Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 307

 

С.Б-ын нэхэмжлэлтэй, ШЕЗ-д

холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Л.Атарцэцэг

                                              Д.Мөнхтуяа

                                             Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: "Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр “Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0254 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0354 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0254 дүгээр шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан С.Б-ын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай “Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0354 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0254 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.2-т заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 31 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “хэвээр” гэсний дараа “үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Б-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0354 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

4. Шүүх магадлалдаа “...эрүүгийн хариуцлагад татагдсан гэдгийг эрүүгийн эрх зүйн хамгаалах харилцаа үүссэн байхыг шаардах бөгөөд энэ харилцаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ч үе шатанд үүсэхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 он/ болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2017 он/ зохицуулалтыг  харьцуулан дүгнэлт өгөх аргаар тогтоох нь зүйтэй" гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан бөгөөд тус зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална." гэж заасан тул шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх ёсгүй байсан байна.

5. Хэрэв Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байгаа бол Эрүүгийн хууль /2002 он/-ийн 72 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаар тогтоолын 2-т “эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны алиныг ч явуулахгүй байхыг ойлгоно.” гэж тус тус заасан. Эндээс үзвэл эрүүгийн хариуцлагад татна гэдэг нь тухайн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг ажиллагааг явуулахыг ойлгож болохоор байна.

6. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.36-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг“ ойлгохоор заасан байх тул шүүгч С.Б-д холбогдуулан эрх бүхий этгээдээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байх хугацаанд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн мэдүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэл болохгүй юм. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтын “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэдэг томьёолол нь эрх зүйн онолын хувьд маргаантай, нэг мөр практик тогтоогүй, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор тодорхойлоогүй, эрдэмтэн судлаачид янз бүрээр тайлбарладаг ойлголт боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс зөвхөн "яллагдагчаар татагдсан” гэсэн явцуу агуулгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан нь үндэслэлгүй байна.

7. Эрх зүйн онолын нийтлэг зарчмын хувьд болон Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байдаг тул Шүүхийн ерөнхий зөвлөл 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 56 дугаар тогтоол гарган дээрхтэй ижил тохиолдлыг шийдвэрлэхдээ маргаантай хэм хэмжээг нарийвчлан зохицуулсан, сүүлд хүчин төгөлдөр болсон Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх...” гэж заасныг агуулгын хувьд адилтган ойлгож хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр албан ёсоор гаргаагүй, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх эрх хэвээр байхад түүнийг яллагдагчаар татах нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийн баталгааг алдагдуулсан гэж үзсэн.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

10.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 31 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5.“эрүүгийн хариуцлагад татагдсан;” гэсэн заалт, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн гаргасан нь хууль бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

11. Учир нь, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5.“эрүүгийн хариуцлагад татагдсан” гэснийг шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байхыг ойлгох нь зүйтэй. Хэрэв хуулийн уг заалтыг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “эрх бүхий этгээдээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн л бол, ...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгуулахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой” гэж тайлбарлавал Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрх, эрх чөлөө, мөн “шүүгчийн хараат бус байдлыг хангах” эрх зүйт төрийн үндсэн зарчим алдагдахад хүрнэ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс хэнийг ч, ямар ч үндэслэлээр /тухайлбал, хэн нэгний гомдлоор/ эрүүгийн хэрэгт татан шалгах, сэжигтнээр тооцох, гэрчээр асуух, хэрэв үндэслэлтэй бол хэрэг үүсгэх, харин үндэслэлгүй бол хэрэгсэхгүй болгох зэрэг ажиллагааг явуулж болох бөгөөд ийнхүү хэн нэгнийг гэрчээр юм уу сэжигтнээр асуугдаж байхад нь буюу эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад нь “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэж үзэж бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй юм.

12. Гэтэл хариуцагч маргаан бүхий тогтоолыг гаргахдаа шүүгч С.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гараагүй байхад /Нийслэлийн прокурорын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1805028430235 дугаар тогтоол нь маргаан бүхий акт болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тогтоол гарснаас хойш 8 хоногийн дараа гарсан байна/ “...шүүгч С.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагатай байх тул ... шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/736 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1. “Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглох”, 20.4.2.“шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох” гэснийг зөрчсөн тул хууль бус, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

13. Иймээс “...шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр албан ёсоор гараагүй, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх эрх хэвээр байхад нь түүнийг яллагдагчаар татах нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийн баталгааг алдагдуулсан хэрэг болно...” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг /Тодорхойлох хэсгийн 3-7/ хангах боломжгүй.

14. Харин давж заалдах шатны шүүх “дээрх үндэслэлээр маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдож байвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар зарлигаар шүүгч С.Б-ын бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул...” гэсэн үндэслэлээр маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хүсэл зориг, хамгаалагдах ашиг сонирхол байсан эсэхийг тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь учир дутагдалтай болжээ. Гэвч энэ талаар хэргийн оролцогчдын хэн аль нь хяналтын гомдол гаргаагүй болно.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0354 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