Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00046

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/02305 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч-ийн хариуцагч М ХХК, Э ХХК-д тус тус холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцаа, XV-021045 /6371Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч нарын өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЖКЭК ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч Б.Ч- нь 2017 оны 3 дугаар сарын эхээр ЖКЭК ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг, Хадат толгой гэх газарт орших 174.4 га талбай бүхий 15066А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг М ХХК-д худалдахаар болж тус компанийн захирал БНХАУ-ын иргэн Liao Ailong-тай урьдчилсан байдлаар тохиролцсон. Ингэж тохиролцсоны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу М ХХК-д шилжүүлэх болоход, М ХХК-ийн зүгээс эрх шилжүүлэх татварын асуудал гарах гээд байна, тийм учраас шууд компаниа шилжүүлж өгөөч гэдэг санал тавьсан. Тухайн үед энэ компани дээр 15066А дугаар тусгай зөвшөөрлөөс гадна сэргээлгэх боломжтой тусгай зөвшөөрөл, бусад эд хөрөнгө, бусдаас авах авлага, эдийн бус хөрөнгө болох олон жил үйл ажиллагаа явуулсан нэр хүнд зэрэг олон асуудал байгаа тул компанийн эрхийг шилжүүлж өгөх боломжгүй гэсэн. Гэвч М ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн дагуу олборлолт явуулж ашиг орлого гайгүй болохоор тусгай зөвшөөрлийг өөр компани руу шилжүүлэн авч, буцаан компанийг чинь шилжүүлж өгье, бас хамтран ажиллая, тусгай зөвшөөрөлтэй талбай дээр өөрийн зардлаар олборлолт явуулж, ашиг орлогоо хувааж авья гэсний дагуу компаниа шилжүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ЖКЭК ХХК-ийг 100 хувь М ХХК-д шилжүүлсэн. Б.Ч- болон М ХХК-ийн хооронд бодит байдал дээр ЖКЭК ХХК-ийн 15066А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба энэхүү бодит гэрээний харилцааг халхавчлан тусгай зөвшөөрөл бүхий компанийн эрх, хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулсан.

Уг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийн алинд нь ч гэрээний үнэ төлбөр байхгүй бөгөөд хувьцааг хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл эдгээр гэрээнд Б.Ч-, М ХХК-ийн хооронд ямар ч мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн тухай бичээгүй. Гэтэл талуудын хооронд бодит байдал дээр 750 000 000 төгрөгийн төлбөр тооцоо хийгдсэн ба энэхүү төлбөр тооцоо нь тусгай зөвшөөрлийн төлбөр юм. Тодруулбал, ЖКЭК ХХК нь 2006 оноос Төв аймгийн Заамар, Булган аймгийн Орхонтуул сумын нутагт орших Мандалын хоолой, Басангийн Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Мандал хоолой нэртэй газар 6049 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 206 га талбайн нөөцийг батлуулж, MV-015066 дугаартай зөвшөөрлийг эзэмшиж байсан ба 2009 онд 206 га талбайн нөөцийг батлуулж, MV-015066 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авсан. Харин үлдсэн 5 837 га талбайн 006371 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Харин үлдсэн 202 тоот тусгай зөвшөөрлийг Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотойгоор 2013 онд цуцалсан. Улмаар 2015 онд дээрх тусгай зөвшөөрлийг сэргээх хууль эрх зүйн орчин үүссэн байсан ч сэргээхгүй олон жил болсон. М ХХК-ийн удирдлагууд энэхүү тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн авах боломжийг бүр анхнаасаа мэдэж судлаад, сэргээн авах зорилгоор компанийн эрх, хувьцааг шилжүүлж авахаар Чинзоригийг ятгасан байдаг. М ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0028 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалган шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаар шийдвэрээр XV-006371 тоот тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Иймд М ХХК, Б.Ч- нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцааг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч М ХХК-д даалгаж өгнө үү. Э ХХК -ийн нэр дээр байгаа, хуучнаар 6371Х дугаар, шинээр XV021045 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү. М ХХК нь маргааны зүйл болсон хуучнаар 6371Х дугаар, шинээр XV021045 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээснийхээ дараа Э ХХК-нд шилжүүлсэн бөгөөд энэ хоёр компани ашиг сонирхол нэгтэй юм. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагаварт нь энэхүү маргааны зүйл болсон хуучнаар 6371Х дугаар, шинээр XV021045 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг Э ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх 2017 онд уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар судалгаа хийж эхэлсэн. Улмаар хүнээр дамжуулан Б.Ч-той уулзсан бөгөөд Б.Ч- тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниа зарна гээд хуулбар бичиг баримтуудыг бүгдийг үзүүлсэн. Тухайн үеийн өгсөн бичиг баримтаас нь харахад ЖКЭК ХХК нь 5 Солонгос, 1 Монгол иргэний эзэмшдэг компани байсан, харин Б.Ч- компанитай ямар нэгэн хамааралгүй хүн байсан. Бид компанийг тусгай зөвшөөрлийн хамт худалдан авах сонирхолтой байсан учир компанийн жинхэнэ эзэмшигч нартай уулзуулж өгөхийг Б.Ч-оос хүсээд 750 000 000 төгрөгөөр худалдаж авах асуудлыг ярилцсан. Хэсэг хугацааны дараа Б.Ч- нь тухайн компанийн бүх хувьцааг 100 хувь өөрийн нэр дээр болгож, компаниа худалдахад бэлэн, бүх баримт бэлэн болсон учир өмнө ярьснаараа гэрээгээ хийе гэсэн. Бичиг баримтыг нь харахлаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Ч- ЖКЭК ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, үнэн зөвөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр талууд уулзаж, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээ нь 2017 оны 3 дугаар сарын10-ны өдөр байгуулагдсан. Энэ хэлцлийн дагуу бид Б.Ч-т 750 000 000 төгрөгийг төлж, Б.Ч- ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцаа, тусгай зөвшөөрлийг шилжүүлж, манай байгууллага хууль ёсоор ЖКЭК ХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрлийнх нь хамт худалдан авч, М ХХК-ийн охин компани болгосон. Нэхэмжлэгч тал татварын асуудал яриад байна, бид 30 хувийн татвар төлөхгүй, харин компанийн эрх, эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа гэдгээр 10 хувийн татварын асуудал яригдана, энэ татварыг төлөх эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал юм. Ямар нэгэн татварын асуудалгүй байсан болоод өнөөдөр компанийн эрх манай байгууллагад шилжиж, улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн, энэ бүртгэлийн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, үүнд ямар нэгэн халхавчлагдсан, халхавчилсан хэлцэл байхгүй. Б.Ч- нь ЖКЭК ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч нараас өөрийн нэр дээр хувьцааг нь шилжүүлэн авч, зарах процессыг түргэвчлэх зорилгоор өөрөө дангаараа 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон, тэгээд 1 өдөр захирал байж байгаад бидэнд зарсан. Б.Ч-ийн хүсэл зориг 100 хувь илэрхийлэгдсэн, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. ЖКЭК ХХК-ийг шилжүүлэн авах үед Б.Ч-оос хүчингүй болсон байсан 6371Х тусгай зөвшөөрлийн талаар тодруулахад хүчингүй болоод удсан, өмнөх эзэд нь сэргээх талаар арга хэмжээ аваагүй гээд тухайн тусгай зөвшөөрөлд ач холбогдол өгөөгүй, энэ тусгай зөвшөөрөл нь бидний хэлцлийн зүйл биш. Иймд ЖКЭК ХХК-ийг худалдаж авсныхаа дараа хууль ёсоор, 6371Х тусгай зөвшөөрлийн сэргээх ямар боломж байгааг хуульчаас зөвлөгөө авч, судлуулсан. Ингээд 2018 онд Захиргааны хэргийн шүүхэд хандаж тухайн тусгай зөвшөөрөл сэргээгдсэн. Үүнийг 2018 онд Б.Ч- олж мэдээд, тухайн сэргээсэн тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 500 000 000 төгрөг өгөхийг шаардсан. Компаниа манайд худалдсан өдрөөс хойш энэ бол манайд хамаарах асуудал гээд татгалзсан. Үүний дараа Б.Ч- нь шүүхэд хандсан. ЖКЭК ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч С.А- нь Б.Ч-т холбогдуулан шүүхэд 6 хувьцаа эзэмшигчээс Б.Ч-т эрх олгож хувьцаа эзэмшигч болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан байсан. Тийм учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ үед Б.Ч- өөрөө асуудлыг ойлгож, дахин шүүхээр маргахгүй гэдгээ хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт илэрхийлж байсан юм. Түүнчлэн 292 000 000 төгрөгийн дансны авлага бодит байдлаар байдаггүй. Үүнийг нь холбогдох хүнээр судлуулахад энэ авлагыг хаанаас, хэнээс, яагаад, яаж авах нь огт тодорхойгүй, анхан шатны баримт нь байхгүй байсан. Бүр цаагуур нь ярих юм бол Б.Ч-т хувьцаагаа шилжүүлсэн 6 хүн нь 292 000 000 төгрөгийн авлагатай компаниа худалдана гээд шийдвэрээ гаргаад хууль журмын дагуу шилжүүлсэн. Б.Ч- ч гэсэн ялгаагүй М ХХК-д тухайн компанийг худалдахдаа эдийн болон эдийн бус бүх зүйлээ худалдаж М ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК болон Э ХХК хоёр нэг ашиг сонирхолтой. Түрүүнд тайлбарласанчлан өмнөх шүүхийн асуудал нэг мөр болсон, нэхэмжлэгч Б.Ч- дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаад нэмэргүй гэдгээ ойлгосон учир М ХХК нь хуульч бидний зөвлөсний дагуу маргааны зүйл болсон бидний сэргээн авсан хуучнаар 6371 Х дугаар бүхий, шинээр XV-021045 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д худалдсан. Энэхүү худалдах ажиллагаа ч хууль ёсны дагуу явагдсан. Одоо энэ байгууллага тус тусгай зөвшөөрөл бүхий газарт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл Э ХХК нь өмнө нь өөр нэртэй байж байгаад нэрээ өөрчилсөн байдаг. Тусгай зөвшөөрлийн хувьд тус компани нь шударга, хууль ёсны эзэмшигч юм. Э ХХК нь нэхэмжлэгч Б.Ч-той ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, түүний өмнө гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 56 дугаар зүйлийн 56.5, 56.4т зааснаар М ХХК, Э ХХКд холбогдох 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцаа, XV-021045 /6371Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Б.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 3 030 846 /2 960 646+70 200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо:

1. Шүүх ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцаа, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтад нь 750 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж дүгнэн, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж , хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн.

Зохигчдын хооронд компанийн эрх, хувьцаа, тусгай зөвшөөрлийг хамтад нь 750 000 000 төгрөгөөр үнэлэн худалдахаар тохиролцсон гэрээ хэлцэл байгуулаагүй ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хувьцаа, эрх шилжүүлэх гэрээнүүдэд ямар ч үнийн дүн байхгүй бөгөөд хувьцаа, эрхийг ямар үнээр худалдаж байгаа талаар тохиролцсон зүйл байхгүй. Харин тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнд тусгай зөвшөөрлийг 750 000 000 төгрөгөөр худалдаж байгаа талаар маш тодорхой заасан. Мөн хариуцагчийн төлөөлөгчид шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Ч-оос ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцаа, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтад нь 750 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлаагүй, зөвхөн тусгай зөвшөөрлийг 750 000 000 төгрөгөөр худалдан авсан гэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дах хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдээс нөгөө хуулийн этгээдэд шилжүүлэхэд зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд шилжүүлдэг тул энэхүү хуулийн дагуу татвар төлж шилжүүлэн авахаас зайлсхийж тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээгээ ашигт малтмалын газар, татвар төлсөн баримтын хамт хүргүүлээгүй. Харин тусдаа компанийн эрх, хувьцаа шилжүүлэх гэрээг байгуулж, тэрхүү гэрээгээ хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлэн бүртгүүлж, ЖКЭК ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон.

Дээрх үйл баримт, нотлох баримт, хуулийн зохицуулалтаас дүгнэн үзэхэд, Б.Ч-, М ХХК нарын хооронд зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, гагцхүү татвар төлөхгүйн тулд компанийн эрх, хувьцаа худалдан авах гэрээгээр тусгай зөвшөөрөл худалдах, худалдах авах гэрээг халхавчилж, мөн чанартаа тусгай зөвшөөрлийг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тодорхой харагдана.

