Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0385

 

2017 оны 05 сарын 31 өдөр             Дугаар 221/МА2017/0385                 Улаанбаатар хот

 

С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С.Э-ийн өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, түүний тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хүлээн авах үндэслэлтэй эсэхийг хуулийн хүрээнд өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоосон шийдвэр хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0194 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон С.Э-ийн 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг үндэс болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, 4.2-т (2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн) зааснаар тэтгэвэрийг минь нэмэгдүүлэхгүй, шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэвэрийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-наас эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай шаардлагыг гаргасан билээ. Гэтэл анхан шатны шүүх 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 9 сарын 15-ны өдөр иргэн С.Э-ийн өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, түүний тэтгэвэрээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийг Нийгмийн даатгалын сангаас олгох нэмэлт өөрчлөлтийн дагуу хүлээн авах үндэстэй эсэхийг хуулийн хүрээнд өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие 2016 оны 6 сараас 12 сар хүртэл Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны гээд холбогдох бүх газруудаар "Захиргааны ерөнхий хууль"-д заасны дагуу хандаж, дээрх асуудлаа танилцуулан ч тухай бүр Дундговь аймгийн иргэний хэргийн шатны шүүхээс ТОГТООСОН цалин хөлсний тодорхойлолтыг үл тоосон сөрөг хариу авч байв. Иймээс аль ч шатны Нийгмийн даатгалын байгууллага шүүхийн шийдвэрт заасанчлан шинээр акт гаргаж, хуулийн дагуу тэтгэвэр нэмж өгөх эрх зүйн чадамжгүй нь тодорхой болж буй тул давж заалдах шатанд хандсан билээ. Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс саяхан миний Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, Нийгмийн даатгалын байгууллагуудаас тэтгэвэр тогтоох, олгоход баримталж байгаа бүх заавар журамтай нь танилцаж байхад тодорхой шалтгаанаар иргэн цалин орлогоо шүүхээр тогтоолгосон нөхцөлд хэрхэх тухай нэг ч заалтгүй, Нийгмийн даатгалын байгууллагууд ийм нөхцөл байдалтай нүүр тулж шийдэж байсан практик ч байхгүй юм билээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д " Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тогтоох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь өөрчлөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргагчийн тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэх бүрэн боломжтой юм. 1. Гол асуудал нь дорх ойлголтод л байна. а) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25.1.3-т даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт гаргаж өгөх юм байна. б) Миний бие Дундговь аймгийн АҮК-ын архив 1990-ээд онд үрэгдсэнээс дээрх тодорхойлолт, лавлагааг авах боломжгүй болж, цалин хөлсөө тогтоолгосон хараат бус шүүхийн шийдвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25.1.3-т заасан хөдөлмөрийн хөлсний Тодорхойлолт юм гэж үзэж байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж өгнө гэдэгт итгэж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэж хариуцагчид тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэх байтал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь тэтгэврээ шинэчлэн тогтоолгохоор өргөдөл гомдол өгсөнөөс хойш жил шахуу хугацаанд асуудлыг шийдвэрлэж өгөөгүй бөгөөд шүүхэд хариу тайлбар гаргахдаа ч шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа зэрэг нь тэтгэвэрийг тогтоосон шийдвэрийг түдгэлүүлсэн 3-н сарын хугацаанд дахин шинэчлэн тогтоож өгнө гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд хэрэв шинэчлэн тогтоож өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч үлдэх юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлйин 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон С.Э-ийн 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг үндэс болгож, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, 4.2-т (2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн) зааснаар тэтгэвэрийг минь нэмэгдүүлэхгүй, шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэвэрийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-наас эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж дахин шинэ акт гартал нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоосон захиргааны актын биелэлтийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийн шүүхийн 1986-1991 онд авч байсан цалин орлого тогтоосон шийдвэрийг үндэслэн тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэврийг нэмэгдүүлэн тогтоохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б ... С.Э-ийн 1986-1991 онд авч байсан цалин орлогыг тогтоосон ... иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т ... зааснаар тэтгэврээ дахин тогтоолгож нэмэгдүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан ... өндөр насны тэтгэвэр тогтоосон цалин хөлс орлогыг өөрчлөх боломжгүй гэж ... шүүхийн шийдвэрийг ... заавал биелүүлэх үүргээ зөрчсөн ... гэх үндэслэлээр Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн С.Э-ийн Дундговь аймгийн Мандалговь хотын ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 10 дугаар сараас 1991 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байхдаа авч байсан цалинг тогтоосон шийдвэрийн дагуу тэтгэврийг өөрчлөн тогтоолгохоор хандсан боловч өөрчилж, нэмэгдүүлж тогтоохгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тэтгэврийг нэмэгдүүлэн тогтоохыг тус хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс ...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны ... 3/238 дугаар албан бичгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил мэргэжлийн жишиг цалинг баримтлан тэтгэвэр тогтоох нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхийн шийдвэрийг үндэслэн С.Э-ийн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоогүй... тогтоох үндэсгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх ... С.Э-ийн тэтгэврийг 1999-2004 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлснөөс тогтоосон нь тодорхой байгаа хэдий ч 1986-1991 оны хооронд авч байсан цалин, хөлс нь тухайн үедээ өндөр байсан, үүнийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан нөхцөл байдлыг харгалзан үзээд хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулж, асуудлыг дахин тодруулах боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг үндэслэн ...өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй... гэж дүгнэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С.Э-ийн өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, түүний тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийг хариуцагч өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс С.Э-ийн 2011 онд тэтгэвэр тогтоолгоход сонгосон 5 жилийг Дундговь аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр цалинг тогтоосон 5 жилээр өөрчилж дахин тогтоолгохоор хандсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт 2015 онд өөрчлөлт орсноор сонгосон 5 жилийг өөрчлөн тогтоолговол авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж ийнхүү нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан тайлбарлажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх тохиолдолд түдгэлзүүлэх хугацааг 6 сар хүртэл байхаар, түүнчлэн тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт-ыг хүчингүй болгох талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгахаар заасан дээрх хуулийн заалтуудаас үзвэл эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан энэ тохиолдолд нэхэмжлэгчээс захиргааны байгууллагын өмнө гаргасан шийдвэр буюу нэхэмжлэгчид 2011 онд өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг эс зөвшөөрч маргаагүй байхад шүүх тус шийдвэрийг хугацаа зааж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч С.Э-д тэтгэвэр тогтоосон шийдвэрийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх боловч хэрэв 3 сарын хугацаанд хариуцагчаас тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй бол түдгэлзүүлсэн захиргааны акт хүчингүй болох талаар шийдвэрт заахаар хуульчилсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу түдгэлзүүлсэн шийдвэр цаашид хэрхэх талаар заагаагүй нь тус хуулийн зохицуулалтад нийцээгүйгээс гадна эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгчээс маргаагүй акт болох тэтгэвэр тогтоосон захиргааны шийдвэрийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч С.Э нь 1999-2004 оны дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээ өөрөө сонгон 2011 онд тэтгэвэр тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн С.Э-ийн тэтгэвэр тогтоолтын хуудас, С.Э-ийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... тэтгэврийг хуулийн дагуу өндөр настны тэтгэврийг ... 1999-2004 оны цалингаас бодож тогтоож өгнө үү ... гэх өргөдөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ийнхүү тэтгэвэр тогтоогдсоны дараа И.Б-гаас эхнэр С.Э-ийн Дундговь аймгийн Мандалговь хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 10 дугаар сараас 1991 оны 5 дугаар сар хүртэл үсчинээр ажиллаж байхдаа авч байсан цалинг тогтоолгох нэхэмжлэл гаргаснаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2016/00155 дугаар шүүхийн шийдвэрээр С.Э-ийн Мандалговь хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 10 дугаар сараас 1991 оны 06 дугаар саруудад авч байсан цалинг сар тус бүрээр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст С.Э-ийн 2011 онд тэтгэвэр тогтоолгоход сонгосон 5 жилийг Дундговь аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр цалинг тогтоосон 5 жилээр өөрчилж дахин тогтоолгох-оор хандсан байх боловч хариуцагчаас тус шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй гэж татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  22 дугаар зүйлийн 1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно, 1/-д даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана, 28 дугаар зүйлийн 1-д Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно,  2/-д авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа гэж тус тус заажээ.

