Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2022/00148

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00148

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01890 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С-т холбогдох гэм хорын хохиролд 53,255,204 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Х.С- нь манай компанид жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хариуцлагагүй байдлын улмаас тээврийн хэрэгслийн хаалгаа хаалгүй хөдөлж, зорчигч Г.Цэвэлсүрэнд хүндэвтэр гэмтэл учруулсан. Замын цагдаагийн албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 289 тоот шинжээчийн дүгнэлтээр Х.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Х.С-т холбогдох эрүүгийн хэрэгт манай байгууллага иргэний хариуцагчаар татагдсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаартай тогтоолоор манайхаас 53,255,204 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар Х.С-аас 53,255,204 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.С-аас 26,627,602 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,627,602 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч ГХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 226 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 212,113 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Х.С- нь тухайн үед жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан байсан. Харин нэхэмжлэгч Г ХХК нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-д заасны дагуу даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан байсан. Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцуулсны улмаас бусдад учирсан хохирлыг өмчлөгч бүрэн хариуцах байтал анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийж ижил хэмжээгээр хариуцуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл жолоочийн зүгээс даатгалд бүрэн хамрагдсан төдийгүй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллаж байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн бусдад төлбөр төлсөн баримтуудад бүрэн дүгнэлт хийгээгүй байна. Төлбөрийн баримтуудад төлбөр хүлээн авагчийн нэр болон төлбөр төлөгчийн нэрүүд хоорондоо зөрүүтэй байгаагаас дээрх төлбөрүүдийг хохирогчид бүрэн төлсөн эсэх нь эргэлзээтэй, тодорхой бус байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд буцаагаад нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлмээр байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

 

2.   Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

3.   Нэхэмжлэгч ГХХК нь хариуцагч Х.С-т холбогдуулан гэм хор учруулснаас учирсан хохиролд 53,255,204 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4.   Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар тогтоол зэрэг бичгийн баримтаар хариуцагч Х.С- нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа Г.Цэвэлсүрэнд гэм хор учруулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 14-15, 55-58/

 

5.   Тодруулбал, хариуцагч Х.С- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч ГХХК-д жолоочоор ажиллаж байхдаа бусдад гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГХХК нь түүний өмнөөс буюу ажил олгогчийн хувиар Г.Цэвэлсүрэнд учруулсан хохирлыг арилгасан байна. /хх 20-25/ Иймд нэхэмжлэгч ГХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ...илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар хариуцагч Х.С-аас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6.   Харин анхан шатны шүүх хохирлын хэмжээг бууруулж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол амссан этгээд тухайн гэм хорыг учруулсан этгээдээс шаардах эрхийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь учир дутагдалтай, мөн хохирлын нөхөн төлбөрийг бууруулах үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасан байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

7.   Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжих бөгөөд хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ГХХК гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх, улмаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН