаар ОТ- ХХК-ийн зүгээс хяналт шалгалт хийсэн боловч хариуцлага тооцоогүй тул энэ асуудал хамааралгүй гэж үзэж байна.

ОТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 дугаартай ОТ- ХХК-ийн бүтэц зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай тушаал гаргасан. Уг тушаалын хавсралтад зааснаар Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн ажлын байран дахь сургалтын сургагч албан тушаалын орон тоог цөөрүүлж үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн ажлын байран дахь сургагчийн 4 орон тоог 3 болгосон. Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцлах журмын 1.1 дэх хэсэгт энэхүү журмын зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ОТ- ХХК-ийн бүтэц зохион байгуулалт болон адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хасаж байгаа, ажилтны тоог цөөрүүлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үед ажилтанг тодорхой үндэслэл шалгуургүйгээр өөрийн үзэмжээр ашиг сонирхлын зөрчлөөр хасах цөөрүүлэх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухай журмыг мөрдөж ажилладаг. Энэ журмын 8.1-д компани ажилтны тоог цөөрүүлэх үндэслэлээр компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа дараах шалгуурыг дараалан баримтална гэж заасан. Тус журмын 8.1.1-д сахилгын шийтгэлтэй ажилтан байгаа эсэхийг шалгах, тухайн сахилгын шийтгэлээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй. Ш.Х-ын хувьд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б4589 дугаартай сахилгын шийтгэл хүлээсэн талаар зөвшөөрсөн. ОТ- ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдлээр Ш.Х-од хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд ажиллахгүй байж болно гэсэн. Ажиллах эрх нь нээлттэй байхад Ш.Х-ын хувьд ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй. Энэхүү мэдэгдлийн хугацаанд ажиллахыг шаардахгүй, мөн үндсэн цалин болон зохих нэмэгдлийг компанийн холбогдох журамд зааснаар олгосон. ОТ- ХХК-ийн зүгээс түүнд гурван ажлын байр санал болгож сонгон шалгаруулалт явуулсан ч Ш.Х- тэнцээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж мөн Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2018-2023 оны хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр тэтгэмж олгохоор зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, хамтын гэрээний 2.2-т заасны дагуу тэтгэмж олгох тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ш.Х- 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэлтэй танилцсан, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ХААН банк ХХК дахь Ш.Х-ын дансанд 40,754,386 төгрөгийг шилжүүлж хамтын гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар ОТ- ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал Армандо Торрес юм. Компанийн гүйцэтгэх удирдлага бол Армандо Торрес бөгөөд хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгаланд итгэмжлэл олгосон. Д.Амарбаясгалан нь бусдад мөн итгэмжлэл олгох эрхтэй бөгөөд П.Өнөрмаад итгэмжлэл олгосон. ОТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б3296 тоот тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Х-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 184,950,360 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хариуцагч ОТ- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а Ш.Х- Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар чөлөөлсөн боловч энэ хуулийн зохицуулалт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 тохиолдлыг агуулж байдаг боловч Ш.Х-ыг ажлаас халсан тушаалд аль үндэслэлээр халсан нь тодорхой бус байна.

4.б ОТ- ХХК-ийн хүний нөөц сургалтын хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Х-ыг өргөдлөө өг гэж хэлж 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас нь буулгасан. Үүнээс цалинтай чөлөө өгч байгаад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэл өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ш.Х- нь мэдэгдэлд заасан хугацааг дуустал ажлаа хийх ёстой. ОТ- ХХК мэдэгдэл өгөөд тухайн хугацаанд нь ажил үүргийг нь хийлгэхгүйгээр цалин хөлсийг нь олгоогүй. Энэ тушаалын эрх зүйн учир холбогдлыг нь алдагдуулж байгаа гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажил үүргийг нь хийлгэлгүйгээр цалинтай чөлөө ажилтны хүсэлтийг нь харгалзалгүйгээр тулган шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг зөрчсөн.

