Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0052

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0052

Улаанбаатар хот

 

 

 

Б.В-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэртэй, Б.В-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.В-ийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.В-г Завхан аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 6,357,409 /зургаан сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун есөн/ төгрөгөөс зохих суутгалыг хийж Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Б.В-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Захиргаааны хэрэг шүүхэд зхянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн.

Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Цагдааагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалын өөрт холбогдох гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй шүүхэд хандсан нь дээрх хуулийг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв хэрэглэж, Б.В-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.В-г “...сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон ...” гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халж, цолыг нь хураажээ.

Дээрх шийтгэх тогтоолыг Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар магадлалаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 207 дугаар тогтоолоор тус эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Завхан аймгийн прокурорын газарт буцаасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: ... 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;” гэж заасан бөгөөд маргаан бүхий актыг гарах үед дээрх шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан нь тогтоогдож байх тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалын өөрт холбогдох гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлээгүй буюу урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, холбогдох бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2754 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д “...Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой ...” гэж зааснаар хүлээн авахаас татгалзжээ.

Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, тус зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар албан бичгээр “... эрх зөрчигдсөн асуудлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дууссан байна.” гэх хариуг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж урьдчилан шийдвэрлээгүй нь хууль бус байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