Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00129

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00129

 

Л.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2021/00291 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НБДШШГХ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 00265 дугаар шийдвэрээр Л.Т-аас 89 980 217 төгрөг гаргуулж БСБ финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. НБДШШГХ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт ухаа 421 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206059194 дугаартай орон сууцыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн холбогдох албан тушаалтнууд мэргэжлийн үнэлгээний байгууллагаар орон сууцыг үнэлүүлсэн гэх бөгөөд энэ тухай баримт бичгүүдийг надад танилцуулсан. Миний өмчлөлийн дээрх орон сууц нийт 69,35 м.кв талбайтай , үүнийг үнэлсэн үнэлгээнд хувааж үзвэл 1 м.кв талбайг хэт бага буюу 1 891 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Буянтхаа хорооллын орон сууцны зах зээлийн дундаж ханш 1 м.кв талбайн үнэ 2 500 000 төгрөг байгаа болно. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: Төлбөр авагч БСБ финанс ББСБ ХХК-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг албадан гүйцэтгүүлэхээр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус хэлтэст ирүүлсэн тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20310310 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгчтэй 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сайн дураар барагдуулах тухай 20310310/02 дугаар мэдэгдэл өгч мэдэгдсэн боловч сайн дураар биелүүлээгүй. Шүүгчийн захирамжид заасан төлбөр төлөгчийн өмчлөлийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн, улсын бүртгэлийн Ү-2206059194 дугаарт бүртгэлтэй, ан-уул дүүрэг, 16 дугаар хорооны Буянт-Ухаа 412 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 69,35 м.кв талбайтай сууцыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр очиж 20310310/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр уулзаж, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлбөр төлөх тухай мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөөгүй. Улмаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Л.Т-ын өмчлөлийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай 20310310/07 дугаар тогтоолоор хураах ажиллагаанд төлбөр төлөгчийг байлцуулсан. Хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад Л.Т- болон төлбөр авагч БСБ Финанс ББСБ ХХК нар орон сууцыг үнэлэх боломжгүй тул шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай саналаа бичгээр гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчээс 120 000 000 төгрөгийн үнийн саналыг төлбөр төлөгчид мэдэгдэхэд зөвшөөрөөгүй. Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолоор МТ ХХКК-ийн шинжээч Ч.Д-ыг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэж, зах зээлийн үнийг 131 192 800 төгрөгөөр тогтоон үнэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Л.Т-, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б- нарт мэдэгдсэн. Дээрх үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаагаар мэргэшсэн МТ ХХКК-ийн шинжээч Ч.Д- хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д заасныг баримтлан төлбөр төлөгч Л.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буян ухаа 412 дугаар байрны 00 тоот 69.35 м.кв талбай бүхий орон сууцыг 131 192 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 2 500 000-3 000 000 төгрөг байгаа нь Үнэгүй.мн сайтаас тодорхой харагдаж байгаа учраас нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх үндэслэлтэй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбар:

Тухайн эд хөрөнгөд мэргэжлийн шинжээч үнэлгээ хийсэн бөгөөд тус үнэлгээ бодит үнэлгээ болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Т- нь хариуцагч НБДШШГХ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буян-Ухаа 412 дугаар байрны 00 тоот, 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 131,192,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 13-14/

 

Зээлийн гэрээний үүрэгт 89,642,037.39 төгрөгийг гаргуулахаар БСБ финанс ББСБ нэхэмжилснийг хариуцагч Л.Т- хүлээн зөвшөөрч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр талууд эвлэрснийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2020/00265 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх16-18/

 

Хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2020/00265 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 159 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх15, 21/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буян-Ухаа 412 дугаар байрны 00 тоот, 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/07 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Талуудын шинжээч томилуулах хүсэлтийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолоор шинжээчээр үнэлгээ хийлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар МТ ХХКК-ийг томилсон байна. /хх37,40,43/

 

Томилогдсон шинжээч 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буян-Ухаа, 412 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 131,192,800 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/686 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Л.Т-т мэдэгдсэн байна. /хх67/ Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчөөгүй.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зээлийн хандлагаар ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээтэй харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан үнэлгээг тогтоосон нь тайланд тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг баримтаар няцаасан буюу үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул түүний шаардлагаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2021/00291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД