Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 07

 

М............гийн  нэхэмжлэлтэй,

 “...........” ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00942 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М............гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “...........” ТӨҮГ-т холбогдох,

“........... ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах”  тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч М............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие М............ нь тус үйлдвэрийн Барилга засварын цехэд 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019 оны 03 сар хүртэл ..........."-д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019 оны 03 сараас ..........." ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2019 оны 08 сарын 01-нээс "..........." ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ..........." ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч Ерөнхий инженер Т............ийн орон тооны хуваарь баталсны дагуу өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл жирэмсний амралттай буюу хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай гэсэн ..........." ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Уг тушаалаар миний өмнө ажиллаж байсан хүний нөөцийн мэргэжилтэн нь түр орон тоонд бус үндсэн ажилтнаар ажиллаж байсан ба тус үйлдвэрт 17 жил тасралтгүй өнөөг хүртэл ажилласаар ирсэн болно. Иймд "........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б\933 дугаартай тушаалыг М............ миний бие нь эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү. Би 2019 онд байгуулсан гэрээний дагуу ажилдаа томилогдоно гэж ойлгож ........... ХХК-г Барилга засварын цехэд шилжүүлэх үйл ажиллагааг хийсний хувьд хөдөлмөрийн гэрээний дагуу явна гэж ойлгож байсан. Бат-Итгэлтийг ирсний дараа ямар нэгэн албан тушаал, ажлын байрыг санал болгоогүй байна. Тэгэхээр захиргаа хүний нөөцийн бодлогын газар, болон ........... ТӨҮГ-т ороход чамд санал болгох ажил байхгүй гэдгээс шалтгаалж маргааны эх үүсвэр эхэлсэн. Иймд 2019 онд гарсан хөдөлмөрийн гэрээний дагуу тушаалаа гаргуулъя гэсэн хүсэлтийг гаргаад байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгч М............ 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа:

 Миний бие Н............ нь тус үйлдвэрийн БЗЦ-д 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019 оны 03 сар хүртэл ........... ХХК-д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019.03 сараас ........... ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2019 оны 08 сарын 01-нээс ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч Ерөнхий инженер Т............ийн орон тооны хуваарь баталсны дагуу ........... ТӨҮГ-ын БЗЦ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл ........... ТӨҮГ-ын бүтцийн нэгж болж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............өөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан ажилтны орон тооны хуваариар Барилга засварын цехийн дагуу ажил хуваарилагчаар хуваарилагдсан байсан ажилтан Л.Бат-Итгэлийг хуваарилагдсан ажилд нь томилохгүйгээр тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, харин батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг хүний нөөцийн мэргэжилтнээр томилохгүйгээр 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа Л.Бат-Итгэлийн оронд түр томилсон агуулгаар тушаал гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Бодит байдал ийм байгаа учир өмнөх нэхэмжлэлийн гаргасан шаардлагатайгаа уялдуулан эхлээд уг маргаан бүхий тушаал нь хууль бус болохыг тогтоож, үүний зэрэгцээ тус маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, хүчин төгөлдөр батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Талууд Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан гараагүй гэдэг тал дээр маргахгүй байгаа. Төрийн өмчийн хорооны тогтоолын дараа ........... ХХК-ийг ........... ТӨҮГ-ын Барилга угсралтын цехийн бүтэц болгосон үйл баримтын талаар хэн ч маргадаггүй. Хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч ажиллаж байсан тал дээр огт маргадаггүй. Бат-Итгэлийг ........... ХХК-д ямар ажил хийж байсан талаар зөрүүтэй тайлбарлаад байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт байсаар байтал нэрийг нь өөрчилж шүүх хуралдааны танхимд хэллээ гээд тэр өөрчлөгдөхгүй. Бат-Итгэл ........... ХХК-д хүний нөөцийн менежер хуульч гэж байсан. Энэ баримтыг хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргаж өгдөг. Бат-Итгэлийн ажлын байрыг жирэмсний болон амаржсаны хугацаанд нь хэвээр хадгалах ёстой гэж яриад байгаа. Энэ маргаан Бат-Итгэлийг ажлын байран дээр байх ёстой, байх ёсгүй, Бат-Итгэлийг хүний нөөцийн мэргэжилтэн ажилтнаар тогтоолгох, тушаал гаргахыг даалгах маргаан биш шүү дээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх шалтгаанаар тийм тайлбар хийж байна уу гэж харж байна. Хариуцагч нь татгалзлын үндэслэл дээр хэт их ач холбогдол өгөөгүй байна. ..........., Төмөртогоо нар нь ...........тэй хамаагүй гэж байна. Хариуцагчийн зүгээс Төмөртогоогийн боловсруулаад ...........ийн баталсан хуваарийг хаанаас гаргаж ирсэн юм, тэр хуваарь манайд байхгүй гэдэг тайлбар хэлээд байгаа юм. Тэр хуваарийг нэхэмжлэгч зохиогоод хулгай хийгээд хуурамч нотлох баримт үйлдэж шүүхэд гаргаж өгөөд байгаа юм биш. Үүний учрыг хариуцагч гайхаад зогсож байх биш тайлбарлаад хэлэх ёстой. Төмөртогоо гэрчийн мэдүүлгээр Барилга засварын цехийн 244 ажилчдыг хуваарилсан хуваарийг өөрийн биеэр боловсруулсан юм байна. Өөрөө шууд захирагдах ........... ТӨҮГ-ын 1 дүгээр орлогч ...........өд танилцуулсан юм байна. ........... нь болж байна гэж үзэж гарын үсгээ зурж тамгаа дараад тэр хуваарийн дагуу явсан юм байна. Түүнийгээ Төмөртогоо гэрч хангалттай тайлбарлаж хэлж байна. Энэ гэрчийн мэдүүлгээр энэ үйл баримт хангалттай тогтоогдож байна. Хариуцагч өөрөө баталсан хуваарийнхаа дагуу ажилчдаа хуваарилаад нэхэмжлэгчийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн дээр тушаалаа л гаргах ёстой байсан юм байна. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй нь хэний буруу юм. Хожим гарын үсэг зураагүйг ашиглаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ........... ТӨҮГ дотроо олон цех газартай ч нэг хуулийн этгээд учраас дотоод зохион байгуулалт нь энэ байгууллагын л асуудал. Байгууллагынхаа дотоод зохион байгуулалтын асуудлыг шүүхэд зөв мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй тайлбар хэлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нь тушаалыг хууль бус болохыг тогтоогоод уг тушаалыг хүчингүй болгоод хуваарийн дагуу хүний нөөцийн мэргэжилтний орсон тоонд томилсон тушаал гаргахыг даалгах гэж гаргасан байгаа. Гэрчийн мэдүүлгээр ойлгомжтой тодорхой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харахаар Бат-Итгэлийг ажил хуваарилагч гэдэг ажлын байранд тавьжээ. Энэ нь хуваарийн дагуу тэрээр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан юм байна. Ажлын байрны нэршил дээр Төмөртогоо гэж хүн албан бичиг явуулаад залруулга хийгдсэн юм байна. Үүний үр дүнд хуваарьт заасны дагуу авсан байгаа. Энэ үйл баримтыг эс зөвшөөрөөд хууль бус үндэслэлгүй юм гэж тайлбарлаад байна. Хариуцагчийн хуулийн хэлтсээс гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буцаж хааж шийдэгдсэн байна. Өнөөдөр тэр нотлох баримт нь ирсэн байхад хууль бус гээд тайлбарлаад байгаа хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй болж байна. Яагаад хууль бус гэж үзээд байгаа нь залруулга хийж байгаа жирэмсний болон амаржсаны хуудсанд өөрчлөлт оруулаад байгаа энэ маргааны нөхцөл байдлыг үүсгээд байгаа Төмөртогоо гэх хүнд хариуцлага тооцож, арга хэмжээ авдаггүй юм байна. Холбогдох албан бичгийг нь ч хүчингүй болгосон байгаа үйл баримт байгүй гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байна. Үүнийг хууль бус гээд амаараа тайлбарлаад байгаа асуудал нь үндэслэлгүй юм. Маргааны хамгийн гол үйл баримт нь маш тодорхой боллоо. Өмнөх шүүх хуралдаанд Төмөртогоо гэдэг хүнийг гэрчээр оролцуулаагүйгээс хэргийн үйл баримтууд ойлгомжгүй нөхцөл байдалтай байсан. Гэтэл өнөөдрийн хуралдаанд Төмөртогоо гэж хүн орж ирснээрээ бид нарын маргаад байгаа асуудал хэргийн гол үйл баримтыг үнэнээр нь хэллээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчийн мэдүүлэг нотлох баримт болно гээд хуульд заасан нотолгооны арга болоод үнэлэгдээд явдаг. Нэгэнт хуульд заасан нотолгооны арга хэрэгслээр нотлогдож байгаа зүйл учраас хэргийн гол үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэлт хийж байгаа юм. Төмөртогоогийн мэдүүлгээр бид нарын маргаад байгаа хуваарийг Төмөртогоо боловсруулаад ........... баталж гарын үсэг зурж, тамгаа дараад хавтаст хэргийн материалд өгсөн баримт байгаа. Энэ баримтын талаар үнэхээр үгүйсгэх гээд бүхэл аргаа хэрэглэж байгаа. Жишээ нь манайд тийм баримт байгүй гээд үзлэг хийлгэж байгаа юм. Тэр үзлэгийг Эдийн засгийн хэлтэст хийсэн тэнд байхгүй баримтыг үзлэг хийлгэхэд ямар үр дүн гарах нь ойлгомжтой. Өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар хийхдээ үзлэгийн тэмдэглэл үзлэгийн ажиллагааг нотлох баримт гэж тайлбарлах байх. Энэ нь нотолгооны хэрэгсэл мөн үү гэвэл мөн гэхдээ хэргийн үйл баримтыг тогтооход шийдвэрлэх хүчин зүйлд хамаарал бүхий ач холбогдолтой нотлох баримт болж чадахгүй. Яагаад вэ гэвэл нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу хариуцагч талаас гаргасан энэ хуваарь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан, нотлох баримт шинжлэн судлах хэсэгт нотлох баримтаар судлагдсан давхар гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ийм баримт. Би Төмөртогоогоос энэ баримт танай ажил дээр байгаа юу гэхэд байгаа гэж хариулж байна. Хэрвээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манайд байхгүй гэж маргах гэж байгаа бол манай эдийн засгийн хэлтэст байхгүй гэж маргах биш манай үйлдвэрт байхгүй гэж маргах ёстой. Энэ гэрчийн мэдүүлгээр өөрөө боловсруулаад ...........өөр хянуулаад батлуулаад энэ хуваарийн дагуу яваад бүх ажилчдыг томилоод энэ хуваарийг хүчингүйд тооцсон ямар нэгэн эрх зүйн акт байхгүй гэж маш тодорхой хэлсэн. Хариуцагч өөрийнхөө гаргасан үйлдлийг ингэж буруугаар тайлбарлах нь үндэслэлгүй. Өөрийн байгууллагад болж байгаа үйл явц, дэг журам, маргаж байгаа асуудлуудыг ойлгохгүй мэдэхгүй байна гэж огт байхгүй. Бадамсүрэн гэж захирал энэ хуваарийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хуваарийн дагуу ажилчид томилсон бол яг тэр хуваариа барих ёстой. Хуваарийн дагуу тушаалаа гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж хуваариа баталж байгаа. Хариуцагч өөр нэг хуваарь яриад байгаа тэр нь Эдийн засгийн хэлтэст байгаа Үүрийнтуяа гэж хүний баталсан хуваарь гэж байгаа. Үүрийнтуяа гэж хүний баталсан хуваарь ........... ХХК-ийн татан буулгаад Барилга засварын цехийн ажилчид болгоод бүх үйл явдал болоод дууссаны дараа Үүрийнтуяагийн хуваарь гэж юм гарч ирсэн. Тэр хуваарь дээр ерөнхий захирлын баталсан хуваарийг үндэслээд зөвхөн цалингийн жишгийг баталж тогтоосон хуваарь шүү дээ. Прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай материалууд ирсэн. Энэ материал дээр Нарантуяа гэж хүн мэдүүлэг өгөхдөө холбогдох албан тушаалтан саналаа гаргах эрхтэй гэж мэдүүлсэн байдаг. Нотлох баримтаар шинжлэн судлагдсан ...........ийн ажлын байрны тодорхойлолт гарж ирж байгаа юм. Энэ ажлын байрны тодорхойлолтын 11 дэх заалтад ажилчдын хаана ямар ажлын байран дээр ажлаас чөлөөлөх, ажилд томилох талаар санал гаргах эрх нь байсан. Ийм эрхтэй гэж гэрч мэдүүлсэн. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүрэг буюу татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хангалттай биелүүлж чадсангүй. Маргааны хамгийн гол үйл баримт болох Төмөртогоогийн боловсруулаад ...........ийн баталсан хуваарь, Төмөртогоогийн гэрчийн мэдүүлгийг шууд үгүйсгэх баримт хэрэгт авагдсангүй. ........... ТӨҮГ гээд ганцхан хариуцагч байгаа тэр газрын нэг хэлтэс нь өөрт олгогдсон ажлын байрны тодорхойлолтоор эрх хэмжээнийхээ хүрээнд ажилчдыг хуваарилах саналаа гаргаад 1 дүгээр орлогчоороо батлуулсан байна. Энэ үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэн маргахдаа ийм эрх хэмжээ ...........өд байхгүй гэж байгаа юм. Гэтэл 1 дүгээр орлогч Ерөнхий захирлын эзгүйд нь орлох эрхтэй гэж хэлж байгаа юм. ...........ийн баталсан хуваарийн дагуу явж байгаа гэдэг талаар нотолсон баримт байхгүй аман тайлбараар тайлбарлаад байгаа. Энхболд гэдэг гэрч мэдүүлэг өглөө энэ хүний мэдүүлэг өгч байгаа байдал хариуцагчийн талд ажиллаж хариуцагчийг хамгаалах шинжтэй байсан. Хамгийн чухал нь энэ хүний мэдүүлэг дээр тухайн хуваарийг хараагүй гэх боловч энэ хуваарийг мэдэж байсан байна. ...........тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн гэж хэлж байна. Батлагдах ёстой хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч өөрөө гарын үсэг зураагүйгээс батлагдаагүй. Хуваарийн дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрлөх эрхээ хангуулаад явах ёстой байж. Цаг хугацааны хувьд Бадамсүрэн гэдэг хүний гаргасан хариуцагчийн тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Энхболд, Төмөртогоо нарын яриад байгаа хөдөлмөрийн гэрээн дээр миний гарын үсэг мөн байна гэж хоёулаа хүлээн зөвшөөрч байна. Гэтэл тэр хөдөлмөрийн гэрээ хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Одоо Бат-Итгэлийг томилсон хариуцагчийн тушаал дээр хүний нөөцийн мэргэжилтэн гэж байгаа. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэж байгаа. Төмөртогоогийн боловсруулаад ...........ийн баталсан хуваарь дээр ........... дээр хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэж байгаа. Чимэгмаагийнх дээр хүний нөөцийн мэргэжилтэн гэж байгаа. Хариуцагчийн өөрсдийн яриад байгаа хоёр орон тоо байгаа нэг нь хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэсэн дээр нэхэмжлэгч хуваарилагдсан байжээ. Хариуцагч өөрсдийн дотооддоо болж байгаа асуудлыг энэ маргаанд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа. Хэн энэ асуудлыг цэгцлэх вэ гэхээр хариуцагч өөрөө л цэгцэлнэ. Энэ хуваарийг хараагүй, манайд байхгүй, хүчин төгөлдөр бус гэж ийм зүйл ярьж байгаа хариуцагчийн тайлбар өөрөө үндэслэлгүй. Бат-Итгэлийг энэ ажлын байранд ажиллуулах эсэх нь үндсэн маргааны асуудал биш шүү дээ. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хангалттай бүрэн дүүрэн тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлттэй холбогдуулаад хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэг л тушаалтай маргаж байгаа. Иймд нэхэмжлэгчийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэсэн ажлын байран дээр томилсон тушаалыг гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар ........... ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тушаал гарч ........... ХХК нь үйлдвэрийн нэг цех болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор ........... ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Бүтэц орон тоо баталсан дээрх тушаалын хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтцийг баталж, хавсралт 2.31-ээр тус цехийн орон тоог баталсан бөгөөд хавсралт 2.31-ээр баталсан цехийн орон тоонд хүний нөөцийн алба нь хүний нөөцийн мэргэжилтэн-2 гэсэн орон тоотой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн ........... ХХК-ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул ........... ХХК-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч М............ нь ........... ХХК-ийг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цех болгохоос өмнө ........... ХХК-д нарийн бичиг- бичээчээр ажиллаж байгаад ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллаж байсан. Харин ........... ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн алба нь Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа /........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.02.05-ны Б/32 дугаар тушаалаар/, Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Бат-Итгэл / ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар/ гэсэн 2 хүний нөөцийн мэргэжилтэнтэй ажиллаж байсан. ........... ХХК-д Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Бат-Итгэл нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан. ........... ХХК-ийг Барилга засварын цех болгосноос хойш Л.Бат-Итгэлийн ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тухай тушаал гараагүй байж байгаад Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/931 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч М............ нь ........... ХХК-д Захиргаа хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтэц орон тоог баталсан тушаалаар уг орон тоо цомхотгогдсон тул жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Л.Бат-Итгэлийн оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Л.Бат-итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж өөрийгөө үзэн Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан барилга засварын цехийн орон тооны хуваарийг үндэслэн Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагчаар томилсон талаар дурдсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор ........... ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Уг тушаалыг үндэслэн ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар ........... ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тушаал гарч ........... ХХК нь үйлдвэрийн нэг цех болсон. Ерөнхий захирлын цех, бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч ажил үүргийн хуваарийн дагуу цех, бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид, ажилтны орон тооны хуваарийг баталдаг. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн орон тооны хуваарийг үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч баталсан. Нэхэмжлэгч нь Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ямар орон тооны хуваарь батлуулсан талаар яриад байгаа нь ойлгомжгүй байна. Цех бүтцийн нэгжүүдийн орон тооны хуваарийг Ерөнхий захирлын бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, захирлууд баталсаар ирсэн. Хэрэгт ч Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор батлуулсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийг үйлдвэрийн газрын Эдийн засгийн хэлтсээс гаргуулан авч нотлох баримтаар өгсөн байгаа. Нөгөөтээгүүр орон тооны хуваарь дээр албан тушаалын нэр, уг албан тушаалд хэдэн орон тоо байгаа, зэрэг, зэрэглэл код, тарифт цалингийн ангилал, нэгдсэн тарифын сүлжээний шатлал, цалингийн шатлалын дээд, дунд, доод хязгаарыг хэдэн төгрөгөөр тогтоох, ажлын хуваарь, ажлын байрны байршил зэрэг тухайн ажлын байранд хэдэн хүнийг, хэдэн төгрөгийн цалингаар, цалингийн ямар шатлалаар бодож явах талаарх мэдээллийг харуулсан баримт бичиг юм. Энэ нь тухайн бүтцийн нэгжийн бүтэц орон тоонд үндэслэн тухайн цехэд тогтмол мөрдөгдөх баримт бичиг юм. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийг нь орон тооны хуваариар хүний нөөцийн мэргэжилтэн гэж бичсэн, Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч гэж бичиж баталсан гэж яриад байгаа нь огт үндэслэлгүй юм. Ямар ч цех, бүтцийн нэгжийн орон тооны хуваарьт дээрх мэдээллүүд л байдаг, хүний нэрээр баталсан орон тооны хуваарь байхгүй юм. Мөн нэхэмжлэгч нь Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч болсон гэдгийг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж үйлдвэрийн газраас нотлох баримт бүрдүүлээд байх шиг байна. Үүндээ Барилга засварын цехийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаал, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059, уг хуудсаар жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар олгосон цалингийн хуудас зэргийг гаргуулан авсан. Гэтэл дээрх баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт материал огт биш юм. Учир нь Л.Бат-Итгэл нь тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт 2019 оны 11 сарын 05-ны өдөр өргөдөл гаргаж, өргөдөлдөө ...Л.Бат-Итгэл миний бие 2018 оны 03 сарын 02-ны өдөр ........... ХХК-ийн 100 хувийн охин компани болох ........... ХХК-д хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, хуульч албан тушаалд томилогдсон. ........... ХХК нь үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болж одоогийн байдлаар хэрэгжилтийн шатанд явж байгаа боловч миний хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй болно. Мөн миний бие 2019 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт эдлэн, 2019 оны 09 сарын 26-ны өдрөөс амаржсан. Амаржсан даруйдаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас бичүүлж, цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан М............д өгүүлсэн. Гэтэл ажилтан М............ эмнэлгээс бичиж өгсөн хуудсыг дур мэдэн устгаж, өөрөө дахин очиж хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг ажил хуваарилагч болгон өөрчлөн бичүүлсэн. Энэхүү бичиг баримтыг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна гэсэн байдаг. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 113/527 тоот албан бичгээр уг гомдлыг судалж, дүгнэлт гаргуулахаар Хуулийн хэлтэст хандсан. Хуулийн хэлтсээс уг гомдлыг болон холбогдох баримт материалыг бүрдүүлэн судалж үзээд ...Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй байгаа хэдий ч ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилга засварын цехийн бүтэц орон тооны хуваарийг үндэслэн /Хавсралт 1.31, Хавсралт 2.31/ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу түүний эрхэлж буй ажил, албан тушаал хэвээр хадгалагдахаар заасны дагуу түүнийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн гэж үзэх үндэслэлтэй юм. Барилга засварын цехийн дарга нь Л.Бат-Итгэлийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг ажил хуваарилагч болгон өөрчилсөн нь гомдолд хавсарган ирүүлсэн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059-аар нотлогдож байна. Л.Бат-Итгэл нь Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №05900045-ыг амаржсаны дараа цехийн даргадаа ирүүлснийг Барилга засварын цехийн даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 40/228 тоот албан бичгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Ерөнхий эмч Б.Одноод хандан ...Л.Бат-Итгэл нь Захиргааны санаачилгаар ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хуваарилагчаар ажиллах тул Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудасны Хаана ямар ажил эрхэлдэг гэсэн хэсэгт албан тушаалын залруулга хийж өгнө үү...гэсэн утга бүхий алба бичгийг №05900045 дугаартай жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны хамт хүргүүлсэн байна. Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/375 дугаар тушаалын 1-т Албан хэрэг хөтлөлтийн заавар-ын 3.4.4.9 дэх заалтад "Гаднын байгууллагад Ерөнхий захирлын тушаалаар тэмдэг хэрэглэх эрх олгогдоогүй бүтцийн нэгжийн удирдлага өөрийн нэрийн өмнөөс албан бичиг явуулахыг хориглоно. Мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/810 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тэмдэг хэрэглэх бүтцийн нэгжийн жагсаалтад Барилга засварын цех ороогүй байна. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох заавар-ын З.10-т Эмнэлгийн хуудас авсан заавал даатгуулагч нь ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад, сайн дурын даатгуулагч нь харьяалах нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө., З.11-т ...ажил олгогчоос болон нийгмийн даатгалын байгууллагаас олговол зохих тэтгэмжийг тооцон олгоно. гэж заасныг зөрчин даатгуулагчийн өмнөөс эмнэлгийн хуудсыг дахин бичүүлэн авсан, Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг Ерөнхий захирлаас шилжүүлээгүй байхад ...Захиргааны санаачилгаар ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хуваарилагчаар ажиллах тул... гэж үзэн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг үндэслэлгүйгээр өөрчлөн бичүүлсэн зөрчил гаргасан байна... гэсэн утга бүхий Хуулийн хэлтсийн дүгнэлт хүргүүлэх тухай 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 117/1274 тоот албан бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүргүүлсэн. Мөн Барилга засварын цехийн даргын дээрх үйлдэл нь холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа холбогдох журмыг зөрчсөн үйлдэл байсан учраас Хуулийн хэлтсийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 117/1272 тоот албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт Л.Бат-Итгэлийн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчлөн бүрдүүлж эрх бүхий этгээдэд шилжүүлсэн байна гэж үзээд уг үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр хандсан. Мөн Л.Бат-Итгэл нь 2019 оны 12 сарын 04-ний өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд холбогдуулан Захиргаа-Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2018 оноос 2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд заасан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажилтанд сар бүр олгох 500,000 төгрөгийн тэтгэмж, ...........ийн ажилтанд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д заасан шинээр мэндэлсэн хүүхдэд нэг удаа олгох 200,000 төгрөгийн тусламжийг авах тушаал гаргуулах утга бүхий гомдол ирүүлсэн. Уг гомдлыг судалж үзээд Хуулийн хэлтсийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 117/1292 тоот албан бичгээр гомдлыг хангах үндэслэлтэй талаар дурдаж, Л.Бат-Итгэлийн гомдлыг шийдвэрлүүлж холбогдох тушаалуудыг гаргах талаар дурдаж өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн Л.Бат-Итгэл нь 2020 оны 05 сарын 22-ны өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд хандсан дахин гомдол ирүүлсэн. Уг гомдолдоо ажилтан нь амаржаад 8 сар болж байгаа хэдий ч одоог хүртэл хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүй, үйлдвэрийн газраас амаржсан эхчүүдэд олгодог тэтгэмж, хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүйн улмаас төрөөс олгох тэтгэмж зэргийг авч чадаагүй тул эдгээр тэтгэмжүүдийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар дурдсаныг Хуулийн хэлтсээс өргөдлийг хангах үндэслэлтэй талаар дүгнэлт бичиж Л.Бат-Итгэлтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхийг 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 117/786 тоот албан бичгээр Барилга засварын цехэд хүргүүлсэн. Энэ мэтчилэн ажилтан Л.Бат-Итгэл нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн удаа дараа өргөдөл, гомдол гаргасан байдаг. ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/57 тоот тушаалаар Л.Бат-Итгэлийг тус компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчийн ажилд томилсон. Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилга засварын цехийн бүтэц орон тооны хуваарийн /Хавсралт 1.31, Хавсралт 2.31/, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэсэн заалтуудыг тус тус үндэслэн ........... ХХК-ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул ........... ХХК-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Дээрхээс харахад Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд энэ эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдэлдэг, ажил олгогч буюу Ерөнхий захирал ажилтан Л.