4.в Бүтэц орон тоо хэд байснаас хэд болгож өөрчлөгдсөн гэдгийг харах шаардлагатай. Энэ шаардлагын улмаас Ш.Х- 2020 онд халагдсан учир 2019 онд хэдэн орон тоо байсан болон 2020 онд хэд болгосон гэдгийг тогтоохоор энэ онуудын ажил албан тушаал нэрлэж баталсан тушаал шийдвэрийг гаргуулахаар хүсэлт өгснийг шүүх хангаж шийдвэрлэсэн. ОТ- ХХК-аас 2019 онд тус хэлтсийн бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй тул 2019 оны ажлын байрны жагсаалт баталсан тушаал гарган өгөх боломжгүй байна гэж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 33/18 тоот бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлах тухай тушаалыг гаргаж өгсөн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 64/19 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалт хийж, ажлын байрны тоогоо шинэчлэн баталсан байна. Шүүх үүнийг харгалзан үзээгүй.

4.г Ш.Х- үйл ажиллагааны сургалтын хэлтсийн ил уурхайн сургалтын сургагч багшаар ажилладаг ба ингэхдээ баяжуулах үйлдвэрийн сургалтын сургагч багш нартай хамт ээлжээр ажилладаг. 4 сургагч багш болохоор засварын сургагч багш бөгөөд ээлжид гаралгүйгээр шаардлагатай үед сургалт хийхээр зохицуулсан. Ш.Х-ыг ажлаас чөлөөлснөөс нэг сургагч багш ганцаараа ажиллаж байгаа талаар гэрч н.Амаржаргал гэрчилсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Уг тушаалд ажилтны тоог цөөрүүлэх, газар хэлтсийн орон тоо хассан талаар тусгасан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдлээр Ш.Х-од үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын сургагч албан тушаалтны ажлын байрыг цөөрүүлсэн талаар мэдэгдсэн.

Мөн Ш.Х-ыг өргөдлөө өг гээд үүнтэй холбоотойгоор цалинтай чөлөө олгосон гэх асуудал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Нэхэмжлэгч нь мэдэгдэл өгснөөс хойш ажиллах боломжтой байсан боловч ажиллах сонирхлоо илэрхийлээгүй тул ажиллах боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй. Ш.Х-ын нийт ажиллах хугацааны цалин болон нэмэгдлийг олгосон

Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны хэлтсийн сургагчийн албан тушаалд 4 ажлын байр байсан ба 2018, 2019 онуудад өөрчлөлт ороогүй ба бүтцийн өөрчлөлтийн тушаал 2019 онд гарсан боловч хэзээнээс цөөрүүлэх нь тодорхойгүй байсан тул уг тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 4/20 тоот тушаал гарч, мөн оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр 1 ажилтны орон тоог цөөрүүлсэн. Нийт 4 ажилтнаас нэг орон тоог цөөрүүлэхдээ ОТ- ХХК-аас хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд баримтлах журмын 8.1.1-д заасны дагуу Ш.Х- ажлаас чөлөөлөгдсөн тул тодорхойгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлгүй.

Өөр хэлтсийн ахлах ажилтан гэрчийн мэдүүлэг өгсөн, Ш.Х- нь үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст хамаардаг. Нэхэмжлэгч талаас өөр хэлтэстэй андуурч гаргасан гомдол нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч Ш.Х- нь хариуцагч ОТ- ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст ажлын байран дахь сургалтын сургагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б3296 дугаар тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн ба тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцжээ.

1.б. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн үндэслэлдээ ...ОТ- ХХК-ийн кемп дотор хурд хэтрүүлсэн, хүсэлтээ өгөөд ажлаасаа гарчих гээд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас буулгасан, миний бие тэр хүсэлтийг нь биелүүлээгүй тул цалинтай чөлөө өгч байгаад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэл өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлснийг үндэслэлгүйгээр ажлаас халсан... гэж тайлбарласан.

Гэвч энэ талаар буюу ОТ- ХХК-ийн кемп дотор Ш.Х- нь хурд хэтрүүлсэн болон хариуцагч байгууллагын ажилтнууд ажлаас өөрийн хүсэлтээр гарах санал нэхэмжлэгчид тавьсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

1.в. Нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэж үзсэн тохиолдолд ажил олгогчид ажил үүргээ гүйцэтгэх талаар гомдол гаргаж байсан гэх байдал тогтоогдоогүй, түүнд цалин хөлс нь олгогдож байсан тул тухайн үеийг ажлаас халсантай адилтган үзэх боломжгүй юм.

