Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 02

 

Х............ийн нэхэмжлэлтэй

О............, В............ нарт 

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2021/01031 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х............ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: О............, В............ нарт холбогдох,

 

 “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагч О............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х............ би 2018 оны 8 дугаар сард орон сууц худалдан авахаар зар уншиж байгаад Эрдэнэт зар дээр Удахгүй ашиглалтад орох орон сууцны байранд байр хямдхан зарна гэсэн зарын дагуу утсаар ярьж уг байранд очиж уулзахад Нэгдсэн эмнэлгийн баруун талд баригдаж байгаа орон сууц байсан. Утсаар ярьсан хүнтэй яриад очиж уулзахад барилгын инженер ........... гэх эмэгтэй манай компани энэ барилгыг барьсан компани ажлын хөлсөндөө байрууд өгсөн бартерын байруудаа зарна гээд 1-р давхарт, 3-р давхарт байгаа байруудаас чи алийг нь сонгох вэ гэхэд би 3-р давхрын 2 өрөөг нь авъя гээд 48.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Инженер ........... уул байрны эзэн ...........ыг дуудаж гэрээгээ аваад ир гэсэн. ........... гэрээ авч ирээд надаар гарын үсэг зуруулсан уул гэрээг 2018-08-01-ны өдөр хийсэн тэр үедээ би ........... өөрөө гэрээнд гарын үсэг зурсан учир байр худалдан авсан мөнгөө хэний дансанд хийх вэ гэж асуухад ........... өөрөө ...........гийн дансанд хий гэж хэлсэн, ........... ч тийн ш дээ миний дансанд хий гэж хэлснээр би 34.000.000 төгрөгийг, үлдэгдэл 14.000.000 төгрөгийг нийтдээ 48.000.000 төгрөгийг инженер менежер гэх ...........гийн дансанд шилжүүлсэн. Уул байр 2018 оны 12 дугаар сард бүрэн дуусаж ашиглалтад орохдоо Mettle town гэдэг нэртэй болсон байсан бид худалдан авсан байрандаа орох гэтэл уг байрны эзэн гэх ........... оруулахгүй та нар бартераар хямдхан авсан байна нэмж 12.000.000 төгрөг өг гэж хэлээд эхний хийсэн гэрээгээ аваад ир гэхээр нь манай ах бариад очсон чинь ........... гэрээг үзье гэж авангуутаа ураад өөрийнхөө хогийн саванд хийчихсэн байсан. Ингээд би Улаанбаатар хотоос ирээд ...........ыг хайгаад олохгүй байсан, бартераар байраа өгсөн инженер ...........д энэ тухай хэлэхэд манай захирал Эрдэнэт орж яваа уулзаарай гэсэн тул захиралтай нь уулзаж, тэр хүнтэй хамт ...........ыг хайж машинтай явж байхад нь тааралдан урдуур нь орж зогсоож уулзахад тэр захирал чи энэ байраа ажлын хөлсөнд өгсөн, би ханасан үнэндээ худалдсан байхад яагаад энэ хүмүүсээс мөнгө нэхээд байгаа юм бэ гэж хэлэхэд ........... чи манай байрыг хямдхан худалдсан байна 12.000.000 төгрөг нэмж өг гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа би ........... руу утсаар яриад 6.000.000 төгрөг л өгье чи үгүй гэвэл би цагдаа шүүхээр явъя даа гэж хэлсэн чинь удаа ч үгүй над руу утасдаж гэрээ хийе 6.000.000 төгрөгөө өг гэж хэлсний дагуу би мөнгөө түүний данс руу шилжүүлж 2018 оны 11 сарын 23-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ 31 тоотыг байгуулж гарын үсэг зурцгаасан. Манайх байрандаа нүүн ороход манай хаалганы дугаар ........... тоот гэж байсан, энэ байрандаа өнөөдрийг хүртэл 3 жил амьдарч байна. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг уг байранд дүү нар маань амьдарч байгаа орон сууцныхаа өмчлөх гэрчилгээг авъя гэхэд нэг нэг айлаар нь гэрчилгээ гардаггүй юмаа тав арван айлаар нь нийлүүлж байгаад авдаг ганц айлын гэрчилгээ авах гээд явж байх зав алга гэж хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн, би ч түүнд итгэж бид мөнгөө төлөөд байрандаа орчихсон юм чинь гэрчилгээг нь гаргаад өгчих байх гэж явсаар 3 жил боллоо. Харин сүүлийн үед утсаа авахгүй хааяа нэг утсаа авахаараа би Улаанбаатар хотод том юм хөөцөлдөж явна удахгүй бүтнэ тэгээд гэрчилгээг чинь авч өгнө гэж хэлдэг болсон дам сургаар банкны барьцаанд тавьсан сурагтай байна. Иймээс шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х............ би Орон сууц захиалан бариулах тухай гэрээнд зааснаар орон сууцны үнийг 100 хувь төлсөн учраас Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол ...........-р байрны ........... тоот 2 өрөө 42,58 мкв орон сууцны өмчлөгчөөр Хүрэлчулуун овогтой ........... намайг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Х............ шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Х............ О............ нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.3-д Орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ. 