2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Тухайлбал, Шийдвэрийн 8 дугаар тал дахь ...хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч Б.Ч- нь компанийн эрх, хувьцаа, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтад нь зарах хүсэл зоригоо илэрхийлсэн, компанийн эрхийг өөрөө 100 хувь аваад 1 хонуулаад бидэнд зарсан, удирдлагын эрх хэмжээгээ огт хэрэгжүүлээгүй, компанийн гүйцэтгэх удирдлагыг 1 өдөр хэрэгжүүлэх, олон сар өдрөөр хэрэгжүүлэх нь эрс ялгаатай, энэ байдлаас үзвэл Б.Ч- нь компанийн эрх, хувьцааг, тусгай зөвшөөрлийн зарах хүсэл зоригтой байсан нь харагдана, тэрээр хүчингүй болсон байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойш биднээс мөнгө нэхэж энэ асуудал дахин хөндөгдсөн болохоос биш халхавчилсан, хууль зөрчсөн ямар нэгэн хэлцэл хийгээгүй гэх агуулга бүхий тайлбар бодит үнэнд нийцэж байна гэж шүүх дүгнэлээ..., мөн шийдвэрийн 11 дүгээр тал дахь ...шүүх хариуцагч талын гаргасан энэ эрхийг сэргээснийг мэдээд биднээс мөнгө авах зорилготой байсан гэх тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ... гэснээс тус тус хэрэгт авагдсан гэрээ, холбогдох хуулийн зохицуулалт зэргийг огт харгалзан үзэхгүйгээр хариуцагчийн нэхэмжлэгчийг харлуулан буруутгасан өнгө аяс бүхий тайлбарыг шууд үнэн зөв гэж үзсэн нь илэрхий харагдана. Зөвхөн хариуцагчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзэж байгааг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй.

Шүүх М ХХК нь Б.Ч-оос ЖКЭК ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар ч татвар төлөхгүйгээр /гэрээний үнийн дүнд татвар оруулахгүй/ өөрийн мэдэлд шилжүүлэн авсан, бас ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцааг шилжүүлэн авсан даруй түүний давуу эрхээр сэргээлгэх эрх бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн авсан үйл баримтыг огт үнэлээгүй.

3. М ХХК, Б.Ч- нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэлээ М ХХК, Б.Ч- нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЖКЭК ХХК-ийн МУ-015066 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж, мөн өөр хэлцлийг халхавчилж байгаа зорилго нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотойгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу төлөх эрх борлуулсны орлогын 30 хувийн татварыг төлөхөөс зайлсхийсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон татварын холбогдох хуульд нийцэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тус тус тодорхойлсон. Шүүхээс энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хууль зүйн үндэслэлээр үгүйсгэсэн дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хууль зүйн үндэслэлээр үгүйсгэж чадахгүй болохоор халхавчилсан болон халхавчлагдсан гэрээнүүдийг нэг гэрээнийхээ төлбөрт нөгөө гэрээний үнэ нь багтсан гэрээ байх тул хууль зөрчөөгүй, мөн татвараас зайлсхийсэн асуудал нь Татварын тухай хууль гэх мэт өөр бусад хуульд заасан зөрчил байж болох тусдаа асуудал гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг Иргэний хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлийн шинжтэй бүхэлдээ адилхан мэтээр буруу тайлбарлан, тэрхүү гэрээний дагуу компанийн хувьцаа, эрх шилжиж хэрэгжсэн тул халхавч хэлцэл биш гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчид хувьцаа худалдах гэрээтэй холбоотой төлбөр төлсөн асуудал байхгүй бөгөөд хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээ бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж, худалдах худалдан авах гэрээний гол шинж болох гэрээний зүйлийн үнийг тохиролцож, үнийг төлөөгүй тул гэрээг бодит байдал дээр хэрэгжээгүй гэж үзнэ. Нөгөө талаас халхавч хэлцэл хийх зорилго нь М ХХК-ийн хувьд халхавч хэлцлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн эрх, үүргийг шилжүүлэн авах замаар тусгай зөвшөөрлийн үнэд татварын зардлыг оруулахгүйгээр хэмнэлт хийж, тусгай зөвшөөрлийг өөрийн бүрэн эрх мэдэлд шилжүүлэн авах хууль зөрчсөн хүсэл зориг байсан тул компанийн хувьцаа, эрхийг шилжүүлж авах бүртгэлийг бүртгэлийн байгууллагад хийлгэсэн. Харин халхавчлагдсан хэлцлийг ашигт малтмалын газарт хүргүүлээгүй атлаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч М ХХКд холбогдуулж 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ЖКЭК ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн ЖКЭК ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, эрх, хувьцааг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, Э ХХК-д холбогдуулан Ашигт малтмалын ХУ-021045 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан ЖКЭК ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2, 137-138/

 

1 дүгээр хавтаст хэргийн 4-6 дугаар хуудсанд ЖКЭК ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах,худалдан авах 2017 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн гэрээнүүд бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангасан байдлаар авагджээ.

 

Уг гэрээнүүдээс үзэхэд Б.Ч- нь ЖКЭК ХХКийн 546 499 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй 100%ийн эрх, нэг бүр нь 5 464 992 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг М ХХКд худалдахаар тохиролцож, М ХХК-ийг төлөөлөн захирал Liaо Ailong, ЖКЭК ХХКийг төлөөлөн Б.Ч- нар гарын үсгээ зуржээ. /1хх4-6/

 

Хэргийн баримтаар талууд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээг бичгээр байгуулж, мөн өдрөө ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцаа М ХХКнд шилжин бүртгэгджээ. Мөн ЖКЭК ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талаар улсын бүртгэлийн лавлагаанд тусгагджээ.