1.г. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б3296 тоот тушаалаар Ш.Х-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ОТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ОТ- ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай 4/20 дугаар тушаал, түүний хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл зэргийг үндэслэжээ. (хх-ийн 11)

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б3296 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлүүдийн алиныг баримталсан талаар заагаагүй боловч уг тушаалын үндэслэл болгосон гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 тоот тушаалд орон тоог цөөрүүлсэн болохыг тодорхой тусгажээ.

ОТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 тоот ОТ- ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталж, уг тушаалын хавсралтад заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс зарим газар, хэлтсийн орон тоог хасч, ажилтны тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсний дотор Ш.Х-ын ажиллаж байсан Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст ажлын байран дахь сургалтын сургагчийн 4 орон тоог 3 болгон цөөрүүлсэн нь багтсан байна. (хх-ийн 43, 48)

Мөн ОТ- ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ОТ- ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх удирдлагын гэрээний 3.3 дахь заалтын (g)-д зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах бүрэн эрх олгогдсон (хх-ийн 174) байх бөгөөд тодорхой нөхцөл, шалтгааны улмаас ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй ба энэ эрхийг хөндлөнгөөс шүүх хязгаарлах үндэслэлгүй юм.

Харин ажил олгогч бүтцийн өөрчлөлт, орон тоог цөөрүүлэхдээ ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, орон тоо цөөрүүлэхдээ холбоотой ажил олгогчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шүүх шалгах үүрэгтэй.

Хариуцагч байгууллага нь Ш.Х-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам-ыг баримталсан байх бөгөөд уг журмын 8 дугаар зүйлд 8.1.1-т Ажилтны хувийн хэрэгт бүртгэгдсэн хүчин төгөлдөр баримтжуулсан сахилгын шийтгэлтэй ажилтан байгаа эсэхийг шалгах (сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрөөгүй байх) гэж, 9.1.1-т энэхүү журмын 8.1.1-д заасан сахилгын шийтгэл нь хүчинтэй ажилтан байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан ажилтны тоо цөөрүүлсэн үндэслэлээр тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тус тус заасан. (хх119-122)

1.д. Нэхэмжлэгч Ш.Х-ын хувьд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б4589 дугаартай тушаалаар эцсийн сануулах сахилгын шийтгэлтэй байсан, тэрээр уг тушаалын талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байжээ. (хх-ийн 42)

Иймд хариуцагч байгууллага нь Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн ажлын байрны сургалтын сургагч албан тушаалд ажиллаж байсан ажилтнуудаас, өөрийн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч байгууллага ажиллаж байсан ажилтнуудаас Ш.Х-ыг сонгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

1.е. Хөдөлмөрий тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж буй ажилтанд ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 тоот ОТ- ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталж, зарим газар, хэлтсийн орон тоог хасч, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ш.Х-од мэдэгдсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх45/

Иймд нэхэмжлэгч Ш.Х-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2. Давж заалдах гомдлын талаар

2.а. Дээрх байдлаар хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг зөрчөөгүй буюу нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж, тэрээр орон тооны цомхотголд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ажил олгогчийн зүгээс орон тоо цөөрүүлэх тухай шийдвэр гаргахдаа ажилтанд мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, орон тооны цомхотголд орж буй ажилтанд цалин болон ажлаас халагдсаны тэтгэмжийг олгох зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын 1, 2, 3-т тус тус заасан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй болно.

2.б. Анхан шатны шүүх гэрч Б.Мөнх-Эрдэнийн ...Амаржаргалын ээлжинд цуг гардаг Ш.Х- гараагүйгээс түүний оронд хүн байхгүй Амаржаргал ганцаараа гардаг... гэсэн мэдүүлгийг үнэлээгүй гэсэн давж заалдах гомдлыг мөн үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгосон, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох эсэх нь энэ хэргийн маргааны зүйл биш болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