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзвэл даатгуулагч нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилээ сонгох тэрхүү сонгосон 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг тус хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд нь хувааж тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор байх бөгөөд харин нэгэнт тогтоосон тэтгэврийг өөрчлөх нөхцөл нь авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосны улмаас хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа өөрчилж болохоор байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоох үеийн итгэлцүүрийг Засгийн газраас шинэчилсэн тохиолдолд л ийнхүү тэтгэврийн хэмжээг өөрчилж болохоор хуулиар зохицуулжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно, 30 дугаар зүйлд  Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэсэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулиудаар тогтоосон журмын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 52 дугаар тогтоолоор 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоохыг Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нарт даалгажээ.

Эдгээр хууль журмын зохицуулалтуудаас үзвэл тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд доод хэмжээг болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газраас хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй дүйцүүлэн тооцох замаар нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож ирсэн байх бөгөөд ийнхүү жил бүр итгэлцүүрийг шинэчлэн тогтоох нь нэгэнт тогтоогдсон тэтгэврийн хэмжээг тооцсон 5 жилийг тэтгэвэр авч байгаа иргэдийн хүсэлтээр тухай бүр өөрчлөх зорилгогүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно, 1-д авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож, тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр өөрчлөн тогтоох-оор заасан өөрчлөгдөх үндэслэлтэй болсон хугацаа болон хөдөлмөрийн хөлс нь тус хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан сүүлийн 20 жилийн доторх 5 жилийн хөдөлмөрийн хөлс байх шаардлагыг хангасан байх учиртай.

Үүнээс гадна уг хугацааг тэтгэвэр тогтоолгох үедээ тэтгэвэр авагч мэдээгүй, эсхүл энэ талаар баримт байхгүйгээс тухайн хугацаа тэтгэвэр тогтооход тооцогдоогүй байхыг ойлгох бөгөөд С.Э-ийн хувьд 1999-2004 оны 5 жилийн хугацаа нь тэтгэвэр тогтоолгох үед мэдэгдэж байсан, нийт улсад ажилласан жилд орж тэтгэвэр тогтооход тооцогдсон болох нь дээр дурдсан тэтгэврийн хувийн хэрэг, С.Э-ийн гаргасан өргөдөл, тэтгэврийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна. Харин тэтгэвэр авагч хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо тэтгэвэр тогтоолгох үед мэдээгүй, энэ талаарх баримт байхгүйн улмаас тэтгэвэр тогтооход тооцогдоогүй байсан тохиолдолд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу 1991 оноос өмнөх үеийн тухайд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор байх бөгөөд харин ийнхүү тодорхойлохдоо даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тэтгэвэр тогтоолгогчийн 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тооцохоор байна.

Түүнчлэн даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор байна.

Иймээс хариуцагчийн ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 3.1.10-т зааснаар ...цалин хөлсний тодорхойлолтыг ... тухайн ажиллаж байсан байгууллагаас эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана гэж заасан, хэрэв цалин хөлсний баримт нь ажиллаж байсан байгууллагын архивын сан хөмрөгөөс олдохгүй байгаа тохиолдол мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ...заасны дагуу нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болохоор заасны дагуу гарсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил мэргэжлийн жишиг цалингийн хэмжээний жагсаалт-ын 8-д энгийн ажил мэргэжлийг 1990 он ба түүнээс өмнөхийг 300 төгрөгөөр, 1991 оныг 600 төгрөг гэж заасны дагуу С.Э-ийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой, харин Дундговь аймгийн сум дундын шүүхийн шийдвэрийг баримтлан өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй... гэж тайлбарлан нэхэмжлэгчийн тэтгэврийг өөрчлөн тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2016/00155 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Э-ийн 1985-1991 оны хооронд Дундговь аймгийн Мандалговь хотын Ахуйн үйлчилгээний комбинатад үсчинээр ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсийг сар тус бүрээр зааж тогтоосныг С.Э-ийн 2011 онд тогтоолгохдоо сонгосон 5 жилийг өөрчлөн тус шийдвэрээр тогтоосон онуудад авч байсан цалин хөлсийг тогтоосныг үндэслэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, өөрчлөн тогтоохыг нийгмийн даатгалын байгууллагад үүрэг болгож, даалгасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн ... хариуцагч ... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан ... иргэний шүүхийн шийдвэр бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  25 дугаар зүйлийн 3-д заасан хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт ... гэх тайлбар, гомдол үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий н 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 4, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С.Э-ийн 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг тогтоосныг үндэс болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.4.2-т /2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ зааснаар тэтгэврийг минь нэмэгдүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэврийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