Бат-Итгэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг ажил хуваарилагч гэж шинэчлэн байгуулаагүй тохиолдолд цехийн даргын санаачилгаар түүнийг цаашид ажил хуваарилагчаар ажиллана гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийг хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж үзэх боломжгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор ........... ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Энэ бүтцийн дагуу ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дүгээр тушаалаар ........... ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаал гарч үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтыг баталсан. Уг тушаалын хавсралт 1.31-т барилга засварын цехийн зохион байгуулалт, 2.31-т барилга засварын цехийн орон тоог баталсан. Уг баталсан орон тоо нь хүний нөөцийн мэргэжилтэн хоёр байна гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан байдаг. Харин Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэх заалтуудыг тус тус үндэслээд ........... ХХК-ний статус нь үйлдвэрийн газрын барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул ........... ХХК-д ажиллаж байсан ажилчдын урьд эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр барилга засварын цехийн ажилтан гэх хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Нэхэмжлэгч М............ ........... ХХК нь ........... ТӨҮГ-ын Барилга засварын цех болохоос нь өмнө ........... ХХК-д нарийн бичиг, бичээчээр ажиллаж байгаад ........... ХХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар захиргаа хүний нөөцийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон шилжин ажилласан. Тухайн үед ........... ХХК-ний захиргаа хүний нөөцийн алба нь дарга ..........., ахлах хүний нөөцийн мэргэжилтэн хуульч Л.Бат-Итгэл, хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа гэх бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн хуульч Л.Бат-Итгэл нь ........... ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар, хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ........... ХХК-ний ахлах хүний нөөцийн мэргэжилтэн хуульч ажлыг хийж байсан Л.Бат-Итгэл нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жирэмсний амралтаа авч 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах тухай хуулийн дагуу авч мөн тэтгэмжээ авсан байдаг. ........... ХХК-ийг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цех болсноос хойш Л.Бат-Итгэлийг хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тухай тушаал гаргаагүй байж байгаад ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/931 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг шинэчилж барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон байдаг. Нэхэмжлэгч М............ нь ........... ХХК-ний захиргаа хүний нөөцийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч байж байгаад Эрдэнэ Үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтэц орон тоог баталсан тушаалаар уг орон тоо нь цомхотгогдсон тул жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан Л.Бат-Итгэлийн оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажлын байрны орон тоог хадгална гэж заасан байдаг тул ........... ТӨҮГ нь энэхүү хуульд заасан үүргийг биелүүлж Л.Бат-Итгэлийн ажлын байрыг хадгалж байгаа. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа ерөнхий захирлын нэгдүгээр орлогч ...........ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн орон тооны хуваарийг үндэслэн Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагчаар томилсон талаар дурдсан байдаг. ........... ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж зохион байгуулагдсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий захирлын үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилж, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээг багтаан цалинг тогтоох эрхтэй. ........... ТӨҮГ-ын дүрмийн 6.10 дугаар заалтад ерөнхий захирал нь ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллуулах гэрээ, контракт, хамтын гэрээг байгуулах, үр дүнг тооцох эрхтэй гэж тус тус заасан байдаг. Хууль болон дүрмийн хүрээнд заасан эрхийн хүрээнд ерөнхий захирал нь цех бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталж 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалыг гаргасан байгаа. Энэхүү тушаалыг үндэслээд ерөнхий захирлын санхүү эдийн засаг хариуцсан орлогч Үүрийнтуяа нь ажил үүргийн хуваарийн дагуу цех бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан мэргэжилтэн, албан хаагч, нарын орон тоог баталсан. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр барилга засварын цехийн ажилчдын орон тоог баталсан. Хэрэгт Үүрийнтуяа захирлын бүтэц орон тоо баталсан хуваарийг хавсаргасан байгаа. Энэхүү орон тоо баталсан хуваарь дээр албан тушаалын нэр, уг албан тушаалд хэдэн орон тоо байгаа зэрэг зэрэглэл, код, нэгдсэн тарифын сүлжээний шатлал, цалингийн шатлалын дээд, доод, дунд хязгаарыг хэдэн төгрөгт багтаах зэрэг баримт бичиг байна. Тухайн бүтцийн нэгжийн орон тоонд үндэслэн тухайн цехэд тогтмол мөрдөгдөх баримт бичиг гэж үйлдвэрийн хэмжээнд явдаг. Нэхэмжлэгч нь өөрийгөө орон тооны хуваариар хүний нөөцийн мэргэжилтэн, Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч гэж баталсан гэж ярьж байгаа зүйл нь огт үндэслэлгүй байна. Үйлдвэрийн газрын ямар ч цех бүтцийн нэгжийн орон тооны хуваарь нь эдгээр мэдээлэл байдаг болохоос ямар нэгэн хүний нэрээр баталсан үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа хуваарь байхгүй байгаа. Нэхэмжлэгч нь Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч болсон гэдгийг батлах зорилгоор Барилга засварын цехийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаал болон жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудас, уг хуудсаар олгогдсон тэтгэмжийн хэмжээ зэргийг хэрэгт хавсаргасан байсан. Эдгээр баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт биш юм. ........... ТӨҮГ-ын ерөнхий захирал нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 дугаар тушаалаар бүтцийн нэгжүүдийн удирдлагын захирамжлалын баримт бичиг гаргах зарим эрхийг шилжүүлсэн бөгөөд энэхүү тушаалаар шилжүүлсэн бүтцийн нэгжийн дарга нь жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаал гаргах эрх байдаггүй. А/501 дугаар тушаалын хавсралт №1 дэх хэсэгт гаргах тушаалуудыг нь нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Энэхүү жирэмсний болон амаржсаны амралт олгох тушаалыг үйлдвэрийн хэмжээнд гаргадаггүй бөгөөд энэ нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралт олгох болон хугацааны талаар зохицуулсан байдаг тул заавал тушаал гарч байж зохицуулагддаг харилцаа биш юм. Л.Бат-Итгэл нь тус үйлдвэрийн газрын захиргаа хүний нөөцийн бодлогын газарт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл гаргаж тус өргөдөлд Л.Бат-Итгэл миний бие 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ........... ХХК-ний 100 хувь охин компани болох ........... ХХК-д хүний нөөцийн ахлах мэргэжилтэн хуульч албан тушаалд томилогдож ажиллаж байсан. ........... ХХК нь үйлдвэрийн газрын бүтэц орон тоонд өөрчлөлт хийсэн боловч миний хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно. Мөн миний бие 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт эдлэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амаржсан. Амаржсан даруйдаа нийгмийн даатгалаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас авч цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан М............д өгөхөд ........... эмнэлгийн хуудсыг өөрөө дур мэдэн устгаж дахин өөрөө очиж хүний нөөцийн мэргэжилтнийг ажил хуваарилагч болгон бичсэн. Энэхүү баримт бичгийг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн гэж үзэж захиргаа хүний нөөцийн бодлогын газарт өргөдөл гаргасан байдаг. Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/4527 тоот албан бичгээр уг гомдлыг судалж дүгнэлт гаргуулахаар хуулийн хэлтэст хандаж хуулийн хэлтсээс уг гомдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шалгаж, Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй байгааг ........... ТӨҮГ-ын ерөнхий захирлын А/244 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан барилга засварын цехийн бүтэц орон тооны хуваарийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасны дагуу эрхэлж буй ажил албан тушаал нь хэвээр хадгалагдахаар заасны дагуу Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн гэж Л.Бат-Итгэлийг үзэх үндэслэлтэй. Барилга засварын цехийн дарга Бат-Итгэлийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг ажил хуваарилагч болгож өөрчилсөн нь хууль бус байна гэх хариу өгсөн. Барилга засварын цехийн даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 40/228 дугаар албан бичгийг БОЭТ-ийн ерөнхий эмч Одноод хандан Бат-Итгэл нь захиргааны санаачилгаар ........... ТӨҮГ-ын барилга засварын цехийн бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийн хэсгийн ажил хуваарилагчаар ажиллах тул жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсанд албан тушаалын залруулга хийж өгнө үү гэх утгатай албан бичиг явуулж 0590049 дугаартай жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны хамт хүргүүлсэн байдаг. ........... ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/375 дугаар тушаалын 1 дэх хэсэгт Албан хэрэг хөтлөлтийн зааврын 3.4.4.9 дэх заалтад ерөнхий захирлын тушаалаар тэмдэг хэрэглэх эрх олгогдоогүй бүтцийн нэгжийн удирдлага өөрийн нэрийн өмнөөс гадны байгууллага руу албан бичиг явуулахыг хориглоно. Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/810 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тамга тэмдэг хэрэглэх бүтцийн нэгжийн жагсаалтад барилга засварын цех ороогүй байдаг. Барилга засварын цехийн дарга Төмөртогоо нь ерөнхий захирлаас эрх олгогдоогүй байхад өөрөө дур мэдэн БОЭТ-рүү Бат-Итгэлийн ажил албан тушаалд залруулга хийлгэхээр хууль бус албан бичиг явуулсан байсан. Мөн Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 38/66 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан эмнэлгийн хуудас олгох зааврын 1.10 дахь хэсэгт эмнэлгийн хуудас авсан даатгуулагч нь ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагаар, сайн дураараа даатгуулагч нь харьяалах нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө, 3.11 дэх хэсэгт ажил олгогчоос олгосон нийгмийн даатгалын байгууллагаас олговол зохих тэтгэмжийг тооцон олгоно гэж заасныг зөрчиж даатгуулагчийн өмнөөс эмнэлгийн хуудсыг дахин бичүүлж авсан байдаг. Мөн барилга засварын цехийн дарга Төмөртогоогийн энэ үйлдэл нь үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа холбогдох журмыг зөрчсөн үйлдэл байсан тул хуулийн хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 117/1272 тоот албан бичгээр Орхон аймгийн Цагдаагийн газраас уг үйлдлийг шалгуулахаар хандсан байдаг. Энэ хэргийн материал нь хавтаст хэрэгт хавсаргаж ирсэн байсан. Мөн дээрх тайлбараас харахад ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 дүгээр тушаалаар бүтцийн нэгжид ажилд авах томилох, шийдвэр гаргах эрх олгоогүй зөвхөн үйлдвэрийн ерөнхий захирал үйлдвэрийн газрын хэмжээнд дангаараа энэхүү эрхийг эдэлдэг байгаа. Үйлдвэрийн хэмжээнд ажил олгогч гэж зөвхөн ерөнхий захирал хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтай байгуулдаг. Гэтэл ерөнхий захирал нь ажилтан Л.Бат-Итгэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг ажил хуваарилагч гэж шинэчлэн байгуулахаас биш тохиолдол цехийн даргын санаачилгаар түүнийг цаашид ажил хуваарилагчаар ажиллуулна гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00942 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М............гийн хариуцагч ........... ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М............гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нар давж заалдсан гомдолдоо:

М. ...........гийн нэхэмжлэлтэй “...........” ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00942 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх нь “........... ХХК нь “...........” ТӨҮГ-ын Барилга засварын цех болсноор “...........” ТӨҮГ-ын Ерөнхий захирал 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/932 дугаар тушаалаар Л.Бат-Итгэлт, Э.Чимэгмаа нарыг “...........” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ” гэсэн хэргийн үйл баримтын үүссэн дараалал буюу явц, тэдгээрийн цаг хугацааны талаар логикгүй, өөрөөр хэлбэл тайлбарлаж байгаа үйл баримтын өмнөх хэргийн гол үйл баримтуудын талаар огт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн тайлбарлаж байгаа үйл баримтыг тасдаж түүндээ нийцсэн дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ тайлбарлаж буй нөхцөл байдлаас өмнө шууд холбоотой бий болсон хэргийн тодорхой бодит үйл баримтуудын талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулж, түүндээ хөтлөгдсөн үндэслэлгүй тайлбар хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй байна. Тухайлбал, Шүүхийн ийнхүү тайлбарлаж байгаагаас шууд өмнө нь ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилтны орон тооны хуваарь батлагдаж, уг хуваарьт нэхэмжлэгч М............г ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн “Хүний нөөцийн албанд “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ээр ажиллуулахаар хуваарилсан, үүнийхээ дагуу нэхэмжлэгч М............тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ хугацаагүй хөдөлмөрийн гэрээний дагуу тус цехийн “Хүний нөөцийн мэргэжилтэн II” ажлын байранд бүтэн 1 жилийн хугацаанд ажиллуулсан, уг гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө олгох ёстой цалин, хөлсийг хариуцагчаас олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлж ирсэн бодит үйл баримтуудын талаар дүгнэлт хийхээс зайлсхийсэн байна. Нэхэмжлэгч маш чухал бөгөөд энэхүү хэргийн гол үйл баримтуудын талаар тайлбарлан мэтгэлцэж, нэхэмжлэлийн үндэслэлүүдийнхээ нэг хэсгийг болгож, энэ талаарх нотлох баримтуудаа гаргаж өгсөөр байхад шүүх дүгнэлт хийхгүй зайлсхийсэн эс үйлдэхүй гаргасанд үнэхээр гомдолтой байна. Талуудын мэтгэлцэж, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийнхээ үндэслэлийн нэг хэсгийг болгож байгаа үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй орхигдуулна гэдэг нь мэргэжлийн алдаа гэхээсээ илүүтэй шүүгч хэрэгт хэт нэг талыг барьсан байр сууринаас хандсаны илэрхийлэл юм. Хариуцагчаас өөрөө нэхэмжлэгчтэй байгуулсан тус хөдөлмөрийн гэрээнд хариуцагч талын гэрээг боловсруулсан болон хянасан зохих албан тушаалтнууд бүгд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч М............ гарын үсэг зурсан байдалтайгаар бодит амьдрал дээр хэрэгжиж хөдөлмөрийн харилцаа явагдаж ирсэн бөгөөд харин бүтэн 1 жилийн хугацаанд зөвхөн хариуцагч талын Ерөнхий захирал гэх Х.Бадамсүрэнгийн гарын үсэг зурагдахгүй ажилтны сэтгэлзүйгээр тоглосоор ирсэн байдаг, Шүүх дээрх хэргийн бодит үйл баримтыг бүхэлд нь дүгнэлт хийхгүй орхигдуулж, үүнээс өмнөх болон хойших үйл баримтыг тайлбарлаж, түүндээ нийцсэн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн дүгнэлт хийхгүй орхигдуулсан дээрх хэргийн бодит үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тодорхой үндэслэлээ болгосон үйл баримтууд бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий үйл баримтууд юм. Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан ........... ТӨҮГ-ын  Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд “Хүний нөөцийн мэргэжилтэн II’-оор ажиллуулахаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, уг гэрээний дагуу сар бүр авсан цалингийн хуулга, гэрчээр оролцсон тус цехийн дарга Төмөртогоогийн гэрчийн мэдүүлэг, хариуцагч талыг төлөөлж хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан Энхболдын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог болно. Шуух дээрх хэргийн бодит уйл баримтуудын талаар шударгаар, үнэн зөвөөр дүгнэлт хийх төдийгүй эдгээр нотлох баримтуудыг шударгаар үнэлэх асуудлыг мөн орхигдуулсан. Энэ нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт “Хэргийн материалд байхгүй” болно.Шүүх “ ........... ХХК татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын хувьд ........... ТӨҮГ-ын Барилга засварын цех болсноор М............гийн өмнө нь ажиллаж байсан ........... ХХК-ийн Захиргаа хуний нөөцийн албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан учир дээрх ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар М............г жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн оронд түр ажиллуулахаар шийдвэрлэсэн баримтууд тогтоогдож байна " гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өмнө нь тайлбарласантай нэгэн адилаар шүүх нь ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилтны орон тооны хуваарь батлагдаж, уг хуваарьт нэхэмжлэгч М............г ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд “Хүний нөөцийн мэргэжилтэн II”-оор ажиллуулахаар хуваарилсан, үүнийхээ дагуу нэхэмжлэгч М............тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан, энэ хугацаагүй хөдөлмөрийн гэрээний дагуу тус цехийн “Хүний нөөцийн мэргэжилтэн II” ажлын байранд бүтэн 1 жилийн хугацаанд ажиллуулсан, уг гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний  төлөө олгох ёстой цалин, хөлсийг хариуцагчаас олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлж ирсэн бодит үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр эдгээр үйл баримтуудыг бүгдийг алгасаад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг тайлбарладаг. Уг тушаал нь “2020 оны 06 сарын 03-ны өдөр гарсан” байдаг. Гэтэл үүнээс өмнө бүтэн 1 жилийн хугацаанд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж нэхэмжлэгчийг ажиллуулсан ба уг гэрээнд хариуцагч талын ерөнхий захирал өөрөө гарын үсэг зураагүй ажиллуулж  ирсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Энэ нь үнэхээр шударга бус юм. Мөн тус хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгчийг ажиллуулах тушаалаа гаргахгүй 1 жил гаран болсон буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүргэсэнд хариуцагч тал буруутай. Ийнхүү тушаалаа гаргахгүй 1 жил гаран ажиллуулж байгаад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар Л.