5.1-д Гүйцэтгэгч нь 2018 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болно гэж заасан байтал ........... үүргээ гүйцэтгэж өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй ба хувийн ашиг сонирхлын үүднээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэн улмаар нөхөр ...........тай хамтран Төрийн банкны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө авсан болохыг нэхэмжлэгч ........... шүүхэд хандсаны дараа мэдсэн юм. Энэ байдал нь залилангийн шинжтэй үйлдэл мөн боловч нэхэмжлэгч цагдаад хандаж залилангийн үйлдлийг шалгуулъя гэсэнгүй зөвхөн орон сууцтайгаа үлдэх санаа зорилготой иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Байрыг худалдан авсан 54.000.000 төгрөг нь нэхэмжлэгч Хүрэлчулууны ...........ийн төрсөн эгч Хүрэлчулууны Эрдэнэчулуун Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө хүүдээ байр авч өгсөн байдаг. Одоо уул байранд Эрдэнэчулууны хүү Билгүүн эхнэр Ц.Мөнхсайхан.хүү Сэргэлэн нарын хамтаар 2018-12-04-ны өдрөөс хойш амьдардаг болохыг Хүрэнбулаг багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Мөн орсон цагаасаа хойш байрны дулаан, цахилгааны мөнгийг О............ Эрдэнэт-Усаас мэдээллийг авч өөрийнхөө данс руу мөнгийг шилжүүлэн авч төлдөг байсныг нотолж баримтуудыг хавсаргав. Иймд хариуцагч О............ В............ нарыг гэрээнд заасны дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг 11Г хороолол ...........байр ........... тоот байрны Ү-........... дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг Хүрэлчулууны ...........ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х............ийн нэхэмжлэлд дурдсан инженер ........... гэх хүн манайд ажилладаггүй бөгөөд энэ хүн манай компанийн өмнөөс хэлцэл, орон сууцны үнийг тохиролцон худалдах эрхгүй юм. Миний зүгээс ...........д орон сууц худалдах борлуулах эрхийг өгөөгүй бөгөөд намайг төлөөлөх эрхгүй этгээдээс авсан мэдээлэл, тохиролцсон үнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Надад гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд ........... ХХК-д шилжүүлсэн тул миний бие 100% төлбөрийг нь төлсөн гэх нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ямар нэгэн гэрээг урж хаяагүй бөгөөд түүний нэхэмжлэлд дурдсан энэ талаар бичсэн зүйл нь худал байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болсон үйл явдлаа үнэнээр нь бичихгүйгээр худал гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай барилгын ерөнхий гүйцэтгэгч болох ........... ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг чанарын болон биет байдлын доголдолгүй, захиалагчийн заавраар гүйцэтгээгүйгээс барилга байгууламжийг ашиглалтад оруулах урьдчилсан комисс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилласан. Уг урьдчилсан комиссын барилгын гүйцэтгэлтэй танилцсаны дагуу 12 дугаартай хурлын тэмдэглэл гарч, уг хуралдаанаас хэд хэдэн үүрэг чиглэл, засан сайжруулах ажлын даалгавар өгсөн. Уг ажлын даалгавруудаас ........... ХХК-ийн дээврийн ажлыг гүйцэтгэхдээ зургийн дагуу гүйцэтгээгүйгээс хэсэг хэсэг газарт ус тунах, ус бүрэн зайлуулагдахгүй байсан. Үүнийг засан сайжруулах зургийн дагуу гүйцэтгэхийг даалгасан ба тус компанийн зүгээс захирал Т.Пүрэвдорж нь 2019 оны хаврын ажил хийх боломжтой үедээ дахин гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон боловч өдийг хүртэл гүйцэтгээгүй, тус зөрчлийг арилгаагүй байна. Гэвч гүйцэтгэгч ........... нь ажлын хөлсөө бүтэн авсан атлаа уг ажлыг гүйцэтгээгүй. Гэтэл захиалагч Х............ нь орон сууцны үнийг ........... ХХК-д төлсөн байтал ........... ХХК-ийн ажил дуусаагүй тул миний зүгээс Х............т тус орон сууцыг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм. Иймээс ........... ХХК ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн Х............ийн төлбөрийг төлөгдсөнд тооцож улсын бүртгэлд бүртгүүлж өгч болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүдсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...О............, В............ нар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18 тоот зээлийн гэрээ байгуулж ...........0.000.000 төгрөгийн зээл авсан байгаа. Тухайн зээлийн үлдэгдэл 488.632.518.69 төгрөг байгаа. Зээлийн хүү 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 18151865............ төгрөг нийт 669.684.384.2 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн барьцаанд 17 ширхэг орон сууцны гэрчилгээ байгаа. Барьцаалсан ........... тоотын төлбөрийг өгвөл гэрчилгээг чөлөөлж өгөх боломжтой гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...

........... ХХК О............тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээгээр тохирсон ажлыг хийж өгсөн.Ажлын хөлсөнд хэд хэдэн байр авсан.Үүний нэг нь Х............ийн байр.Х............т манайх байрыг 48.000.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь авсан...Бид тухайн үедээ байрны үнийг тохироод гэрээгээ хийсэн байхад О............ байрыг хямд авсан гэж 6.000.000 төгрөгийг нэмж авсан нь үндэслэлгүй авсан гэж харагдахаар байна. ........... ХХК-ийн ажил гүйцэтгэхтэй холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй, бид О............тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн............ ХХК ажил дутуу гүйцэтгэсэн, муу хийсэн гэсэн шинжээчийн дүгнэлт юм уу, хөндлөнгийн барилгын мэргэжлийн байгууллагын дүгнэлт хавтаст хэрэгт байдаггүй. Тухайн ажил дээр дээврийн ажил дутуу хийгдсэн гэх акт ч юм уу, гарын үсэгтэй нотлох баримтын чанартай зүйл байдаггүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2021/01031 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х............ийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол Г гудамж ........... дугаар байрны ........... тоот 42.58 м.кв талбай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х............ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О............д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч В............д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О............аас 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар заалдсан гомдолдоо:

Х............ надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба тус хэргийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2021/01031 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х............ нь “...........” ХХК-д орон сууцны үнийг төлсөн. Мөн “...........” ХХК дээврийн ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээхгүй мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “...........” ХХК нь тус орон сууцны ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан, уг орон сууцны дээврийн ажлыг хийж гүйцэтгэхдээ батлагдсан зургийн дагуу гүйцэтгээгүйгээс Улсын комисс “...........” ХХК-д дээврийн ажлыг засан сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Энэ үүргээ өдийг хүртэл биелүүлээгүй. Тус орон сууцны ерөнхий гүйцэтгэгч “...........” ХХК нь Улсын комиссын шалгалтаар илэрсэн дээврийн ажлыг засан

 

сайжруулах үүрэг даалгаврыг гүйцэтгэж дууссан цагт өмчлөх эрхийг шилжүүлж өгөх боломжтой талаар тайлбар өгсөн байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн “...........” ХХК нь “Ажлаа хийгээд дууссан, нэмж хийх юм байхгүй” гэж шүүхэд зориуд худал мэдүүлж байна. Мөн нөгөө талаас уг орон сууцыг Төрийн банк барьцаалсан. Гэтэл энэхүү шийдвэр нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөгдөж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2021/01031 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа гомдлын талаар гаргасан тайлбартаа:

Хариуцагч О............ нь Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Г хэсэгт 40 айлын орон сууц бариулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагддаг. Уг орон сууцыг өөрөө барих барилгын компанигүй байсан юм шиг байгаа тиймээс "...........” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2017-07-20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 4 давхар орон сууцны , зориулалттай барилгыг бариулсан байдаг. Харин иргэн ........... ажлын хөлсөө өгч чадахгүй учраас өөрийн бариулсан барилгаасаа хэд хэдэн орон сууцыг ажлын хөлсөндөө/одоогийн хэллэгээр бартераар/ өгсөн маргаан бүхий ...........ийн худалдан авсан 31 тоот орон сууц “...........” ХХК-ны ажлын хөлсөнд ирсэн орон сууц мөн. ...........ийн орон сууцыг ажлын хөлсөндөө өгсөн гэдэг дээр хариуцагч ........... маргадаггүй, түүгээр ч үл барам мөнгийг ........... ХХК авсан гэдгийг ч өөрөө бичдэг. ........... ...........тэй “орон сууц захиалан бариулах тухай” гэрээг 2 удаа хийж, ........... ХХК-д ажлын хөлсөндөө өгсөн орон сууцны гэрээг урж дахин гэрээ хийхийн тулд ........... ...........д С 6000.000 төгрөг нэмж төлсөн./нэмж мөнгө төлөх шаардлагагүй байсан/ Уг орон сууц ашиглалтад орж 3 жил өнгөрч оршин суугч нар ...........аас өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжилж шүүхэд хандсан үед тэрээр гэнэт сэрсэн хүн шиг “...........” ХХК ажлаа дутуу гүйцэтгэсэн, дээврээс ус гоожиж байгаа,улсын комисс шалгалтаар илэрсэн дээврийн ажлыг засан сайжруулах үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй хэрэв энэ ажлаа хийвэл ...........ийн орон сууц өмчлөх гэрчилгээг шилжүүлж өгөх боломжтой гэж тайлбарладаг. Гэтэл барилгыг улсын комисс хүлээн аваад оршин суугчид нь оршин суугаад 3 жил болсон байдаг. Хариуцагч ........... жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг ийм зүйл бичиж байхдаа яасан ичдэггүй юм бэ. Барилга баригдаад 82 хувийн гүйцэтгэлтэй байхад нь орон сууц бүр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг зөвхөн өөр дээрээ гаргуулан авч түүнийгээ Төрийн банкны барьцаанд тавьж ...........0.000.000 төгрөгийн зээл авсан, зээлээ төлдөггүй гэдгийг Төрийн банкны төлөөлөгч хэлдэг, нотлох баримт байсаар байтал дээврээ засчихвал гэрчилгээг өгөх боломжтой гэж юугаа бичээд хэнийг хуураад байгааг ойлгохгүй байна. Хариуцагч ........... гэгч эмэгтэй шүүх хуралдаанд нэг ч удаа ирж байгаагүй, өөрийгөө төлөөлүүлэн Нансалмаа гэгч юү ч мэдэхгүй эмэгтэйг өөрийн өмнөөс илгээдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би ........... гэгч хэн болох нүүр нүүрээ харахыг хүсэвч нууц ноёнтон шиг үзэгдэхгүй. Давж заалдсан гомдол ямар ч үндэслэлгүй хариуцагч зөвхөн хугацаа хожиж байгаа. Нэхэмжлэгч ........... ганцаараа хохироогүй, нэлээд олон айл хүмүүс өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй хохирч байгаа. Төрийн банканд ...........ын барьцаалсан 17 орон сууцны гэрчилгээ байгаа, нийт 669.684.384.2 төгрөгийн үлдэгдэлтэй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр тайлбарласан. ........... энэ үлдэгдлийг хэзээ Төрийн банканд төлж барагдуулан 17 айлын өмчлөх гэрчилгээг  хэзээ  чөлөөлж өгөхийг   тэр    бүх   оршин    суугчдын   өмнөөс

