Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 12

 

........ ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй

М.........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01119 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ........ ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: М.........д холбогдох,

 

 “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6.387.237 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.........ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С........., нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ ........ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Мэнднасан овогтой ........ нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ........ ........тай ЗГ2905119650 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7.700.000 /Долоон сая долоон зуун мянган/ төгрөгийн зээлийг, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 35 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ2905119650 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 4.389.749.09 төгрөг, зээлийн хүү 1.894.244.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.243.70 төгрөг, бүгд 6.387.237.14 /Зургаан сая гурван зуун наян долоон мянга хоёр зуун гучин долоон төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг Мэнднасан овогтой ........аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний хүү зээл авсан хугацаанаас хойш өөрийн чадах хэмжээнд төлсөн байгаа. Энэ зээлийг би өөрөө хариуцан төлнө. Үндсэн зээлийг төлнө, харин ажилгүй болохоор хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ямар ч боломжгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4.389.749 төгрөгийг 6 сарын хугацаандаа төлөх саналтай байна. Хүү маань энэ зээлийг миний хагалгааны зардалд зарцуулсан юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01119 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Бүргэд овогт Мэнднасангийн ........аас 6.387.237 төгрөгийг гаргуулж ........ ........ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.145 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.........аас 117.145 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........ ........ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн С......... заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2021/01119 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаараа ........ ........ны нэхэмжлэлтэй М.........д холбогдох зээлийн гэрээний төлбөрт 6.387.237 төгрөг гаргуулах хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зүйд нийцээгүй. 7.700.000 төгрөгийг зээл аваад сар бүр төлөлт хийгээд явж байсан боловч дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний улмаас эдийн засгийн хувьд хүндрэл учирч ажил зогссон тул төлөлт зогссон. Мөн тус ........ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүү, нэмэгдүүлсэн хүү яаж тооцсон тооцооллоо нарийн гаргаж ирүүлээгүй, нийгмийн байдлыг харгалзан үзэж зээлийн хүүгээ бууруулах болон чөлөөлсөн талаар  баримт ирүүлээгүй байхад хүү болон нэмэгдүүлсэн хүүд нийт 1.894.244.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 103.243.70 төгрөг нийт 1.997.488.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй тул 1.997.488.05  төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ........ ........ ХХК нь шүүхэд “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6.387.237 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С......... “... үндсэн зээлээ төлнө, хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх боломжгүй... ” гэх тайлбар гаргаж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар М......... нь тус ........наас 7.700.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 35 сарын хугацаатай авч, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 2 дугаар сард дуусгавар болсноор зээлдэгч үндсэн зээл 4.389.749.09 төгрөг, зээлийн хүү 1.894.244.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.243.70 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь тогтоогдсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С......... зээлийн үндсэн төлбөрийн талаар маргаагүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С......... нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.997.488.05 төгрөг төлөхгүй гэх тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох үед Ковид цар тахлын улмаас Засгийн газраас зээлдэгч нарын зээлийн төлөлтийг хойшлуулахаар шийдвэрлэсэн нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул шүүх хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1.997.488.05 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

              Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.........ийн гаргасан “... хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1.997.488.05 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.........ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар С.........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Б.БАТТӨР    

                              ШҮҮГЧ                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