Бат-Итгэлийн оронд түр ажиллуулахаар тушаал гаргасан нь өөрөө хууль бус юм. Хэнийг ямар байдлаар ажиллуулахаа дур зоргоороо шийддэг, Хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй, ажилтны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг уландаа гишгэсэн хариуцагчийн хууль бус үйлдлийг үндэслэлгүйгээр зөвтгөсөнд үнэхээр гомдолтой байна. Шүүгч нь хэрэгт субьектив байдлаар хандаж “Захиргаа хүний нөөцийн албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан учир Л.Бат-Итгэлийн оронд түр ажиллуулахаар тушаал гаргасан гэх үндэслэлгүй тайлбар хийсэн байна. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бол Л.Бат-Итгэлтийн ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 сарын 13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчаар ажиллаж байсан орон тоо ч бас хасагдсан юм. Хариуцагч тал Л.Бат-Итгэлтийн өмнөх энэ ажлын байрны нэрийг зориудаар байнга “Хүний нөөцийн мэргэжилтэн” гэж бичиж, тайлбарлан шүүхийг төөрөгдүүлж ирсэн ба энэ 2 ажлын байр нь ижил ажлын байр болохыг нотолсон баримтаа гаргаж өгөөгүй юм. Үүнээс шүүхийн тайлбар үндэслэлгүй болох нь тодорхой болох бөгөөд хариуцагч хуулиар хүлээсэн өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүйн бүрэн илэрхийлэл юм. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ гэрчүүд мэдүүлсэн гэх үндэслэлгүй тайлбар хийсэн ба тэдгээр гэрчүүд гэх нь “Ер нь адилхан” гэх өөрийн үзэмжээрээ хэлсэн утгагүй зүйлийг нотлогдон тогтоогдож байгаа мэтээр дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүйг тодорхой харуулж байна. ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехэд “Ахлах хүний нөөцийн менежер, хуульч” гэх орон тоо огт байхгүй болсон нь хэнд ч ойлгомжтой тодорхой байхад шүүх нотлогдохгүй асуудлыг нотлогдон тогтоогдож байгаа мэтээр гуйвуулан тайлбарлаж байгаа нь өөрөө ноцтой нөхцөл байдлыг бий болгож байна. Хариуцагчийн Барилга засварын цехэд “Ахлах хүний нөөцийн менежер, хуульч” гэх ажлын байр байхгүй байгаа нь хариуцагчийн өөрсдийн баталсан ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн болон санхүү эрхэлсэн захирал н.Үүрийнтуяа, ерөнхий захирлын нэгдүгээр орлогч ...........ийн зэрэг тэдний баталсан бүх бүтэц, орон тооны хуваариудад ийм ажлын байр байргүй юм. Эдгээр баримтууд бүгд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнийг шүүгч олж хараагүй, үнэн зөвөөр тайлбарлахгүй, энэ талаарх үйл баримтыг бодит бусаар гуйвуулан тайлбарласан байна. Энэ үүднээсээ шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил олгогч нь Л.Бат- Итгэлтийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй” гэх тайлбар нь үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байна. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо нь хасагдсан ажилтан болох Л.Бат-Итгэлтийн талаар ийнхүү үндэслэлгүй тайлбар хийж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Түүнчлэн энэ маргаан нь Л.Бат-Итгэлтийн хөдөлмөрийн маргаан БИШ тул хариуцагч нь Л.Бат-Итгэлт гэх ажилтантай хэрхэн зөвшилцөх, түүнийг ямар ажлын байранд томилох зэрэг нь энэ иргэний хэргээс тусдаа ажил олгогчийн буюу хариуцагч талын асуудал тул шүүх хэргийн үйл баримтад субьектив байдлаар хандах ёсгүй. Шүүгч ажил олгогчийн өөрөөс нь хамаарах хэрэгт хамааралгүй асуудалд ийнхүү санаа тавих шаардлагагүй юм. Нэхэмжлэгч нь ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилтны орон тооны хуваарийг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагч тал Ерөнхий захирлын цех, бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн үйлдвэрийн газрын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч ажил үүргийн хуваарийн дагуу цех, бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид, ажилтны орон тооны хуваарийг баталдаг Т............ захирал орон тооны хуваарийг баталдаг хүн биш гэж маргасан. Энэ маргааны талаар шүүх үндсэндээ дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилтны орон тооны хуваарь нь “Ямар учиртай болох”, “Яагаад батлах болсон” “Бодит байдал дээр хариуцагч нь өөрөө энэ хуваарийн дагуу ажилчдыг томилсон бол хариуцагчаас үүнийгээ хэрхэн үгүйсгэж, нотолж байгаа, “Хэрэв хариуцагчаас энэ хуваарийг хүчингүй гэж үзэж байгаа бол түүнийг нотлох баримт нь хэрэгт авагдсан ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа”, “Уг хуваарийг боловсруулан батлуулсан гэх гэрч Төмөртогоо нь тус хуваарийн дагуу бүх ажилчдыг томилсон гэж мэдүүлж байгааг хариуцагч ямар баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа” зэрэг хэрэгт маш чухал ач холбогдол бүхий үйл баримтуудын талаар дүгнэлт хийгээгүй. Энэ хуваарьт нэхэмжлэгчийг Барилга засварын цехийн “Хүний нөөцийн мэргэжилтэн II'” гэсэн ажлын байранд хуваарилсан байдаг болно. ........... ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь нэхэмжлэгчийг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах үндэслэл болж ажил олгогч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч уг ажлын байран дээр хуваарилсан, хөдөлмөрийн гэрээ байгуулан 1 жил гаран хугацаанд ажиллуулсан байхад шүүх үүнийг хүчингүй, батлах ёсгүй этгээд баталсан мэтээр тайлбарлаж энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Яг үнэндээ хариуцагч тал дотооддоо батлах ёстой, ёсгүй гэх утгагүй, замбараагүй зүйлийг ярьж байгаа нь хариуцагч талын өөрийнх нь үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй тайлбараас хэтрэхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тодорхой дүгнэгдэж байгаа болно. Гэрч Төмөртогоо уг хуваарийг хариуцагч тал баталсан, ийнхүү баталсан төдийгүй яг энэ хуваарийн дагуу ажилчдыг томилсон тушаалыг гаргаж, хөдөлмөрийн гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан, энэ хуваарь бодит амьдрал дээр хэрэгжсэн, одоо ч хүчин төгөлдөр байгаа, хариуцагчаас ямар нэгэн байдлаар уг хуваарийг хүчингүй болгосон зүйл байхгүй гэж “Тодорхой мэдүүлсэн” байхад шүүх энэ бодит байдлын талаар дүгнэлт хийгээгүй байгаад үнэхээр их гайхаж байна. Шүүгч энэ гэрчийн мэдүүлгийн талаар нэг ч өгүүлбэр тавиагүй байх бөгөөд хэрэгт энэ гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нэг ч баримт байхгүй юм. Яагаад шүүгч энэ чухал үйл баримтыг нотолсон гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй орхигдуулав гэсэн анхаарал татсан асуудал ч давхар хөндөгдөж байна. Шүүх хэрэгт авагдсан аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тогтоогдож байгаа хэргийн үйл баримтад үнэн зөвөөр нийцүүлэн дүгнэлт өгөх, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт өгөх, нотлох баримтын эх сурвалжийг нягтлах замаар эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд, түүгээр тогтоогдож байгаа жинхэнэ үйл баримтын талаар үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй, Гэрч бол худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурж, мэдүүлэг өгсөн. Энэ үүднээсээ хэргийн хамгийн гол үйл баримтын талаар тодорхой мэдүүлэг өгсөн өөрөө уг хуваарийг боловсруулан батлуулж, түүний дагуу ажилчдаа томилсон тушаалыг гаргуулж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан тус цехийн даргын гэрчийн мэдүүлгээр бодит үнэн тодорхой болсон байхад түүний мэдүүлгээр тогтоогдож байгаа үйл баримтаас эсрэг тогтоогдохгүй тайлбар дүгнэлт хийсэнд үнэхээр их гомдолтой байна. Хариуцагч тал өөрөө өөрийнхөө баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилтны орон тооны хуваарийг хүчингүй болгосон баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, хариуцагч тал нь Т............ийн баталсан хуваарийг үгүйсгэж байх боловч үгүйсгэн няцаасан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн хариуцагч н.Үүрийнтуяа батлах ёстой гэж түүний баталсан хуваарийг гаргаж өгсөн боловч энэ нь Т............ийн баталсан хуваарьтай адилхан ба харин аль ажлын байран дээр хэн гэх ажилтныг хуваарилсан талаарх мэдээлэл огт байдаггүй. Мөн цаг хугацааны хувьд Үүрийнтуяагийн баталсан гэх хуваарь нь бүх ажилчдыг томилж, гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 09 сарын 06-ны өдөр гаргасан байдаг. Шүүх нь энэхүү цаг хугацааны хувьд хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй болох нь тодорхой тогтоогдож байгаа нөхцөл байдлын талаарх зааг ялгааг гаргаж үнэн зөв дүгнэлтийг хийж чадаагүй. Тухайн цехийн хувьд хэнийг ямар ажлын байран дээр хуваарилах нь тус цехийн асуудал юм гэдгийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах ажиллагааны явцад ........... ТӨҮГ-ын дарга Х.Болдбаатар, Д.Нарантуяа зэрэг гэрч нараас гэрчийн мэдүүлгээрээ тодорхой мэдүүлсэн буюу цехийн дарга Төмөртогоогоос саналаа гаргах эрхтэй талаар мэдүүлсэн. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, мөн цехийн дарга М.Төмөртогоогийн ажлын байрны тодорхойлолтод энэ талаар санал гаргаж танилцуулах, боловсруулж батлуулахаар тусгагдсан ба энэ нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. 2 удаагийн шүүхийн асуулт хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т............ийн баталсан хуваарийг хүчингүй болгосон зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн” зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тогтоогдож, хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй болох нь тогтоогдон үгүйсгэгдэж байхад энэ бодит байдлын эсрэг агуулгатай дүгнэлт, тайлбар хийж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх “Л.Бат-Итгэлтийг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар тус газрын Ерөнхий захирлын тушаач гарч, ажил олгогч         түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тэрээр болон          амаржсаны амралттай байгаа болох нь тогтоогдож байна" гэж үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй тайлбар хийсэн. Шүүхийн энэ тайлбар нь яагаад үндэслэлгүй вэ гэхээр Л Бат-Итгэлтийг хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар гаргасан тушаал бүр хойно буюу 2020 оны 06 сарын 03-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, энэ тушаал гарахаас өмнө Л.Бат-Итгэлтийг ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилтны орон тооны хуваарьт заасны дагуу барилга засварын цехэд “Ажил хуваарилагч”-аар хуваарилсан байсан бөгөөд тус ажлын байран дээр түүний жирэмсний болон амаржсаны амралтын тушаал гарч, өнөөдрийг хүртэл энэ хэвээрээ байдаг болно. Сүүлд нэхэмжлэгчийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилохгүйн тулд Л.Бат-Итгэлтийн тушаалыг 2020 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан байдаг. Харин энэ хугацаанд нэхэмжлэгч нь Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр хуваарьт тусгагдаж, түүний дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж ажилласаар ирсэн байдаг. 1 жил орчим ийнхүү нэхэмжлэгчийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн II орон тоон дээр гэрээ байгуулж ажиллуулчхаад 1 жил орчмын дараа гэнэт Л.Бат-Итгэлтийн оронд түр гэх тушаал гаргасан нь өөрөө ажилтны хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн хууль бус юм. Харин Л.Бат-Итгэлтийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн II орон тоон дээр томилоогүй. Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн орон тоон дээр томилсон болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүгчийн өөрийнх нь онцлоод байгаа хариуцагчаас Л.Бат-Итгэлтийг томилсон тушаалаас тодорхой харагддаг болно. Хариуцагчийн өөрийнх нь баталснаар “Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн, Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн II” орон тоо нь 2 тусдаа ажлын байр юм. Эдгээр 2 орон тоог хариуцагч нь өөрөө 2 тусдаа ажлын байр гэдгийг ялган зааглах үүднээс ийнхүү хуваарьтаа зааглан тодорхойлсон байдаг. Эдгээр нотлох баримтуудаар шүүгчийн “Л.Бат-Итгэлтийн жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хугацаанд нэхэмжлэгчийг түр хугацаагаар уг ажлын байранд томилсон нь үндэслэлтэй” гэх тайлбар бодит байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэхгүй болох нь тодорхой болж байна. Шүүгч нь хэргийг хэлэлцүүлж дуусаад шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон ба гарч ирээд шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа: “........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн. албан хаагчдын орон тооны хуваарь, ажилтны орон тооны хуваарь нь хүчингүй гэж үзсэн” гэж тайлбарласан. Гэтэл бичгээр гаргасан шүүхийн шийдвэртээ энэ талаараа огт бичээгүй, дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт авагдсан ямар ч баримтаар энэ хуваарийг “Хүчингүй” болохыг тогтоосон баримт байхгүй юм. Мөн Шүүх нь М............ нь анхнаасаа хүний нөөцийн албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй атлаа ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилтны орон тооны хуваарийн дагуу хүний нөөцийн мэргэжилтний албан үндсэн ажилтнаар ажиллах ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл энэ хуваарь нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэн нотолж чадаагүй, үгүйсгэн нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Мөн бодит амьдрал дээр энэ хуваарийн дагуу бүх ажилчдыг томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Энэ талаар хариуцагч талын Барилга засварын цехийн дарга бөгөөд уг хуваарийг боловсруулж батлуулсан Төмөртогоо гэрчээр оролцож, хариуцагч нь энэ хуваарийн дагуу цехийн бүх ажилчдыг томилсон. өөрөө энэ хуваарийг боловсруулсан, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ тус хуваарийг баталсан, үүнээс өөр ажилчдын ажлын байран дээр зоож хуваарилсан хуваарь байхгүй гэдгийг бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр тодорхой гэрчлэн мэдүүлэг өгсөн. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүх хурлын тэмдэглэлээс энэ гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж өгөхийг хүсье. Энэ хуваарийг нэхэмжлэгч батлаагүй, хариуцагч өөрөө баталчхаад, уг хуваарийг ямар нэгэн байдлаар хүчингүй болгоогүй, бодит байдал дээр цехийн ажилчдыг энэ хуваарийн дагуу томилсон болох нь хангалттай тогтоогдож байхад энэ хуваарийн дагуу томилогдох ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй гэх утгагүй тайлбар хийсэн нь харин ч өөрөө үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг анхнаасаа хүний нөөцийн мэргэжилтний ажил албан тушаалд ажиллаж байгаагүй гэх шүүхийн тайлбар нь Л.Бат-Итгэлтийг хүний нөөцийн мэргэжилтний ажил албан тушаалд ажиллаж байсан мэтээр буруу тайлбарласантай холбоотой, нөгөө талдаа хариуцагч нь Л.Бат-Итгэлтийн өмнө нь ........... ХХК-д ахлах хүний нөөцийн менежер, хуульчаар ажиллаж байсныг зориуд шүүхэд буруугаар ойлгуулж хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн нэрээр тайлбарласантай холбоотой. Хариуцагч нь энэ талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй. Түүнчлэн хариуцагчийн Барилга засварын цехэд “Ахлах хуний нөөцийн менежер, хуульч” гэсэн ажил албан тушаал огт байхгүй. Үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй болно. Тиймээс шүүхийн дээрх тайлбар, дүгнэлтүүд үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчаас баталсан хуваарьт “Ахлах хүний нөөцийн менежер, хуульч” гэсэн орон тоо байгаа эсэх талаар шинжлэн судалж өгөхийг хүсье. Хариуцагч талын ерөнхий захирлын 2019 оны 04 сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалаар "........... ТӨҮГ-ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон гоо -г баталж, үүндээ Барилга засварын цехийн хүний нөөцийн алба 4 орон тоотой, хүний нөөцийн мэргэжилтэн-2 гэж заасан бөгөөд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилтны орон тооны хуваарьт нэхэмжлэгчийн “Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн II” гэсэн хуваарь тусгаж, мөн хариуцагч талын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарьт “Хүний нөөцийн мэргэжилтэн, Хүний нөөцийн мэргэжилтэн II” гэсэн 2 орон тоо тусгагдсан байдаг. Эдгээр тушаал болон хуваариудын дагуу “Хүний нөөцийн мэргэжилтэн, Хүний нөөцийн мэргэжилтэн II”  гэсэн ажлын байранд тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Э.Чимэгмаа болон Л.Бат-Итгэлт 2-ыг “Хүний нөөцийн мэргэжилтэн” гэсэн албан тушаалд давхардуулан томилж тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Харин хариуцагч нь өөрийн баталсан дээрх хуваариудын “Хүний нөөцийн мэргэжилтэн II” гэсэн 2 орон тоо тусгагдсан байдаг. Эдгээр хуваариуд, тушаал, хөдөлмөрийн гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар бүгд авагдсан ба хариуцагч эдгээрийг үгүйсгэн няцааж чадаагүй. Шүүх энэ талаар нэг ч өгүүлбэрээр дүгнэлт хийгээгүй байна. Шүүх хуулиар хүлээсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн эс үйлдэхүй гаргасанд үнэхээр гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00942 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 88 дугаар тогтоолоор ‘‘..........." ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталж, Ерөнхий захирлын 2019 оны 04 сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалаар үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тушаалын хавсралт 1.31-д Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, 2.31-т орон тоог баталсан. Уг орон тоонд хүний нөөцийн мэргэжилтэн 2 байна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтад албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно 40.4 дэх заалтад "Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн үндэслэл гэсэн заалтуудыг тус тус үндэслэн "..........." ХХК-ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул "...........” ХХК-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр “..........." 'ГӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч ........... нь “...........’’ ХХК-г “...........” ТӨҮГ-ын Барилга засварын цех болохоос өмнө “..........." ХХК-д нарийн бичиг бичээчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжин хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тухайн үед “...........’‘ ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтэс нь дарга М............, ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Бат-Итгэл, хүний нөөцийн мэргэжилтэн Чимэгмаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. “..........." ХХК-д ахлах хүний нөөцийн мэргэжилтэн хуульчаар ажиллаж байсан Л.Бат-Итгэл нь 2019 оны 07 сарын 26-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019 оны 11 сарын 26-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөгөө нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн дагуу мөн тэтгэмжээ бас авсан.Нэхэмжлэгч М............ нь “..........." ХХК-ийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч байж байгаад “..........." ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтэц орон тоог баталсан тушаалаар уг орон тоо цомхотгогдсон тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтад “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу үүргээ биелүүлж жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Бат-Итгэлийн оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар тушаал гарсан. Нэхэмжлэлийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нь давж заалдах гомдолдоо ....нэхэмжлэгч нь “...........” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь нэхэмжлэгчийг “...........” ТӨҮГ-ийн Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах үндэслэл болох бөгөөд ажил олгогч өөрөө түүнийг хүлээн зөвшөөрч уг ажлын байран дээр хуваарилсан гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааны гол үндэслэлдээ дурдаад буй “..........." ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т............ийн 2019 оны 08 сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн орон тооны хуваарь нь үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдөгддөг хүчин төгөлдөр баримт бичиг биш бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “ерөнхий захирал нь үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох", “..........." ТӨҮГ-ын дүрмийн 6.10-т “Ерөнхий захирал нь ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, нэмэлт гэрээ, хамтын гэрээ байгуулах үр дүнг тооцох эрхтэй" гэж тус тус зааж үйлдвэрийн газрын хэмжээнд зөвхөн Ерөнхий захиралд дээрх эрхүүдийг хууль болон дүрмээр олгосон байдаг. Ийм учраас ерөнхий инженер Т............ийн баталсан хуваарийг үндэслэн ажил олгогч М............г хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахыг зөвшөөрсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч болсон гэдгийг нотлох зорилгоор Барилга засварын цехийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаал, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059, уг хуудсаар жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар олгосон цалингийн хуудас зэргийг гаргуулан авсан. Гэтэл дээрх баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт материал огт биш юм.Үйлдвэрийн газрын ерөнхий захирал нь 2019 оны 06 сарын 03-ны өдрийн А/501 дугаар тушаалаар бүтцийн нэгжийн удирдлагуудад захирамжлалын баримт бичиг гаргах зарим эрхээ шилжүүлсэн бөгөөд энэхүү тушаалаар шилжүүлсэн эрхэд бүтцийн нэгжийн дарга нь жирэмсний болон амаржсаны амралт олгох тушаал гаргах эрх байдаггүй бөгөөд үйлдвэрийн газрын хэмжээнд ийм агуулга бүхий тушаал гардаггүй нийгмийн даатгалын байгууллагаас олгогдож буй жирэмсний болон амаржсаны амралтын хуудсанд үндэслэн цагийн бүртгэл хийгдэж, тэтгэмж бодогддог. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр. тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 2-т энэхүү хугацааны талаар заасан бөгөөд энэ нь заавал тушаал гаргаж зохицуулах харилцаа биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь заалтад ''Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдаж буй ...........гийн ганцаараа гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчоос баталгаажуулж харилцан тохиролцсон хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ биш бөгөөд энэхүү гэрээг үндэслэн хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж маргаж буй нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй тайлбар юм.Дээрхээс харахад Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд энэ эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдэлдэг, ажил олгогч буюу Ерөнхий захирал ажилтан Л.Бат-Итгэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг “ажил хуваарилагч" гэж шинэчлэн байгуулаагүй тохиолдолд цехийн даргын санаачилгаар түүнийг цаашид “ажил хуваарилагч”-аар ажиллана гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийг хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч М............ нь ........... ТӨҮГ-т холбогдуулан Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан  ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоол, ...........ТӨҮГ-ын дүрмийн 6.10.2 дахь заалт, Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “ Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай”  А/244 дүгээр, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай” А/328 дугаар, 2019 оны 07 сарын 26-ны өдрийн “ ........... ХХК-ийг Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тухай” А/681 дүгээр тушаалууд, Барилга засварын цехийн даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 40/93 тоот албан бичиг зэргийг үндэслэн ........... ХХК-ийн охин компани ........... ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М............тэй байгуулсан З-62 дугаартай хөдөлмөрийн гэрээг энэ тушаал гарсан өдрөөр дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулжээ.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор ........... ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор ........... ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар  тушаалаар ........... ТӨҮГ-ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М............ нь ........... ХХК-ийг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цех болохоос өмнө ........... ХХК-д нарийн бичиг- бичээчээр ажиллаж байгаад ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллажээ.

........... ХХК татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын хувьд ........... ТӨҮГ-ын Барилга засварын цех болсноор М............гийн өмнө нь ажиллаж байсан ........... ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан учир дээрх ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар М............г жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн оронд түр ажиллуулахаар болжээ.

........... ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн алба нь Хүний нөөцийн мэргэжилтний 2 орон тоонд ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар 05-ны Б/32 дугаар тушаалаар компанийн хүний нөөцийн мэргэжилтнээр Э.Чимэгмааг, ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар 13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчаар Л.Бат-Итгэлийг ажиллуулж байгаад   ........... ХХК нь ........... ТӨҮГ-ын Барилга засварын цех болсноор ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/931, Б/932 дугаар тушаалаар Л.Бат-Итгэл, Э.Чимэгмаа нарыг ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулжээ.

Нэхэмжлэгч нь 2019 дугаар сарын 8 дугаар сарын 1-ний өдрөөс ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1 дүгээр  орлогч Ерөнхий инженер Т............ийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийн дагуу ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллуулж, цалин хөлс олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалыг төлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...хугацаагүй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан ...” гэж үзэж байгаа боловч энэхүү гэрээнд нэхэмжлэгч М............ гарын үсэг зурсан, ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7., 23.1., 24.1.-д заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч М............г 2019 дугаар сарын 8 дугаар сарын 1-ний өдрөөс ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаал гартал Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.- т зааснаар ........... ТӨҮГ нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулж хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.

Хариуцагч ........... ТӨҮГ нь нэхэмжлэгч М............гийн өмнө ажиллаж байсан ........... ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоо цомхотгогдсон гэж тайлбарлаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т зааснаар   нэхэмжлэгч М............г адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй юм. 

........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус тушаал байх тул ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй  байна.

Иймд нэхэмжлэгч М............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан  давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч М............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00942 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М............гийн хариуцагч ........... ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ........... ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. -т зааснаар хариуцагч ........... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М............г адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг ........... ТӨҮГ-т даалгасугай, гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч М............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Ё.БЯМБАЦЭРЭН  

                                                                                    Б.БАТТӨР