...........аас асуумаар байна. 7 өрх айлын цаана маш олон настан буурлууд хүүхэд багачууд залуучууд хохирч байгааг ойлгоосой билээ. Хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

         Нэхэмжлэгч Х............ шүүхэд “Тус сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол Г гудамж ........... дугаар байрны ........... тоот 42.58 м.кв талбай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х............ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О............ “...Х............ орон сууцны үнийг ........... ХХК-д төлсөн, ажлаа гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн нэхэмжлэгчийн төлбөрийг төлөгдсөнд тооцож улсын бүртгэлд бүртгүүлж өгч болно...” гэх тайлбар, түүнтэй холбоотой баримт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “...........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд “...тус компаний ажил гүйцэтгэхтэй холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй, бид О............тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн...” гэх тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүдсүрэн “...Зээлийн барьцаанд 17 ширхэг орон сууцны гэрчилгээ байгаа, барьцаанд байгаа ........... тоот байрны төлбөрийг төлчихвөл гэрчилгээг чөлөөлж өгөх боломжтой...” гэх тайлбар тус тус гаргаж мэтгэлцжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

           Хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлын  үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй  байна.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч О............ нь 2017 оны 12 дугаар сард маргааны үйл баримт болж буй тус сумын 4 дүгээр баг, 11 хорооллын ........... дугаар байрны ........... тоот 2 өрөө 42.58 м2 талбай бүхий 82.2 хувийн гүйцэтгэлтэй 2 өрөө  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн, зохигчид байрны үнэ өртгийг 54.000.000 төгрөгөөр тооцсон, нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 34.000.000 төгрөг, 8 дугаар сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөг, 11 сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж байрны төлбөрийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогдсон байна.  

             Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц бариулах гэрээ” байгуулагдсан боловч хариуцагч ашиглалтанд орсон орон сууцнаас  42.58 м2 талбайтай 2 өрөө байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул зохигчдын хооронд худалдах худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.          

             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу хариуцагч тал уг 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүйгээс  нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

          Хариуцагчийн шүүхэд гаргасан “...Х............ орон сууцны үнийг ........... ХХК-д төлсөн, тус компанийн ажил дуусаагүй тул тус орон сууцыг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, ажлаа гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн нэхэмжлэгчийн төлбөрийг төлөгдсөнд тооцож улсын бүртгэлд бүртгүүлж өгч болно...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй  татгалзал нь  хэрэгт авагдсан Орон сууц бариулах гэрээний хавсралт баримт, нэхэмжлэгчийн гаргасан “...байрыг хүлээн аваад 3 жил амьдарч байна..” гэх тайлбараар няцаагдаж байх тул нэхэмжлэгчээс  48.000.000 төгрөг төлснийг хариуцагч өөрөө байрны төлбөрт тооцсон гэж үзэхээр байна.  

          Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........... ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний  ажлын гүйцэтгэл, чанар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банканд 12/18/-18 тоот зээлийн гэрээгээр Ү-........... дугаартай гэрчилгээг барьцаалсан нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд  хамааралгүй, хариуцагч өөрийн тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан эрх хэрэгжүүлээгүй байна. 

          Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан “...шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2021/01031 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Б.БАТТӨР.   

ШҮҮГЧ                                                                                               Б.ОЮУНЦЭЦЭГ