/1хх 96/

 

Мөн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Liaо Ailong ЖКЭК ХХК-ийн захирал болсон, ЖКЭК ХХК-ийг М ХХК-ийн охин компани болгон өөрчилсөн баримт хэрэгт авагджээ. /1хх209, 211/

 

Б.Ч- нь М ХХК-аас 750 000 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.

 

Түүнчлэн, 2017 оны 3 дугаар сарын 10-ний өдөр Б.Ч- нь ЖКЭК ХХКийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Хадат толгой нэртэй газарт орших 174.4 гектар талбайг хамарсан, MV015066 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 750 000 000 төгрөгөөр М ХХКд худалдах, М ХХК нь 750 000 000 төгрөгийг Б.Ч-т төлөх үүргийг тус тус хүлээсэн гэрээ бичгээр байгуулагджээ.

/1хх 7-12/

 

Зохигч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ЖКЭК ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах худалдан авах гэрээ нь 2017 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд маргаантай байна.

 

Шүүх нь талууд хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран хэлцэл хуульд нийцэж байгаа эсэхийг хянан үзэх юм. Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Зохигчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ЖКЭК ХХКийн 546 499 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 100%ийн эрх, нэг бүр нь 5 464 992 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг М ХХКд худалдахаар тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд ЖКЭК ХХКийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ч- нь компанийн эрх, хувьцаагаа худалдсан агуулгатай байна.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт зааснаар хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Зөвшөөрөл авбал зохих, гүйлгээнд хориглосон зүйлээс бусад хөрөнгийн хувьд иргэний эрх зүйн харилцааны оролцогчид гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй юм.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг ойлгох юм.

 

Талуудын тайлбар, улсын бүртгэлийн баримтаас үзэхэд ЖКЭК ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан гэх бөгөөд зохигч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ЖКЭК ХХКийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд тус компанийн тусгайлсан хөрөнгө болох уурхай, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, авлага, өглөг, шаардах эрх, оюуны өмчийн талаар жагсаалт, ак үйлдээгүй байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дах хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасан.

 

Хариуцагч тал 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ЖКЭК ХХКийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хамт худалдагдсан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч тал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлээр тусад нь үнэ тохирч худалдсан талаар тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэх бөгөөд хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ЖКЭК ХХКийн 100 хувийн хувьцаа, эрх М ХХКд шилжсэн өөрчлөлт нэгэнт бүртгэгдсэний дараа Б.Ч- нь ЖКЭК ХХКийг төлөөлөх эрхгүй, эрхээ бүрэн шилжүүлсний дараа буюу уг ЖКЭК ХХКийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх боломжгүй болсон цаг хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь улсын бүртгэлийн лавлагаанд тэмдэглэгдэж 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлээр М ХХК-д шилжсэн байна. Улсын бүртгэлд Б.Ч- нь гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн худалдсан 100 хувийн хувьцаа нь ЖКЭК ХХКийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин тус компани нь эд хөрөнгийн тусгайлан өмчлөх эрхийн хувьд уурхайтай, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй, татварын болон нөхөн сэргээлтийн өртэй, үүрэгтэй байсан гэх байдлыг, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байсан гэх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар өргөдөл гаргаагүй гэж буруутгах боломжгүй.

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ЖКЭК ХХКийн 100 хувийн хувьцааг худалдан авсан М ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд байх бөгөөд ЖКЭК ХХК нь нэрээ өөрчлөөгүй, нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдаагүй, харин М ХХК-ийн охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хэлцэлд үнэ заагаагүй талаар тайлбарлажээ. Гэрээнд үнэ заагаагүй нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болохоор байна. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь 750 000 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.

 

ЖКЭК ХХК-ийн эрх, хувьцааг хариуцагч шилжүүлэн авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээж авсан үйл баримт тогтоогдсон тул уг хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний зүйлд хамаарахгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Мөн талуудын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн эрх, хувьцаа худалдах, худалдан авах хэлцэл нь бодитой хэрэгжсэн, эрх, хувьцаа, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тул халхавчилсан хэлцэл гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн буюу зөвхөн хариуцагчийн тайлбарыг үнэлсэн гэх, талуудын хоорондын гэрээ халхавчилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/02305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 030 846 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД