Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/03016

 

 

 

 

 

2021 10 06

101/ШШ2021/03016

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам, 13б-23 тоотод оршин суух, Булгадар овогт Мягмаржавын Энхзаяа /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах,******* холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 3,750,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.Энхзаяа намайг ЖДҮХС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар тус сангийн ерөнхий нягтлан бодогчын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Ажлаас чөлөөлсөн дээрх шийдвэр нь хууль бус хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07 өдрийн 101/ШШ2018/02627 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28 өдрийн 2084 дугаар магадлалаар ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гарсан. Гэвч бүтцийн өөрчлөлтөөр ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй тул тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 03-р сарын 01-ны өдрөөс эхлэн ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд нягтлан бодогчоор шилжин ажиллаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00569 дүгээр шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 895 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаар ХХААХҮЯ-ны ЖДҮХСангаас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх цалинд 19,104,900 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,473 төгрөгийг олгуулахаар тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Иймд миний бие М.Энхзаяа 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 03 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны нийт цалин болох 3,750,000 төгрөгийг ЖДҮ-ийн газраас гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа:

М.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй тул тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд нягтлан бодогчоор шилжин ажиллаж байгаа талаар дурдсан. Тухайн үед М.Энхзаяатай харилцан тохиролцож Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа байгууллагуудын хооронд шилжүүлэн ажиллуулсныг нэхэмжлэгчийн өөрийн гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн үед амаар харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, хариуцагч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлиин шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Энхзаяа нь хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 895 дугаар магадлалаар ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2627 дугаар шийдвэрээр М.Энхзаяаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримтыг тогтоож, дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалын орон тоо тус газарт байхгүй үндэслэлээр нэхэмжлэгч М.Энхзаяатай харилцан тохиролцож, Хөдөө аж ахуйн яамны харьяа байгууллага болох Халх гол үйлдвэрийн бүтээн байгуулалтын бүсийн газарт нягтлан бодогчоор 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нягтлан бодогчоор авч ажиллуулсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан, уг тайлбар нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи баримтаар мөн тогтоогдсон. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 895 дугаар магадлалаар нэхэмжлэгч М.Энхзаяаг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гарсанаас хойш 2019 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны ажилгүй байсан үеийн цалин 19,104,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байна. /хх-ийн 6-10 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/газар/ нь ажилтан М.Энхзаяаг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2020 оны 03 дугаар сард Халх гол үйлдвэрийн бүтээн байгуулалтын бүсийн газарт нягтлан бодогчоор оруулжээ. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр ажилтаныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоосон боловч зохигчид харилцан тохиролцож өөр газарт ажилтныг нягтлан бодогчоор оруулсан байна.

 

Иймд хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/газар/ нь 2020 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтаныг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч М.Энхзаяа нь энэ хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл ажилгүй байсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох журамтай. Иймд ажилтан М.Энхзаяа нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилтан М.Энхзаяагийн 1 өдрийн цалин 51,609.30 төгрөг болох нь тогтоогдсон, 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл ажлын нийт 63 хоног байна. Иймд хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газраас 3,251,385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Энхзаяад олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажил олгогч нь ажилтаны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлж бичилт хийх үүрэгтэй. Иймд ажилтан М.Энхзаяад олгох 3,251,385 төгрөгийн цалин хөлснөөс холбогдох шимтгэлийг тооцож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газарт даалгав.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 498,614 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг гаргуулах үндэслэлээ ...хоол, унааны зардалд өдрийн 8,000 төгрөг авах ёстой гэж тайлбарлаж, нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх тайлбар нотлогдоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 3,251,385 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 498,614 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 08 дүгээр сарын 12-ны өдрийн 49 тоот тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгаж, Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулж, тус албанд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд бүртгэлтэй өглөг, авлагыг шилжүүлсэн нь нийтэд илэрхий баримт байгааг дурдах нь зүйтэй. /www.Legalinfo.mn/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Жижиг, дунд үйлдвэрийн газраас 3,251,385 төгрөг гаргуулж  М.Энхзаяад олгож, М.Энхзаяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 498,614 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66,972 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