Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 4

 

МАГАДЛАЛ

 

 

 

 

 

 

 

                                   

Г.Эрдэнэбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:

 Прокурор:                                   Ц.Сонинмөнх

 

Шүүгдэгч:                                     Г.Эрдэнэбаатар, Э.Батмөнх,Б.Цэрэндорж,

Б.Гансэлэм,  Д.Отгонбаяр Л.Цэрэнсоном

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч:        Ц.Раашзэвэг, Б.Цэцэгмаа,

                                                      Б.Энхтуяа, Н.Баяр

 

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа

 нарыг оролцуулан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Эрдэнэбаатар, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн 20815089 дугаартай 19 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын харьяат, 1978 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдохын өмнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд оршин суух, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймгийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 1231.4-өөр 06 жил хорих ялаар шийтгүүлж 2004 оны 08 дугаар сарын 11-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Галбадрахын Эрдэнэбаатар Регистрын дугаар СУ79012876.

 

2. Монгол Улсын харьяат, 1964 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын 1А-1а тоотод эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Урианхан овгийн Лхүндэвийн Цэрэнсоном  Регистрын дугаар НФ64030511

3. Монгол Улсын харьяат, 1978 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, “ММНС” ХХК-д өрмийн мастер, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 33-01 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Энхмаагийн Батмөнх Регистрын дугаар: НЕ78022276.

 

4. Монгол Улсын харьяат, 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Баянмөнх суманд хувь хүний мал малладаг, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Тасархай” гэх газар эхнэр, 1 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээр ЭХ-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Алаг адуу овгийн Бат-Амгалангийн Гансэлэм Регистрын дугаар УГ81102913.

 

5. Монгол Улсын харьяат, 1978 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаянулаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газар байрлах “Тахидаг хайрхан” ХХК-д галчаар ажилладаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 145 дугаар зүйлийн 145.2-оор,  Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Дашдэлэгийн Отгонбаяр Регистрын дугаар СЧ78061175.

 

6. Монгол Улсын харьяат, 1982 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдохын өмнө Төв аймгийн Баяндэлгэр суманд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 онд ЭХ-ийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, Төв аймгийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 1231.4-өөр 10 жил хорих ялаар шийтгүүлж,  2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Нийслэлийн Багануур дүүргийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05 өдрийн шүүгчийн захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар үлдэх ялыг өршөөн хэлтрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Бат-Өлзийгийн Цэрэндорж Регистрын дугаар НЮ82022218.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 81-14 НАА, 56-31 УБЯ, 42-10 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хэрэглэн үргэлжлэн болон давтан 52 удаагийн үйлдлээр, Төв аймгийн Сэргэлэн, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Эрдэнэ, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумд болон Нийслэлийн Налайх, Багануур дүүргийн нутгаас нийт 56 иргэний 309 адууг хулгайлж 146.970.000 төгрөгийн, 44 үхэр хулгайлж 15.590.000 төгрөгийн, 6 тэмээ хулгайлж 3500.000 төгрөгийн буюу нийт 163.060.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Цэрэндорж нь Эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2011 оны 07 дугаар сараас 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд давтан 5 удаагийн үйлдлээр 5 иргэний 17 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Гансэлэм, Э.Батмөнх, Г.Эрдэнэбаатар нар нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн 20621176 дугаартай хэрэгт шалгагдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа бүлэглэн, шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь Эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдан шүүхийн шатанд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхээс давтан үйлдлээр оргож 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шүүн таслах ажиллагаанаас санаатайгаар зайлхийсэн, шүүгдэгч Д.Отгонбаяр нь тус аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдаж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2009 оны 08 дугаар сарын 03-ны, 2011 оны 01 дүгээр сарын 06, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус мөрдөн байцаалтын ажиллагаанаас давтан үйлдлээр санаатайгаар оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эрдэнэбаатар, Б.Гансэлэм, Э.Батмөнх, Д.Отгонбаяр, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цэрэндорж, Л.Цэрэнсоном нарт холбогдох Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж, холбогдох хэргийг Прокурорын газар очтол шүүгдэгч Б.Гансэлэм, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Д.Отгонбаяр, Б.Цэрэндорж  нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Улсын яллагч Төв аймгийн прокуорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэлдээ:

 “…Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 тоот шүүхийн тогтоолд: “2010 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 71 тоот магадлалд дурьдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй, магадлалын тодорхой заалтуудыг биелүүлээгүй...” гэжээ.

Гэвч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан уг тогтоолд мөрдөн байцаалтын ажиллагаагаар юу хийхийг тодорхой заагаагүй, буцаасан үндэслэл тодорхойгүй, мөгөдлөлын тодорхой заалт гэдэгт юуг хамааруулж, чухам ямар заалт нь биелэгдэж, аль заалт нь биелэгдээгүйгэж шүүх үзсэн болох нь ойлгомжгүй байна.

Харин 2010 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 71 тоот магадлал нь 7 заалттай байсан ба үүний 2 заалт буюу 6,7 дахь заалтууд нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхтэй холбоотой заалтууд  байсан бөгөөд бусад 5 заалтуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар эцэслэн шалгаж тогтоосон болно.

Үүнд: Магадлалын 1 дэх заалт: ...Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Б.Гансэлэм, Б.Отгонбаяр, Л.Цэрэнсоном, Э.Батмөнх нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг  /гэмт бүлэглэлийн шинж байгаа эсэх болон урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг/-ийг  нарийвчлан шалгаж тогтоох, олон холбогдогчтой тухайн хэрэгт тэдгээрийн үйлдэл, оролцоог /захиалсан, зохион байгуулсан, гүйцэтгэсэн гэх мэт хэн нь хэдэн үйлдэлд яаж оролцсон болох/ хүн тус бүрд нотлох баримтаар ялгамжтай тогтоох гэсэн заалтуудыг хангаагүй байх тул эдгээр заалтыг хангасны эцэст яллагдагч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох гэжээ.

Яллагдагч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 81-14 НАА, 56-31 УБЯ, 42-10 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хэрэглэн үргэлжлэн болон давтан 52 удаагийн үйлдлээр, Төв аймгийн Сэргэлэн, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Эрдэнэ, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Говьсүмбэр сумдын нутгаас иргэдийн олон тооны бод малыг хулгайлж, гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэрээ болгон хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай бүлэглэлд оролцсон болох нь хавтаст цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 2011 оны 03 дугаар сарын 11-ны өдөр “Ял өөрчилж сонсгох тухай прокурорын 13,14,15,16,17,18 тоот тогтоол үйлдэж, яллагдагч нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт заасан ялыг нэмж сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр яллагдагч Г.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 182 дугаар зүйлийн 182.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Л.Цэрэнсономд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Б.Цэрэндоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Д.Отгонбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаа зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 182 дугаар зүйлийн 182.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 45 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. /12 хав 2993-3011 ху/

Яллагдагч Б.Гансэлэм, Э.Батмөнх нар нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн тул хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн.

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 135 тоот шүүгчийн захирамжаар тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн мөрдөн байцаалтанд буцаасан.

Мөн яллагдагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон прокурорын тогтоол үндэслэлгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 01 дугаартай тогтоолоор дээд шатны прокурор “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох” тухай тогтоол үйлдсэн байна. /18 хав  4296 хуу/

Иймд эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 198 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч нарын үйлдэл оролцоог хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн тохирох хэсэг болох заалтуудыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1, 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Магадлалын 2 дахь заалт: “Зарим үйлдэлд оролцсон гэх яллагдагчийн нэр, тоо яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд зөрүүтэй өөр өөрөөр авагдсаныг анхаарч үйлдэл тус бүрт яллагдагч нарын хэн нь яаж оролцсон, хичнээн төгрөгний хохирол учруулсан болохыг нэг мөр тогтоох...” гэжээ.

Яллагдагч нарын үйлдэл тус бүрийг нарийвчлан шалгаж, хохирлын тооцоог яллагдагч нэг бүрээр тооцоолон гаргасан бөгөөд, нэр бүхий 6 яллагдагчийн үйлдэл тус бүрийг шүүхийн хэлэлцүүлгийн шүүмжлэлийн шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг 3 цагийн турш шинэчлэн судлаж, нотлох баримтуудын талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болно.

Тус шүүх хуралд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ч улсын яллагчийн шинэчлэн судласан яллах талын нотлох баримтанд үгүйсгэсэн, зарчмын хувьд зөрүүтэй нотлох баримт гаргаж ирээгүй болно.

Мөн яллагдагч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Д.Отгонбаяр, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном, Б.Гансэлэм нарын үйлдлээс “20 иргэний 24 үхэр, 34 адуу хулгайлж, бусдад 29.310.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдохгүй байх тул” 2011 оны 02 дугаар сарын 14-ны өдөр зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол үйлдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, /12 хав 2883-2889 хуу/ мөн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 115 дугаартай прокурорын тогтоолоор нэр бүхий 9 иргэний 9 тэмээг хулгайлж, 5,400,000, 4 үхрийг хулгайлж 2.400.000, 27 тооны адууг хулгайлж 10.600.000 төгрөгний хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрвээ шүүх нэр бүхий 6 яллагдагчийн чухам аль үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзсэн нь ч тодорхойгүй, энэ талаар 67 тоот тогтоолд дурьдаагүй байна.

Магадлалын 3 дахь заалт: “Хулгайн зарим үйлдэл болсон газар, малын тоо, цаг хугацаааны төлөөрх хохирогч гэрч нарын мэдүүлэг нь яллагдагч нарын мэдүүлгээс зөрүүтэй байгааг шалгаж, нэг мөр болгох” гэжээ.

Энэ талаар давж заалдах шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай магадлалд ч мөн адил дурьдагдсан байдаг тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсанаас хойш магадлалын заалтуудыг хангах үүднээс тус аймгийн Цагдаагийн гарын МХГХТТ-ийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Сандагбалиря нь 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Хоролсүрэнг хохирогчоор дахин байцаасан / 10 хав, 2306 хуу/, Д.Алтангэрэлйг гэрчээр 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байцаасан /10 хав, 2307 хуу/, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Ганхуягийг хохирогчоор /12 хав, 2828-2829 хуу/, 2011 оны 08 дугаар сарын 15-нд хохирогч Г.Эрдэнэчимэг нарыг тус тус байцаасан болно. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч нар ч өөрсдийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийн талаар  дахин мэдүүлсэн бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш 9 жил гаран, давж заалдах шатны шүүхийн ...магадлал гарснаас хойш 6 жил шахамын хугацаа өнгөрсөн ба ...хэрэгт гэрч, хохирогчоор байцаалт өгсөн хүмүүсийн тогтоох чадвар, түүнийгээ үгээр илэрхийлэх чадвар харилцан адилгүй тул зөрүүтэй өгснийг үгүйсгэх аргагүй...

Магадлалын 4 дэх заалт: “...яллах дүгнэлт ойлгомж муутай, мэдгэлэх, тогтоох хэсэг нь хоорондоо зөрүүтэй, яллагдагчнэг бүрийн оролцоог ялгамжтай зааж, үйлдэл тус бүрийг нотлох баримтаар тогтоосны эцэст яллах дүгнэлтийг үйлдэх байтал зарим үйлдлийг нь дүгнээгүй орхигдуулсан...” гэжээ.

Эрүүгийн хуулийн 20815089 дугаартай хэргийг 2010 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс хойш нэмэлт мөрдөн байцаалтанд буцааснаас хойшхи хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй явуулсан бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн болно...анхан шатны шүүх эргэлзээ төрсөн  тохиодолд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх хэмжээнийнхий хүрээнд хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байгааг  дурьдах нь зүйтэй байна.

Магадлалын 5 дахь заалт: Магадлалын заалтыг хүлээн авч яллагдагч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Б.Гансэлэм, Б.Отгонбаяр, Л.Цэрэнсоном, Э.Батмөнх нарт 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт зааснаар ял өөрчилж сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд хэргийн холбогдогч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж, ашиг олох зорилготой бүтэц зохион байгуулалт бүхий этгээдүүдийн нэгдлийг гэмт бүлэглэл гэнэ” гэж заасан бөгөөд Монгол улсын дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 тоот тогтоолоор “Зохион байгуулалттай бүлэг гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгон эрхлэх зорилгоорурьдчилан нэгдэн нийлж, удирдагч, гүйцэтгэгчээ томилох, үүргээ хуваарилах зэргээр...үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх зорилготой  байна..” гэж, “Гэмт бүлэглэл гэдэгт...гэмт хэрэг үйлдэхдээ мэргэшсэн бүлэг этгээдүүдийн нэгдлийг ойлгоно” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд Г.Эрдэнэбаатар нарын 6 хүний хувьд зохион байгуулалттай бүлэг болон гэмт бүлэглэлийн зохион байгуулалтанд орж, гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэрээ болгосон зэргээг бусад шинжийг агуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул тэдгээрт нэмж сонсгосон ялыг дээд шатны прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар ажиллагаа хийгээгүй гэж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол үндэслэлгүй байна.

Магадлалын 6, 7 дахь заалтууд  нь мөрдөн байцаалтын явцад хийж гүйцэтгэх боломжгүй, харин шүүхийн шатанд зөвтгөх боломжтой заалт байна гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээх буцаалгахаар мөн хуулийн 230, 303 дугаар зүйлийн 230.2, 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.  

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар шүүхийн тогтоолыг улсын яллагчийн  эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:

1.Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаар Магадлалын хянавал хэсгийн 1 дэх заалтыг бүрэн гүйцэт биелүүлээгүй байна.

Төв аймгийн Прокурорын газрын прокурорын үйлдсэн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 198 дугаар яллах дүгнэлтэд /18-р дугаар хавтас хэргийн 4302-4322тал/  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанд оролцсон прокуророос яллагдагч нарын үйлдэлд гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоохдоо /19-р хавтас хэргийн 67-73тал/, Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Э.Батмөнх, Б.Отгонбаяр, Б.Гансэлэм нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д зааснаар гэмт хэргийг гардан үйлдсэн гүйцэтгэгчээр, Л.Цэрэнсономыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болон хамжигчаар оролцсон гэж тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээдийг зохион байгуулагч гэнэ“ гэж тодорхойлсон этгээдийг шалгаж тогтоолгүйгээр шүүхэд шилжүүлсэн байна.

        Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцогчийг тогтоох нь мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж буй прокурорын чиг үүрэгт хамаарах асуудал бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтэндээ гэмт хэрэгт хамтран оролцогчдод Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-д заасныг журамласан атлаа давж заалдах шатны шүүхэд гаргасан улсын яллагч эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дэхь заалтыг нэмж гэмт хэргийн  зохион байгуулагчийг тодорхойлсон нь үндэслэлгүй байна. 

2.Улсын яллагч эсэргүүцэлдээ “...магадлалыг хүлээн авч....Г.Эрдэнэбаатар нарын 6 хүний хувьд зохион байгуулалттай бүлэг болон гэмт бүлэглэлийн зохион байгуулалтанд орж, гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэрээ болгосон зэргээр бусад шинжийг агуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул тэдгээрт нэмж сонсгосон ялыг дээд шатны прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн “ гэжээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №13,14,15,16,17,18 дугаартай тогтоолуудаар 20815089 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч нарт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялуудыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-д заасан ялыг нэмж сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ./12 дугаар хавтас хэргийн 2895-2900 тал/

Үүний дараа дээд шатны прокурор  дээрх тогтоолуудыг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор хүчингүй болгосон байх ба уг хүчингүй болгосон тогтоол дээр Төв аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхийг төлөөлж яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.17-д заасантай нийцээгүй, дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй  байна./18 дугаар хавтас хэргийн 4296тал/

   Иймд Г.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 тоот магадлалд дурьдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй, магадлалын тодорхой заалтуудыг  биелүүлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Хэргийг прокурорт очтол Г.Эрдэнэбаатар, Л.Цэрэнсоном, Б.Цэрэндорж, Э.Батмөнх, Б.Отгонбаяр, Б.Гансэлэм нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Магадлалд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА