Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01691

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01691

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/03016 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЖДҮГхолбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 750 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Э намайг ЖДҮХС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар тус сангийн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Ажлаас чөлөөлсөн дээрх шийдвэр нь хууль бус хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07 өдрийн 101/ШШ2018/02627 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2084 дугаар магадлалаар ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гарсан. Гэвч бүтцийн өөрчлөлтөөр ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй тул тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд нягтлан бодогчоор шилжин ажиллаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00569 дүгээр шийдвэр, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 895 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаар ХХААХҮЯ-ны ЖДҮХСангаас 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх цалинд 19 104 900 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 473 төгрөгийг олгуулахаар тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Иймд миний бие М.Э 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 3 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны нийт цалин болох 3 750 000 төгрөгийг ЖДҮ-ийн газраас гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй тул тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд нягтлан бодогчоор шилжин ажиллаж байгаа талаар дурдсан. Тухайн үед М.Э тай харилцан тохиролцож Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа байгууллагуудын хооронд шилжүүлэн ажиллуулсныг нэхэмжлэгчийн өөрийн гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд тухайн үед амаар харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, зохигчид харилцан тохиролцсон үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Жижиг, дунд үйлдвэрийн газраас 3 251 385 төгрөг гаргуулж М.Э д олгож, М.Э-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 498 614 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66 972 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.Э нь ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр яамны харьяа газарт ижил төсөөтэй албан тушаалд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдсон байдаг. Гэтэл дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалинг 2021 онд нэхэмжилж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. М.Э нь энэхүү нэхэмжлэлийг ажилд томилогдсон өдрөөс 1 сарын дотор гаргах буюу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргах эрхтэй байсан бөгөөд ажилд томилогдсоноос хойш 1 жилийн дараа нэхэмжилж байгаа нь шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч ЖДҮГхолбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 750 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/02627 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2084 дугаар магадлалаар М.Э г Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримтыг хэргийн 6-10, 36-40 дахь талд авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00569 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 895 дугаар магадлалаар дүгнэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байхад анхан шатны шүүх зохигчдыг хөөн хэлэлцэх хугацааны талаар талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч М.Э г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэзээ хэрхэн биелэгдсэн, тэрээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардаж байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 78-80 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хуулийн хүчин төгөлдөр шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эсхүл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон нөхцөл байдлууд байсан эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/03016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